Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

135/2019/00972/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... аймаг, ....... сум, .......... баг, ....... хороолол, ........ байр, ..... тоотод оршин суух Б овгийн С-ын Э /РД:.........., утас: ......../-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. аймаг, ......... сум, ............. баг, ........... гудамж, .......... тоотод оршин суух, А овгийн Б-ын А / РД:.............., утас: ............./-т холбогдох

 

“6,000,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-гийн “сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Хариуцагч Б.А- нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Г-ын өмчлөлийн ......... сумын ........... баг, ........... хорооллын .......... байрны .... тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавьж надаас 6,000,000 төгрөгийг зээлж авсан юм. гэтэл Б.А- нь зээлж авсан мөнгөө төлөхгүй өдий хүрч байна.

Анх зээл авахдаа Б.А-гийн баз хүргэн Г.Г- нь надтай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчийн орон сууцыг барьцаалж, улмаар уг зээлийг төлөөгүй тохиолдолд захиран зарцуулах эрх олгож, итгэмжлэл хийж өгч зээл авсан боловч сүүлдээ төлөхгүй, би мөнгийг аваагүй, Б.А- авсан надад хамаагүй гэснээс үүдэж бид 2009 оноос өдийг хүртэл шүүхээр маргаан шийдвэрлүүлж явж байгаа бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.А- нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Би 2008 онд Г.Г-ын нэг өрөө орон сууцны ордерийг гуйж аваад С.Э-д барьцаанд тавиад 6,000,000 төгрөг зээлсэн...” гэж эхнэр Г.М-гийн хамт мэдүүлэг өгсний дагуу шүүх миний Г.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 538 тоот шийдвэрээрээ хэрэгсэхгүй болгож, энэ талаар өөр этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болно гэж заасны дагуу Б.А-д холбогдуулан тус нэхэмжлэлийг гаргаж байна. Би 2008 оноос хойш үндсэн зээлсэн мөнгө болон хүү, алданги авч чадахгүй ихээр хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.А-гоос 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Б.А- би С.Э-тэй 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ямар ч гэрээ хийлгүй амаар тохирч 6,000,000 төгрөгийн зээл авсан ба надаас барьцаа нэхэхээр нь өөрийн баз хүргэн болох Г.Г-ын 1 өрөө орон сууцны гэрчилгээг үзүүлж, надаас дээрх бичиг баримтыг авч, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй юм. Гэтэл хэсэг хугацааны дараа баз хүргэн Г.Г-ыг сүрдүүлэн худал ярьж, 6,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хуурамчаар хийж, мөн 1 өрөө орорн сууцыг захиран зарцуулах итгэмжлэл давхар хийлгэж, улмаар 1 өрөө орон сууцыг зарж борлуулсан байсан. ШШГГ-аас Г.Г-ыг гэр бүл болон хүүхэдтэй нь орон байрнаас нь гаргасан байсан. Ингэж Г.Г- болон түүний гэр бүл давхар гомдсон.

Г.Г- надаас 1 өрөө орон сууц болон орон сууцны бичиг баримтыг нэхэж, би С.Э-өөс байрны бичиг баримтаа авах гэж удаа дараа нэхсэн боловч өгөөгүй тул арга ядаад Г.Г- болон түүний гэр бүлтэй нь ярилцаж шүүхэд хандсан юм. Шүүх энэ асуудлыг удаа дараа хэлэлцэж, буцаан 6 жид гаруй хугацаа өнгөрсний дараа шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд Г.Г- надаас 1 өрөө орон сууцны бичиг баримт болон орон байргүй болсон, бичиг баримт гэр бүл бид хоёроос удаа дараа шаардаж, энэ хугацаанд нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хямарч, шүүх цагдаад олон удаа дуудагдаж, асуудлыг тайлбарлаж, эцэст нь шүүхийн журмаар 1 өрөө байрыг гаргуулан иргэн Г.Г-т олгуулсан. Энэ хугацаанд эд материалын болон нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хохирсон.

Иймд нэр төр, сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөгийг С.Э-өөс гаргуулж  өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э- нь хариуцагч Б.А-гоос 6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Б.А-гоос сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагч Б.А- нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Г-ын өмчлөлийн .......... сумын ........ баг ......... хороолол ...... байр ........ тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавьж надаас 6 000 000 төгрөгийг зээлж авсан. Б.А- нь зээл авсан мөнгөө төлөхгүй өдий хүрч байна...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Б.А- “...С.Э-өөс амаар тохирон 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг авсан. Дараа оныхоо намар дээрх 6,000,000 төгрөгийг С.Э-д өгье гэтэл хуурамч бичиг баримт үйлдэн баз хүргэн болох Г.Г-ын 1 өрөө байрыг барьцаалсан мэтээр гэрээ хийж, энэ асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. С.Э- надаас нэхэмжилж холбогдох байгууллагад хандаагүй. 11 жил өнгөрөөд байхад надад энэ талаар хандаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж байна.

2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Г-, С.Э- нар зээлийн гэрээ байгуулж, С.Э- 9,000,000 төгрөг зээлдүүлэх, Г.Г- үүргийн гүйцэтгэлд ........... аймгийн ......... хороолол, .......... баг, ............ байр, ..... тоот, .... өрөөг С.Э-д барьцаалсан гэх үйл явдлын талаар Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 244 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г.Г-аас Б.Б-т Ү-............. тоот улсын бүртгэлийн дугаартай ...... сум ....... баг ........ байр ...... тоот ..... өрөө ....м.кв орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 508 тоот тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолд С.Э- Г.Г-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэснээр нэхэмжлэгч С.Э- хариуцагч Г.Г-т холбогдуулан 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг,алданги 4,500,000 төгрөг нийт 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 538 тоот шийдвэрээр “...С.Э- гэрээний дагуу 9,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г-ын өмчлөлд бодитойгоор шилжүүлснээ нотлоогүй...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн тус шүүх Г.Г-, С.Э-, Б.Б- нарын хооронд үүссэн маргааныг 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92а шийдвэрээр Г.Г-ын нэхэмжлэлтэй Д.Г- нарын хооронд үүссэн маргааныг 2012 оны 02 дугаар сарын 161 дугаартай шийдвэрээр, Г.Г-ын нэхэмжлэлтэй С.Э-д холбогдох маргааныг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 244 тоот шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх ба өмнө нь С.Э-өөс Б.А-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-т “...Хуульд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна...”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “...хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” 76.2-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 сарын хүүнд 400,б000 төгрөг авсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 сарын хүүнд 1,200,000 төгрөг өгсөн  гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч С.Э- 9,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан Г.Г-т бус харин Б.А-д шилжүүлснээ мэдэж байсан, нэхэмжлэгч нь энэ талаар шаардах эрхээ хэрэгжүүлж байснаа нотлоогүй, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох нөхцөл байдал бий болсон талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна...” гэж заасны дагуу хариуцагч Б.А-гийн 11 жил өнгөрөөд байхад надад энэ талаар хандаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх татгалзал мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “...Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй...” гэснээр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.А- нэхэмжлэгч С.Э-д холбогдуулан нэр төр, сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Э- “...мөнгөний хэрэгцээ гараад тэвдэж сандарч явахад үед нь 6,000,000 төгрөг зээлж,тусалсан. Б.А-г нэр төр, сэтгэл санаагаар яаж хохирсныг ойлгохгүй байна...” гэжээ

 Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхээр, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр тус тус заажээ.

Хариуцагч Б.А- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэр төр алдар, хүнд гутаасныг сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохирол шаардах эрхтэй ч нэхэмжлэгч С.Э-ийн ямар буруутай үйлдлээс түүний сэтгэл санаа хохирсон үйл явдал бий болсон, хувь хүнийхээ хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж, ажил үйлс, найз нөхөд, олон нийт, нийгмийн үнэлгээ буурсан эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Б.А-гийн сэтгэл санаанд 6,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С.Э-ийн нэхэмжлэлтэй Г.Г-т холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар гэрчийн мэдүүлэг өгч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” танилцаж байсан байна.

Иймд хариуцагч Б.А-гийн “...Г.Г- надаас 1 өрөө орон сууцны бичиг баримт удаа дараа шаардаж, энэ хугацаанд нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хохирсон. Иймд хохирол 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 110,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тушаасан /40,750+70,200 төгрөг/ 110,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч Б.А-гоос 6,000,000 төгрөг гаргуулах тухай , Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б.А-гийн нэхэмжлэгч С.Э-өөс сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 110,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тушаасан /40,750+70,200 төгрөг/ 110,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНДАРЬ

 

 

                ШҮҮГЧИД                                             Д.НЯМБАЗАР

 

                             

  •