Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 1

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 545 дугаартай шийдвэртэй,

З.Э, З.Т, З.Т, З.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б, Б.П нарт холбогдох, Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах,

“ЗТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

““ЗТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох,

“ЗТ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-***********дугаартай 45 000 000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, ***********дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв газар нь  З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э нарын эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон С.З-н гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, С.З-н өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.З-н эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Б-с 110 толгой малын үнэ болох 80 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Ц.Б, Б.П, хариуцагчийн өмгөөлөгч М.Найдан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                     З.Э, З.Т,  

                                                         З.Т,                  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч             Д.Энхбаяр, Б.Минжүүрдорж,    

                                                         М.Даваасүрэн,

Хариуцагч                                        Ц.Б, Б.П

Хариуцагчийн өмгөөлөгч                М.Энхболд                             

Нарийн бичгийн дарга                    С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч З З.Э, З.Т, З.Т, З.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний аав З нь үр хүүхдүүд бидний хамтаар Б зочид буудлын хөрөнгийг худалдан авахаар 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн өмч хувьчлалын комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн нийтийн аж ахуйн харьяа Б зочид буудлын барилга үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа бидний 5 хүүхдийн өмч хувьчлалын ягаан тасалбаруудыг оролцуулан, түүнчлэн бэлэн мөнгөө нийлүүлэн бид ягаан тасалбар худалдан авч түүгээрээ хөрөнгийг худалдан авч байлаа. Үл хөдлөх хөрөнгийг 1994 онд худалдан авсан бөгөөд З.Э, Ц.Б нар нь 1995 онд гэр бүл болсон тул уг үл хөдлөх хөрөнгө нь тэдний хамтын хөрөнгө болох боломжгүй байгаагаас Ц.Б хөрөнгийг өвлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг нэхэмжлэлийг гарган хууль ёсны өвлөгч нарыг тогтоолгох хүсэлтэй байна. Аймгийн өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Д , бидний аав С.З, ээж М.Ц, дүү З.Э нар байлцан хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан юм. Бидний аав С.З нь 2012 онд нас барах хүртлээ ЗТ ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Б зочид буудлыг худалдан авсан цагаасаа эхлэн орон нутагт нь амьдарч байсан дүү З.Э.г компанийн захирлаар томилон хариуцуулан ажиллуулж байсан. Бидний аавд эмнэлгийн тусламж байнга шаардлагатай байсны улмаас эмч мэргэжилтэй дүү З.Т.д амьдарч, амьдарлынхаа сүүлчийн саруудыг З.Т, Ц.О нарын асаргаанд байсаар Улаанбаатар хотод нас барсан. Бидний аав таалал төгсхийнхөө өмнө гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцан байсан дүү З.Э-д миний хүү энэ үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан ах эгч нараа байр орон сууцтай болгон өгөөрэй гэж гэрээслэснийг үндэслэн эгч дүү бид 5 ярилцан 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эцгийн өвлөсөн хөрөнгийг хуваах хэлцэл байгуулсан билээ. Үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж амжилгүй дүү З.Э 2016 онд нас барсан. Эцгийн хүлээлгэсэн итгэл найдварыг үл алдан гүйцэтгэх захирлын ажлыг сайн хийдэг байсан тул бидний эгч дүүс компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байлаа. Гэтэл дүү З.Э.г нас бармагц хууль ёсоор эцгээс бидэнд өвлөгдсөн хөрөнгө эзгүйдэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр Ц.Б компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхдаа 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 04 сарын хооронд гарсан үйл ажиллагааны зардлуудыг төлөхгүйгээр хуримтлуулан байсаар их хэмжээний өр үүсгэн бий болгосон байна.

Тухайлбал өнөөдрийн байдлаар

  1. Б ХХК-д 12 000 000 төгрөг,
  2. Булган аймгийн Татварын хэлтэст 1 900 000 төгрөг,
  3. Нийгмийн даатгалын хэлтэст 1 500 000 төгрөг, нийт өр төлбөрийн хэмжээ 15 400 000 төгрөг хүрсэн байна.

Ийнхүү өрөнд оруулаад байгаа байдлын улмаас эгч дүү бидний гэр бүлийн хуваарьлагдах хөрөнгө өрийн барьцаанд очих, үрэгдэж үгүй болох аюултай нөхцөл байдал үүсч, бидний эрх зөрчигдөн хөрөнгөндөө хяналт тавихаас аргагүй байдал бий болсон юм.

Эгч дүү бид нар хөрөнгөө өв залгамжлах хүсэлтүүдээ Булган аймгийн тойргийн нотариатч Э.П.д бичгээр гаргахад зөвхөн Б зочид буудлын 1 давхарт байрлах 8 өрөө 288 м.кв талбайтай эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарган гардуулан өгсөн. Би З ХХК үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрээ бидэнд өгсөн.

Бидний 5 хүүхдийн хоорондоо байгуулсан хэлцлийг өөрөө баталж хууль ёсны болгосон атлаа маргаантай байгаа эд хөрөнгийг Ц.Б.т өвлөх эрх нээсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Нас барсан дүү З.Э.н эхнэр Ц.Б.т З.Э.д хууль ёсоор өвлөгдөх хөрөнгийн хэмжээгээр бус З ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр бус З ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр мөн өв нээсэн хөрөнгийг хүртэл давхардуулан хөрөнгө өвлөх эрх олгосон, мөн нотариатч Б.П нь  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Б 2370 мкв газар олгосон байна. Уг гэрчилгээ нь Нотариатын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, нэхэмжлэгч нар тухайн газрын өвлөх эрхийн талаар маргаантай байхад нотариатч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот гэрчилгээгээр Ц.Б.т өв нээсэн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгож өгнө үү.

“З” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-***********дугаартай 45000000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, ***********дугаартай нэгж талбар бүхий 2370 мкв талбай бүхий газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т бидний эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон гэр бүлийн гишүүд бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү,

Бидний эцэг С.З нь 2012 оны мал тооллогын А дансаар нийтдээ үхэр 12 толгой, адуу 23 толгой малыг бурхан болох хүртлээ өөрөө өсгөж үржүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан бөгөөд уг малыг Булган Булган аймгийн ... оршин суух Б.Х-р маллуулж байсан. Дээрх 23 толгой адууг нь Б.Х-с О.Ц-д маллуулахаар 2015 онд шилжүүлсэн юм. Дээрх мал сүрэгт хурдан удмын адуу, үүлдэр угшил сайтай эцэг мал байсан болохыг тухайн малыг маллаж байсан малчин гэрчилдэг. Эцэг С.З.г бурхан болсны дараа үр хүүхдүүд бид ярилцан тохирч дээрх малыг отгон дүү З.Э.н нэр дээр тоолуулж А дансны бүртгэлд бүртгүүлж малыг малчин Б.Х, О.Ц нар маллаж байсан. Дүү З.Э.г нас барсны дараа бидний өв нээгдээгүй байхад Ц.Б дээрх малыг дур мэдэн зарж борлуулахаас гадна ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан гэдгийг малчин Б.Х, түүний гэргий н.О нар гэрчилж байгаа. Эцэг С.З маань өөрийн өмчлөлийн малыг бидний хэн нэгэнд хууль ёсоор болон гэрээслэлээр өвлүүлж өгөөгүй бөгөөд энэ нь бидний эцгийн өв хөрөнгө болох нь малын А Дансны бүртгэлээс тодорхой харагддаг. Одоогийн байдлаар малчин Б.Х.н нэр дээр тоологдож байгаа 2 үнээ, 2 тугал, 1 бяруу нь анх хүлээлгэж өгсөн үхэр сүргийн төл мал болохыг бид 2019 оны 03 дугаар сарын 10-нд малчныд очиж тодруулсан болно. Иймд бидний эцэг С.З өмчлөлийн нийт 110 /нас гүйцсэн үхэр 16, өсвөр насны үхэр 22, нас гүйцсэн адуу 33, өсвөр насны адуу 39/ толгой  малыг С.З.н хөрөнгө болохыг тогтоож, Ц.Б.с түүний дур мэдэн захиран зарцуулсан 110 толгой малын үнэ 80 450 000 төгрөгийг гаргуулж өнгө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие З.Э.тэй 1993 онд танилцаж, 1994 онд хамтран амьдарч, 1995 онд гэрлэлтээ батлуулсан. Би 1994 онд тохиролцооны дэлгүүрт худалдагч хийдэг байсан. 1993 оны 12 дугаар сард хадам аав, ээж хоёртойгоо уулзаж, 1994 оны Цагаан сарын баярын шинийн нэгний өглөө З.Э “ээж, аав хоёр чамайг хүрээд ир гэж байна” гэхэд шинийн нэгэнд танихгүй айлд очихгүй гээд би очоогүй. Гэтэл шинийн гуравны өдөр З.Э дахин ирээд “аав, ээж чамайг явган болохоор ирэхгүй гэж байгаа юм байна, миний хүү бенз машинтайгаа очоод аваад ир гэж явууллаа” гэж ирж байсан. Ангийн аж ахуй тухайн үед ногоон өнгийн бензтэй байсан. Өнөөдөр энэ хүмүүс түүх мэдэхгүй байж ээж, гэр бүлтэй маань доромжилж байна. Энийгээ шүүх хуралдаан дээр ч олон удаа гаргалаа. З.Э.г нэхэмжлэгч нар “Ц.Б.т тархиа угаалгадаг, жаахан, тэнэг эргүү юм” гэж хэлдэг. Миний хань тийм биш байсан. Харин ч ах, эгч нараа энэрдэг байсан. З.Э бид хоёрыг “Б” буудлыг авах гэж байхад хадам аав С.З Ангийн аж ахуйн дарга байсан. 1994 оны 3 дугаар сард “Б” зочид буудлыг худалдах дуудлага худалдаагаар хүмүүс авахгүй байгаа талаар мэдсэн. 1994 оны 03 дугаар сард “Б” зочид буудлыг авах тухай хадам аав, ээж намайг дуудаж ярилцсан. Ингэхдээ “Б.Э та хоёрын нэр дээр авна, чи миний хүүтэй суух чинь үнэн биздээ” гэж хэлж байсан. Би банкнаас зээл авч “Б” зочид буудлыг худалдаж авсан. Тухайн үед хадам аав Ангийн аж ахуйн дарга байхдаа эвэр ав гэж өгсөн н.Б  даргын  2000 долларыг ягаан тасалбар болгосон. Тухайн үеийн Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн Хаан банкнаас зээл авахад миний бэр эгч н.О  тусласан. Тухайн үед тэрээр ...  банкинд нягтлан бодогч хийдэг байсан ба ягаан тасалбар авсан 2000 долларыг буцаан төлөх гэтэл банк зээл өгөхгүй байсан. Ингээд ...  банкны захирал н.Т , ерөнхий нягтлан бодогч н.Б  н.Д  , н.О  нартай  хуйвалдаж байж зээл авсан байдаг. Гэтэл авсан зээлээ төлж чадахгүйд хүрч “Б” буудлын тавилгуудыг зарж байсан. Энэ хүмүүс төрсөн дүүгээ хайралдаггүй. Энэ хоёр давхар байшингийн төлөө тэмцэлддэг. Хадам аавыг амьд байхад бид хувааж авъя гэж хэлж байгаагүй. Тийм ч нүүр байгаагүй. 2017 оны 12 дугаар сард миний хадам эгч З.Э нөхөртэйгээ луйврын хэргээр шоронгоос суллагдсан. Хэдий 10 жилийн ял авсан ч  өршөөлийн хуулиар хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг. Анх “Б” зочид буудлыг авахад л З.Э “Б” ББХК-ийг анх үүсгэн байгуулсан. С.З гэдэг хүн түүний аав болохоос энэ компанийн захирлаар ажиллаж байгаагүй. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно. Хадам аав, ээж хоёр тухайн үед  хадгаламжгүй байсан. “Б” ББХК нь 1997 онд “ЗТ” ХХК болсон. “ЗТ” гэдэг нэр нь хадам аав, ээж миний гурван хүүхэд нялх байна. Тиймээс нялх гэдэг үгийн утгыг оруулж өгье гэж нэрлэсэн. 1994-2016 он хүртэл “Б” буудлаас ах, эгч, тэдний хүүхдүүд бүгд тэжээгдэж байсан. Хадам аав, ээж хоёр Улаанбаатар хотод амьдарч байхдаа 3 өрөө байртай байсан ба З.Э, З.Т нарт тус байраа өвлүүлж өгсөн байдаг. Гэтэл З.Э байраа зарж, дампуурч Булган аймагт ирсэн. Хадам аав Булган аймагт байрлах 13 дугаар байрны 2 өрөө орон сууцаа З.Э бид хоёрыг гэрлэхэд өгч нэрээ шилжүүлж өгсөн байсан. Гэтэл З.Э Дорнод аймаг руу явахдаа тус байрыг мөн л зараад явсан байдаг. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар компаниас дэмжлэг авч байсан. 1994-2015 он хүртэл Б буудалд манай гэр бүл амьдарч ирсэн. 2008 оны 12 дугаар сард З.Тэхнэрээ дагуулж ирж манай буудалд амьдарч байсан. “ЗТ” ХХК нь татварын дарамтнаас зугтаж “Г” ХХК-ийг байгуулж, түүний захирлаар З.Т ажиллаж байсан. “Б” зочид буудал ажиллаж байхдаа “Б” ТӨХК-өөс халаалт авдаг байсан ба халаалтын төлбөр сард 2000000 гаруй төгрөг гардаг тул төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл хадам аав өөрийн төрсөн дүү болох С.Б ыг Хөвсгөл аймгаас дуудаж авчирсан. З.Т-н одоо амьдарч буй байшин нь тухайн үед уурын зуух байсан ба түлээ нүүрсээр халааж эхэлсэн. Энэ нь халаалтын зардлыг хэмнэнэ гэж үзэж байсан. З.Т нь “Г” ХХК-ийг хариуцаж байхдаа “Хотш” банкнаас гуанзандаа засвар хийх, тоног төхөөрөмж авна гэх нэрийдлээр 3500000 төгрөгийн зээлийг авч үр ашиггүй зарцуулж эргэн төлж чадахаа больсон. Ингээд гуанзыг орхин зугтааж Улаанбаатар хот явсан. “Г” ХХК-ийн авсан энэхүү зээлийг “Б” зочид буудлаас олсон орлогоор  З.Э хариуцан төлж барагдуулсан. Ингээд “Г” ХХК-ийг татан буулгасан ба байшин нь нэг дор тул “ЗТ” ХХК-д нэгтгэсэн. Хадам аав Ажил олгогч эздийн холбооны дарга хийж байхдаа тухайн үеийн “Б” ТӨХК-ийн удирдлага, аймгийн Засаг даргатай ярилцаж халаалтын зардлыг хямдруулах хүсэлт тавьж хэлцэл хийсэн. Ингээд аймгийн нэгдсэн халаалтыг эргүүлэн авсан. Хадам аав “З” ХХК-ийн захирлаар нэг өдөр ч ажиллаж байгаагүй. Үндэслэл нь Булган аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүнийг нас барталаа хийсэн байдаг. “ЗТ” ХХК нь 4 гишүүнтэй байгаагүй, анхнаасаа л 2 гишүүнтэй байсан. 1998 онд тус компанийн хөрөнгө оруулагч н.Х ын дүү н.Б  надтай уулзаж” танай хадмууд ашиггүй ажиллаж байна, чи үнэнийг нь хэлээд өгөөч” гэсэн. Би олон зээлтэй учир ашиггүй ажиллаж байгаа тухай хэлсэн. Ашиггүй ажиллаж байгаа болохоор танайд оруулсан хөрөнгөө аваад танай өмчийн хөрөнгийг З.Э.н нэр дээр шилжүүлээд салцгаая гэж хэлсэн. н.Х т 5000000 төгрөгийг төлж, тэрээр компаниас татгалзсан байдаг. Тухайн үеийн баримтууд нь манай гэрт хадгалагдаж байгаа. “ЗТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хууль ёсны дагуу надад өвлөгдөж ирсэн. Миний хүү Э.А сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэх эмчийн дүгнэлтийг үндэслэн өвлөх эрхээ эдлэж чадахгүй байна. Э.А нь 2013 оны 06 дугаар сард хүнд зодуулж тархины хүнд гэмтэл авсан. Одоог хүртэл эмчлэгдээгүй байна. Нэхэмжлэгч нар нэг жил ажиллуулсан тухайгаа ярьж байна. Гэтэл би 22 жилийн туршид асар их хөдөлмөөрөө зарцуулсан байхад 2018 оны  04 дүгээр сарын 20-ны өдөр намайг гэртээ унтаж байхад жижүүрүүдийг хөөж, өрөөний бүх түлхүүрийг авсан байдаг. Энэ тухай сонсоод очин түлхүүрийг өгөх тухай хэлж, хэрүүл болсон боловч өгөөгүй.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох малын тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:С. З гэдэг хүний малыг миний бие зараагүй. Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн нотлох баримтын дагуу аавынх нь мал 1998 онд нийгмийн даатгалын өрөнд явсныг өнөөдөр мэдлээ. З.Эн нэр дээр байсан малыг тэрээр амьд байхдаа өвчний учир 1 ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй эмийг /стом/ өдөрт 2-3 удаа уудаг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд өдрийн 25000 төгрөгийн эмийг хэрэглэдэг байсан. Бид энэхүү эмэнд гэхэд 35000000 төгрөгийг зарсан байна. Энэ хүн өвчнөө давахын тулд адуугаа зарсан. Манай гэр бүл С.З-н нэр дээр байсан малыг шилжүүлж авч байгаагүй. Дундаа амьдраад аав, ээжийнхээ малыг идэш болгоод нэхэмжлэгч нар бүгдээрээ хуваагаад идсэн. Гэрч Д.Н  мэдүүлэхдээ “Тухайн үед З.Э 2 малыг ачъя гэхэд Ц.Б малыг ачъя гэж хэлсэн” гэдэг нь үнэн. Учир нь тухайн үед З.Э шоронд байсан ба өмгөөлөгчид нь мөнгө өгөх шаардлагатай байсан учир нэмж авсан. Тэр үед З.Э дургүйцэж, энэ мал цөөрөөд байна гэж хэлж байсан. 1 үхрийг нь З.Э-н өмгөөлөгчид, нөгөөг нь З.Тл, З.Т нарыг хувааж ид гээд өгч байсан. Манай гэр бүлийн данстай мал нь 1994 онд З.Э бид хоёрыг гэрлэх гэж байхад н.Б , Д.Н , С.Б ах нар миний хүү Э.А-д тус бүр унага бэлэглэж байсан. Ингээд манайх адуутай болох үндэс тавигдсан. Энэ хүмүүс бидний түүхийг мэдэхгүй болохоор манай аавын адууг зарсан гэж хэлдэг. 2013 онд З.Э бид хоёр н.Х  ахынд өөрсдөө малаа аваачиж өгсөн. З.Т тэнд байгаагүй. З.Т малчны нэрийг н.Х  гэж буруу хэлж байна.  н.Х  ахынд аваачиж өгөх болсон шалтгаан нь улсын нөөцийн 30-40 тооны малыг тэрээр малладаг байсан ба би тэр газрын нягтлан бодогч байсан тул танилын хүрээгээр аваачиж өгч байсан. Хувийн малыг маань тоолж байсан баримт гэрт маань байгаа. Хүний малыг авч зараагүй. Би тийм ч учраас малын А дансыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрвээ эцгийнхээ малыг байгаа гэж үзэж байвал тэрийгээ нотлоод энд байхгүй байгаа З.Эс нэхэмжил. Миний бие хадам аав С.З гэдэг хүний А данстай малнаас нэгийг ч идээгүй, зараагүй. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын хийсэн хэлцлийн тухайд тайлбарыг эхлээд яръя. 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус хэлцлийг хийсэн. Энэ хэлцэл нь одоо ч гэсэн хүчинтэй. Энэ хэлцлийг ажлын бус өдөр биш ажлын цаг дууссаны дараа хийсэн байдаг. Намайг гэрээс минь очиж авсан. Энэ хэлцлийг бичгийн машинаар нэхэмжлэгч нарын нэг нь бичсэн.  Би дэргэд нь байсан.

 “Тус хэлцэлд “ЗТ” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ************* дугаар бүхий 2369 мкв га газрын хамт З.Э-н нэр дээр байдаг бөгөөд миний эцэг С.З таалал төгсөхийн өмнө З.Э-д захиж үлдээхдээ “миний хүү энэ үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан, ах эгч нараа байр, сууцтай болгоорой” гэснийг үндэслэн  З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э нар байгуулсан. Үүнд: 

1. Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

1.1 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар  Булган аймгийн Хас банкнтай хийсэн ************* тоот гэрээний дагуу 40000000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг түүний хүүгийн хамт төлөх; Компанийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан үүссэн торгууль, алдангийг төлөхгүй болно.

 1.2 Өнөөдрийн байдлаар Булган аймаг дахь “Э” сангаас авсан 9000000 төгрөгийг маргаангүй төлөх,

1.3 Том ах З.Т-д уурын зуух байсан байшингийн 2 давхарыг орон сууц болгон тохижуулахад зориулсан 40000000 төгрөгийг тус тус төлж барагдуулах.

2 Дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс

2.1 З.Э болон түүний гэр бүлийн гишүүд болох Ц.Б, Э.А нарт борлуулсан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2,1.3 дах заалтуудад заагдсан үнийн дүнг хасаж тооцсоноос үлдэх хэсгийн 30 хувийг;

2.2 З З.Э, З.Т, З.Т, З.Т нарт борлуусан үнийн дүнгээс уг хэлцлийн 1.1, 1.2, 1.3, 2.1-т заасан заалтуудад заагдсан  үнийн дүнг хасаж тооцон үлдэгдэл үнийн дүнг ижил тэнцүү хувааж авах;

Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан төлбөрийг З.Э-н Хаан банк дахь ********* тоот дансанд төвлөрүүлэн ажлын 7 хоногийн дотор тус хэлцлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заагдсан хэсгийг төлж барагдуулсны дараа хэлцэл хийгч нарт өөрт ногдох хэсгийг олгоно.

 Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүртэл “ЗТ” ХХК-ийн үйл ажиллагаанд хэлцэл хийгч нар  оролцохгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны дараа “ЗТ” ХХК нь З.Э-н мэдэлд үлдэнэ” гэж хэлцлийг байгуулсан.

Энэхүү хэлцэл нь Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн дагуу одоо ч гэсэн хүчинтэй. Энэхүү хөрөнгө худалдан борлуулагдаагүй мөн хөрөнгийг цааш нь авч явах хүн нас барсан. Хуульд заасны дагуу 1 жилийн дараа өв нээгдэж, жилийн дотор өв нээлгэх хүсэлтээ гаргадаг. Нэхэмжлэгч нар надтай уулзаж зөвлөгөө авч байсан. Тухайн үед гурван объектод өв нээлгэх хүсэлт нэхэмжлэгч нар гаргасан. Би нэхэмжлэгч нарт эцгийн нэр дээр байх хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах эрхтэй. Хэрвээ нэг нь өвлөж авах бол бусад нь татгалзаж буйгаа илэрхийлж бичиг хийж өгнө, хүүхдүүдийн нэр дээр тус тусдаа хөрөнгө байдаг бол Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасны дагуу өв авах дарааллын дагуу өв нээгдэнэ харин бусад хүмүүст өв хүлээн авах эрх хуулийн дагуу үүсэхгүй тухай хэлсэн. Нэхэмжлэгч З.Т надад “Эрдэнэт хотын нотариатч нараас зөвлөгөө авахад тантай адил зүйл хэлж байна” гэж хэлж байсан. Үүний дараа нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгч нар Ц.Б миний аавын хашаа байшинг худалдана гээд явж байсан гэж байна. Энэ нь тийм биш юм. Таалийгаач З.Э амьд байхдаа шинэ хороонд байрлах хашаа байшингаа өвлөж авъя гэж над дээр ирж байсан. Би түүнд “танайх ах дүү олуулаа тул ах, эгч нараасаа тус байшинг өвлөх эсэхийг нь асуугаад тэд татгалзсан тохиолдолд чи хүсэлтээ өгч болно” гэж хэлсэн ба тэрээр хааяа нэг энэ талаар асууж, та нээгээд өгөөч хэлдэг байсан. Би өмнө хэлсэн зүйлээ дахиад л түүнд хэлдэг байсан.  З.Э.г нас барсны дараа  уг хашаа байшин, “ТХ” сургууль, “ЗТ” ХХК-ийг өвлөх хүсэлтийг нэхэмжлэгч нар гаргасан. Миний бие тухай бүр нь  хүсэлтийг нь танхимдаа гаргаж, танхим бүртгэж аваад энэ хүсэлтийн дагуу ямар нэгэн өв нээгдээгүй, гэрээслэл байхгүй талаар хариу ирж би ч энэ тухай танилцуулдаг байсан. Ингээд хашаа байшинг З.Т-д өв нээж, “ЗТ” ХХК-ийн 1 давхарт байсан “ТХ” сургуулийн 8 өрөөг нь С.З-н 5 хүүхдэд тэнцүү хувааж хүсэлтийнх нь дагуу өв нээж өгсөн.  “ЗТ” ХХК-ийн өв нээлгэх асуудал үлдэж нэхэмжлэгч нар өөрсдөө өвлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би “хуулийн дагуу эхнэр, хүүхдэд нь өвлөгддөг учиртай, шүүхээр хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлж болно. Мөн нэгдүгээр ээлжийн өв хүлээн авагч нь  Иргэний хуулийн 535 дугаар зүйлд 535.1-д заасны дагуу олсон орлогоос нь хүртээж болох хуулийн зохицуулалт байдаг тул өөрсдөө сайн тохиролц” гэж нэхэмжлэгч нарт хэлсэн. Би танхимаасаа энэ талаар асуухад шүүхээр асуудал нь  шийдвэрлэгдсний  дараа өв нээх тухай надад хэлсэн. Ц.Б татгалзах шийдвэрээ авахаар хамгийн түрүүнд ирсэн ба нэхэмжлэгч нарын хүсэлтүүдийг нь давхар өгчихсөн байсан. Нэхэмжлэгч нарт татгалзах шийдвэрээ өгтөл тэд энэ асуудлыг дахин сөхөхгүй нэг хэсэгтээ чимээгүй болсон. Гэтэл 2 сарын дараа Ц.Б хууль ёсны дагуу өвөө нээлгэж авна, үүний дараа асуудал үүсвэл өөрөө хариуцна гэж хэлсэн. Ингээд хуулийн дагуу Ц.Б-т өвийг нээж өгсөн. Үүний дараагаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нар бичсэн хүсэлтүүдийнхээ хувийг авъя, зөвхөн татгалзах хүсэлт өгсөн байна гэж ирсэн. Ц.Б-тэй холбогдож нэхэмжлэгч нарын хүсэлтүүдийг чиний материалтай хамт өгсөн байна, хүсэлтээ авах тухай хэлснийг түүнд дамжуулсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өв нээлгэх тухай хүсэлтүүдийг нь түдгэлзүүлсэн бөгөөд түүнээс хойш шүүхэд талууд тухайн үед маргаан гаргаагүй байсан учир хууль ёсны дагуу нээж өгсөн.  Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа “Б.П гуай шалгаж үзэлгүйгээр өвийг нээсэн” гэсэн. Бид албан ёсны бичиг баримтыг үндэслэж өв нээх ёстой.

Миний бие шүүхэд дараах тайлбарыг өмнө нь өгсөн. Үүнд: Нэхэмжлэгч  нар намайг хариуцагч Ц.Б-н хамтран хариуцагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:  “ЗТ” ХХК нь   З.Э агсны өмч бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх нь түүний мэдлийнх байхыг 2006 оны компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2013 оны компанийн дүрэм, газар эзэмших гэрчилгээ зэргээр нотлогдож байна. З.Э агсан нь 1995 оны  02 дугаар сарын 03-ны өдөр Ц.Б тэй гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрлэлтийн 06 тоот гэрчилгээ авсан, тэдний хүү Э.А нь  1995 оны  03 дугаар сард төрсөн төрсний гэрчилгээ тус тус байсан. 2019 оны 12 дугаар сарын 19-ныг хүртэл ам бүл гурвуулаа амьдарч байсан нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт,  Булган аймгийн  өрхийн бүртгэлийн ********* дугаартай бүртгэлийн дэвтрээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн  520 дүгээр зүйлийн 520.1.1, 528.2-т зааснаар эхнэр Ц.Б-г хууль ёсны өвлөгчөөр тогтоон өв нээж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хүү Э.А хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай, сэтгэцийн өвчтэй гэх эмчийн дүгнэлт гарсан тул Ц.Б-гт өвийг нээж өгсөн. “ЗТ” ХХК-ийг  2006-2016 оны 02 дугаар сар хүртэл З.Э агсан удирдан үйл ажиллагаа явуулж, санхүүгийн үйл ажиллагааг эхнэр Ц.Б хариуцан хийж байсан нь Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06/604 тоот албан бичгээр нотлогдож байсан.  З.Э агсан нь эцгийн захиасын дагуу ах, эгч нараа ирүүлэн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцлийн дагуу “ЗТ ХХК-ийн хөрөнгө болон үйл ажиллагааны эрхийг хуулийн дагуу эхнэр Ц.Б-т өвлүүлсэн. Бичиг баримтад тулгуурлаж өвийг нээхээс биш хэрхэн үүссэн, хэний өмчлөлд байсныг тогтоох эрхгүй юм. Нэхэмжлэгч  нар “Б.П гуай 2 давхар “Б” зочид буудлыг 100 хувь Ц.Б-т өв нээсэн ” тухай ярьж байна. Энэ нь 2 давхрын гэж бичих байгаад 2 давхар гэж бичиж тухайн үед техникийн алдаа гаргасан байна.

Хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч З.Т-н өмгөөлөгч Д.Энхбаяр хүсэлт гаргасан байдаг. Үүнд тайлбар хэлье. 1. З З.Э, З.Т, З.Т, З.Т, Ц.Б нарын 2017 оны  12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн аваад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өв хүлээн авагч нарт “ТХ” дунд сургуулийн өвийг 20, 20 хувиар нээсэн тул тус тусад нь гэрчилгээ гарч хураамжид тус бүр 300000 төлөгдсөн тухай материал архивт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С.З агсны нэр дээр байсан хашаа байшинг З.Т-д өвийг нээсэн байдаг. Нэхэмжлэгч нар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр   “ЗТ” ХХК-ийн хөрөнгийг өвлөх хүсэлтийг гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч нь байгаа учир эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлэн хүсэлтүүдийг буцаан өгч, өөрсдөөр нь гарын үсэг зуруулан хувийг нь авч үлдэж  матералыг нь буцааж Ц.Б-т өгч, бусад өвлөхийг хүсэгчдийн материалыг Ц.Б-т хамт өгсөн байсныг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ц.Б-с авч өөрсдөд нь өгсөн гэх тайлбарыг өгсөн.

 Нэхэмжлэгч нарт хүсэлтүүдийг түдгэлзүүлэн буцааснаас хойш Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар Ц.Б-с бусад нь дахин хүсэлт гаргаагүй бөгөөд Ц.Б 2018 оны 07 дугаар сарын 19,20-ны өдөр өв нээлгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу  хууль ёсны өвлөгчид өвийг нээж өгсөн. Миний бие Ц.Б-тэй хуйвалдаж, тохиролцсон зүйл байхгүй.  Нэхэмжлэгч нарын 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сард гаргасан хүсэлт нь бүгд өвийн материалд байгаа. 2018 оны  05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг өөрсөд нь буцаан олгож, түдгэлзүүлсэн материалын хуудсанд нэхэмжлэгч нараар гарын үсэг зуруулан хавсаргасан. Дутуу буюу хууль зөрчсөн хүсэлтийг бүртгэдэггүй, өөрөөр хэлбэл өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор гаргаж байгаа өв хүлээн авах хүсэлт, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатын нэгдсэн өвийн санд бүртгүүлж, харин нэг жил өнгөрснөөс хойш гаргаж буй хүсэлтийг нэгдсэн сангийн бүртгэлд тусад нь бүртгэдэг журамтай. Энэ хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгодог. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгосон мөн нотариатын өв бүртгэх хүсэлт, материалыг хавсаргасан архивладаг. Мөн танхимд цахимаар хүмүүсийн гаргасан хүсэлтийг нэгтгэн 2018 оны 05 дугаар сарын 04, 07-ны өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийн лавлагааны хариунууд 2018 оны 05 дугаар сарын 07-ны 1107, 1111, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1742 тоот хариу ирүүүлснийг хүлээн авч өвийг хуулийн дагуу нээж өгсөн. Ийм тайлбарыг тухайн үед гаргаж байсан. Өв нээсэн нь хууль ёсны дагуу юм. Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагад дараах тайлбарыг өгье. Нэхэмжлэгч нар эцэг С.З “Б” буудлыг өмч хувьчлалаар авч “Б” ББХК-г  1994 оны 03 дугаар сарын 24-ны өдөр байгуулан үйл ажиллагаа явуулж эцэг С.З ерөнхий захирлаар, ээж М.Ц нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан гэжээ. Монгол улсын аж ахуй нэгжийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.24-т заасны дагуу З.Э худалдааны зориулалттай “Б” ББХК-ийн гэрээг 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулан дүрмийн хамт 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн улсын нотариат н.Д гээр батлуулан 04 тоот тэмдэг даруулсан тухай баримт нь байдаг. Уг гэрээний дүрмийн сан 6500000 төгрөгөөр бүрдүүлэн 2 гишүүнтэй үүсгэн байгуулж З.Э 5500000 төгрөг, н.Х  1000000 төгрөгийн хувь нийлүүлсэн. Мөн тус дүрмийн 7-д З.Э байхгүй үед өөрийн томилсон төлөөлөгч удирдан гэсний дагуу 1994,1995, 1998, 2005 онуудад С.З агсан ажлыг нь орлон гүйцэтгэж байхдаа  гарын үсэг зурсан бичиг баримтыг нь нэхэмжлэгч нар хараад тэгж ойлгосон байна.  Өвийн гэрчилгээ нээснээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 545 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 108 дугаар зүйлийн 108.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар Ү-*********  дугаарт бүртгэлтэй 1502 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болох Б зочид буудал, нэгж талбарын ********* дугаартай 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э/ нарын дундаа хэсгээр өмчлөх дундын өмч болохыг тогтоож,

2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4 дэх хэсэгт зааснаар Булган аймгийн нотариатч Б.П.н 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож,

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, ********** нэгж талбарын дугаартай 2370 мкв газрын ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 110 толгой малын үнэ 80450000 /наян сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1254445 /нэг сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Б.П нараас 881300 /найман зуун наян нэг мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт 694445 /зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөг, Төрийн санд 186855 /нэг зуун наян зургаан мянга найман зуун тавин тав/ төгрөгийг тус тус олгож,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Ц.Булганчимэгийн “ЗТ” ХХК-ийн “Б” зочид буудлын Ү-******** дугаартай 1502 мкв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө, *********** нэгж талбарын дугаартай  2370 мкв газрыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан болохыг дурьдаж,

6. Шүүхийн шийдвэрийг уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарлаж,

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.П давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “ЗТ” ХХК-ний өмч болох Ү-******* тоот улсын бүртгэлийн дагууратай 1502 мкв тайлбах бүхий үл хөдлөх дээрхи хөрөнгийн доор байгаа ********* нэгж талбар бүхий 2370мкв эзэмшил газрын эзэмших эрх нь С.З, Ц нарын болон тэдний гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө гэж үзэж нотариатын өв залгамжлах эрх нээсэн өвийн 12, 14 тоот гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дээрх компанийн эд хөрөнгө нь Энхтүвшин агсны өмч болох нь доорхи баримтаар батлагдаж байна. Үүд:

1. ББХК үүсгэх байгуулах тухай гэрээнд ...З.Э миний бие үйлчилгээ худалдааны “Б” зочид буудал, ББХК-г 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулан дүрмийн сангийн 5.5 сая төгрөгийг өөрөө гаргаж, хувь нийлүүлэгч Хүрэлбаатар 1 сая төгрөгийн хөрөнгийг нийлүүлж гэрээгээ үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 04-нэий өдөр Засаг даргын тамгын газрын улсын нотариатч Даваасүрэнгээр батлуулан З.Э захирал 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дүрмээ боловсруулсны үндсэн дээр улсын бүртгэлийн ****** тоот регистртэй 118 тоот гэрчилгээг авснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. “Б” хувийн зочид буудлын ББХК-ний дүрмийн 6-д ББХК-ний эзэн З.Э байна. Дүрмийн 2-т эзэн дор дурьдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ... өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэх мэт. ББХК-ний 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан гэрээний 7-д компанийг үүсгэн байгуулагч захирал З.Э түүнийг байхгүй үед өөрийнх нь томилсон төлөөлөгч удирдана гэсэн заалтуудаас дүгнэлт хийхэд “Булган” хувийн зочид буудлын ББХК-г З.Э үүсгэн байгуулсан нь тодорхой байна.

Булган НАА-н газрын харъяа “Б” зочил буудлыг ББХК-ний эзэн З.Э.д хүлээлгэн өгсөн тухай 1994 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 01 тоот актанд ...”Б” ББХК-аас эзэн З.Э, З, Ц нарыг байлцуулсан... 139 нэрийн зүйлийг дансны үнээо 960515 төгрөгийн хөрөнгийг эзэн З.Э.д хүлээлгэн өгөв. Гэснээс үзэхэд ББХК-ийг үүсгэн байгуулагч эзэн З.Э дүрмээ боловсруулаад гэрээгээ хийж батлуудаад дараа нь хөрөнгөө хүлээн авсан нь баримтаар тодорхой батлагдаж байна.

Буудал гуанзны эзэмшилд зарим нэг өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн 1 тоот протуколын 2-н б-д буудлын үйчилгээг хариуцсан захирлаар З.Э, нягтлан бодогчоор М.Ц нарыг тогтоож ББХК гэж нэрлэх, 2-н г-д ...хуучин “Б” ББХК-г татан буулгахыг зохих байгууллагад хүсэлт болгов гэснийг үндэслэн захирал З.Э 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот тушаалаар “А” ББХК байгуулж дүрмийн санг 3.500.000 төгрөгөөр тогтоосугай гэснээс дүгнэлт хийхэд “Б” ББХК-иас ”А” ББХК-г салган хөрөнгийг нь өгөөд гаргасан нь тодорхой байна. Харин дээрх протуколоор “Б”  ББХК-г татан буулгана гэснийг үндэслэн холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “ЗТ” ХХК-ийг байгуулан нэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлж ***** тоот регистртэй, ******** тоот гэрчилгээ авснаар компаний удирдлага З.Э гэж бичигдсэн бөгөөд компанийн гэрээ дүрмийг З.Э боловсруулан 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нотариатоор батлуулан мөрдөж байгаад 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дүрмэндээ өөрчлөлт оруулан “ЗТ”ХХК-ийг 2 гишүүнтэй компаний үйлчилгээнд гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын ахлах анги бүхий дунд сургуулийн үйл ажиллагааг нэмж оруулаад компанийн нийт 60,3 сая төгрөгний хөрөнгөнөөс 15.450.000 төгрөгний хөрөнгийг таслан сургуулийн өмчлөлд шилжүүлж сургуулийн өөрийн дүрэм, удирдах зөвлөлтэй байхыг тусгаад “ЗТ” компаниа З.Э өөрөө удирдана гэж оруулсан байдлаас дүгнэлт хийхэд “Б” ББХК 1994 оноос 2002 он хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулсны үр дүнд хөрөнгийн хэмжээ 60.3 сая төгрөг болтлоо өссөн болох нь дүрмийн өөрчлөлтөөр тодорхой харагдаж байхад шүүх компаний хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.

С.З 2012 оны 08 дугаар сарын 8-ны өдөр нас барсан нь үнэн гэхдээ энэ үед дээрх компаний болон компаний хөрөнгө З.х биш хүү З.Э.н эзэмшилийн компани бөгөөд хөрөнгө нь ч “ЗТ” ХХК-ний хөрөнгө учир С.З-г нас барснаас З.Э, З.Т, З.Т, З.Т, нарт өв залгамжлах эрх Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 518.2-т зааснаар эрх нээгдэхгүй. Яагаад гэвэл дээр дурьдсан нотлох баримтуудаар “ЗТ” компанийн хөрөнгө болон газар эзэмших эрх нь батлагдаж улмаар эзэн нь Э болох нь баримтуудаар батлагдаж байна.

З.Э.н хүсэлтээр 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцэл бол Иргэний хуулийн 40.3, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан дундын өмчийг хуваарлах хэлцэл биш. Харин эцэг З агсны амаар ярьсан зүйлийг биелүүлэх зорилгоор өөрийн санаачлагаар ах, эгч нартайгаа өөрийн компаний өмч болох зочид буудлын барилгыг зарагдсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс тухайн компанийн үүсгэсэн зарлагыг хасаад үлдсэн мөнгийг нь хэлцэлд заасны дагуу хувиар өгнө гэж Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар болзол тавин хийсэн нь тодорхой байгаа учир дээрх хөрөнгө Зундуйн гэр бүлийн дундын өмч биш болох нь хэрэгт авагдсан хүчин төгөлдөр хэлцлээр батлагдаж байна. Уг хөрөнгө нь одоо ч зарагдаагүй байгаа. Хэрэв дундын өмч гэж үзэж байсан бол энэ хэлцэл хийж байхад ярилцаж оруулах байсан юм. Хэлцэл хийхийг санаачилсан хүн нь нас барсан хойно ингэж маргаж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нотариатч би Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1, 530 дугаар зүйл, 531 дүгээр зүйл, 532 дугаар зүйл, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т зааснаар заалтыг зөрчөөгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар дээрх нотолгоонуудыг судалсны үндсэн дээр Э агсны эхнэр Б.т өв нээж гэрчилгээ олгосноо хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Компаний болон түүний хөрөнгө нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т заасан гэр бүлийн гишүүдийн хөрөнгө биш Компаний хуулийн дагуу компаний эзэн З.Э, нягтан бодогч Ц.Б нарын хөрөнгө бөгөөд хуулийн этгээдийн хөрөнгө болох нь батлагдаж байна. Нотариатч би улсын бүртгэлийн Ү-********** тоот гэрчилгээнд 2 давхар  барилга 1502 мкв гэсэн заалтыг өөрчлөх эрхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсэгт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3-т заасныг дурьдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр хэдий ч уг хэлцэлийн амин сүнс болох 1 дэхь хэсэгт дээрх үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс гэж заасан тодорхой заалтыг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Мөн иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан дундын өмчлөлөөр өмчлөх эрх нь үүсээгүй байхад ямар нэг нотлох баримтгүйгээр хамтран өмчлөгч мэтээр нэхэмжлэгч нарыг үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.11-т зааснаар хууль ёсны өвлөгч нь би болон миний хүү Э.А нар юм. “ЗТ”  ХХК-ний захирал асан талийгаач нөхөр З.Э.н хөрөнгө бөгөөд олон тооны нотлох баримтаар тогтоогддог байтал мөн л анхан шатны шүүх анхаарч харгалзан үзсэнгүй. Уг хөрөнгө нь С.З болон түүний хүүхдүүдийн хөрөнгө биш компаний өмч бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан хуулийн этгээдийн өмч юм. Анхан шатны шүүхээс уг хэлцлээр С.З нь үр хүүхдүүддээ гэрээслэл үлдээсэн мэтээр ташаа ойлгосноор барахгүй З.Энхтүвшин нь Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1-т заасны дагуу гэрээслэлээ өвлөж авч чадалгүй нас барсан мэтээр үзэж байгаа нь миний өвлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Булган аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдоо: “...Б зочид буудлын З.Э хувчлалаар авч 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б ББХК болгон өөрчлөн байгуулж компаний дүрмийн сан нь 5.500.000 төгрөг, иргэн Х 1.000.000 төгрөгийн хөрөнгө нийлүүлснээр дээрх компаний сан нь 6.500.000 төгрөг болжээ. З.Э гэрээ үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 4-ний өдөр нотариатч М.Д-р гэрчлүүлсэн байдаг. Б Б БХК-ний эзэн З.Э 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдөр компаний дүрмээ боловсруулж улсын бүртгэлийн ******* тоот регистртэй 118 тоот гэрчилгээ авснаар компаний үйл ажиллагаа эхлүүлжээ. Б ББХК-ний дүрмийн 6-д энэ компаний эзэн захирал нь З.Э гэжээ. Газрын тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу Булган сумын засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний 116 тоот шийдвэрээр аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг ******* болгон “ЗТ” ХХК-г хуулийн дагуу эзэмших эрхтэй болжээ. Ц.Б “ЗТ” ХХК-ний эрхийг дагаад үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, өвлөх эрхтэй болсныг тойргийн нотариатч Б.П баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариатаар гаргана гэсний дагуу Ц.Б.т талийгаач нөхөр З.Э.н үл хөдлөх хөрөнгө өв залгамжлах эрх үүссэн нотариатч Б.П Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар Ц.Б.т өв нээж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуулийн зохицуулалттай тохирч нийцэж байна. Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т нас барагчийн эхнэр, нөхөр нь ... өвлөнө гэсэн нь Ц.Б хууль ёсны өвлөгч нь мөн болохыг харуулна. Эцэг С.З нь үр хүүхдүүддээ захиж хийсэн хэлцэлд тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд гэсэн нөхцөл нь хамгаас чухал. Хэлцлийн 4-т үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах хүртэл Зулзган түшиг компаний үйл ажиллагаанд хэлцэл хийгчид оролцохгүй гэжээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т өвлөгч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатад өв хүлээн авах эрхийн гэрчилгээ олгохыг хүсё өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд өвлөгдөх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж аваагүй, эрхлэн удирдаагүй, өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй нь нэхэмжлэгч нарын тайлбар мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүх “ЗТ” ХХК-ний үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т нар нь хариуцагч Ц.Б, Б.П нарт холбогдуулан

1.Наториатч Б.П.н 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот “ЗТ” ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Б.т олгосон  үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэл болон газрын албанд хийгдсэн дээрх өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах,

2.  З.Э, З.Т, З.Т, З.Т нарыг “ЗТ” ХХК-ний Ү-********** дугаартай 1502 м.кв хэмжээтэй 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон ************ дугаар бүхий 2370 м.кв газрын хууль ёсны газрын өвлөгч болохыг тогтоолгох тухай, эцэг С.З.н өмчлөлийн 110 малыг С.З.н  хөрөнгө болохыг тогтоолгох, малын үнэ 80.450.000 төгрөгийг хариуцагч С.Б.с гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын эцэг С.З. нь 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, хүү З.Э 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  тус тус нас баржээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 518.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг эзэмшин аваагүй, эрхлэн удирдаагүй, өвлөн авах тухай хүсэлтэй эрх бүхий байгууллагад гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож тогтоогдсон, шүүх иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар С.З.н эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  байна. 

“ЗТ” ХХК-ний өмчлөлд байдаг Ү-********** дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй 1502 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө болох Б зочид буудал болон ************ нэгж талбарын дугаартай 2370 м.кв газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т нарын дундаа хэсгээр өмчлөх дундын өмч болох нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай наториатчийн баталсан хэлцэлийг үндэслэн шүүх  маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө, газар зэргийг зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсоноос хууль хэрэглээний алдаа гаргажээ.

 Өөр хэлбэл С.З агсаны амаар ярьсан зүйлийг баталгаажуулах  зорилгоор өөрийн компаний өмч болох зочид буудлын барилгыг зарагдсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээс тухайн компани үүссэн зардлыг хасч үлдсэн мөнгийг хувааж өгнө гэсэн хэлцэл нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.т заасан зохицуулалттай хамааралгүй, тухайн хэлцэлийг 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай нотариатч баталсан нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.т заасан “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцэлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцэлийг дуусгавар болгохоор болзол тавьж хийсэн хэлцэл“ гэж үзэх үндэслэлтэй болно.   

Харин талийгаач С.З агсаны хүү З.Э нь “ЗТ” ХХК-нийг удирдаж үйл ажиллагаа явуулж байсан нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.т заасан  хуулийн этгээд болох нь нотлогдсон бөгөөд захирал З.Э агсаны өмч бөгөөд тэрээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нас барсан учир  түүний эхнэр Ц.Б нь түүний хууль ёсны өвлөгч тул түүний өв нээлгэх хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.т зааснаар өв нээж гэрчилгээ олгосон наториатчийн үйлдэлийг  давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгох нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хариуцагч Б.П, Ц.Б нарын давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

                                      ШҮҮГЧИД                               Б.БАТТӨР                                          

                                                                                     М.ХҮРЭЛБААТАР