Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01464

 

Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй

                    иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00247 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 536 дугаар магадлалтай, 

Б.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,

Б.Мөнхжаргалд холбогдох, 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрэлтсфэн ХХК-ийн захирал бөгөөд талуудын хооронд гэрээний үүргийн маргаан үүсч, тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 237 тоот захирамжаар шийдэгдсэн. Үүний дагуу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Гэрэлтсфэн ХХК нь хариуцагч Б.Мөнхжаргалын өмнөөс бусдад төлөх төлбөрийг нь төлсөн тул битүүмжлэгдсэн орон сууцыг нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн нэр дээр тус орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байгаа, харин Б.Мөнхжаргал нь орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 159,000,000 төгрөгийг төлвөл буцааж авах эрхтэйгээр 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үнэ төлбөргүй амьдарсан ба бид нар хариуцагч Б.Мөнхжаргалыг өөр амьдрах байр олох хүртэлх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөлслөхөөр гэрээний хугацааг сунгаж, хөлсийг сарын 300,000 төгрөг гэж тохирсон. Гэвч тэрээр энэ хугацаанд 159,000,000.00 төгрөгийг төлөөгүй, талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан байхад орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байх тул Б.Мөнхжаргалаас өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг үндэслэн өр төлбөрт маргаан бүхий орон сууцыг авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Бумшийдэл ХХК-ийн захирал Б.Мөнхжаргалд төлбөр авагч Гэрэлтсфэн ХХК-ийг төлөөлөн оролцож байсан хоёр залуу дарамт үзүүлдэг байсан, Б.Мөнхжаргал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн орон сууцыг Б.Нарангэрэлийн өмчлөлд шилжүүлэх тухай ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, зөвшөөрөл олгож байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.-т зааснаар төлбөр төлөгч төлбөр авагч талууд харилцан тохиролцож, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгох хүсэлт гаргасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэснийг үндэслэн төлбөр төлөгч Бумшийдэл ХХК, төлбөр авагч Гэрэлтсфэн ХХК нарын хооронд төлбөр барагдуулахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч нь хуулийн этгээд байсан ба төлбөр авагч Гэрэлтсфэн ХХК-иас Б.Мөнхжаргалын өмчлөлийн орон сууцыг шилжүүлэх авахад татгалзах зүйл байхгүй гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т зааснаар өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй боловч тус шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийн өмчлөгч байх, бусад этгээдийн хууль бус эзэмшилд байх ёстой. Гэтэл хариуцагч Б.Мөнхжаргалын өмчлөлийн хөрөнгө хууль бусаар нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн өмчлөлд шилжсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаагаар оруулах ёстой боловч уг ажиллагаа хийгдээгүй, хариуцагчийн хүсэлт дээр төлбөр авагч Гэрэлтсфэн ХХК-нд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00247 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн хариуцагч Б.Мөнхжаргалд Ү-2204060319 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 112а тоот хаягт орших 63.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 536 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №536 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Төлбөр төлөгч Бумшийдэл ХХК болон төлбөр авагч Гэрэлтсфен ХХК-иуд харилцан тохиролцсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх хэтэрхий нэг талыг баримтлан төлбөр төлөгч, төлбөр авагч нар Мөнхжаргалын орон сууцыг төлбөрт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон гэж үндэслэлгүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь өөр өөр субъектүүд байдаг. Гэтэл өмчлөгч Мөнхжаргалын бичсэн хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцсон гэж шүүх үнэлээд байгааг ойлгохгүй байна. Өмчлөгч Мөнхжаргалын 2019.03.20-ны өдөр гаргасан хүсэлт нь төлбөр авагч Гэрэлтсфен ХХК-нд орон сууцыг шилжүүлэхэд татгалзах зүил байхгүй гэсэн байна. Түүнээс биш иргэн Нарангэрэлийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй байна. Гэтэл төлбөр авагч Гэрэлтсфен ХХК нь Мөнхжаргалын хүсэл зоригийн эсрэг орон сууцыг Нарангэрэлийн өмчлөлд шилжүүлсэн нь Мөнхжаргалын хүсэлтийн дагуу шилжүүлсэн гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан байх хуулийн зохицуулалттай байгаагаас үзвэл төлбөр төлөгч Бумшийдэл ХХК, төлбөр авагч Гэрэлтсфен ХХК-иуд хоорондоо харилцан тохиролцож эвлэрч, хүсэлт гаргасан байх хуулийн зохицуулалт болохоос биш, гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хүсэлтийн үндсэн дээр шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хуулийн зохицуулалт биш юм. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаас үзвэл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжих ёстой байна. Өмчлөгч Мөнхжаргалын хэлцэл нь зөвхөн /хх-н 15, 75 хуудас/ авагдсан нотлох баримтаас бол ШШГА-нд гаргасан хүсэлт болон баталгаа хоёр байдаг. Хариуцагч Мөнхжаргалын гаргасан хүсэлт болон баталгааг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Дэх хэсэгт заасан хэлцэл гэж үзвэл. Мөнхжаргалын хүсэлт болон баталгаа нь өмчлөх эрхийг төлбөр авагч Гэрэлтсфен ХХК-д 159.763.681 төгрөгийн төлбөрөө төлж барагдуулах хүртэл хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлж, төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан авах зорилготой, хэрэв төлбөрөө заасан хугацаанд төлж чадаагүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн утгатай байна.

Үүнээс үзвэл төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд өмчлөгч Мөнхжаргал болон төлбөр авагч Гэрэлтсфен ХХК нарын хооронд хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх зоригтой байна. Түүнээс биш Нарангэрэлийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх хүсэл зориг огтхон ч байгаагүй байна. Үүнийг шүүх анхааран үзсэнгүй. Учир нь Мөнхжаргалын НШШГГ-т гаргасан 2019.05.10-ны өдрийн орон сууц шилжүүлэх баталгаа нь 159.763.681.00 төгрөгийн төлбөрийг 2019.07.10-ны өдрийн дотор төлж барагдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах бөгөөд төлөөгүй тохиолдолд орон сууцнаас гарах, чөлөөлөх, асуудлыг хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх болно.. /хх-н 75 хуудас/ гэсэн байгаа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад дээрх хэлцэл нь хамаарч байна. Дээрх хэлцэл нь иргэний хуулийн 171.3 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учраас 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Нарангэрэлд өмчлөх эрх үүсэхгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 536 дугаар магадлалыг хүчингүй болгож өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Б.Нарангэрэлээс хариуцагч Б.Мөнхжаргалд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхүүд маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн баримтуудыг зөв үнэлж дүгнэн, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

1. Гэрэлтсфен ХХК болон Бумшийдэл ХХК-ийн хоорондох эвлэрлийг баталсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.17-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Гэрэлтсфен ХХК-ийн Бумшийдэл ХХК-аас авах 159,763,681.00 төгрөгийн төлбөрт хариуцагч Б.Мөнхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 112а тоот 63.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Гэрэлтсфен ХХК-ийн захирал Б.Нарангэрэлийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон дагуу уг байрыг нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн өмчлөлд бүртгэж, 2019.04.04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримтуудтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан, энэ тухайд талууд маргаагүй.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргааны зүйл болох орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. 

Хариуцагч нь дээрх баримтуудыг үгүйсгээгүй ч ... орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь хуулийн этгээд буюу Гэрэлтсфен ХХК болон Бумшийдэл ХХК, ...нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч биш ... гэж маргажээ. 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн нэр дээр 2019.04.04-ний өдөр 63.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноор хариуцагч Б.Мөнхжаргалын хувьд уг байрыг өмчлөх эрх дуусгавар болсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

Өмчлөх эрх шилжсэн хэлцлийн талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заасан өмчлөгч болсон үйл баримт тогтоогдсон, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхүүд зөв дүгнэжээ.  

Хариуцагч Б.Мөнхжаргалаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан 2019.05.10-ны өдөр ...159,763,681.00 төгрөгийн төлбөртөө орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн.... төлбөрийг 2019.07.10-ны дотор төлж барагдуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан авна. Төлөөгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөх асуудлыг хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх болно гэсэн баталгааг гаргаж байжээ.  

Б.Нарангэрэлийн өмчлөлд орон сууц шилжсэний дараа талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний дагуу Б.Мөнхжаргал нь тус орон сууцыг 2019.05.11-нээс 2019.07.11-ний өдөр хүртэл төлбөргүй эзэмшиж, гэрээний хугацааг 2019.08.10-ны өдөр хүртэл сунгасан хугацаанд 300,000 төгрөг төлж эзэмшиж байсан нь тогтоогдсон. 

Дээрхээс үзвэл баталгаанд заасан хугацаанд хариуцагч төлбөрийг төлөх үүргээ биелүүлж, орон сууцыг буцаан авч өмчлөх эрхээ шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч нь ... орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй... гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. 

Б.Мөнхжаргалыг гэрээний үндсэн дээр 2019.08.10-ны өдөр хүртэлх хугацаанд уг орон сууцыг шударгаар эзэмшиж байсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гадна орон сууц хөлслөх гэрээний талаар маргаагүй атлаа нэхэмжлэгч Б.Нарангэрэлийг өмчлөх эрхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.  

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь маргаж буй  орон сууцыг хариуцагч Б.Мөнхжаргалын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.17-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх явцад Б.Нарангэрэл, Б.Мөнхжаргал нарын хоорондох тохиролцоог үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт заасны дагуу  нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн үед гомдол гаргаагүй байна.  

Хяналтын шатны шүүхээс дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар дүгнэхгүй, зөвхөн өмчлөх эрх шилжсэн үйл баримтын тухайд эрх зүйн дүгнэлт хийх учиртай.  

Иймд  ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар тухай...зохицуулалт,...Гэрэлтсфен ХХК болон Бумшийдэл ХХК хоорондоо тохиролцож эвлэрсэн байх ..., гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг хүсэлтийн үндсэн дээр шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох зохицуулалт биш... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан нь үндэслэлгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00247 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 536 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадоржийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ 

Б.МӨНХТУЯА 

Х.СОНИНБАЯР 

Д.ЦОЛМОН