Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 07

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч:  Д.У

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 676 280 төгрөг 46 мөнгө, нотариатын зардалд 6 000 төгрөг, нийт 20 682 280 төгрөг 46 мөнгө гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С, Д.У нар нь Хаан банкны Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-114 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ201742940726 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845.43 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөг нийт 4 729 845.43 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201743168203 тоот зээлийн гэрээ байгуулан 3 892 906.01 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөг нийт 6 892 906.01 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, ахуйн хэрэгцээнд зориулан, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4 610 388,47 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 12 000 000 төгрөг нийт 16 610 388,47 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийн жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843664732 тоот зээлийн гэрээ байгуулан 16 130 240.61 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 18 130 240.61 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашины сэлбэг авах зориулалтаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээ байгуулан 17 558 363.75 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 19 558 363,75 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан. Зээлдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10 234 706.54 төгрөг, зээлийн хүү 4 481 112.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568.58 төгрөг нийт 14 716 387.91 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 273 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2018/43829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

2. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 17 265 293.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 342 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 421.12 төгрөг,

Зээлийн төлбөрт 20 676 280.46 төгрөг гаргуулах, нотариатын төлбөр 6 000 төгрөг гаргуулах, нийт зээлийн болон нотариатын төлбөрт 20 686 280.46 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна.

4. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: улсын тэмдэгтийн хураамж 261 361 төгрөг төлсөн болно.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжлэнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ. Хариуцагч Д.У зээлийн үүргийн төлбөр болон нотариатын төлбөрт нийтдээ 20 682 280.46 төгрөг гаргуулах, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэл гаргасан. Мөн зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Б.С, Д.У нар нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд 6 удаа нийт 27 500 000 төгрөгийн цалингийн зээлийг авч ашигласан байдаг. Уг зээлийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 17 265 293.36 төгрөг байгаад хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 3 332 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 424.12 төгрөг, зээл хүүгийн төлбөр нь нийт 20 676 280.46 төгрөгийн үлдэгдэл байгаа.  2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201833829293 гэсэн тоот зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зээл олгох хэлбэр нь зээлдэгчийн Х ХХК дахь дансаар шилжүүлснээр тухайн зээлийг олгосонд тооцно гээд хүлээн зөвшөөрөөд хариуцагч Д.У нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас энэ зээлийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөнгөн төлбөр буюу зээлдэгчид хүлээлгэж өгсөн байх. Б.С өгсөн талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа хүлээлгэж өгсөн талаарх баримтаа гаргаж өгөх талаар зээлийн гэрээний эхний хуудсан дээр олгох зээл 2 000 000 төгрөг олгосон байлаа гэхэд 2 000 000 төгрөгийг хариуцан төлөх хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өнөөдөр өгсөн нэмэлт нотлох баримт дээр 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан 3 500 000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авсан 3 000 000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлтээр авсан 12 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэмэлтээр авсан 2 000 000 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэмэлтээр авсан 2 000 000 төгрөгийн цалингийн зээл ингээд нийт 5 зээлийн гэрээгээр хариуцагч Д.У нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж тухайн зээлийг хамтарч аваад төлөх үүргийг хүлээж гарын үсэг зурсан байгаа. Үндсэн зээлдэгч Б.С 2018 оны 08 дугаар сард нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь нийтдээ 4 удаа зээл хүүгийн төлбөрт нийтдээ 1 752 619.42 төгрөг төлсөн. Энэ нь нэхэмжлэлтэй хамт өгсөн зээлийн бүртгэлийн карт болон зээлийн дансны хуулга дээрээс харагдаж байгаа. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь уг зээлийн төлбөрийг төлж байсан. Иймд манай банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нь Х ХХК-ийн Өмнөговь аймаг салбараас зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч буюу Д.У нь тухайн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг хүлээн зөвшөөрөөд уг зээлийг цаашид төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж тухайн зээлийг төлж барагдуулахаар гэрээнд заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэрээ зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хариуцах үүрэгтэй учраас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Үүрэг гүйцэтгэхээр оролцохгүй, гэрээнд гарын үсэг зурахгүй, зээлийг авахгүй гэсэн бол тухайн үед хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй байх эрх нь нээлттэй байсан. Тухайн зээлийг авах хүсэл сонирхол учраас хэн аль нь Х ХХК-д хүсэлтээ гаргаад зээлийн гэрээ нь тухайн өдрөө байгуулагдаад явж байсан. Харин тухайн харилцаанд оролцогч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үнэн ч шударгаар биелүүлээгүй тохиолдолд хууль болон гэрээнд зааснаар үүргээ хүлээнэ гээд тухайн үед гэрээнд гарын үсгээ зурсан. Энэ гэрээг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хариуцагч нар өөрсдөө хүлээх үүрэгтэй. Б.С, Д.У нар цалингийн орлого барьцаалаад өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн зээлийг авсан нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний хүсэлтүүд, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нотлогдож байгаа. Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох талаар гэрээн дээр ямар нэгэн харилцан тохиролцсон, зохицуулалт байхгүй. Хамтран хүлээх үүрэг нь гэрээ болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зохицуулагдаад тухайн хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх нь банканд байгаа учраас тухайн нэхэмжлэлийг Д.У холбогдуулан гаргасан. Зээлдэгч Б.С, Д.У нар нь гэр бүлийн хүмүүс. Тухайн зээлийн өрхийн хэрэглээний зориулалтаар тухай бүрт нь авсан байдаг. Жишээлбэл өрхийн хэрэглээнд зориулаад 2014 онд, мөн 2017 онд өрхийн хэрэгцээ, сар шинийн хэрэгцээнд зориулаад авсан байдаг. Тухайн өрх гэрт автомашин худалдан авах зайлшгүй шаардлага бий болсон учраас мөн автомашин худалдан авах зориулалтаар зээл авсан. Түүний дараа тухайн гэр бүлд ашиглагдаж байсан тээврийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар эвдрэл гэмтэл бий болсон учраас тухайн автомашинаа засах зориулалтаар 2018 оны 06 дугаар сард зээл авсан. Хамгийн сүүлд буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан зээлийг тухайн өрх хашааны хаалганд зориулж авсан байдаг. Өрх гэр гэдэг нь тухайн байранд амьдардаг нэгдмэл төсөвтэй амьдралын наад захын хэрэгцээгээ хамтдаа хангадаг хүмүүсийн нэгдэл юм. Тухайн зээлийн хувь хүн өөрийн хэрэгцээнд ашиглаагүй. Тухайн өрхийн гэр бүлийн хэрэгцээнд ашигласан. Энэ нь тухайн үед зээл авах хүсэлт гаргаж тухайн зээлийг ямар зориулалтаар авч байгаа вэ гэдгийг зээлийн гэрээ болон өргөдөл дээрээ тодорхой дурдсан байгаа. Анх зээл авахад Д.У нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримтыг зээлийн гэрээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд зээлийн гэрээний 3-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх үүргийг ухамсарлаж ойлгосны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн юм. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч талаас зээл олгогдсон бол зээлдэгч Б.С, Д.У нарын тус тусын дансанд зээл олгогдсон байх ёстой гэж байна л даа. Энэ бол тийм асуудал байхгүй. Тухайн зээл авах нөхцөл бололцоог хангасан бол тухай бүр зээлдэгч бүрийн нэр дээр тусгайлан данс нээх боломж байхгүй.   Зээлдэгч тус болгоны дансан дээр зээл олгогдоно гэсэн зүйл байхгүй. Мөн Хаан банкны Өмнөговь салбартай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нартай зээлийн болон барьцааны хөрөнгийн гэрээ байгуулж тухайн зээлийг олгосон байдаг. 2014 оноос эхлээд Б.С нь байнгын Х ХХК-тай цалингийн зээл авч харилцаж байсан. Цалингийн зээл авах болгонд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.У нь оролцоод тухайн зээлийн үлдэгдэл, цаашид яаж төлөх талаар өөрөө хүлээн зөвшөөрөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэдэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлээд зээлийн гэрээнүүдийг тухай бүрд нь байгуулж байсан. Хамгийн гол тухайн зээлдэгч хувь хүний өөрийнх нь хэрэгцээний дагуу олгогдоогүй. Өрхийн хэрэглээний зориулалтаар, ахуйн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байсан учраас тухайн Б.С гэдэг өрх гэр тухайн зээлийг авч ашиглаж байсан учраас хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У хуульд заасан үндэслэлээр Д.У нэхэмжилж байгаа. Түүнээс Д.У өөрт нь зээл олгож байна гэдэг байдлаар Д.У харилцах дансанд эсхүл Д.У тусдаа данс нээгээд зээлийг олгосон зүйл байхгүй. Зөвхөн тухайн зээл олгогдсон бол банканд тусгай данс нээгээд тухайн дансаар зээлийг олгож байсан. Х ХХК-ийн Өмнөговь салбар хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч Б.С, Д.У нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нийтдээ 19 558 363.78 төгрөгийг 38 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй цалингийн орлого барьцаалан өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлдэгч нараас гаргасан хавсралт 8 гэсэн маягт, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх баримт, талуудын тайлбараар нотлогдож байна. Зээлдэгч Б.С нь өмнө нь тус банкнаас цалингийн зээл авч байсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 17 558 363.78 төгрөгийг нэмж хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлийг авахад хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь өмнөх зээлийн үлдэгдэл болон нэмж авч байгаа 2 000 000 төгрөгийг хэрэгцээ шаардлага байна гэж үзээд тухайн зээлийн гэрээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд хүсэл зоригоо илэрхийлсэний үндсэн дээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан. Гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны Өмнөговь салбарт зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан. Тухайн үед зээлийн үлдэгдэл нь 17 000 000 төгрөг байгаа. Түүнийгээ хүлээн зөвшөөрөөд зөвхөн миний амьдрал ахуй нөхцөл байдлыг харгалзан үзээд зээлээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Ийм зээлдэгч Б.С, Д.У нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нар мөн юм. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийнхөө үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хэвээр гэж зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн Өмнөговь салбар хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй юм. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20 682 280.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тухайн үед авагдсан зээлийн гэрээнүүд болгон дээр үлдэгдэл зээлийг нь өөрөө хүлээн зөвшөөрөөд нэмэлтээр ийм төгрөгийн зээл авъя, энэ зээл нь манай өрх гэрийн ийм хэрэглээнд шаардлагатай гээд дандаа хүсэл зоригоо илэрхийлээд тухайн гэрээний заалтыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарласны үндсэн дээр тухайн гэрээ байгуулагдаж байсан. Түүнээс банк иргэний эрх зүйн чадвар чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээнд зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч нар оролцсон болохоос биш тухайн зээлийн гэрээн дээр батлан даагч буюу батлан дааж энэ гэрээнд оролцож байна гэдэг байдлаар оролцоогүй юм. Тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм. Энэ зээлийг манай өрх гэрт ийм шаардлага бий болсон учраас энэ шаардлагаа хангахын тулд тухай бүр өөрсдөө хүсэлтээ гаргаад үлдэгдэл төлбөрөө хүлээн зөвшөөрөөд нэмэлт зээлүүдийг авч байсан. Нотлох баримтын хувьд зээлийн бүртгэлийн карт нь программаар программчлагдаад тухайн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг программ өөрөө тодорхойлоод гаргаж ирдэг учраас зүгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг теллер ч юм уу, менежер ч юм уу хэн нэгэн банкны ажилтан өөрөө тодорхойлоод тэмдгийг дарж байгаа асуудал биш. Х ХХК-ийн тамга тэмдэгтэй тухайн дансны хуулгыг аль ч шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээд, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй гэдэг байдлаар шийдвэрлээд явж байгаа. Тийм учраас тухайн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээний 2.1.2 дахь хэсэгт банк нь цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн буюу цалингийн зээлийг барьцаалаад тухайн зээлдэгчид өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн зээлийг олгосон гэдэг нь гэрээн дээрээс тодорхой харагдаж байгаа. Түүнээс зөвхөн Б.С гэрээ байгуулж байсан асуудал байхгүй. Мөн магадгүй Б.С байгуулагдаж байсан бол тухайн харилцаа нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болох байсан байх. Гэтэл тухайн гэрээ нь үндсэн зээлдэгч хамтран зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч гэж Д.У шаардаж байгаа учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэг заасны дагуу хүлээх үүрэг хэвээрээ байгаа. Б.С зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа биш. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нь зээлдэгчийн нэгэн адил үүрэгтэй учраас тухайн гэрээний үлдэгдлийг төлж барагдуулах үүрэгтэй юм. Энэ үүрэг нь гэрээ болон хуулийн тусгай зохицуулалтаар зохицуулагдсан байгаа учраас Д.У нэхэмжлэлийн шаардлагыг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х ХХК 20 682 280.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг зээл хэзээ хэнд олгогдсон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь нэхэмжлэлд тодорхой тусгагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэрээний дагуу шаардах эрх үүсэх юм бол эхлээд мөнгөн төлбөр буюу зээлийг зээлдэгчид хүлээлгэж өгсөн байх шаардлагатай. Хамтран зээлдэгч гэдэг утгаараа Д.У энэ зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй. Чухам талийгаач Б.С шилжүүлж өгсөн  эсэх нь тодорхойгүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би шүүхэд гаргасан тайлбартаа энэ баримт чинь байгаа бол гаргаж өгөөч ээ, ийм баримт алга байна, энэ гэрээний үүргийг эхлээд банкны зүгээс биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэсэн тайлбарыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн ямар нэгэн баримт байхгүй байна. Тийм учраас манайх энэ зээлийг хариуцахгүй, төлөхгүй гэж байгаа. Эхний ээлжинд банкны зүгээс зээл олгосон эсэхээ тодорхойлохгүй байхад манайх ямар нэгэн байдлаар төлөх үүрэг үүсэхгүй. Гагцхүү гэрээнд гарын үсэг зурснаар шаардах эрх үүсдэггүй. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгчийн асуудал яригдаж байна. Гэтэл Д.У нь энэ зээлийн гэрээг байгуулснаас хойш олгосон эсэх нь тодорхойгүй. Дээрээс нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр тайлбарлаад байдаг. Гэтэл зээлийн гэрээний эхний хуудсан дээр зээлийн үлдэгдэл нь 17 558 000 төгрөг, олгох зээл нь 2 000 000 төгрөг гээд биччихсэн байдаг. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх юм бол, хэрвээ банкны зүгээс энэ мөнгийг олгосон баримтаа гаргаад ирчихсэн, олгосон байлаа гэж үзэхэд байсан бол Д.У бол зөвхөн энэ 2 000 000 төгрөг дээрээ хариуцлага хүлээх асуудал байгаа гэсэн үг. Бусдаар энэ 17 558 000 төгрөг хаанаас юу гарж ирээд байгаа, юун үлдэгдэл юм. Энэ үлдэгдлийг Д.У төлөх ёстой гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Энд зөвхөн 2 000 000 төгрөг дээр л хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байгаа. Тийм учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Журмаараа Д.У олгох шаардлагагүй, Б.С олгодог гэж тайлбар хэлж байна. Нотлох баримтаа харахаар Б.С олгосон гэдэг баримт ч байхгүй байгаа. Миний хэлээд байгаа зүйл бол зөвхөн гэрээ байгуулснаар шаардах эрх үүсэхгүй, гэрээнийхээ дагуу зээлийн олголтыг хийчихээд дараа нь шаардах эрх үүсэх асуудал яригдана гэсэн үг. 2014 оноос 2018 он хүртэл 4-5 удаагийн зээл авч байсан гэж яриад байгаа боловч танайх нэхэмжлэл дээрээ зөвхөн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн төлбөрийн үлдэгдлийг шаардаж байна гээд биччихсэн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үлдэгдэл дээр бичсэн байгаа 17 558 000 төгрөг бол аль зээлийн юуны үлдэгдэл юм бэ гэдгийг яг энэ гэрээн дээрээс хараад ойлгох боломж байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлийн гэрээ байгаа боловч тухайн зээлийн гэрээний үүргээ банкны зүгээс биелүүлсэн эсэх нотлох баримтаа гаргаж өгөхгүй байгаа. Тийм учраас би дүгнэхдээ Хаан банк нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, энэ зээлийн гэрээнд заасан мөнгийг олгоогүй юм байна гэж үзэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Д.У гаргасан зээлийн хүүг зогсоож өгнө үү агуулгатай хүсэлт гаргасныг нотлох баримтаар шинжлэн судлууллаа. Гэтэл Д.У нь 1, 2-р ангиасаа сургуулиас гарчихсан, аливаа зүйлийн учир ойлгохгүй, бичиг үсэг муутай хүнийг та нар л өөрсдөө ийм гэрээний төлбөр байгаа, чи тэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, түүнийг чи төлөх ёстой гэж хэлсээр байгаад ийм ойлголтод хүргэчихсэн болохоос яг албан ёсны байдлаар танай талийгаач энэ зээлийг тэдэн сарын тэдний өдөр ингэж хүлээж авсан байна гэсэн баримтыг ерөөсөө үзүүлэхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Тийм учраас тухайн хүсэлтийг үндэслэж зээлийн төлбөрийг төлнө гэж нотлохгүй. Дээрээс нь зээлийн дансны хуулгаар зээл авсан гэж нотлогдоно гэж тайлбарлаж байна. Зээлийн дансны хуулга хавтаст хэргийн хүрээнд авагдсан байдаг боловч тухайн зээлийн дансны хуулгуудын хувьд нэг талаас хэргийн оролцогч өөрийнхөө ажилтны тамга дарж баталгаажуулж гаргаж ирсэн баримтыг нотлох баримтаар үнэлж тухайн үйл баримтыг үнэхээр болсон юм гэх нь үндэслэлгүй. Би өөрөө өмгөөлөгч хүн. Надад ч бас тамга байгаа. Би ямар нэгэн тооцоо тооцоолол хийчхээд түүн дээрээ өөрийнхөө тамгыг дарж хэрэгт өгчхөөд би ингээд тамгаа дараад баталгаажуулчихсан гээд ярихтай адил асуудал ярьж байна. Нэхэмжлэгч нь Х ХХК. Х ХХК-аас өөрийнхөө ажилтны тамга дарчихсан гарын үсэгтэй баримтыг туйлын нотлох баримт юм гэж үзэх боломжгүй. Харин гэрээ шиг эх хувиас нь хуулбарлаад нотариатаар гэрчлүүлсэн зүйл байсан бол одоо нотлох баримтын хэмжээнд авч үзэж үнэлэх боломжтой. Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу Д.Уянга нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан субьект юм гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ач холбогдолгүй гэж үзэж гэрээнийхээ агуулгыг тайлбарлахаас татгалзсан байгаа. Маргаад байгаа, цуцлах шаардлага гаргаад байгаа гэрээний агуулгаас харахад гэрээний зүйл заалтуудыг сайн уншаад үзэхэд ерөөсөө үндсэн зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр хуваарийн дагуу төлөөд явж байхад хамтран үүрэг гүйцэтгэгчээс ямар нэгэн шаардлага гаргадаггүй юм байна гэсэн агуулгатай заалт зохицуулалтууд яваад байдаг. Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд батлан даалтын гэрээний хэлбэрийн тухай заасан байгаа. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.1, 28.2 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасны дагуу батлан даагчтай гэрээ байгуулна гэж заасан байгаа. Хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулна гэж Иргэний хуульд заасан байгаа. Тусгайлсан салбарын хуульд зайлшгүй бичгээр байгуулахыг заасан байгаа. Гэрээний агуулгыг харахаар Д.У нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш батлан даагч баймаар ч юм шиг зүйл заалтууд яваад байдаг. Энэ талаар гэрээнд тусдаа гэрээ байгуулсан зүйл байхгүй учраас энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрээс нь зээл гэдэг бол мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс олгоно, зээлдэгч түүнийг хүлээж авна, ашигласан хугацаандаа тохирсон хүү төлөх үүрэг хүлээдэг харилцаа. Гэтэл аваагүй. Жишээ нь олгож байгаа зээл нь 2 000 000 төгрөг. Гэтэл 2 000 000 төгрөгийн зээл олгочихоод нийлүүлээд 19 558 363.78 төгрөгийн төлбөрийн шаардана гэдэг нь байж болохгүй. 17 558 363.78 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж яриад байгаа боловч энэ нь өмнө байгуулагдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл мөн юм уу гэдэг талаар гэрээн дээр огт байхгүй. Д.У олгох зээл нь 2 000 000 төгрөг учраас энэ мөнгийг Б.С төлж чадахгүй бол би хариуцан төлөх юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл энэ ойлголттойгоор талууд гэрээ байгуулсан бол хуулийнхаа дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд батлан даалтын гэрээг нь бичгээр байгуулаад эрх үүргийг нь танилцуулаад явуулах ёстой байсан боловч бичгээр энэ гэрээг байгуулалгүйгээр хамтран үүрэг гүйцэтгэгч гээд тухайн хэлцлийнхээ талуудын тохиролцсоноос өөр байдлаар ойлгомжгүй нэр томъёо ашиглаад хамтран үүрэг гүйцэтгэгч гээд биччихсэн. Хэрэв зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж юм бол энэ хүн 2 000 000 төгрөг дээрээ л хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл зээл бол 2 000 000 төгрөг. Хаан банкны теллерийн тамга тэмдэгтэй  хуулга нь шүүхийн өмнө хөдөлбөргүй нотлох баримт болдог гэсэн тайлбар хэлж байна. Шүүх дээр тэгж үнэлэх тохиолдол байх нь байдаг. Гэхдээ Х ХХК хэргийн оролцогчоор оролцож байгаа тохиолдолд танайхаас гаргаж байгаа хуулга гэх нэртэй баримт бол хөдөлбөргүй нотлох баримт биш. Батлан даагч биш гэсэн байдлаар тайлбар хэлж байна. Миний өмнөх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байгаа юм байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар авч үзвэл энэ хүн нь зөвхөн энэ олгож байгаа зээл буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг танай байгууллагаас авсан байж болзошгүй байх. Тийм учраас хэрвээ энэ гэрээ биелэгдсэн гэж үзэх юм бол хамтран үүрэг гүйцэтгэгчийн асуудал яригдах болохоос батлан даагч буюу Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шиг тухайн хүн үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон бол үлдэгдэл бүх би хүлээнэ гэсэн байдлаар зураагүй юм байна. Тийм учраас зээлийн гэрээнд заасан 2 000 000 төгрөг дээрээ хариуцлага хүлээж болно. Гэтэл танай зүгээс хавтаст хэрэгт авагдсан албан ёсны нотлох баримтын хүрээд зээлийн гэрээний үүргээ хэрэгжүүлэх эсэхээ ерөөсөө нотолж чадахгүй байна. Д.У 2019 оны 04 дүгээр сард өгсөн хүсэлтийн хувьд тухайн үед Д.У нь буруу зөрүү ойлголттой байсан. Би энэ хүнтэй уулзаад зөвлөгөө өгөөд итгэмжлэлээр төлөөлөх үеэсээ тайлбарлаад өөрөө төлөөлөөд орж ирж байгаа. Тиймээс тухайн үед энэ хүний буруу ойлголттой байсан, авчихсан гэсэн ойлголттой байхдаа төлж байсан зээлийн үйл баримт дээр тулгуурлан энэ хүнийг бүх үүргийг хүлээн зөвшөөрч байна гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй. Хүний байр суурь тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх боломжтой. Тийм учраас Д.У 2019 оны 04 дүгээр сард байсан байр суурийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байдлаар шүүх хуралдаанд тайлбарлаж болохгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-ийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаартай итгэмжлэл, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Х ХХК-ийн Цогтцэций тооцооны төв гаргасан хүсэлт, Д.У иргэний үнэмлэхийн хуулбар, Д.У зээлийн бүртгэлийн картын хуулбар 2 хуудас, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Х ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, мөнгөн шилжүүлэгийн баримт, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХХК-ийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/202 дугаартай тушаал, 2019 он 11 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2019 он 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Д.У өргөдөл, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 617 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 29/11334 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201743168203 тоот зээлийн болон барьцааны гэрээ, Х ХХК-ийн Манлай тооцооны төвд гаргасан хүсэлт, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/201843521399 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843684732 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, зээл хүсэгчийн анкет, ЗГ201742940726 тоот барьцааны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүсэлт зэргийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь Д.У холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 676 280 төгрөг 46 мөнгө, нотариатын зардалд 6 000 төгрөг, нийт 20 682 280 төгрөг 46 мөнгө гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд “...Манай зүгээс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэрээний дагуу шаардах эрх үүсэх юм бол эхлээд мөнгөн төлбөр буюу зээлийг зээлдэгчид хүлээлгэж өгсөн байх шаардлагатай. Хамтран зээлдэгч гэдэг утгаараа Д.У энэ зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй...” гэсэн тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х ХХК болон Б.С, Д.У нарын хооронд ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг 48 сарын хугацаатай байгуулсан ба дээрх гэрээний 6.1.3-т зааснаар “ зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон... “ тохиолдолд банкны санаачлагаар гэрээ цуцлахыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.682.280 төгрөг 46 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х ХХК нь зээлдэгч Б.С, хамтран зээлдэгч Д.У нартай нийт 6 удаа зээлийн гэрээ байгуулжээ. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.С, Д.У нарт ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээгээр 17 558 363.75 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 19 558 363,75 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар /зээлийн гэрээний 2.1.2/ зээлдүүлжээ. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар  заажээ.

ЗГ/201843829293 тоот нэмэлт зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 19.558.363 төгрөг 75 мөнгийг төлөх үүргийг хэсэгчилж төлөхөөр график хугацааг зааж уг гэрээнд Д.У нь гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх таван удаагийн зээлийн гэрээний үүрэг болох төлбөрийн үлдэгдлийг ЗГ/201843829293 гэрээний үүрэгт нэгтгэн оруулж тооцжээ.

Дээрхи цалингийн зээлийн гэрээнүүдэд Б.С хамтран зээлдэгчээр Д.У тусгасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцээгүй байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Х ХХК болон Б.С нарын хооронд байгуулагдсан нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээнд Д.У хамтран зээлдэгч гэж зааж, зээлийн гэрээнийн 2.1.2-т “Зээлийг цалингийн зээлийн зориулалтаар ашиглана. Энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болно.” 3.2.2-т Цалингийн зээлийн хувьд “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваар”-т заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авах” гэж тус тус заасан бөгөөд Б.С цалин болон 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ.

Хэрэгт цугларсан Б.С зээлийн хувийн хэрэгтэй холбоотой баримтуудаас үзэхэд Б.С анкет, зээл олгохыг хүссэн хүсэлтийн дагуу дээрх зээлийг олгосон ба хамтран зээлдэгч Д.У хаана, ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээнд тусгагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн дээрх гэрээгээр Б.С цалингийн зээл олгосон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн гэрээний заалтууд, Б.С дансны хуулга зэрэгт тусгагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин гэдэг нь хөдөлмөрийн үр дүнд тохирулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх түүүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Түүнчлэн энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Цалингийн зээлийн гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Б.С холбогдолтой ба гэрээнд хамтран зээлдэгч гэж заасан боловч өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй Д.У  хамааруулах боломжгүй байна.

Зээлдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сард нас барсан байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заажээ.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заасан боловч хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй хариуцагч Д.У холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Х ХХК болон зээлдэгч Б.С, хамтран зээлдэгч Д.У нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний 5.1.9-т Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хөдлөх хөрөнгийг банк үл маргах журмаар шилжүүлэн авч үүргийг хангуулах” гэж зааснаас  үзвэл нэхэмжлэгч нь зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол барьцааны гэрээнд заасан хөдлөх хөрөнгүүдийг зээлдэгчийн зөвшөөрлийг харгалзалгүй хураан авахаар гэрээндээ тохирсон атлаа нэхэмжлэгч нь энэ эрхээ эдлэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаартай итгэмжлэл, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХХК-ийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/202 дугаартай тушаал, 2019 он 11 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 617 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 29/11334 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл зэрэг нь хэргийн оролцогчийг тодорхойлоход хамааралтай, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Х ХХК-ийн Цогтцэций тооцооны төв гаргасан хүсэлт, Д.У зээлийн бүртгэлийн картын хуулбар 2 хуудас, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Х ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201743168203 тоот зээлийн болон барьцааны гэрээ, Х ХХК-ийн Манлай тооцооны төвд гаргасан хүсэлт, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/201843521399 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843684732 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, зээл хүсэгчийн анкет, ЗГ201742940726 тоот барьцааны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүсэлт зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Д.У 20.682.280 төгрөг 46 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР