Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 536

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй                                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00247 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-д холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н- нь “Гэрэлтсфэн” ХХК-ийн захирал бөгөөд талуудын хооронд гэрээний үүргийн маргаан үүсч, тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 237 тоот захирамжаар шийдэгдсэн. Хариуцагч Б.М-ын эзэмшлийн “Бумшийдэл” ХХК нь нэг гишүүнтэй, захирал нь хариуцагч өөрөө бөгөөд өмнөх захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 452 тоот захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, уг ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч талууд харилцан тохиролцон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Ийнхүү талууд хоорондоо тохиролцож, хариуцагч Б.М-ын өр төлбөр болох 159.000.000 гаруй төгрөгийг түүний өмнөөс төлбөр авагч буюу “Гэрэлтсфэн” ХХК-аас төлж оронд нь хариуцагчийн нэр дээрх орон сууцыг төлбөрт тооцон авахаар тохирсон юм. Үүний дагуу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Гэрэлтсфэн” ХХК нь хариуцагч Б.М-ын өмнөөс бусдад төлөх төлбөрийг нь төлсөн тул битүүмжлэгдсэн орон сууцыг нэхэмжлэгч Б.Н-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст орон сууцыг шилжүүлэх албан бичиг хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болгосон байдаг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Б.Н-ийн нэр дээр тус орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байгаа, харин Б.М- нь орон сууцыг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 159.000.000 төгрөгийг төлбөл буцааж авах эрхтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үнэ төлбөргүй амьдарсан ба бид нар хариуцагч Б.М-ыг өөр амьдрах байр олох хүртэлх хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөлслөхөөр гэрээний хугацааг сунгаж, хөлсийг сарын 300.000 төгрөг гэж тохирсон. Гэвч тэрээр энэ хугацаанд 159.000.000 төгрөгийг төлөөгүй, талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан байхад орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байх тул Б.М-аас өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 00237 тоот захирамжаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Бумшийдэл” ХХК-ийн захирал Б.М-ын бусдад төлөх төлбөрийг төлбөр авагч “Гэрэлтсфэн" ХХК төлж, түүний өмчлөлийн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжуулэхээр талууд тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, уг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060319 дугаартай орон сууцны өмчлөгч Б.Н- болсон гэжээ. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Бумшийдэл” ХХК-ийн захирал Б.М-д төлбөр авагч “Гэрэлтсфэн” ХХК-ийг төлөөлөн оролцож байсан хоёр залуу дарамт үзүүлдэг байсан, хариуцагч Б.М- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн орон сууцыг нэхэмжлэгч Б.Н-ийн өмчлөлд шилжүүлэх тухай ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, зөвшөөрөл олгож байгаагүй юм. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Б.М-д хэлэхдээ манай компани таны өрийг төлөөд орон сууцны өмчлөлийг шилжүүлж аваад танд буцаж төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгоно гэсэн тул хариуцагч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн. Энэ үед хариуцагчийн амьдрал хүнд байсан тул төлбөрөө төлж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг үндэслэн төлбөр төлөгч “Бумшийдэл” ХХК, төлбөр авагч “Гэрэлтсфэн” ХХК нарын хооронд төлбөр барагдуулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 04/632 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Ичинхорлоогийн тогтоолд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд сүүлд шүүхэд ирсэн баримтыг үзэхэд н.Даваасүрэн гэж шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ирүүлсэн. Иймээс яагаад 2 өөр хүний тогтоолоор дуусгавар болгосон ажиллагааны дагуу нэхэмжлэгч Б.Н-ийг өмчлөгч болсон гэдэг нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй боловч тус шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийн өмчлөгч байх, бусад этгээдийн хууль бус эзэмшилд байх ёстой. Гэтэл хариуцагч Б.М-ын өмчлөлийн хөрөнгө хууль бусаар нэхэмжлэгч Б.Н-ийн өмчлөлд шилжсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар хуулийн этгээд байхад ямар үндэслэлээр Б.Н-ийн өмчлөлд дээрх орон сууц шилжсэн гэдэг нь ойлгомжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар оруулах ёстой боловч уг ажиллагаа хийгдээгүй, хариуцагчийн хүсэлт дээр төлбөр авагч “Гэрэлтсфэн” ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 угаа зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн хариуцагч Б.М-д Ү-2204060319 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 112а тоот хаягт орших 63.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Төлбөр төлөгч "Бумшийдэл" ХХК болон төлбөр авагч "Гэрэлтсфен" ХХК-иуд харилцан тохиролцсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх хэтэрхий нэг талыг баримтлан төлбөр төлөгч, төлбөр авагч нар Мөнхжаргалын орон сууцыг төлбөрт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон гэж үндэслэлгүй дүгнэсэн. Өмчлөгч Б.М-ын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт нь төлбөр авагч “Тэрэлтсфен" ХХК-д орон сууцыг шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн байна. Түүнээс биш Б.Н-ийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Гэтэл төлбөр авагч "Гэрэлтсфен" ХХК нь Б.М-ын хүсэл зоригийн эсрэг орон сууцыг Б.Н-ийн өмчлөлд шилжүүлсэн нь Б.М-ын хүсэлтийн дагуу шилжүүлсэн гэж үзэхгүй. Б.М-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталгаа гаргасанг шүүх эргэлзээгүй талаас нь нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаас үзвэл төлбөр төлөгч "Бумшийдэл" ХХК, төлбөр авагч "Гэрэлтсфен" ХХК-иуд хоорондоо харилцан тохиролцож эвлэрч, хүсэлт гаргасан байх хуулийн зохицуулалт болохоос биш, гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хүсэлтийн үндсэн дээр шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хуулийн зохицуулалт биш юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаас үзвэл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжих ёстой байна. Б.М-ын хүсэлт болон баталгаа нь өмчлөх эрхийг төлбөр авагч “Тэрэлтсфен" ХХК-д 159.763.681.00 төгрөгийн төлбөрөө төлж барагдуулах хүртэл хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлж, төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан авах зорилготой. Хэрэв төлбөрөө заасан хугацаанд төлж чадаагүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн утгатай байна. Үүнээс үзвэл төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд өмчлөгч Б.М- болон төлбөр авагч “Тэрэлтсфен" ХХК нарын хооронд хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой байна. Түүнээс биш Б.Н-ийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх хүсэл зориг огтхон ч байгаагүй байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дах хэсэгт заасан боловч энэхүү 63.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц анхнаасаа барьцааны зүйл байгаагүй, талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 159.763.681 төгрөгт тооцон өгөхөөр тохиролцсон байна гэж хэргийн үйл баримтад илт үндэслэлгүй дүгнэлт хийж, дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 159.763.681 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцсон байна гэж илт үндэслэлгүй дүгнэсэн. Дээрх хэлцлээр 159.763.681 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгчид 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд гүйцэтгэх баталгаа гаргаж энэ үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд өмчлөх эрхээ буцаан шилжүүлэн авах тохиролцоо хийсэн байгааг шүүх анхаарч үзэлгүй илт үндэслэлгүйгээр төлбөрт тооцож шилжүүлсэн тохиролцоо байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд дээрх хэлцэл нь иргэний хуулийн 171.3 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учраас 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д өмчлөх эрх үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Б.М-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2204060319 тоот дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 112а тоот хаягт орших 63.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00237 дугаар шүүгчийн захирамжаар “Бумшийдэл” ХХК нь “Гэрэлтсфен” ХХК-д 183.950.000 төгрөг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. /хх-ийн 10-12 /

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар тухайн орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан  гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Бумшийдэл” ХХК-ийн төлбөрт тус компанийн үүсгэн байгуулагч Б.М- нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг төлбөрийн үнийн дүнд тооцон төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж, төлбөрийг барагдуулж байгаа тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг, төлбөр авагч “Гэрэлтсфен” ХХК орон сууцыг төлбөртөө тооцон авахыг шилжүүлж авах хүсэлтийг тус тус гаргаж /хх-ийн 72, 73, 75/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эдгээр хүсэлтийг үндэслэж, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст орон сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч “Гэрэлтсфен” ХХК-ийн захирал Б.Н-д шилжүүлэхийг мэдэгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4\632 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, “Гэрэлтсфен” ХХК-ийн захирал Б.Н- 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8, 74, 76/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч болсноор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсч хариуцагчийн хувьд өмчлөх эрх дуусгавар болсон байна.

 

 Энэхүү өмчлөх эрх шилжсэн хэлцлийн талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заасан өмчлөгч болсон үйл баримт тогтоогдсон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Бумшийдэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.М- гомдол гаргаагүй тул хариуцагчийн татгалзал тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд төлбөрийг барагдуулах  баталгаа гаргаж энэ үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд өмчлөх эрхээ буцаан шилжүүлэн авах тохиролцоо хийсэн гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах эрх олгосон гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 73, 75 /

Талуудын хооронд гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хариуцагчийн хувьд эрх буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээнд зааснаар төлбөрийг төлөх үүргээ хугацаандаа биелүүлж, эд хөрөнгөө буцааж худалдан авсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.М- нь тус орон сууцанд амьдарч байгаад нэхэмжлэгч Б.Н-ийн өмчлөлд шилжүүлсний дараа талууд 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 2019 оны 8 дугаар 10-ны өдөр хүртэлх хугацаанд 300.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү орон сууц хөлслөх гэрээний хугацаа болон эд хөрөнгө буцааж худалдах худалдан авах гэрээний дагуу буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх хугацаа дууссанаар хариуцагч нь уг эд хөрөнгийг цаашид эзэмшилдээ байлгах хууль зүйн боломжгүй болсон байна. /х.х-ийн 5, 6 хуудас/.

Иймд шүүх нэхэмжлэгч Б.Н-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, \13336\  Намъяанжугийн гудамж 49 дүгээр байрны 112а тоот хаягт байрлах, 63.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

                                                                   Н.БАТЗОРИГ