Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 21

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 562 дугаартай шийдвэртэй,

Г.Э ийн нэхэмжлэлтэй, З.Б өд холбогдох гэм хорын хохирол 31 966 251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач Б.Б ын охин Б.А  нь /2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн/ 7 нас, 2 сар, 11 хоногтой байсан ба Б.А  охины хувьд эцэг, эхийн асрамжид байсан ч эцэг нь цаг бусаар гэмт хэргийн улмаас нас барсантай хамааралтайгаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 195000 төгрөгийн тэтгэмж тогтоолгосон юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т ...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасны дагуу Булган аймгийн ... оршин суух Д.Б  нь ам бүл дөрвүүлээ амьдарч байсан ба холбогдох төрийн байгууллагын тодорхойлсноор өрхийн хөдөлмөрийн насны 1 хүнд ноогдох сарын дундаж орлого 875133 төгрөг гэж тооцсоны дагуу охин Б.А ыг 16 нас хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сард 680133 төгрөг болж байгаа тул 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар 12-ны өдрийг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 31966251 төгрөг, энэ хугацаанаас хойш буюу 2024 он хүртэл Б.А ыг 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөруүг сар болгон тогтмол гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу З.Б өөс 31966251 төгрөг гаргуулах, энэ хугацаанаас хойш Б.А ыг 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөрүү болох 680113 төгрөгийг сар бүр тогтмол гаргаж нэхэмжлэгчид олгохыг З.Б өд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрий 48 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэж Г.Э  нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан аваад хариу тайлбартаа нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг урьд өгсөн. Эрүүгийн хэрэг нь 3 жилийн хугацаанд эцэслэн шийдвэрлэгдсэн. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолд хохирогч тал гэм хорын хохирлын нэхэмжлэлдээ багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэж цалин тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн байдаг боловч шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон юм. Үндэслэл нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мөн 195000 төгрөг байсан тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно гэж заасны дагуу зөрүү гарахгүй учраас хэрэгсэхгүй болгож тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 195000 төгрөгөөр тогтоосон байдаг. / 2015 он/ Нэхэмжлэлд дурьдсаны дагуу нэхэмжлэлийн зүйл нь 2019 оноос, эсхүл талийгаачийг нас барснаас хойш тооцсон эсэх нь ойлгомжгүй байна. Нэг хүнд ногдох орлогын дундаж 875133 төгрөг үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжээ хасаж тооцоод 680133 төгрөг болно гэжээ. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 31966251 төгрөгийг нөхөн гаргуулах, 680133 төгрөгийг Б.А ыг 16 насанд хүртэл сар бүр хариуцагчаас гаргуулна гэж шаардаж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин тэтгэмжийн зөрүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тэтгэмжийн дэвтэрт 2019 оны 01 дүгээр сард 143000 төгрөг, 2 дугаар сард 270000 төгрөг, 3 дугаар сард 270000 төгрөг авсан байна. Энэхүү тэтгэмжийн дэвтрээс тооцоолж үзэхэд талийгаачийн ажилласан 12 жил 6 сарын дундажаар тооцвол цалин нь 151125 төгрөг байна. Нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэгт авагдсан төрийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэж 1 хүнд ноогдох орлого 875133 төгрөг гэсэн байна. Цалин орлоготой байсныг төрийн байгууллага тодорхойлохгүй. Нөхөн гаргуулах болон сар бүр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 562 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хариуцагч З.Б өөс гэм хорын хохирол 31.966.251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, Б.А ыг 16 насанд хүртэл сар бүр 680133 /зургаан зуун наян мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Б өд даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Э  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нас барсан эцгийнхээ олж байсан буюу цаашид олох боломжтой байсан орлогоос тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байгаа ба шүүхийн тогтоолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох чиг үүргийг нас барсан хүний орлого тодорхойлсон үйл байдалд өөрөөр нотлох баримт цуглуулах боломжгүй юм. Мөн талийгаач Д.Б  нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдогийн хувьд хувиараа нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан болохыг анхаарч үзсэнгүй. Сум, багийн Засаг даргын хувьд хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг, малчин өрхийн малын ашиг шимээс хүртэх орлого, маллаж буй малын тоо хэмжээг тодорхойлох эрх бүхий субъект бөгөөд энэхүү баримтыг үнэлдэг нийтэд илэрхий үйл байдал юм. Дээрх байдлаар орлого нотлох боломжгүй гэж шүүхээс үзсэн тул мэргэжлийн байгууллагаар орлого тодорхойлуулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Булган аймгийн ... Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 04 ний өдрийн 64 тоот тодорхойлолтод дурьдсаны дагуу 694 толгой малтай нэг өрх жилд ямар хэмжээний орлого олох мөн уг орлогоос 1 хүнд ноогдох сарын дундаж орлого хэдэн төгрөг болохыг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу шүүх Далай ван Аудит ХХК-ийг томилсон гэх боловч тус газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 01/26 дугаар албан бичгийг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай. захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж хүсэлт, гомдол гаргасан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Мөн Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2019/00562 дугаар шүүхийн шийдвэр нь Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргний анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 231 дүгээр шүүхийн тогтоолыг хуулсан, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шинжээч томилуулах хүсэлт, захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлгүй тухай хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүулэхээр буцааж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Э  нь хариуцагч З.Б өөс гэм хорын хохиролд 31.966.251 төгрөг, 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Б.А д тэжээгчээ алдсаны тэтгэмж 680.133 төгрөгийг 16 нас хүртэл нь сар бүр гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч З.Б  нь Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.

Тухайн шийтгэх тогтоолоор ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар 9.158.838 төгрөг гаргуулж хохирогч Б.М , Г.Э  нарт олгож, 25.122.050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож малчин авч ажиллуулж байсны хөлс болон олох байсан орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Э  нь гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны зөрүүг гаргуулахаар нэхэмжлэсэн байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд өөрөө бүрдүүлж өгөх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 64 дугаар тодорхойлолтоор талийгаач Д.Б ыг 694 толгой малтай байсан, малын арьс шир, түүхий эд борлуулж орлого олдог байсан гэх боловч энэ талаархи бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй /малчин өрхийн малын тооны А данс, арьс шир, түүхий эд борлуулж татвар төлсөн тухай баримт/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шинжээчээр томилогдсон Далай ван Аудит ХХК нь дүгнэлт гаргах боломжгүй болсон байна.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн тогтоосон журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангаравын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Б.БАТТӨР

                                                               ШҮҮГЧ                  М.ХҮРЭЛБААТАР