Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01543

 

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалтай,

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Б.А-д холбогдох,

 

6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.А- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Б.А- нь 2008.12.25-ны өдөр Г.Гын өмчлөлийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 132 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавьж надаас 6,000,000 төгрөгийг зээлж авсан юм. Гэтэл Б.А- нь зээлж авсан мөнгөө төлөхгүй өдий хүрч байна. Анх зээл авахдаа Б.А-гийн баз хүргэн Г.Г нь надтай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчийн орон сууцыг барьцаалж, улмаар уг зээлийг төлөөгүй тохиолдолд захиран зарцуулах эрх олгож, итгэмжлэл хийж өгч зээл авсан боловч сүүлдээ төлөхгүй, би мөнгийг аваагүй, Б.А- авсан надад хамаагүй гэснээс үүдэж бид 2009 оноос өдийг хүртэл шүүхээр маргаан шийдвэрлүүлж явж байгаа бөгөөд 2019.06.07-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.А- нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...Би 2008 онд Г.Гын нэг өрөө орон сууцны ордерийг гуйж аваад С.Э-д барьцаанд тавиад 6,000,000 төгрөг зээлсэн... гэж эхнэр Г.Мөнхтуяагийн хамт мэдүүлэг өгсний дагуу шүүх Г.Гт холбогдуулан гаргасан миний нэхэмжлэлийг 2019.06.12-ны өдрийн 538 тоот шийдвэрээрээ хэрэгсэхгүй болгож, энэ талаар өөр этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болно гэж заасны дагуу Б.А-д холбогдуулан тус нэхэмжлэлийг гаргаж байна. Би 2008 оноос хойш үндсэн зээлсэн мөнгө болон хүү, алданги авч чадахгүй ихээр хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.А-гоос 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Б.А- би С.Э-тэй 2008.12.25-ны өдөр ямар ч гэрээ хийлгүй амаар тохирч 6,000,000 төгрөгийн зээл авсан ба надаас барьцаа нэхэхээр нь өөрийн баз хүргэн болох Г.Гын 1 өрөө орон сууцны гэрчилгээг үзүүлж, надаас дээрх бичиг баримтыг авч, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй юм. Гэтэл хэсэг хугацааны дараа баз хүргэн Г.Гыг сүрдүүлэн худал ярьж, 6,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хуурамчаар хийж, мөн 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл давхар хийлгэж, улмаар 1 өрөө орон сууцыг зарж борлуулсан байсан. ШШГГ-аас Г.Гыг гэр бүл болон хүүхэдтэй нь орон байрнаас нь гаргасан байсан. Ингэж Г.Г болон түүний гэр бүл давхар гомдсон. Г.Г надаас 1 өрөө орон сууц болон орон сууцны бичиг баримтыг нэхэж, би С.Э-өөс байрны бичиг баримтаа авах гэж удаа дараа нэхсэн боловч өгөөгүй тул арга ядаад Г.Г болон түүний гэр бүлтэй нь ярилцаж шүүхэд хандсан юм. Шүүх энэ асуудлыг удаа дараа хэлэлцэж, буцаан 6 жил гаруй хугацаа өнгөрсний дараа шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд Г.Г надаас 1 өрөө орон сууцны бичиг баримт болон орон байргүй болсон, бичиг баримтыг бид хоёроос удаа дараа шаардаж, энэ хугацаанд нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хямарч, шүүх цагдаад олон удаа дуудагдаж, асуудлыг тайлбарлаж, эцэст нь шүүхийн журмаар 1 өрөө байрыг гаргуулан иргэн Г.Гт олгуулсан. Энэ хугацаанд эд материалын болон нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хохирсон. Иймд нэр төр, сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөгийг С.Э-өөс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч Б.А-гоос 6,000,000 төгрөг гаргуулах тухай, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б.А-гийн нэхэмжлэгч С.Э-өөс сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 110,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тушаасан /40,750+70,200 төгрөг/ 110,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг, “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-гоос 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад, “...олгосугай...” гэснийг “...олгож, хариуцагч Б.А-гоос 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э-д олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогоос захирамжаар гаргаж, буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.А- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 35 тоот магадлал хууль буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй, нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс магадлал үндэслэл бүхий бус гэж үзэн гомдол гаргав. Үүнд: 1. С.Э-өөс 6 сая төгрөгийг гэрээ хэлцэл хийлгүй амаар тохирч авсан асуудал дээр маргасан зүйл байхгүй. Би хүү гэж 1,200,000 төгрөг өгч байсан, үүнийг би өөр шүүх хурал дээр нь хэлж байсан. Манай эхнэр болон С.Э-ийн эхнэр хэлдэг, нотолдог, шүүх хурлын бусад шийдвэрүүдэд байгаа бөгөөд хүү гэж дээрх мөнгийг авч байсныг С.Э-ийн эхнэрийн гэрчийн мэдүүлэг нотолно. Гол зүйл бол С.Э- бид мөн амаар тохирч манай баз хүргэн Г.Гын 1 өрөө байрны бичиг баримтыг түр авах болж, С.Э- нь уг байрыг хүнд хөлслүүлж 10-аад жил ашиглан үр шимийг хүртэж саяхан чөлөөлж өгсөн байгаа. Энэ утгаараа тэр хохироогүй маш их ашиг олсон. Иймд хоорондын тооцоо дууссан гэж амаар тохирсон. 2. С.Э- үнэхээр хохирч зовсон юм бол аман хэлцлийн дагуу 3 сарын дараа надаас мөнгө нэхэх эрх байсан. Энэ эрхээ эдэлж одоог хүртэл надтай холбогдуулж 10 жил нэхэмжлэл гаргаагүй хуульд заасан шаардах эрх дууссан. Өөр хүмүүстэй холбогдуулж С.Э- нэхэмжлэл гаргаад эцсийн шийдвэр үр дүнгүй гарсан байхад мөн надтай холбогдуулж нэхэмжлэл гаргаж болох байсан тэгээгүй мөн л хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан. С.Э- хөөн хэлэлцэх хугацааг мэдэхгүйдээ бус зальт арга хэрэглэн Г.Гын байрыг авах гэсэн шуналд байсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар би зугтаж алга болоогүй хуулийн заалтыг дагахгүй байсан бол хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийн заалт байх шаардлагагүй билээ. Шүүхийн 118 тоот шийдвэр энэ талаар тодорхой тул давтах шаардлагагүй байх. Иймд Сум дундын анхан шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 118 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 35 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч С.Э- нь Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “...хариуцагч Б.А- нь 2008.12.25-ны өдөр Г.Гын өмчлөлийн, Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4-р байрны 132 тоотын орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, надаас 6,000,000 төгрөгийг зээлж авсан боловч зээлсэн мөнгөө төлөхгүй байна...” гэж тодорхойлсон байна.

Хариуцагч Б.А- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...С.Э-тэй амаар тохирч 2008.12.25-ны өдөр 6,000,000 төгрөг авсан. Дараа оны намар зээлсэн мөнгөө өгөх гэтэл С.Э- нь хуурамч бичиг баримт үйлдэж, Г.Гын 1 өрөө орон сууцыг барьцаалсан мэтээр гэрээ хийсэн, энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр 7 жил шүүхээр явсан. ...С.Э- надаас мөнгөө нэхэмжилж холбогдох байгууллагад хандаж байгаагүй, 11 жил өнгөрсөн, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарлан маргаж, улмаар сөрөг нэхэмжлэл гарган, үндэслэлийг “...Г.Г надаас 1 өрөө орон сууцны бичиг баримтаа удаа дараа шаардаж, энэ хугацаанд нэр төр, сэтгэл санааны хувьд өчнөөн хохирсон” гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тасалдах, түр зогсох хүндэтгэн үзэх шалтгаантай бол сэргээх тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр зээлийн төлбөр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон” гэж дүгнэн, шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.   

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигч мөнгө зээлдүүлэх-зээлэх талаар амаар тохирч, С.Э- нь 2008.12.25-ны өдөр 6,000,000 төгрөгийг зээлдэгч Б.А-д шилжүүлж өгсөн байх ба зээлдэгч зээлийн барьцаанд иргэн Г.Гын өмчлөлийн Дархан сумын 5-р баг, 20 дугаар хороолол, 4-р байрны 132 тоотын 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бичиг баримтыг барьцаалсан, гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлсэн 6,000,000 төгрөгийг буцааж төлөөгүй нь тогтоогдсон байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар  зүйлийн  75.2.1-д  гэрээний  үүрэгтэй  холбоотой

шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ. Мөн, энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд энэхүү зээлийн гэрээнээс үүдэлтэй Г.Г, С.Э-, Б.Батбаяр нарын хооронд маргаан гарч, 2009-2019 онуудад Б.Батбаярын нэхэмжлэлтэй Г.Гыг орон сууцнаас нүүлгэн гаргах, Г.Гын нэхэмжлэлтэй С.Э-, нотариатч Д.Гантулга нарт холбогдох нэг өрөө орон сууцны үнэ гаргуулах, Г.Гын нэхэмжлэлтэй С.Э-, Б.Батбаяр нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргүүд 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн болох нь тогтоогджээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний нэхэмжлэл шүүхүүдээр шийдвэрлэгдэж тодорхой цаг хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ойлголтод хамааруулах боломжтой гэсэн дүгнэлт зөв байна. 

 

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгохоор шийдвэрлэн, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.

 

Хариуцагч Б.А- нь сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг, шүүхүүд ...нэхэмжлэгч С.Э-ийн ямар буруутай үйлдлээс түүний сэтгэл санаа хохирсон үйл явдал бий болсон, хувь хүнийхээ хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж, ажил үйлс, найз нөхөд, олон нийт, нийгмийн үнэлгээ буурсан буюу хариуцагчийн сэтгэл санаанд 6,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.СОНИНБАЯР