Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0251/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 201709000275 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах “дельта-9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ****нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх “дельта-9 тетрагидроканнабинол” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч ***“...20 орчим насны 3 залуу 2 давхар, 3 давхарын шатны хооронд зогсож байсан. Бид хоёрыг харангуутаа хар цүнх үүрсэн, ногоон курткатай, үсээ хойшоо самнасан өндөр залуу нь гартаа цагаан цаасанд боосон зүйл дэлгэчихсэн барьж байснаа шууд газар унагаасан. Тэгэхээр нь би аваад үзсэн чинь уг цаасанд нунтаг бор өнгийн үл мэдэгдэх зүйл байхаар нь “энэ юу юм бэ” гэсэн чинь бид нарын зүйл биш гэсэн. Би тэгэхээр нь чамайг сая газар унагаахыг чинь харсан шүү дээ гэхэд биш гээд байсан учир шалгуулах гээд ерөнхий жижүүрт авчирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

Гэрч ***“...Орцны шатан дээр сууж байсан өндөр туранхай, үсээ хойш самнасан залуу Бат-Өлзий бид хоёрыг харангуутаа гартаа барьж байсан цагаан өнгийн нугалчихсан цаасаа плитан шалан дээр унагаагаад хөлнийхөө ард нуусан. Унагаасан цаасыг Бат-Өлзий аваад харсан чинь тус цаасан дээр бор өнгийн нунтаг зүйл шалан дээр асгараагүй цаасан дээрээ тогтоод үлдчихсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
    
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4007 дугаартай “...Нунтаг бор өнгийн зүйлээс дельта-9, тетрагидроканнибинол /delta-9. tetrahydrocannabinol/-ыг агуулга илэрч байна. Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсалтад хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд “...уг бодисыг цүнхэндээ авч явж байсан нь үнэн, хаях зорилготой авч явж байсан юм ахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Энхбилгүүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд уг хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх  үндэслэлгүй байна.

Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “олж авсан” гэх үйлдлийг хассан байх тул хадгалсан хэрэгт гэм буруутай тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

2.    Ял, эрүүгийн хариуцлагын талаар 

Шүүгдэгч ****нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сэтгэцэд нөлөөт бодис / делта 9 тетрагидроканнабинол / агуулсан ургамал гэх ууттай зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *** 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар *** оршин суух газар, сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т шүүхийн шийдвэрээр тогтоосон хязгаарлалт, даалгасан үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

5.    Шүүгдэгч ****нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сэтгэцэд нөлөөт бодис /делта 9 тетрагидроканнабинол/ агуулсан гэх ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД