Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 06

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00007 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “Х” ХХК-ий нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.У-д холбогдох “2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 676 280 төгрөг 46 мөнгө, нотариатын зардалд 6 000 төгрөг, нийт 20 682 280 төгрөг 46 мөнгө гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч,шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл, Х.Хишигсүрэн, нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.С, Д.У нар нь “Х”-ны Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр,  2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр,  2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус тус өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авсан бөгөөд мөн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17 558 363.75 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 19 558 363,75 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан.

Зээлдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

...Зээлдэгч Д.У нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 273 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд 1. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2018/43829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

2. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 17 265 293.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 342 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 421.12 төгрөг нийт зээлийн төлбөрт 20 676 280.46 төгрөг гаргуулах, үүн дээр нотариатын төлбөр 6 000 төгрөг нийт зээлийн болон нотариатын төлбөрт 20 686 280.46 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Уас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна.

Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ”,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ. Б.С, Д.У нар нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд 6 удаа нийт 27 500 000 төгрөгийн цалингийн зээлийг авч ашигласан байдаг.

Уг зээлийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 17 265 293.36 төгрөг байгаад хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 3 332 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 424.12 төгрөг, зээл хүүгийн төлбөр нь нийт 20 676 280.46 төгрөгийн үлдэгдэл байгаа.

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201833829293 гэсэн тоот зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зээл олгох хэлбэр нь зээлдэгчийн “Х” ХХК дахь дансаар шилжүүлснээр тухайн зээлийг олгосонд тооцно гээд хүлээн зөвшөөрөөд хариуцагч Д.У нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас энэ зээлийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Мөн өнөөдөр өгсөн нэмэлт нотлох баримт дээр 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан 3 500 000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авсан 3 000 000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлтээр авсан 12 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэмэлтээр авсан 2 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэмэлтээр авсан 2 000 000 төгрөгийн цалингийн зээл ингээд нийт 5 зээлийн гэрээгээр хариуцагч Д.У нь  хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж тухайн зээлийг хамтарч аваад төлөх үүргийг хүлээж гарын үсэг зурсан байгаа.

Үндсэн зээлдэгч Б.С 2018 оны 08 дугаар сард нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь нийтдээ 4 удаа зээл хүүгийн төлбөрт нийтдээ 1 752 619.42 төгрөг төлсөн. Энэ нь нэхэмжлэлтэй хамт өгсөн зээлийн бүртгэлийн карт болон зээлийн дансны хуулга дээрээс харагдаж байгаа. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь уг зээлийн төлбөрийг төлж байсан. Иймд манай банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С нь “Х” ХХК-ийн Өмнөговь аймаг салбараас зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч буюу Д.У нь тухайн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг хүлээн зөвшөөрөөд уг зээлийг цаашид төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж тухайн зээлийг төлж барагдуулахаар гэрээнд заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч гэрээ зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хариуцах үүрэгтэй учраас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Үүрэг гүйцэтгэхээр оролцохгүй, гэрээнд гарын үсэг зурахгүй, зээлийг авахгүй гэсэн бол тухайн үед хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй байх эрх нь нээлттэй байсан.

Тухайн зээлийг авах хүсэл сонирхол байсан учраас хэн аль нь “Х” ХХК-д хүсэлтээ гаргаад зээлийн гэрээ нь тухайн өдрөө байгуулагдаад явж байсан. Харин тухайн харилцаанд оролцогч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үнэн ч шударгаар биелүүлээгүй тохиолдолд хууль болон гэрээнд зааснаар үүргээ хүлээнэ гээд тухайн үед гэрээнд гарын үсгээ зурсан.

Энэ гэрээг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хариуцагч нар өөрсдөө хүлээх үүрэгтэй. Б.С, Д.У нар цалингийн орлого барьцаалаад өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн зээлийг авсан нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний хүсэлтүүд, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нотлогдож байгаа.

Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох талаар гэрээн дээр ямар нэгэн харилцан тохиролцсон, зохицуулалт байхгүй.

Хамтран хүлээх үүрэг нь гэрээ болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зохицуулагдаад тухайн хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх нь банканд байгаа учраас тухайн нэхэмжлэлийг Д.Уд холбогдуулан гаргасан.

Зээлдэгч Б.С, Д.У нар нь гэр бүлийн хүмүүс. Тухайн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар тухай бүрд нь авсан байдаг.

Анх зээл авахад Д.У нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримтыг зээлийн гэрээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд зээлийн гэрээний 3-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх үүргийг ухамсарлаж ойлгосны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан.

Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн юм. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч талаас зээл олгогдсон бол зээлдэгч Б.С, Д.У нарын тус тусын дансанд зээл олгогдсон байх ёстой гэж байна л даа. Энэ бол тийм асуудал байхгүй. Тухайн зээл авах нөхцөл бололцоог хангасан бол тухай бүр зээлдэгч бүрийн нэр дээр тусгайлан данс нээх боломж байхгүй.   Зээлдэгч тус болгоны дансан дээр зээл олгогдоно гэсэн зүйл байхгүй.

2014 оноос эхлээд Б.С нь байнгын Хаан банк ХХК-тай цалингийн зээл авч харилцаж байсан. Цалингийн зээл авах болгонд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.У нь оролцоод тухайн зээлийн үлдэгдэл, цаашид яаж төлөх талаар өөрөө хүлээн зөвшөөрөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэдэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлээд зээлийн гэрээнүүдийг тухай бүрд нь байгуулж байсан. Хамгийн гол тухайн зээлдэгч хувь хүний өөрийнх нь хэрэгцээний дагуу олгогдоогүй. Өрхийн хэрэглээний зориулалтаар, ахуйн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байсан учраас, тухайн Б.С гэдэг өрх гэр тухайн зээлийг авч ашиглаж байсан учраас хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Уас хуульд заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа.

Түүнээс Д.Уд өөрт нь зээл олгож байна гэдэг байдлаар Д.У харилцах дансанд эсхүл Д.Уд тусдаа данс нээгээд зээлийг олгосон зүйл байхгүй. Зөвхөн тухайн зээл олгогдсон бол банканд тусгай данс нээгээд тухайн дансаар зээлийг олгож байсан. Хаан банк ХХК-ийн Өмнөговь салбар хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч Б.С Д.У нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нийтдээ 19 558 363.78 төгрөгийг 38 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй цалингийн орлого барьцаалан өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлдэгч нараас гаргасан хавсралт 8 гэсэн маягт, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.

Зээлдэгч Б.С нь өмнө нь тус банкнаас цалингийн зээл авч байсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 17 558 363.78 төгрөгийг нэмж хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлийг авахад хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь өмнөх зээлийн үлдэгдэл болон нэмж авч байгаа 2 000 000 төгрөгийг хэрэгцээ шаардлага байна гэж үзээд тухайн зээлийн гэрээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан. Гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны Өмнөговь салбарт зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан. Тухайн үед зээлийн үлдэгдэл нь 17 000 000 төгрөг байгаа. Түүнийгээ хүлээн зөвшөөрөөд зөвхөн миний амьдрал ахуй нөхцөл байдлыг харгалзан үзээд зээлээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Ийм зээлдэгч Б.С, Д.У нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нар мөн юм. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийнхөө үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хэвээр гэж зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Өмнөговь салбар хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Уас зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй юм.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20 682 280.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Тухайн үед авагдсан зээлийн гэрээнүүд болгон дээр үлдэгдэл зээлийг нь өөрөө хүлээн зөвшөөрөөд нэмэлтээр ийм төгрөгийн зээл авъя, энэ зээл нь манай өрх гэрийн ийм хэрэглээнд шаардлагатай гээд дандаа хүсэл зоригоо илэрхийлээд тухайн гэрээний заалтыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарласны үндсэн дээр тухайн гэрээ байгуулагдаж байсан. Түүнээс банк иргэний эрх зүйн чадвар чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулаагүй.

Зээлийн гэрээнд зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч нар оролцсон болохоос биш тухайн зээлийн гэрээн дээр батлан даагч буюу батлан дааж энэ гэрээнд оролцож байна гэдэг байдлаар оролцоогүй юм. Тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм. Энэ зээлийг манай өрх гэрт ийм шаардлага бий болсон учраас энэ шаардлагаа хангахын тулд тухай бүр өөрсдөө хүсэлтээ гаргаад үлдэгдэл төлбөрөө хүлээн зөвшөөрөөд нэмэлт зээлүүдийг авч байсан. Нотлох баримтын хувьд зээлийн бүртгэлийн карт нь программаар программчлагдаад тухайн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг программ өөрөө тодорхойлоод гаргаж ирдэг учраас зүгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг теллер ч юм уу, менежер ч юм уу хэн нэгэн банкны ажилтан өөрөө тодорхойлоод тэмдгийг дарж байгаа асуудал биш. “Х” ХХК-ийн тамга тэмдэгтэй тухайн дансны хуулгыг аль ч шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээд, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй гэдэг байдлаар шийдвэрлээд явж байгаа. Тийм учраас тухайн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээний 2.1.2 дахь хэсэгт банк нь цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн буюу цалингийн зээлийг барьцаалаад тухайн зээлдэгчид өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн зээлийг олгосон гэдэг нь гэрээн дээрээс тодорхой харагдаж байгаа.

Б.С-тэй гэрээ байгуулж байсан асуудал байхгүй. Магадгүй Б.Стэй байгуулагдаж байсан бол тухайн харилцаа нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болох байсан байх. Гэтэл тухайн гэрээ нь үндсэн зээлдэгч хамтран зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч гэж Д.У-ас шаардаж байгаа учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэг заасны дагуу хүлээх үүрэг хэвээрээ байгаа.

Б.Сгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа биш. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь зээлдэгчийн нэгэн адил үүрэгтэй учраас тухайн гэрээний үлдэгдлийг төлж барагдуулах үүрэгтэй юм. Энэ үүрэг нь гэрээ болон хуулийн тусгай зохицуулалтаар зохицуулагдсан байгаа учраас Д.Уас нэхэмжлэлийн шаардлагыг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарттаа: “Х” ХХК нь 20 682 280.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг зээл хэзээ хэнд олгогдсон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь нэхэмжлэлд тодорхой тусгагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Манай зүгээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэрээний дагуу шаардах эрх үүсэх юм бол эхлээд мөнгөн төлбөр буюу зээлийг зээлдэгчид хүлээлгэж өгсөн байх шаардлагатай. Хамтран зээлдэгч гэдэг утгаараа Д.Уд энэ зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй. Чухам талийгаач Б.Сд шилжүүлж өгсөн  эсэх нь тодорхойгүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би шүүхэд гаргасан тайлбартаа энэ баримт чинь байгаа бол гаргаж өгөөч ээ, ийм баримт алга байна, энэ гэрээний үүргийг эхлээд банкны зүгээс биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэсэн тайлбарыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн ямар нэгэн баримт байхгүй байна.

Эхний ээлжинд банкны зүгээс зээл олгосон эсэхээ тодорхойлохгүй байхад манайх ямар нэгэн байдлаар төлөх үүрэг үүсэхгүй. Гагцхүү гэрээнд гарын үсэг зурснаар шаардах эрх үүсдэггүй.

Дээрээс нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр тайлбарлаад байдаг. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх юм бол, хэрвээ банкны зүгээс энэ мөнгийг олгосон баримтаа гаргаад ирчихсэн, олгосон байлаа гэж үзэхэд Д.У бол зөвхөн энэ 2 000 000 төгрөг дээрээ хариуцлага хүлээх асуудал байгаа гэсэн үг. Бусдаар энэ 17 558 000 төгрөг хаанаас юу гарж ирээд байгаа, юун үлдэгдэл юм. Энэ үлдэгдлийг Д.У-г төлөх ёстой гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Энд зөвхөн 2 000 000 төгрөг дээр л хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байгаа.

Тийм учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Журмаараа Д.У-д олгох шаардлагагүй, Б.С-д олгодог гэж тайлбар хэлж байна. Нотлох баримтаар Б.Сд олгосон гэдэг баримт ч байхгүй байгаа.

Гэрээ байгуулснаар шаардах эрх үүсэхгүй, гэрээнийхээ дагуу зээлийн олголтыг хийчхээд дараа нь шаардах эрх үүсэх асуудал яригдана гэсэн үг.

Би дүгнэхдээ Хаан банк нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, энэ зээлийн гэрээнд заасан мөнгийг олгоогүй юм байна гэж үзэж байна.

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Д.Уас гаргасан зээлийн хүүг зогсоож өгнө үү агуулгатай хүсэлт гаргасныг нотлох баримтаар шинжлэн судлууллаа.

Гэтэл Д.У нь 1, 2-р ангиасаа сургуулиас гарчихсан, аливаа зүйлийн учир ойлгохгүй, бичиг үсэг муутай хүнийг та нар л өөрсдөө ийм гэрээний төлбөр байгаа, чи тэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, түүнийг чи төлөх ёстой гэж хэлсээр байгаад ийм ойлголтод хүргэчихсэн болохоос яг албан ёсны байдлаар танай талийгаач энэ зээлийг тэдэн сарын тэдний өдөр ингэж хүлээж авсан байна гэсэн баримтыг ерөөсөө үзүүлэхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа.

Тийм учраас тухайн хүсэлтийг үндэслэж зээлийн төлбөрийг төлнө гэж нотлохгүй. Дээрээс нь зээлийн дансны хуулгаар зээл авсан гэж нотлогдоно гэж тайлбарлаж байна. Зээлийн дансны хуулга хавтаст хэргийн хүрээнд авагдсан байдаг боловч тухайн зээлийн дансны хуулгуудын хувьд нэг талаас хэргийн оролцогч өөрийнхөө ажилтны тамга дарж баталгаажуулж гаргаж ирсэн баримтыг нотлох баримтаар үнэлж тухайн үйл баримтыг үнэхээр болсон юм гэх нь үндэслэлгүй.   

Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК, өөрийнхөө ажилтны тамга дарчихсан гарын үсэгтэй баримтыг туйлын нотлох баримт юм гэж үзэх боломжгүй. Харин гэрээ шиг эх хувиас нь хуулбарлаад нотариатаар гэрчлүүлсэн зүйл байсан бол одоо нотлох баримтын хэмжээнд авч үзэж үнэлэх боломжтой.

 Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу Д.У нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан субъект юм гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ач холбогдолгүй гэж үзэж гэрээнийхээ агуулгыг тайлбарлахаас татгалзсан байгаа.

Ерөөсөө үндсэн зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр хуваарийн дагуу төлөөд явж байхад хамтран үүрэг гүйцэтгэгчээс ямар нэгэн шаардлага гаргадаггүй юм байна гэсэн агуулгатай заалт зохицуулалтууд байдаг.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд батлан даалтын гэрээний хэлбэрийн тухай заасан байгаа. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.1, 28.2 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасны дагуу батлан даагчтай гэрээ байгуулна гэж заасан байгаа. Хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулна гэж Иргэний хуульд заасан байгаа.

Тусгайлсан салбарын хуульд зайлшгүй бичгээр байгуулахыг заасан. Гэрээний агуулгыг харахаар Д.У нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш батлан даагч баймаар ч юм шиг зүйл заалтууд яваад байдаг. Энэ талаар гэрээнд тусдаа гэрээ байгуулсан зүйл байхгүй учраас энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Зээл гэдэг бол мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс олгоно, зээлдэгч түүнийг хүлээж авна, ашигласан хугацаандаа тохирсон хүү төлөх үүрэг хүлээдэг харилцаа. Гэтэл аваагүй.

Хуулийнхаа дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд батлан даалтын гэрээг нь бичгээр байгуулаад эрх үүргийг нь танилцуулаад явуулах ёстой байсан боловч бичгээр энэ гэрээг байгуулалгүйгээр хамтран үүрэг гүйцэтгэгч гээд тухайн хэлцлийнхээ талуудын тохиролцсоноос өөр байдлаар ойлгомжгүй нэр томьёо ашиглаад хамтран үүрэг гүйцэтгэгч гээд биччихсэн.

Батлан даагч биш гэсэн байдлаар тайлбар хэлж байна. Миний өмнөх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байгаа юм байна. Д.У нь буруу зөрүү ойлголттой байсан. Би энэ хүнтэй уулзаад зөвлөгөө өгөөд итгэмжлэлээр төлөөлөх үеэсээ тайлбарлаад өөрөө төлөөлөөд орж ирж байгаа.

Тиймээс тухайн үед энэ хүний буруу ойлголттой байсан, авчихсан гэсэн ойлголттой байхдаа төлж байсан зээлийн үйл баримт дээр тулгуурлан энэ хүнийг бүх үүргийг хүлээн зөвшөөрч байна гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй.

Хүний байр суурь тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх боломжтой. Тийм учраас Д.Уянгын 2019 оны 04 дүгээр сард байсан байр суурийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байдлаар шүүх хуралдаанд тайлбарлаж болохгүй” гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00007  дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн хариуцагч Д.Уас 20.682.280 төгрөг 46 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл давж заалдах гомдолдоо:

“...Зээлдэгч Б.Сг “Х”-ны Өмнөговь салбараас зээл авахад Д.У нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.3-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд зээлдэгч Б.С өмнө нь тус банкнаас өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан ба өмнөх зээлийн үлдэгдэл 17,558,363.75 төгрөг дээр нэмж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У гэрээнд заасан нөхцөл болон өмнөх зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба зээлдэгч цалин орлогоо барьцаалан гэр бүлийн болон өрхийн хэрэглээний буюу сар шинийн хэрэгцээ, автомашин худалдан авах, автомашины сэлбэг авах, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог.

Иймд Д.У нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Тэрээр хамтран зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ХААН Банкны Өмнөговь салбарт үндсэн зээлийн төлбөрийг төлж, зээлийн хүүнээс чөлөөлүүлэх хүсэлтээ гаргасан байдаг.

Б.С, Д.У нар албан ёсны гэр бүл бөгөөд нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн ба гэрээний дагуу ХААН Банк ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Уас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар..... үүснэ” гэж, мөн зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийн бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Манай зүгээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, сүүлд байгуулсан гэрээний хувьд хариуцлага хүлээх ёстой” гэснээс үзэхэд Б.Уянгыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг баталж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 -т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Уд зээл авах хэрэгцээ шаардлага байна гэдгээ илэрхийлж зээл хүсэгчийн анкетыг бөглөж өгөхдөө цалингийн зээлийн үлдэгдэл төлбөртэй болохоо мэдүүлж байснаас гадна бусад баримтыг үндсэн зээлдэгчийн нэгэн адил бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учраас судлуулан зээл авсан.

Хэрвээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.У оролцоогүй тохиолдолд тухайн зээл судлагдаж, олгогдохгүй байсан, Д.Уянгын ирээдүйд бий болох цалин, түүний өмчлөлийн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

Харин зээлдэгч нар авсан зээлээ хэн, хэрхэн ашигласан гэдэг нь чухал биш ба уг зээл нь өрхийн хэрэглээний зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, мөн хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан харилцаа нь хамтран зээлдэгчгүй харилцаанд зохицуулагдах хуулийн зохицуулалттай бөгөөд харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхийг зохицуулсан зээлийн гэрээний харилцааг зохицуулах хуулийн зохицуулалттай болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00007 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангуулахыг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн төлөлттэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэл бүхий хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.Уд холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 20,682,280.46 төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат  нь зээлийн мөнгөн хөрөнгийг хэзээ, хэнд олгосон, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 31 дүгээр хуудас/

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, Б.С, Д.У нарыг Хаан банктай анх 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-114 тоот зээлийн гэрээ байгуулж,  үүнээс хойш үлдэгдэл дээр нэмж, нийт 6 удаа зээлийн гэрээ байгуулснаас 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай гэрээний үлдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тооцож үндсэн зээл 17, 265, 293.46 төгрөг, хүүгийн төлбөр 3 342 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 421.12 төгрөг гэж нэхэмжилжээ. 

Нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч Б.С 2018 оны 8 дугаар сард нас барсан талаар дурдаж, харин уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд Д.Уянгыг зээлдэгчийн хувиар  хариуцагч гэж татан оролцуулсан, Д.У нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг 2019 оны 10 дугаар сараас хойш төлөөгүй зөрчил гаргасан гэж  шаардлагаа тайлбарласан байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Хаан банк болон Б.С, Д.У нарын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээгээр  Хаан банк нь 17,558,363.75 төгрөгний үлдэгдэл дээр 2,000,000.0 төгрөг нэмж, нийт зээлийн хэмжээг 19,558,363.73 төгрөгийн зээлийг нэг жилийн 19,2 хувийн хүүтэй Б.Сгийн цалинг барьцаалж олгохоор, мөн зээлийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлөгдөж дуусахаар эргэн төлөлтийн хуваарь гарган тус тус тохиролцжээ. /хэргийн 09-11 дүгээр хуудас/

Хэрэгт 2014 оны зээлийн гэрээ авагдаагүй, харин 2014 оны зээлийг Б.Сгийн харилцах дансанд шилжүүлсэн гэх “зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга” гэх бичмэл баримтыг хавсаргасан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй хуулбар хувь байна. /хэргийн 19-20 дугаар хуудас/

Бусад 5 удаагийн буюу талийгаач Б.Сгийн Хаан банкны Өмнөговь аймгийн Манлай сумын тооцооны төвтэй байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ201742940726 тоот, 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201743168203 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ201843521399 тоот, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын тооцооны төвтэй байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот,  2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн ЗГ/201843684732 тоот гэрээ хэрэгт авагдснаас зээлийн гэрээ бүр нь “хэрэглээний зээл, малчны зээл” гэсэн нэртэй, гэрээ бүрийн 2.1.2-т “Зээлийг Цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны  ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ MNT төрлийн бүтээгдэхүүн болно” гэж заажээ.  /хэргийн 9-10,53-55, 59-61, 65-67, 72-74/

Мөн дээрх гэрээ байгуулах тухай бүр бичсэн зээл олгохыг хүссэн зээлдэгч Б.Сгийн өргөдөлд “цалингийн зээл олгоно уу” гэж, нэхэмжлэгчийн гаргасан “зээлийн бүртгэлийн карт” гэх бичмэл баримтын түүвэрт “Зээлийн төрөл: ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ” гэжээ. /хэргийн 17-18, 29, 58, 64, 70, 75 дугаар хуудас/

Зээл олгох, зээл төлүүлэх ажиллааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж зохицуулжээ.

Дээрх зээлийн гэрээнүүд нь зээлдүүлэгч банкийг зээлдэгч Б.Стэй түүний цалингийн орлогоос cap бүр эргэн төлөлт хийх нөхцөлөөр тохиролцож, зээлийн байгуулсан болохыг нотолж байна.

Зээлийн гэрээний харилцаа үүсэх үндэслэл, байгуулагдсан гэрээний нөхцөл, зээл олгох, төлөх үндэслэл зэрэг нь  Б.Сгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар өөрийн сайн дураар хөдөлмөрлөх эрх,  хөдөлмөрлөснийхөө төлөө ажил олгогчоос авах цалингийн орлогоос хамаарч байх тул  Б.Сгийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 1.2-т заасантай нийцжээ. 

Хэрэгт зээлдэгч Б.Сгийн нас барсны лавлагаа болон хаана ажилладаг байсан, Б.Сгийн ажилладаг байгуулллага буюу ажил олгогч нь зээлдүүлэгч банктай хамтран ажиллах гэрээтэй зэргийг нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмын үүднээс Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэх боловч тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх нь хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Нэхэмжлэгч банк нь цалингийн зээл олгох журмыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэглээний зээл, малчны зээл нэртэй гэрээг стандарт гэрээ  гэж тайлбарлаж байх тул  Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэсэн зохицуулалт маргаанд хэрэглэгдэнэ. 

Дээр дурдсан нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээгээр Б.Сгийн үүргийг  хамтран үүрэг гүйцэтгэгч гэх Д.Уд хариуцуулах эрх зүйн  үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хамтран үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж эрхтэй боловч банктай хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан ажил олгогчоос цалин авдаггүй Б.Уянга нь цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон байдал нь зээлдэгч Б.Сгийн уг гэрээний үүргийг хариуцах үндэслэл болохгүй тул Д.Уас ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үүргийг шаардах нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

Нэгэнт үндсэн үүргийн харилцаа нь хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд дагалдах үүрэг буюу үүргийн зөрчлөөс үүсэх барьцааны зэрэг бусад үүрэг үүсэхгүй. 

Харин нэхэмжлэгчийн шаардлага нь 2022 онд дуусах гэрээг хугацаанаас нь өмнө  цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай байхад ба шүүх үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзсэн атлаа талуудын гэрээг дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийллээр Иргэний хуулийн ерөнхий ангийн 219, 204, 221, 225 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй зэрэг журмыг хэрэгжүүлж,  хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсгийг хэвээр үлдээж, цаашид үүсэх үүргийн харилцаа дуусгавар болох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж гэрээг цуцалсан байна. 

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад хамаарах хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлд 2019 оны 12 дугаар сарын 23-нд хэргийн материал танилцуулсан боловч энэ өдрөөс хойш шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хэрэгт шинээр авагдсан нотлох баримтууд нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримтууд байх тул түүний хэргийн материалтай танилцах эрх зөрчигдөөгүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1,2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Уд холбогдох “Х” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 261361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                                                               ШҮҮГЧИД                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                                      Ш.ТӨМӨРБААТАР