Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 39

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01211/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

"Капитал зууч ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Э-ын, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 725 дугаартай шийдвэрээр А.Э- миний бие Б.М-эд 40.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Уг шийдвэрээр Б.М- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар байрны 72 тоот, 49,18 м.кв, 2 өрөө Ү-2003016931 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Э- миний болон охин М.И-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгаж, мөн Б.М- нь өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноён хонгорт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус бүр эзэмших эрхийг А.Э-, М.И- нарт

 шилжүүлэхээр шүүгчийн захирамж гарсан. Гэтэл дээрх орон сууцны өмчлөх эрх бидэнд шилжээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Капитал зууч ХХК нь уг байрыг үнэлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, бидний эрх ашгийг зөрчиж байгаа тул үнэлгээнд гомдолтой байна. Парк таун хотхонд өнөөдрийн байдлаар байр 1 м.кв нь 1.700.000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байна. Гэтэл миний байрыг нэг метр квадратыг 1.350.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Миний нэр дээр тухайн байрны гэрчилгээ шилжиж ирээгүй учраас тухайн байрыг би өөрөө өндөр үнээр худалдан борлуулаад төлбөрийг барагдуулах боломж байгаагүй. Байрыг зах зээлийн ханшаас бага үнээр худалдан борлуулбал би болон миний охин орох оронгүй болох аюултай байна. Энд миний өмчлөх эрх болох хүүхдийн маань эрх ашиг хөндөгдөж байна. Мөн байранд байгаа гал тогооны ком болон гүйдэг шүүгээг байрнаас салгаж болохгүй учир үнэлгээнд оруулж тооцох ёстой гэж үзэж байна. Иймээс тус үнэлгээг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А- Б- ХХК-ийн хийсэн үнэлгээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад процесс алдаа гараад хүчингүй болгосон. Тус байрыг анх 63.200.000 төгрөгөөр авсан хэдий ч хүүтэйгээ нийлээд банкинд 110.000.000 төгрөг төлсөн. Шинжээч тус байрны метр квадрат нь 1.350.000 төгрөг гэж үнэлсэн ч салгаж үл болох зүйлийг үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Гал тогооны тек хананд бэхэлсэн бэхэлгээтэй учир салгаж болохгүй үнэлгээнд орох ёстой. Үнэлгээг яагаад буруу гээд байгаа гэхээр тус байрны үнэлгээг хийхдээ жишиг үнийн судалгаа авсан байна. Яг баригдсан байртай харьцуулж үнэлгээ хийгээгүй байна. Байрны бодит үнэлгээн дээр нэмж 5.460.000 төгрөгийн үнийг тооцох ёстой гэж үзэж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 725 дугаартай Эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар А.Э-оос 40.000.000 төгрөг гаргуулж Б.М-эд олгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 баг, 2 дугаар хороолол, 47 дугаар байрны 72 тоот, 49,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг А.Э- болон охин И-гийн нэр дээр шилжүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан.

Төлбөр төлөгч А.Э-од шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл удаа дараа өгсөн боловч уг төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа учир Б.М-, А.Э- нарын өмчлөлийн Ү-2003016931 Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 баг, 2 дугаар хороолол, 47 дугаар байрны 72 тоот, 49,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 02 сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 06 сарын 04-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор А- Б- ХХК-ийг томилсон. А- Б- ХХК эд хөрөнгийн үнэлгээг 62.282.097 төгрөгөөр тогтоосон боловч 2019 оны 09 сарын 04-ний өдөр төлбөр төлөгч А.Э- гомдол гаргаснаар 2019 оны 09 сарын 23-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосны дагуу А- Б- ХХК-ийн үнэлгээ хүчингүй болсон. Ингээд 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх эд хөрөнгийг дахин хураах шийдвэр гаргаж акт үйлдсэн. Талуудаас дахин үнийн санал авах ажиллагаа явуулсан боловч үнийн санал дээр санал нэгдээгүй учир Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь 66.393.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг тогтоож үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад танилцуулсан. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталж үнэлгээ гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан А.Э-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Э- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, Парк таун 46-72 тоот 49,18 м.кв тус орон сууцанд салгаж болохооргүй тавилга байгаа бөгөөд энэхүү тавилгын үнийг орон сууцны үнэлгээнд оруулж тооцоогүй гэсэн нотлох баримтыг шүүх “Худалдах худалдан авах гэрээнд орон сууцны үнийг тохиролцон тогтооход хамааралтай байж болох хэдий ч орон сууцны зах зээлийн дундаж үнэ ханшийг тогтооход хамааралтай гэж үзэх боломжгүй” гэсэн нь хууль зөрчиж байна. Үнийг тогтоохдоо зах зээлийн үнэ, уг барилгын чанар, үл салгаж болох хөрөнгийг үнэлэх үндэслэлтэй байхад уг байрны салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгийг үнэлэхгүйгээр 1м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Шинжээч тус байрны үнэлгээг хийхдээ жишиг үнийн судалгаа авсан гэж байгаа боловч яг баригдсан байртай харьцуулж үнэлгээ хийгээгүй, уг байрны засвар үйлчилгээг анхаараагүй, зураг төслийг нь аваагүй, үл хөдлөх эд хөрөнгөнөөс салгаж авч үл болох хөрөнгийг тооцоогүйгээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Э- Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги /цаашид ШШГГ/-д холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлыг гаргасан бөгөөд хариуцагч ШШГГазар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх гомдол гаргагч А.Э-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэрээр эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр үндэслэлгүй үнэлгээний тайланд тулгуурлаж гарсан тул хүчингүй болгуулахаар давж заалдсан гомдол гаргаснаар хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийн 715 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Э-ын нэхэмжлэлтэй Б.М-эд холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.

Хүчин төгөлдөр болсон захирамжийг гүйцэтгэж  2018 оны 09 дүгээр  сарын 17-ны өдөр 3960 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж гарч, захирамжийн дагуу мөн өдрийн 623 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 18070770 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэгдсэн байна. Тус гүйцэтгэх хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар  байр, 72 тоотын 49,18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны Голомт банкны зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг болон уг байрны урьдчилгаа 19.000.000 төгрөгөөс 5.000 төгрөгийг оруулан 40.000.000 төгрөгөөр тохирч, А.Э-оос 40.000.000 төгрөгийг Б.М-эд  төлснөөр Б.М- нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн  гэрчилгээг А.Э-, охин Б.И- нарын нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт даалгахаар бичигджээ. Эдгээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд үндэслэн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар  байр, 72 тоотын 49,18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг  битүүмжлэх, ба хураах ажиллагаа явагджээ.

Дархан-Уул аймаг дахь ШШГГазрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18070770/08 дугаартай “эд хөрөнгө хураах” тухай тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд зааснаар гарсан бөгөөд гомдол гаргагч А.Э- /төлбөр төлөгч/ нь эдгээр тогтоолуудын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож болох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус, мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар  төлбөр төлөгч А.Э-оос 120.000.000 төгрөгийн үнийн санал, төлбөр авагч Б.М-ээс 63.000.000 төгрөгийн үнийн санал өгч, үнийн санал зөрүүтэй байсан тул  Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/21 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор томилжээ.  Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар  байр, 72 тоотын 49,18 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг  66.393.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг” ойлгоно гэж заасан, шинжээчээр томилогдсон “Капитал зууч” ХХК-ний захирал Я.Батбаяр нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд мөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг Олон улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн хандлагын жишиг аргыг хэрэглэн үнэлгээний тайлан гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Гомдол гаргагч А.Э- маргаж буй орон сууцны ариун цэврийн болон гал тогооны өрөө, том өрөөнд хийсэн үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох эд хөрөнгүүдийг үнэлээгүй, эдгээр нэмэлт засвар тохижуулалтад зарцуулсан 5.460.000 төгрөгийн үнэлгээ хийгдэх ёстой, манай байртай ижил 2 өрөө байр 85.000.000 төгрөгөөр зарна гэсэн зар фэйсбүкт тавьсан байсан, манай байрны 5 давхрын хамаатны байр 1 м.кв нь 1.435.000 төгрөгөөр үнэлэгдэж зарагдсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж, мэтгэлцүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хэргийн 41-42 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хөрөнгийн үнэлгээчин нь маргаж буй байранд очиж тухайн орон сууцны одоогийн байдлыг гэрэл зургаар бэхжүүлж тайланд хавсаргасан байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ажиллагааг хуульд нийцүүлж хийгээгүй талаар болон шүүхийн ямар дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцээгүй талаар тодорхой зүйл дурьдаагүй болно.

Хэргийн  45 дугаар талд авагдсан баримтаас үзвэл гомдол гаргагч А.Э- үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлантай өөрийн төрсөн ээж Л.Долгормаагаар дамжуулан Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар 11 дүгээр сарын 07-нд танилцсан байх ба 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх  гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчөөгүй буюу шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Иймд гомдол гаргагч Ц.Саранцэцэгийн Шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж чадаагүй, шүүх үндэслэлгүй үнэлгээний тайланг барьж шийдвэр гаргасан гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагч А.Э-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                           АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           Л.АМАРСАНАА