Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 247

 

 

 

 

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/00247

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н-ийн гаргасан,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэгч Н нь Г ХХК -ийн захирал бөгөөд талуудын хооронд гэрээний үүргийн маргаан үүсч, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 237 тоот захирамжаар шийдэгдсэн. Хариуцагч Мын эзэмшлийн Б ХХК  нь нэг гишүүнтэй, захирал нь хариуцагч өөрөө бөгөөд өмнөх захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 452 тоот захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, уг ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч талууд харилцан тохиролцон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

 

Ийнхүү талууд хоорондоо тохиролцож, хариуцагч Мын өр төлбөр болох 159,000,000.00 гаруй төгрөгийг түүний өмнөөс төлбөр авагч буюу Г ХХК -иас төлж оронд нь хариуцагчийн нэр дээрх орон сууцыг төлбөрт тооцон авахаар тохирсон юм. Үүний дагуу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г ХХК нь хариуцагч Мын өмнөөс бусдад төлөх төлбөрийг нь төлсөн тул битүүмжлэгдсэн орон сууцыг нэхэмжлэгч Н-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон.

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст орон сууцыг шилжүүлэх албан бичиг хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болгосон байдаг.

 

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Н-ийн нэр дээр тус орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байгаа, харин М нь орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 159,000,000.00 төгрөгийг төлвөл буцааж авах эрхтэйгээр 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үнэ төлбөргүй амьдарсан ба бид нар хариуцагч Мыг өөр амьдрах байр олох хүртэлх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөлслөхөөр гэрээний хугацааг сунгаж, хөлсийг сарын 300,000.00 төгрөг гэж тохирсон.

 

Гэвч тэрээр энэ хугацаанд 159,000,000.00 төгрөгийг төлөөгүй, талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрэний хугацаа дууссан байхад орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар хариуцагч Маас өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Н-ийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00237 тоот захирамжаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б ХХК-ийн захирал Мын бусдад төлөх төлбөрийг төлбөр авагч Г ХХК төлж, түүний өмчлөлийн 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжуулэхээр талууд тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, уг эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204060319 дугаартай орон сууцны өмчлөгч Нболсон гэжээ.

 

Өөрөөр хэлбэл уг шүүхийн шийдвэрийг үндэслэн өр төлбөрт маргаан бүхий орон сууцыг авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б ХХК -ийн захирал Мд төлбөр авагч Г ХХК-ийг төлөөлөн оролцож байсан хоёр залуу дарамт үзүүлдэг байсан, хариуцагч М нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн орон сууцыг нэхэмжлэгч Н-ийн өмчлөлд шилжүүлэх тухай ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, зөвшөөрөл олгож байгаагүй юм.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Мд хэлэхдээ манай компани таны өрийг төлөөд орон сууцны өмчлөлийг шилжүүлж аваад танд буцаж төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгоно гэсэн тул хариуцагч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн. Энэ үед хариуцагчийн амьдрал хүнд байсан тул төлбөрөө төлж чадаагүй. Гэтэл гэнэт л иргэн Н-сминий өмчлөлийн орон сууц гэж нэхэмжлэл гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.-т зааснаар “төлбөр төлөгч төлбөр авагч талууд харилцан тохиролцож, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгох хүсэлт гаргасан" үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэснийг үндэслэн төлбөр төлөгч Б ХХК , төлбөр авагч Г ХХК нарын хооронд төлбөр барагдуулахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч нь хуулийн этгээд байсан ба төлбөр авагч Г ХХК-иас Мын өмчлөлийн орон сууцыг шилжүүлэх авахад татгалзах зүйл байхгүй гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан.

 

Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/632 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгч И-ийн тогтоолд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд сүүлд шүүхэд ирсэн баримтыг үзэхэд Д гэж шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ирүүлсэн. Иймээс яагаад 2 өөр хүний тогтоолоор дуусгавар болгосон ажиллагааны дагуу нэхэмжлэгч Н-ийг өмчлөгч болсон гэдэг нь тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т зааснаар өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй боловч тус шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийн өмчлөгч байх, бусад этгээдийн хууль бус эзэмшилд байх ёстой. Гэтэл хариуцач Мын өмчлөлийн хөрөнгө хууль бусаар нэхэмжлэгч Н-ийн өмчлөлд шилжсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4.-т зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болдог. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар хуулийн этгээд байхад ямар үндэслэлээр Н-ийн өмчлөлд дээрх орон сууц шилжсэн гэдэг нь ойлгомжгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар оруулах ёстой боловч уг ажиллагаа хийгдээгүй, хариуцагчийн хүсэлт дээр төлбөр авагч Г ХХК-нд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н-схариуцагч Мд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчийг маргааны зүйл болох орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан” гэсэн бол хариуцагч нь “тухайн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй учраас нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч нь биш” гэж маргасан.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00237 тоот захирамжаар Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК -нд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 198,750,000.00 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /х.х-ийн 10-12 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 14,800,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч  Б ХХК  нь үлдэх 183,950,000.00 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх нөхцөлөөр эвлэрсэн байна.

 

Гэтэл хариуцагч Б ХХК  нь 183,950,000.00 төгрөгийг захирамжид заасан хугацаанд төлөөгүй учраас тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/04472 тоот захирамжийн дагуу 452 тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17260897 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ /х.х-ийн 61, 62, 66 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараах ажиллагаа хамаарна” гээд 6.1.1.-д “иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэж, мөн  21 дүгээр зүйлийн 21.1.-д “Энэ хуулийн 20.3.-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна” гэж тус тус зааснаар хариуцагч Б ХХК -иас 183,950,000.00 төгрөгийг албадан гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Гэвч уг төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б ХХК  болон төлбөр авагч Г ХХК-иуд харилцан тохиролцож, зохигчдын маргаж буй буюу хариуцагч Мын өмчлөлийн ...... тоот хаягт орших .... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөрт шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ /х.х-ийн 15, 67 хуудас/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М нь Г ББСБ ХХК-нд 36,694,931.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байсныг түүний өмнөөс төлбөр авагч Г ХХК нь төлж, улмаар төлбөр төлөгч Б ХХК -иас авах 123,068,860.00 төгрөг дээр энэхүү 36,694,931.00 төгрөгийг нэмж, нийт 159,763,681.00 төгрөгт тооцон тус орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, хоорондын өглөг, авлагыг барагдуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Маас 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж дээр дурдсан нөхцөлөөр талуудын маргаж буй орон сууцыг төлбөр авагч Г ХХК-нд өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн тус компанийн зүгээс орон сууцыг нэхэмжлэгч Н-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна /х.х-ийн 73 хуудас/.

 

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус .... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н-ийн өмчлөлд бүртгэх тухай хүсэлтийг хүргүүлж, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.-т “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан” гэж заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ /х.х-ийн 8, 74, 76 хуудас/.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ийнхүү нэхэмжлэгч Н-ийн нэр дээр 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар хариуцагч Мын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч М нь тус орон сууцанд амьдарч байгаад нэхэмжлэгч Н-ийн өмчлөлд шилжсэний дараагаар талууд 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл төлбөргүй, 2019 оны 08 дугаар 10-ны өдөр хүртэлх хугацаанд 300,000.00 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцжээ /х.х-ийн 5, 6 хуудас/.

 

Гэтэл хариуцагч М нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан байхад уг гэрээтэй холбоотой бус, харин өмчлөгч буюу нэхэмжлэгч Н-ийг  өмчлөх эрхтэй этгээд биш гэсэн үндэслэлээр хүлээлгэн өгөхөөс татгалзаж байна.

 

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М нь төлбөр төлөгч Б ХХК -ийн Г ХХК-нд төлбөл зохих 123,068,860.00 төгрөг дээр өөрийнхөө Г ББСБ ХХК-нд төлөх 36,694,931.00 төгрөг, нийт 159,763,681.00 төгрөгийн оронд маргааны зүйл болох 63.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр авагч Г ХХК-нд өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан боловч тус компанийн хүсэлтээр нэхэмжлэгч Н-ийн өмчлөлд шилжсэн ба төлбөр төлөгч Б ХХК  болон төлбөр авагч Г ХХК нарын авлага, өглөг дуусгавар болсон байна /х.х-ийн 75 хуудас/.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, түүнчлэн 210.2.-т “Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй” гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00237 тоот захирамжийн дагуу төлбөр төлөгч Б ХХК  нь 183,950,000.00 төгрөгийг төлбөр авагч “Гэрэлтсфен” ХХК-нд төлөхдөө тухайн үүргээ бусад этгээдээр гүйцэтгүүлж болох ба энэ тохиолдолд төлбөр авагч тал татгалзаж болно. Гэвч төлбөр авагч Г ХХК нь төлбөр төлөгч Б ХХК -ийн төлбөрт хариуцагч Мын өмчлөлийн орон сууцыг тооцон авсан байна.

 

Нөгөө талаар тус хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн 211.2.-д “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, төлбөр төлөгч Б ХХК , эсхүл түүний өмнөөс үүрэг гүйцэтгэж буй хариуцагч М нь 183,950,000.00 төгрөгийг гагцхүү төлбөр авагч Г ХХК-нд, аль эсхүл түүний зөвшөөрсөн этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн боловч үүнээс төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай үр дагавар бий болсон тохиолдолд үүргийг гүйцэтгэсэн гэж тооцох учиртай.

 

Нэгэнт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар төлбөр авагч Г ХХК-иас зохигчдын маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч Н-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрснөөс гадна төлбөр төлөгч Б ХХК -ийн төлбөл зохих өглөг тийнхүү дуусгавар болжээ.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасан боловч энэхүү ... м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь анхнаасаа барьцааны зүйл байгаагүй, талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 159,763,681.00 төгрөгт тооцон өгөхөөр тохиролцсон байна.

 

Иймд, хариуцагчийн “нэхэмжлэгчийг өмчлөх эрхгүй этгээд” гэсэн хариу тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн 89.3.-д “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд уг орон сууцыг шударгаар эзэмшиж байсан боловч гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш уг гэрээтэй холбоотой бус, харин өмчлөгч буюу нэхэмжлэгч Н-ийг өмчлөх эрхтэй этгээд биш гэсэн үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байжээ.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ннь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, тэрээр орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч М нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үндэслэлгүйгээр нэхэмжлэгч Н-ийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж байх тул чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн хариуцагч Мд ******* тоот улсын бүртгэлийн дугаартай ... тоот хаягт орших ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР