Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00880

 

2021           06            25                                          001/ХТ2021/00880

 

 

 

...................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалтай,

 

...................ын нэхэмжлэлтэй

...................д холбогдох

 

Капитал зууч ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ..................., түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.07-ны өдрийн 725 дугаартай шийдвэрээр ................... миний бие ...................эд 40,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Уг шийдвэрээр ...................нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар байрны 72 тоот, 49,18 м.кв, 2 өрөө ................... улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ................... миний болон охин ...................гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгаж, мөн ...................нь өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноён хонгорт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газруудыг тус бүр эзэмших эрхийг ..................., ...................нарт шилжүүлэхээр шүүгчийн захирамж гарсан. Гэтэл дээрх орон сууцны өмчлөх эрх бидэнд шилжээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Капитал зууч ХХК нь уг байрыг үнэлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, бидний эрх ашгийг зөрчиж байгаа тул үнэлгээнд гомдолтой байна. Парк таун хотхонд өнөөдрийн байдлаар байр 1 м.кв нь 1,700,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байна. Гэтэл миний байрыг нэг метр квадратыг 1,350,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Миний нэр дээр тухайн байрны гэрчилгээ шилжиж ирээгүй учраас тухайн байрыг би өөрөө өндөр үнээр худалдан борлуулаад төлбөрийг барагдуулах боломж байгаагүй. Байрыг зах зээлийн ханшаас бага үнээр худалдан борлуулбал би болон миний охин орох оронгүй болох аюултай байна. Энд миний өмчлөх эрх болох хүүхдийн маань эрх ашиг хөндөгдөж байна. Мөн байранд байгаа гал тогооны ком болон гүйдэг шүүгээг байрнаас салгаж болохгүй учир үнэлгээнд оруулж тооцох ёстой гэж үзэж байна. Иймээс тус үнэлгээг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашид билгүүн ХХК-ийн хийсэн үнэлгээг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад процесс алдаа гараад хүчингүй болгосон. Тус байрыг анх 63,200,000 төгрөгөөр авсан хэдий ч хүүтэйгээ нийлээд банкинд 110,000,000 төгрөг төлсөн. Шинжээч тус байрны метр квадрат нь 1,350,000 төгрөг гэж үнэлсэн ч салгаж үл болох зүйлийг үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Гал тогооны тек хананд бэхэлсэн бэхэлгээтэй учир салгаж болохгүй үнэлгээнд орох ёстой. Үнэлгээг яагаад буруу гээд байгаа гэхээр тус байрны үнэлгээг хийхдээ жишиг үнийн судалгаа авсан байна. Яг баригдсан байртай харьцуулж үнэлгээ хийгээгүй байна. Байрны бодит үнэлгээн дээр нэмж 5,460,000 төгрөгийн үнийг тооцох ёстой гэж үзэж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.06.07-ны өдрийн 725 дугаартай Эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ...................оос 40,000,000 төгрөг гаргуулж ...................эд олгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 баг, 2 дугаар хороолол, 47 дугаар байрны 72 тоот, 49,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ................... болон охин Ичинхорлоогийн нэр дээр шилжүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан. Төлбөр төлөгч ...................од шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл удаа дараа өгсөн боловч уг төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа учир ..................., ................... нарын өмчлөлийн ................... Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 баг, 2 дугаар хороолол, 47 дугаар байрны 72 тоот, 49,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 02 сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 06 сарын 04-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг томилсон. Ашид билгүүн ХХК эд хөрөнгийн үнэлгээг 62,282,097 төгрөгөөр тогтоосон боловч 2019.09.04-ний өдөр төлбөр төлөгч ................... гомдол гаргаснаар 2019.09.23-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосны дагуу Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ хүчингүй болсон. Ингээд 2019.10.02-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх эд хөрөнгийг дахин хураах шийдвэр гаргаж акт үйлдсэн. Талуудаас дахин үнийн санал авах ажиллагаа явуулсан боловч үнийн санал дээр санал нэгдээгүй учир Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь 66,393,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг тогтоож үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад танилцуулсан. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталж үнэлгээ гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан ...................ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ...................оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...................ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагч ...................ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ..................., түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2020.04.17-ны өдөр хүлээн авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2-р хороолол, Парк таун 46-ын 72 тоот 49.18 м.кв тус орон сууцанд салгаж болохооргүй болохооргүй тавилга хананд цутгаж суулгасан хананы тавилга байшингаас салгаж авах боломжгүй байгаа байдлыг үнэлгээнд оруулж тогтоогоогүй, худалдах худалдан авах гэрээнд орон сууцны үнийг хамааралтай гэх боловч одоогоор Парк таунд зарагдаж борлуулж байгаа байрны үнээс хэт доогуур үнэлсэн нь үндсэн хуулиар олгосон эд хөрөнгөтэй байх эрхийг зөрчиж, мөн бага насны хүүхэд амьдарч байгааг харгалзаж үзэхгүй байна. Шинжээч зураг төсөл хийгээгүй байрны зураг аваагүй ямар байрны зураг өгснийг би мэдэхгүй байна. Иймд бодит үнэлгээ хийхгүйгээр, хийсвэр дүгнэлт хийснийг шүүх магадлалдаа анхаарч үзээгүй дүгнэлт гаргасан. Иймд тус шүүхийн магадлал, шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ................... ...................д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргасан байх ба түүний нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй энэ талаар залруулах боломжтой гэж үзэв.

 

1.................... нь нэхэмжлэлийн шаардлагаа “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх” гэж тодорхойлсон боловч шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гэрлэлт цуцлах маргаанаас үүссэн дундын эд хөрөнгийг хуваарилах шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлгээ хийж,  талуудад тэгш бус хандсан, зөвхөн өөрт нь холбогдох төлбөр барагдуулах ажиллагааг явуулж ...................ээс ...газар эзэмших эрхийг шилжүүлэх зэрэг ажиллагааг хийгээгүй, хүүхдүүдийн хамт орон гэргүй болж хохирох гэж байна гэсэн үндэслэл зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Зөвхөн үнэлгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй байхаас гадна шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөр төлөгч, төлбөр авагчийг зөв тодорхойлж чадаагүй алдаатай ажиллагааг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

 

Талууд шүүгчийн захирамжийн үндэслэл, шийдвэрийн агуулга, орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааны талаар мэтгэлцсэн тул нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт өгөх боломжтой байна.

 

2.Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.06.07-ны өдрийн 715 дугаар захирамжаар ...................ын нэхэмжлэлтэй ...................эд холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Гэрлэлт цуцлуулах асуудал нь гэрлэгчдийн тохиролцох зүйл биш бөгөөд эвлэрлийн гэрээний зүйлд хамаардаггүй, гагцхүү шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх маргаан байдаг тул энэ талаар тухайн шүүхэд анхааруулах нь зүйтэй гэж үзэв. Харин гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүл дундын эд хөрөнгийг хуваах талаар эвлэрэх эрхтэй юм.

 

3. Уг захирамжийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудасны үндсэн дээр 2018.09.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч ...................ыг төлбөр төлөгч, ...................ийг төлбөр авагч гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т заасныг зөрчсөн байна.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар байр, 72 тоотын 49,18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны Голомт банкны зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг болон уг байрны урьдчилгаа 19,000,000 төгрөгөөс 5,000 төгрөгийг оруулан 40,000,000 төгрөгөөр тохирч, ...................оос 40,000,000 төгрөгийг ...................эд төлснөөр ...................нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ..................., охин ...................нарын нэр дээр шилжүүлэх, ...................нь ................... дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрх зэргийг шилжүүлэх үүргийг хүлээсэн буюу аль аль нь бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн, үүргээ харилцан биелүүлэх ёстой байхад зөвхөн ...................ийг төлбөр авагч гэж үзсэн нь хуульд нийцээгүйгээс гадна хэд хэдэн хүний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцыг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан зарчим, хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн болохыг хоёр шатны шүүх илрүүлж, дүгнэлт өгөөгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд орон сууцыг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Талууд эд хөрөнгийг хэрхэн харилцан шилжүүлэх, мөнгөн төлбөрийн үүргийг хэрхэн хангуулах талаар шийдвэр гүйцэтгэгч тодруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохистой, хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүрэгтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан хариуцагч ...................ас Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар байр, 72 тоотын 49,18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн, хураасан үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч ...................ын нэхэмжлэлийг хангасугай.” гэж, 2 дах заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...................од олгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Б.УНДРАХ

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД