Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 144

 

                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01211/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... аймгийн ...... сум, ...... баг, ...... хороолол, ..... байрны ...... тоотод оршин суух Б овогт А-ийн Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

““КП” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Э-, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гомдол гаргагч А.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 725 дугаартай шийдвэрээр А.Э- миний бие Б.М-эд 40,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Уг шийдвэрээр Б.М- нь ..... аймгийн ....... сумын ........ баг, ..... хороолол, ....... байрны ...... тоот, ....... мкв, ..... өрөө Ү-.............. улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Э- миний болон охин М.И-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгаж, мөн Б.М- нь өөрийн эзэмшлийн             ........ аймгийн ....... сумын ..........д байршилтай гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус бүр эзэмших эрхийг А.Э-, М.И- нарт шилжүүлэхээр шүүгчийн захирамж гарсан. Гэтэл дээрх орон сууцны өмчлөх эрх бидэнд шилжээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг КП ХХК нь уг байрыг үнэлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, бидний эрх ашгийг зөрчиж байгаа тул үнэлгээнд гомдолтой байна. ........ хотхонд өнөөдрийн байдлаар байр 1 м.кв нь 1,700,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байна. Гэтэл миний байрыг нэг метр квадратыг 1,350,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Миний нэр дээр тухайн байрны гэрчилгээ шилжиж ирээгүй учраас тухайн байрыг би өөрөө өндөр үнээр худалдан борлуулаад төлбөрийг барагдуулах боломж байгаагүй. Байрыг зах зээлийн ханшаас бага үнээр худалдан борлуулбал би болон миний охин орох оронгүй болох аюултай байна. Энд миний өмчлөх эрх болох хүүхдийн маань эрх ашиг хөндөгдөж байна. Мөн байранд байгаа гал тогооны ком болон гүйдэг шүүгээг байрнаас салгаж болохгүй учир үнэлгээнд оруулж тооцох ёстой гэж үзэж байна. Иймээс тус үнэлгээг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АБХХК-ийн хийсэн үнэлгээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад процесс алдаа гараад хүчингүй болгосон. Тус байрыг анх 63,200,000 төгрөгөөр авсан хэдий ч хүүтэйгээ нийлээд банкинд 110,000,000 төгрөг төлсөн. Шинжээч тус байрны метр квадрат нь 1,350,000 төгрөг гэж үнэлсэн ч салгаж үл болох зүйлийг үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Гал тогооны тек хананд бэхэлсэн бэхэлгээтэй учир салгаж болохгүй үнэлгээнд орох ёстой. Үнэлгээг яагаад буруу гээд байгаа гэхээр тус байрны үнэлгээг хийхдээ жишиг үнийн судалгаа авсан байна. Яг баригдсан байртай харьцуулж үнэлгээ хийгээгүй байна. Байрны бодит үнэлгээн дээр нэмж 5.460.000 төгрөгийн үнийг тооцох ёстой гэж үзэж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 725 дугаартай “Эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар А.Э-оос 40,000,000 төгрөг гаргуулж Б.М-эд олгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 баг, 2 дугаар хороолол, 47 дугаар байрны 72 тоот, 49,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг А.Э- болон охин И-гийн нэр дээр шилжүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан.

Төлбөр төлөгч А.Э-од шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл удаа дараа өгсөн боловч уг төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа учир Б.М-, А.Э- нарын өмчлөлийн Ү-.............. ........... аймгийн ........ сумын ........ баг, ........ хороолол, ........ байрны ..... тоот, ..... м.кв талбайтай ...... өрөө орон сууцыг 2019 оны 02 сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 06 сарын 04-ний өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоолоор “АБ” ХХК-ийг томилсон. “АБ” ХХК эд хөрөнгийн үнэлгээг 62,282,097 төгрөгөөр тогтоосон боловч 2019 оны 09 сарын 04-ний өдөр төлбөр төлөгч А.Э- гомдол гаргаснаар 2019 оны 09 сарын 23-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосны дагуу “АБ” ХХК-ийн үнэлгээ хүчингүй болсон. Ингээд 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх эд хөрөнгийг дахин хураах шийдвэр гаргаж акт үйлдсэн. Талуудаас дахин үнийн санал авах ажиллагаа явуулсан боловч үнийн санал дээр санал нэгдээгүй учир “КП” ХХК-ийг шинжээчээр томилсон. “КП” ХХК нь 66,393,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг тогтоож үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад танилцуулсан. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталж үнэлгээ гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А.Э- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, “КП” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- гомдол гаргагч А.Э-од үнэлгээ гарсан талаар 2019 оны 11 сарын 07-ны өдөр утсаар мэдэгдэж, улмаар түүний хүсэлтээр Л.Д- гэх хүнд үнэлгээний тайлангийн хуулбарыг гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд гомдол гаргагч А.Э- нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо дээрх хуульд заасан хугацаанд гаргасан байна.  

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Э-ын нэхэмжлэлтэй, Б.М-эд холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 3960 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, мөн өдрийн 623 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Тус гүйцэтгэх хуудсанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар .......... аймгийн ........ сумын ......... баг, ... хороолол, .... дугаар байрны ....... тоот, ......... мкв талбай бүхий .... өрөө Ү-.............. улсын дугаар бүхий орон сууцны Г банкны зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг болон уг байрны урьдчилгаа 19,000,000 төгрөгөөс 5,000 төгрөгийг оруулан нийт 40,000,000 төгрөгөөр тохирч, А.Э-оос 40,000,000 төгрөгийг Э.Мөнгөнсүхэд  төлснөөр Б.М- нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.Э-, охин М.И- нарын нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхийг бүртгэлийн газарт даалгахаар....” гэж бичигджээ.

Эдгээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд үндэслэн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 18070770 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, 2019 оны 02 сарын 12-ны өдрийн тогтоолоор .... аймгийн ..... сумын ...... баг, ....... хороолол, ....... байрны ...... тоот, .... мкв талбай бүхий ..... өрөө Ү-.............. дугаар бүхий орон сууцыг битүүмжлэн, 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 18070770/08 дугаартай тогтоолоор хураасан, улмаар талуудаас үнийн санал авахад А.Э- 120,000,000 төгрөгийн, Б.М- 63,000,000 төгрөгийн үнийн санал тус тус өгсөн болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 2019/21 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу “КП” ХХК-ийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаартай, ..... аймгийн ..... сумын ...... баг, .... хороолол, ..... байрны ..... тоот, ..... мкв талбай бүхий ..... өрөө орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 66,393,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч А.Э- нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж  тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Гомдол гаргагч А.Э-ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус орон сууцыг анх барьж ашиглалтанд оруулсан гэх “МП” ХХК-иас тус байрны зах зээлийн үнэлгээтэй холбоотой ханшийн лавлагаа гаргуулахад тус орон сууцыг 2013 оны 09 сарын 28-ны өдөр 63,934,000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулж, худалдан авсан талаар албан бичиг болон 64 дугаартай орон сууц захилагын гэрээг ирүүлсэн байна. Мөн тус албан бичигтээ одоогийн зах зээлийн ханшийг тодорхойлох эрх бүхий этгээд биш талаар дурдсан байна.

Мөн гомдол гаргагч А.Э- нь тус орон сууцандаа салгаж болохооргүй тавилга байгаа бөгөөд энэхүү тавилгын үнийг орон сууцны үнэлгээнд оруулж тооцоогүй гэж маргаж, анх тавилга авсан талаарх баримт, дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг тохиролцон тогтооход хамааралтай байж болох хэдий ч орон сууцны зах зээлийн дундаж үнэ ханшийг тогтооход хамааралтай гэж үзэх боломжгүй юм.

“КП” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа зах дээр худалдаалагдаж буй ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнэ ханшийн мэдээлэл дээр тулгуурлан зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар гаргасан талаар дурдсан бөгөөд энэхүү үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч А.Э- нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гомдол гаргагч А.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ тус орон сууцыг өөрийн болон охин М.И-гийн нэр дээр шилжүүлээгүй байхад үнэлгээ гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бага насны хүүхдийн эрх ашгийг харгалзахгүйгээр шинжээч томилж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа талаар дурдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүх зөвхөн эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. Харин дээр дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол шүүхийн харъяалалд хамаарахгүй тул шүүх зөвхөн эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийсэн болохыг дурдаж байна.

 

Иймд А.Э-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “КП” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан А.Э-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “КП” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ОЮУНЦЭЦЭГ