Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 35

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00972/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   01 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А-д холбогдох

“6.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“хариуцагч Б.А-гийн сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч Б.А- нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Г-ын өмчлөлийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 132 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавьж надаас 6.000.000 төгрөгийг зээлж авсан юм. гэтэл Б.А- нь зээлж авсан мөнгөө төлөхгүй өдий хүрч байна.

Анх зээл авахдаа Б.А-гийн баз хүргэн Г.Г- нь надтай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчийн орон сууцыг барьцаалж, улмаар уг зээлийг төлөөгүй тохиолдолд захиран зарцуулах эрх олгож, итгэмжлэл хийж өгч зээл авсан боловч сүүлдээ төлөхгүй, би мөнгийг аваагүй, Б.А- авсан надад хамаагүй гэснээс үүдэж бид 2009 оноос өдийг хүртэл шүүхээр маргаан шийдвэрлүүлж явж байгаа бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.А- нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...Би 2008 онд Г.Г-ын нэг өрөө орон сууцны ордерыг гуйж аваад С.Э-д барьцаанд тавиад 6.000.000 төгрөг зээлсэн... гэж эхнэр Г.М-гийн хамт мэдүүлэг өгсний дагуу шүүх миний Г.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 538 тоот шийдвэрээрээ хэрэгсэхгүй болгож, энэ талаар өөр этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болно гэж заасны дагуу Б.А-д холбогдуулан тус нэхэмжлэлийг гаргаж байна. Би 2008 оноос хойш үндсэн зээлсэн мөнгө болон хүү, алданги авч чадахгүй ихээр хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.А-гоос 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Б.А- би С.Э-тэй 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ямар ч гэрээ хийлгүй амаар тохирч 6.000.000 төгрөгийн зээл авсан ба надаас барьцаа нэхэхээр нь өөрийн баз хүргэн болох Г.Г-ын 1 өрөө орон сууцны гэрчилгээг үзүүлж, надаас дээрх бичиг баримтыг авч, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй юм. Гэтэл хэсэг хугацааны дараа баз хүргэн Г.Г-ыг сүрдүүлэн худал ярьж, 6.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хуурамчаар хийж, мөн 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл давхар хийлгэж, улмаар 1 өрөө орон сууцыг зарж борлуулсан байсан. ШШГГ-аас Г.Г-ыг гэр бүл болон хүүхэдтэй нь орон байрнаас нь гаргасан байсан. Ингэж Г.Г- болон түүний гэр бүл давхар гомдсон.

Г.Г- надаас 1 өрөө орон сууц болон орон сууцны бичиг баримтыг нэхэж, би С.Э-өөс байрны бичиг баримтаа авах гэж удаа дараа нэхсэн боловч өгөөгүй тул арга ядаад Г.Г- болон түүний гэр бүлтэй нь ярилцаж шүүхэд хандсан юм. Шүүх энэ асуудлыг удаа дараа хэлэлцэж, буцаан 6 жид гаруй хугацаа өнгөрсний дараа шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд Г.Г- надаас 1 өрөө орон сууцны бичиг баримт болон орон байргүй болсон, бичиг баримт гэр бүл бид хоёроос удаа дараа шаардаж, энэ хугацаанд нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хямарч, шүүх цагдаад олон удаа дуудагдаж, асуудлыг тайлбарлаж, эцэст нь шүүхийн журмаар 1 өрөө байрыг гаргуулан иргэн Г.Г-т олгуулсан. Энэ хугацаанд эд материалын болон нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хохирсон.

Иймд нэр төр, сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөгийг С.Э-өөс гаргуулж өгнө үү... гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч Б.А-гоос 6.000.000 төгрөг гаргуулах тухай, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б.А-гийн нэхэмжлэгч С.Э-өөс сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 110.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тушаасан /40,750+70,200 төгрөг/ 110.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...МУ-н Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015.06.25-ны өдрийн №508 тоот тогтоолоор “...С.Э- нь Г.Г-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байдаг.

Үүний дагуу С.Э- нь 2018.05.29-ний өдөр Г.Г-аас 9.000.000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд энэ маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд 2019.06.12-ны өдөр анхан шатны шүүхийн 538 дугаартай шийдвэрээр эцэлсэн шийдвэрлэгдсэн юм. Энэ шүүх хуралд гэрчээр Б.А- эхнэр Г.М-гийн хамт мэдүүлэг өгч “Би С.Э-өөс 6.000.000 төгрөгийг зээлж аваад өөрөө хэрэглэсэн, 4 Г.Г-т хамаагүй, харин түүний орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавьсан нь үнэн” гэсэн мэдүүлэг өгсөн юм.

Энэ мэдүүлгийн дагуу С.Э- нь Б.А-гоос 6.000.000 төгрөгөө нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд энэ иргэний хэргийг өмнөх С.Э-, Г.Г- нарын маргааныг шийдвэрлэж байсан шүүгч Д.Оюундарь шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1,2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч С.Э-, хариуцагч Г.Г- нарын 2010 оноос эхлэн шүүхэд хандсан маргаан нь 2008 онд Б.А-д зээлдүүлсэн 6.000.000 төгрөг, түүний зээлийн барьцаанд тавигдсан Г.Г-ын өмчлөлийн орон сууцтай холбоотой маргаан шийдвэрлэгдэж явсаар өдий хүрсэн байдаг.

Гэтэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд ямар тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаар тодорхой зааж өгсөн байна. Уг зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн зүйлийн 79.2 дахь хэсэгт “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заажээ.

Иймд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй бөгөөд хариуцагч Б.А- нь “ээжийнхээ малыг банкинд хураагдах гээд байна туслаач” гэж мөнгөний хэрэгцээтэй үедээ зээл авчхаад эргэн төлөөгүйн улмаас энэ маргаан түүний барьцаалсан барьцаа хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотойгоор шүүхээр олон жил маргасны дүнд Г.А- нь “би хариуцна” гэж мэдүүлсний үндсэн дээр түүнийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, харин 2009 онд шүүхэд маргаан үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч С.Э- хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа  өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан мөн нэхэмжлэгчид холбогдуулан нэр, төр сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл  гаргасныг  С.Э-  эс зөвшөөрчээ.

            С.Э-өөс Б.А- нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг зээлжээ.

            Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-д нийцсэн  байна.

            Зээлдүүлэгч С.Э- зээлдэгч Б.А-гийн өмчлөлд 6.000.000 төгрөг  шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна, зээлдэгч зээлсэн мөнгийг  тохирсон хугацаанд  буцаан өгөх  үүргээ  биелүүлээгүй  байна.

Б.А- нь зээлийн гэрээний барьцаа болгож Г.Г-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг барьцаалсан байна, харин С.Э- байрны бичиг баримтыг үндэслэж, Б.А-д зээлдүүлсэн мөнгийг Б.А-, Г.Г- нарын  зөвшөөрснөөр Г.Г-т зээлүүлснээр зээл болон барьцааны гэрээг  бичгээр  хийжээ.

Нэхэмжлэгч бичгийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандаж, улмаар 2010 онд Б.Батбаяр гэх хүний Г.Г-т \хэргийн 43 дугаар тал\  холбогдуулж гаргасан нэхэмжлэлээс эхэлж, 2012 онд Г.Г-аас С.Э-д  \хэргийн  47 дугаар тал\, 2013 онд Г.Г-аас  С.Э-д  \хэргийн 49 дүгээр тал\ 2014 онд Г.Г-аас С.Э-д \хэргийн 58 дугаар тал\ 2019 онд С.Э-өөс Г.Г-т  \хэргийн  5 дугаар тал \ холбогдох  хэргүүдийг  шүүхээр шийдвэрлэжээ.

Энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж  байсан үйл явдлаар тогтоогдож байна. Гагцхүү  шүүхээр  маргаанаа  шийдвэрлүүлэх явцад хариуцагчийг зөв тодорхойлохгүй явж байж хугацаа алдсан байжээ.

Ийм нөхцөл байдал тогтоогдож байхад хөөн хэлэлцэх хугацааг тасалдах, түр  зогсох хүндэтгэн үзэх шалтгаантай бол  сэргээх тухай  Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгчийн зөрчигдсөн  эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний нэхэмжлэл шүүхүүдээр  шийдвэрлэгдэж тодорхой цаг хугацаа өнгөрүүлсэн байх тул Иргэний хуулийн  79 дүгээр зүйлийн 79.1-д заасан  “тогтоосон  журмаар  нэхэмжлэл гаргасан” ойлголтод хамааруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “...Анх зээл авахдаа  Б.А-гийн баз хүргэн Г.Г- надтай  зээлийн гэрээ байгуулж, ...сүүлдээ би аваагүй  Б.А- авсан надад хамаагүй гэснээс үүдэж  бид 2009 оноос  өдийг хүртэл  шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж явж байгаа бөгөөд..., ...шүүх миний Г.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, энэ талаар өөр этгээдэд холбогдуулан..., ...нэхэмжлэл гаргах  эрхийг хязгаарлаагүй болно гэж заасны дагуу Б.А-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна” гэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тухайн маргаанд  Иргэний хуулийн  79 дүгээр зүйлийн  79.1-ийг хэрэглэх нь зөв  байна.

Иймд давж заалдах гомдлын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Б.А-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4-т заасныг зөрчөөгүй  болохыг дурдах нь  зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг,

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-гоос 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтад, “...олгосугай...” гэснийг “...олгож, хариуцагч  Б.А-гоос 110.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э-д олгосугай” гэж өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  110.950 төгрөгийг  төрийн  сангийн орлогоос захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                      

        

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                              С.ЭНХЖАРГАЛ