Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2019/00001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХАДШШГАхолбогдох,

Үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээд Ш.Д, Н.Б, С.Э, гуравдагч этгээд Ш.Дгийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 01085 дугаартай шүүхийн шийдвэрээр Нармандахын Б, Сүхбаатарын Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.637.624 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 256.138 төгрөг, нийт 19.893.762 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн....Х ХХК хүсэлт гаргасны дагуу Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 01/1032 дугаартай албан тоотоор төлбөр авагч Х ХХК-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдсан Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м,кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэлтэй 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг 121.704.500 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн. Энэхүү тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 121.704.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хны зээлдэгч С.Э, Б нар нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1170011794 тоот зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг хашаа байшин худалдан авах зориулалттай зээлж авсан. Ингэхдээ Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Хувийн сууцийг 29.000.000 төгрөгөөр, газрыг нь 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. Энэ талаар талууд өөрсдөө мэдэж байгаа. Зээлээ төлөхгүй гэрээнд заасан үүргээ зээлдэгч нар нь биелүүлээгүй тул банк гэрээг цуцалж шүүхэд хандсан. Улмаар шүүхээс С.Э, Б нараас 19.893.762 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Зээлдэгч нар нь 19.893.762 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явж ирсэн.Гэтэл хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд барьцааны газар дээр байгаа өөр хөрөнгийг нийлүүлээд нийт 121.704.500 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээнд орсон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Э, Б нар 58.000.000 төгрөгөөр үнэлж тус банканд өөр зээлд барьцаалуулсан байдаг. Гэтэл өөр зээлийн гэрээнд барьцаалсан хөрөнгийг оруулан үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй хэт өндөр гарсан байна. Анх бусдаас худалдаж авч байснаас ч үнэтэй, элэгдэл хорогдол зэргийг тооцсон эсэх нь тодорхойгүй ямар аргаар яаж бодож 121.704.500 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээтэй. 2013 оноос хойш 5 жилийн элэгдэл хорогдол огт тооцогдохгүй байлаа гэж бодоход үнэлгээ 98 хувь гарсан. Энэ 98-аас элэгдэл хорогдол тооцоод явах ёстой байсан. Ингээд Хны зүгээс сангийн яамнаас авсан тусгай зөвшөөрөл бүхий ажилтнаар үнэлгээг хийлгэхэд үнэлгээ 49.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Банкны үнэлгээчний хийсэн үнэлгээ, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж хийлгүүлсэн үнэлгээ хоорондоо яагаад ийм эрс зөрүүтэй байгаа юм бэ ? Нэг нь болохоор 50.000.000 төгрөгөөр гэж үнэлж байхад нөгөөх нь 121.704.500 төгрөгөөр үнэлж 70 сая төгрөгийн зөрүү гарч байна. Үүнээс үзэхэд Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж хийлгүүлсэн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлэгдэж байгаа нь илт байна. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаар үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа.Энэ шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн тайлбарыг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Тус газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Б, С.Э нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоотод байрлах Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, 12х8 хэмжээтэй байшин зэргийг 2018 оны 06 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч худалдан борлуулах үнийг тогтоохын тулд үнийг саналыг талуудаас авсан боловч талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг баримтлан хөндлөнгийн үнэлгээчнээр хөрөнгийг үнэлүүлж, талуудад үнэлгээг танилцуулсан.Шинжээч томилох явцад шинжээчид хуульд заасан эрх үүргийг танилцуулж, хөрөнгийн үнэлгээг бодитой гаргах үүрэг хариуцлагыг сануулсан.Хариуцагчийн зүгээс шинжээчийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний зөв, буруу хийсэн талаар тайлбар өгөх боломжгүй юм. Үнэлгээний талаарх асуудлыг үнэлгээчин өөрөө тайлбарлах байх.Төлбөр төлөгчөөс барьцааны газар дээр байгаа нийт хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэлт гаргасан тул газар дээр байгаа нийт хөрөнгийг хурааж битүүмжлэн үнэлүүлсэн. Энэ тухайгаа төлбөр авагч Хны Хөвсгөл салбарт мэдэгдсэн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээд С.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Нэхэмжлэгч талын тайлбарыг сонслоо. Үндсэндээ энэ зээлийн гаргаж байгаа хэмжээ нь 40 сая төгрөгийн барьцаагаар хийгдсэн. Нөгөө үл хөдлөх хөрөнгө 58 сая, нийт 88 сая төгрөгийн барьцаа байгаа. Тухайн үед буюу 2013 онд би лангуутай дэлгүүр худалдаж авч байсан. Үүнд урсгал засвар тогтмол хийгдэж, тодорхой хэмжээний зардал мөнгө зарцуулагдаж байсан талаар хэлэх нь зүйтэй байх.Банкны барьцаа 100 хувийн барьцаа өгөх үү гэдэг асуудал байгаа.Тэгэхээр 2013 онд Х уг хөрөнгийг барьцаалахдаа 70 хувийн үнэлгээ тогтоож барьцаалж байсан. Барьцаалуулсан гэж яриад байна. Тийм биш. Зээлийн эдийн засагч зээлийн бус худалдаа хийгээд, тухайн зах зээлийн үнэлгээг тухайн объект ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар орлоготой юм гэдгийг үнэлж өөрөө судалгаа хийгээд түүнийгээ судалгаа хийсэн төлбөрт манай 60 сая төгрөг гаргаж өгч байсан. Тийм учир энэ судалгааг би үндэслэлтэй гэж үзэж байгаа. Х тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 70 хувиар тооцож барьцаа авдаг байсан. Энэ нь үндсэндээ бол 70 хувийн журмаар барьцаа авна гэдэг бол Х өөрөө 125.714.000 төгрөгөөр үнэлээд энэ үнэлгээг 70 хувиар буюу 88.000.000 төгрөгөөр барьцаалсан.

2 дугаарт: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчний статусын талаар ярьж байна. Албан ёсны үнэлгээ гэж Шийдвэр гүйцэтгэлийн газраас шинжээч томилж тогтоосон үнэлгээг ойлгох ёстой. Энэ журмаар үнэлгээ хийгдсэн. Ийм учир үнэлгээг үндэслэлтэй тогтоогдсон гэж үзэж байгаа. Учир нь үнэлгээчний ажлын тайлангаас харахад үнэлгээ хийх аргачлалынхаа дагуу буюу 3 төрлийн арга ашиглан үнэлгээг гаргасан байдаг. Үнэлгээ хийсэн байдлаас харахад тухайн жилд олж байсан орлого түүний хувийг тооцоолж гаргасан байсан. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг журмын дагуу хийж тогтоосон гэж үзэж байгаа. Хны үнэлгээчний хувьд яг ямар үндэслэлээр яаж үнэлгээ хийх, ямар эрхтэй үнэлгээчин энэ жишиг үнэлгээ гэдэг зүйлийг гаргаад байгааг гайхаж байна. 1 дүгээрт: Энэ хүн өөрөө Ханд ажиллаж цалин авдаг хүн. Тэхээр энэ хүн яг энэ маргаантай асуудал дээр хөндлөнгийн үнэлгээ хийх эрх байдаг үгүй мэдэхгүй байна. 2 дугаарт: Статусын хувьд адил гэж байна. Хэрвээ тийм бол яагаад үнэлгээчний тайлбар байхгүй байгаа юм. Хэрэгт үнэлгээний хуудас гэдэг зүйлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн байна. Нотариатын баталгааг ямар үндэслэлээр хийж үнэлгээг үндэслэлтэй байна гэдгийг гэрчлүүлээд байгаа юм уу? эсвэл гарын үсгийг баталгаажуулж үнэлгээ хийгээд байгаа юм уу? Статусын хувьд адил эрх хэмжээтэй, адил үүрэг оролцоотой үнэлгээчин байна гэж харахгүй байна. Иймд миний зүгээс Хны гаргаж өгч байгаа жишиг үнэлгээ гэдэг зүйлийг сайн ойлгохгүй байна. 3 дугаарт: Барьцаа авсан байгаа. Түүнийхээ журмыг тайлбарлаж өгөх нь зүйтэй байх гэж бодож байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээд Ш.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилох тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 11-12 тоотод байрлалтай үйлчилгээний зориулалттай дэлгүүр хувийн сууц, мөн үйлчилгээний зориулалттай одоогоор ашиглаагүй байгаа 1 үл хөдлөх хөрөнгө газрын хамт үнэлгээ тогтоосон байгаа. Үнэлгээг тогтоохдоо миний бие үнэлгээний 3 аргын хэрэглэж тогтоосон. Үүнд: эхлээд өртгийн арга буюу зардлын аргаар нь үнэлсэн. Зардлын аргаар үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад заасан барилгын нэгж талбайн төсөвт өртөг 450.000 төгрөг, Үүнийг зохих тус бүрээр үржүүлэн зардлын аргаар үнэлэн нөхөн олгуулах үнийг 370.000 төгрөг гэж үнэлсэн. Ингээд 4 төрлийн байшин халаалттай, хана нь зузаан, өндөр, нам, зэргийг тусгасан жагсаалт бүхий үнэлгээг нэгтгэн дүгнэсэн байгаа. Нөхөн олгуулах үнээс талбайн хэмжээний өртөг гарч ирээд түүнээс элэгдлийг хасаад 2006 онд ашиглалтад орсон. Барилгын насжилт нь 12 жил. Нийт элэгдлийн хэмжээ 33,3 хувь болж нийт тооцоолсон өртгөөс элэгдлийн хувиа хасаад 65,5 сая гэж өртгийн аргаар дүгнэсэн. Зах зээлийн үнэлгээний аргаар үнэлэхдээ: Зах зээлийн зар болоод зарсан мэдээллийг тулгуурлаад байшингийн нэгж талбайн үнийг тодорхойлж үүн дээр хувийн сууц, үйлчилгээний зориулалттай байшин зэргийг тодорхойлж 83.9 саяар үнэлгээг тогтоосон. Дараагийн арга болох орлогын аргаар үнэлэхдээ тухайн үйлчилгээний дэлгүүр нь болохоор 2013 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тул орлогын аргаар үнэлэх боломжтой гэж тооцоолоод бүрэн нэг жилийн орлогыг авч үзээд тэндээс жилийн борлуулалтын орлого, тухайн үйлчилгээ явуулахтай холбогдон гарсан зардал, нийт ашгаас татварт суутгагдаад эрсдлийн хувь буюу хорогдуулах үеийг тооцож давхар харьцуулж орлогын аргын үнэлгээг гаргасан. Эрсдэл өндөр байх тусам орлогын аргын Эдний эрсдлийг би тооцохдоо монгол орны бодлын хүүгийн дунджаар эрсдэлгүй хувь 12 хувь гэж аваад байршил зах зээлд эзлэх хэмжээ үйлчилгээний нэр төрөл хэрэглэгчийн эрсдэл, менежмент удирдлагын эрсдэл өрсөлдөөн бусад эрсдэл зэргийг аваад үнэлгээг тогтоосон. Ингээд эдгээр гурван аргыг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хөрөнгөд дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг, цаашид ч мөн явуулах боломжтой зэрэг байдлыг харж үзээд орлогын аргыг тодорхойлж өнөөдрийн үнэлгээг гаргасан гэв.

Гуравдагч этгээд Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...С.Эгын тайлбартай адил саналтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хны Хөвсгөл салбар нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлалтай хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж тогтоосон үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01085 дугаартай шийдвэрээр хариуцагч Хариад овогт Нармандахын Б, Жаргалант овогт Сүхбаатарын Э нараас зээлийн төлбөр 19.637.624 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 256.138 төгрөг, нийт 19.893.762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэр болон 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18230106 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Н.Б, Ж.Э нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг өгч,

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаа тогтоосон байх ба Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 02/18230166 тоот, Эд хөрөнгө хураах тухай 03/18230166 тоот тогтоолуудаар төлбөр төлөгч Н.Б С.Э нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоотын Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг бүтүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг танилцуулан хөрөнгийг хураан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоотын Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар нь төлбөр төлөгч Н.Б, Ж.Э нарын өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Төлбөр авагч Хны Хөвсгөл салбараас тухайн эд хөрөнгийг 49.800.000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан байх ба төлбөр төлөгч Н.Б, С.Э нараас өөрсдийн өмчлөлийн дээрх хөрөнгөд үнэлгээ тогтоолгож албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргаж байжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/6 тоот тогтоолоор төлбөр төлөгч Н.Б, С.Э нарын өмчлөлийн төлбөрт хураагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоотын Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газарт зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр Ш.Дг томилон, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

Шинжээч хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:...3 аргаар тооцсоноор дараах дүн гарав.

Зардлын хандлагын арга 65.555.600 төгрөг

Зах зээлийн хандлагын арга 83.918.000 төгрөг

Орлогын хандлагын арга 121.704.500 төгрөг

Иргэн Н.Б, С.Э нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлалтай хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 121.704.500 төгрөг...гэж үнэлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн , хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийг 70 хувиар тооцон тогтооно,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ...тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцож талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө,

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ,

55 дугаар зүйлийн 55.2.6-д Шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө...гэжээ.

Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар талууд тохиролцоогүй бол шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ба эд хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр заасан.

Гэтэл Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч нь төлбөр төлөгч Н.Б, С.Э нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлалтай хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн ханшаар бус харин орлогын хандлагын аргаар үнэлж тогтоосон байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлалтай хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Хны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Жем Интэрнешнил ХХК үнийн жагсаалт, MCS компаний үнийн судалгаа болон дэлгүүрийн дотор, гадна талын фото зургийн хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хуулбарууд, №000521649, №000521552 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, №000476571 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг 16 хуудас баримт, дэлгүүрийн орлого зарлага хөтөлсөн бүртгэлийн хуулбар нийт 10 хуудас баримт, №16012105 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, фото зургийн хуулбар, Х Д.Доржпүрэв Хөвсгөл салбар захирал №817 гэх ажлын үнэмлэхний хуулбар зэрэг 5 хуудас баримт, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих анги хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан №07120057 дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, шинжээчид эрх үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэлийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлангийн хуулбар зэрэг 8 хуудас баримтууд нь хаанаас хуулбарласан нь тодорхойгүйгээс гадна нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгох-ыг хүссэн эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан Н.Б, С.Э нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлалтай хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хны Хөвсгөл салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ