Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0432

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар Л.Аийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч:  Лн А

Хариуцагч: Нийслэлийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: 

Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр Лн Аийг бүртгэх үүргийг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, өмгөөлөгч Х.О, хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Лн А миний бие Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгууллагад сонгогдох эрхийнхээ дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 44-р тойрогт бие даан нэрээ дэвшүүлж, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.3-т заасан шаардлагыг хангахын зэрэгцээ мөн хуулийн 154-р зүйлийн 154.4-т заасны дагуу өөрийн эрхэлж байсан Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын тамгын хэлтсийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Сонгуулийн тухай хуулийн 156-р зүйлийн 156.2.2-т зааснаар нэрээ дэвшүүлж байгаа тойргийн 643 сонгогчийн гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулж хуульд заасан бусад материалуудын дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн юм.

Гэтэл Нийслэлийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоол гаргаж бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Уг тогтоолд үндэслэл болгосон хуулийн заалт нь Нийслэлийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэхдээ баримтлах процесс ажиллагааны тухай Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 157 дугаар зүйлийн 157.7, 157.8 дахь заалтаас гадна 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн заалт байна. Гэвч Сонгуулийн тухай хуулийн 158  дугаар зүйлийн 158.1-ийн нийт 11 заалтын алийг нь үндэслэн татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна. 

Миний бие дээрх тогтоолын 1 дэх заалтад дурдсан Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот албан бичгээр ирүүлсэн Сонгогчдын гарын үсгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгасан дүн гэдгийг үзэхийг хүссэн боловч Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос ийм албан бичиг гараагүй байна.  Гэвч Нийслэлийн  Сонгуулийн  хороо  дээр  дурьдсан   баримт  бичиг  болон  холбогдох  баримтаар сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж дурдан бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Тогтоолын заалтаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн ямар зүйлд заасан ямар зөрчлийг гаргасан нь тодорхойлогдоогүй тул ойлгох боломжгүй байна. 

Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлахыг хуулиар баталгаажуулсан боловч Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан зарчмыг баримтлахгүй, тодорхой бус шалтгаан зааж эхээс татгалзсан тогтоол гаргаж байгаа нь  бие даагч нэр дэвшихийг хязгаарлах бодлого барьж, одоогоор олонхи байгаа нам өөрсдийн суудлаа алдахгүйн төлөө явуулж байгаа далд үйл ажиллагаа бөгөөд энэ удаагийн ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа богино хугацаатай байгааг далимдуулан бүртгэхгүй татгалзаж цаг хожин эрх зөрчигдсөн иргэн эрхээ хамгаалах боломжийг хязгаарлаж байгаа нэг үйлдэл гэж үзэж байна. Хэрэв сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг шалгахад зөрчил гаргасан бол хэдэн хүнийх нь зөрчилтэй байгаа талаар тодорхойлоогүй нь ч асуудлыг удаашруулах гэсэн арга гэж үзэхэд хүргэж байна. Гарын үсэг зурсан сонгогчид гарын үсэг зураагүй гэх хүн байгаа бол ямар нэгэн зохион байгуулалтаар явагдаж байгаа үйл ажиллагаа болохыг ч үгүйсгэхгүй юм. Гэвч миний бие Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасны дагуу 501-ээс доошгүй хүний гарын үсэг зуруулах ёстой боловч 643 хүний гарын үсэг зуруулсан нь даруй 142 хүнээр илүү байгаа нь ямар нэгэн нөлөөгөөр гарын үсэг зураагүй хүн байсан ч дээрх шаардлагыг бүрэн хангах юм. Харамсалтай нь Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэхийн тулд бус ямар нэгэн шалтаг эрж бүртгэхээс татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан Монгол Улсын иргэн Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин иргэн миний эрх, чөлөөг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр Лн А миний биеийг бүртгэх үүргийг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 44 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байна. Энэ 34 дүгээр тогтоол 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан тогтоол байгаа. Энэ нь Багахангай дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгээр ирүүлсэн сонгогчдын гарын үсгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгасан дүнг үндэслэж холбогдох баримт бичгийг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоолоо гаргасан.

 Багахангай дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай албан бичигт шалгасан дүнгээр нийтдээ 65 хүнийг түүвэрлэн шалгаснаас 33 хүн зөрчилтэй гарсан. Тийм учраас өмнөх 643 хүний гарын үсэг зуруулснаас зөрчилтэй 33-ыг нь хасаад 610 хүний дэмжсэн гарын үсэг байна. Гэтэл үүнийг Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т “...501-ээс доошгүй хүний гарын үсэг зуруулсан байна” гэж заасан байна. Гэтэл энэ бол 33 хүнээ хасахаар 610 дэмжигчийн гарын үсэг зурсан болох нь баримтаар нотлогдож байгаа. Ийм учраас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Үүнийг хариуцагчаас хариу тайлбар болон өмнө нь амаар болон бичгээр гаргаж байсан тайлбарууддаа хэлж байсан.

Тэгэхээр сүүлчийн яриад байгаа тайлбарт гарсан үйл явдал болохоос өмнө болсон үйл явдал байгаа. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгээр ирүүлсэн 65 хүнийг шалгасан дүнд үндэслэж гаргасан тогтоол байгаа. Уг тогтоолын талаар Нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор гомдол гаргаагүй. Дараагийн шалгасан асуудлаа өмнөх үйл явдалтай холиод тайлбарлаад байна.

 2016 оны 05 дугаар сарын 17-ны 34 дугаартай тогтоол гарснаас хойш дахин Багахангай дүүргийн сонгуулийн хороо шалгалт хийсэн. Энэ нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны Багахангай дүүргийн сонгуулийн хорооны 05 дугаар тогтоол байгаа. Уг 05 дугаар тогтоолд мөн энэ 643 хүнээс нийтдээ 536 иргэн хууль ёсны дагуу гарын үсгээ зурсан байна гэж үзээд шалгасан дүнгээ хавсаргаад Нийслэлийн Сонгуулийн хороонд явуулсан байдаг. Энэ нь Багахангай дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шалгасан дүн гэсэн тогтоолоор гарсан. Уг тогтоолыг хэн хүчингүй болгосон юм. Энэ тогтоол мөн адил хамтын зарчмын үндсэн дээр гарсан тогтоол байгаа. Энэ тогтоолыг Нийслэлийн Сонгуулийн хороо хүчингүй болгох талаар хууль зүйн зохицуулалт байхгүй. Нийслэлийн Сонгуулийн хороо нь дүүргийн сонгуулийн хороог мэргэжил аргазүйн удирдлагаар хангана гэж байгаа болохоос гарсан тогтоол шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн хууль зүйн зохицуулалт байдаггүй. Тэгэхээр Багахангай дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 22-ны 05 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. 

Энэ тогтоолд зөрчлийг нягтлан шалгасан Т.Б, н.А гээд нэр бичээд  тогтоолын доор нь 284 гээд гараар оруулсан засвар байдаг. Үүнийг бол мөн адил хамтын зарчмаар гаргасан тогтоол тул энэ 2 хаанахын хэн гэдэг, ямар албан тушаалтай нь мэдэгдэхгүй хүний гарын үсгээр хүчингүй болгох үндэслэлгүй юм. Багахангай дүүргийн шалгасан дүнгээр ч гэсэн 536 хүн дэмжиж гарын үсэг зурсан нь тодорхой байгаа. 

Утсаар шалгасан гээд байна. Сонгуулийн тухай хуульд сонгогч хүн бүр утастай байна, утсаараа холбоо барина гэсэн заалт байхгүй. Утастай ч байж болно, утасгүй байж ч болно. Тухайн бүртгүүлсэн утсан дээрээ сонгогч байж ч болно, байхгүй байж ч болно, утсаа авахгүй ч байж болно.

Багахангай дүүргийн сонгуулийн хорооны 05 дугаар тогтоолд үзгээр зурсан байгааг нотлох баримтаар үнэлэх ямар ч үндэслэлгүй байна. Сая хариуцагчаас тайлбартаа өөрсдийнхөө шалгасан дүнгийн дагуу гэж ярьж байна. Энэ нь тогтоол гарснаас хойш болсон асуудал. Нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгэхээс татгалзсан шийдвэрт Л.А гомдол гаргаагүй. Үүнийг эрхийнхээ дагуу шалгалт хийгээд дүгнээд гаргасан албан ёсны баримт зүйл байхгүй байна. Мөн 201 санал зөрчилтэй байна гээд байгаа ч Нийслэлийн Сонгуулийн хорооноос ингээд шалгахад ийм, ийм зөрчил илэрч байна гэдэг албан ёсны дүгнэлт нотлох баримтын хэмжээнд гаргаж ирсэн зүйл байхгүй байна. Тийм учраас энэ тайлбар нь хууль ёсны гэж үнэлэх боломжгүй байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос маягт бол хууль биш. Заавал дагаж мөрдөгдөх хэм хэмжээ биш байгаа. Тийм учраас шалгалт хийхээр утсаар залгатал тэдэн хүн утсаа аваагүй, тэдэн хүн утасгүй байсан гээд 201 гэсэн тоог бичсэн. Тогтоол гарснаас хойш тогтоол дээр засч бичээд тэр үеийн тогтоолд хамааруулаад яриад байна. Өөрөөр хэлбэл тогтоол гарснаас хойш  болсон зүйлийг тогтоол гаргасан үетэй хамааруулж яриад байна. Утас дутуу, утас буруу гэсэн хэсэгт 201 гэж бичээд нийт зөрчилгүй 359 гэж тоолсон. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан маягтад заавал сонгогчийн утасны дугаарыг бичнэ, сонгогч утастай байна, сонгогч заавал утсаа авч хариу өгсөн байна гэж хүнийг тулгах арга байхгүй. Энэ нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Үүнийг үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Утасгүй иргэн хөдөө орон нутагт зөндөө байгаа. Зарим хүн би утасны дугаараа өгмөөргүй байна гэж ч болно. Энэ чинь хувь хүний эрх хэмжээний асуудал.

Мөн нэг л зөрчил гаргасан бол бүртгэхээс татгалзана гэж ойлгогдож байна гэсэн. Нийслэлийн Сонгуулийн хорооны гаргасан тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 нь дотроо 11 хэсэг заалтаас бүрдсэн байгаа. Эдгээрийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Үүнийг Нийслэлийн Сонгуулийн хорооноос тодорхойлж тайлбарлаагүй. Нэг л зөрчил гаргасан бол бүртгэхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Нэг л зөрчил гэсэн юм бол яах гэж энэ олон зөрчлийн жагсаалт гаргасан юм. 

Иймд Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны 34 дүгээр тогтоол хууль зөрчиж гарснаараа иргэн Л.Аийн Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасан төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн эрхийг нь зөрчсөн гэж үзээд энэ тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 44  дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч иргэн Лн А нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу Багахангай дүүрэг буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 44 дүгээр тойргийн 643 сонгогч иргэдийн гарын үсгийг зуруулан сонгуулийн төв хорооны маягтын дагуу зуруулан хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн гэж дурдсан байна.

Багахангай дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч иргэний ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана”, 157 дугаар зүйлийн 157.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах ...” гэж заасны дагуу нягтлан шалгасны үндсэн дээр нэр дэвшигч иргэн Л.Аийн баримт бичиг нь зөрчилтэй байгааг шалган тогтоож Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигч иргэн Л.Аийн ирүүлсэн сонгогчдын гарын үсэг цуглуулсан баримт бичгийг түүвэрлэн шалгасан дүнг хүснэгтийн хамт 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгээр ирүүлсэн. 

Нийслэлийн Сонгуулийн хороо нь тус албан бичигт дурдагдсан баримт бичгийн зөрчлийг дахин хянаж нягтлан шалгаад бие даан нэр дэвшигч Л.А нь Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-д “...Бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна...” гэж заасныг зөрчиж:

- тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан 8,

- гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53,

- эцэг /эх/-ийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 12,

- регистрийн дугаар буруу эсвэл дутуу 10,

- хөдөлгөөнт болон суурин утас дутуу эсвэл буруу 201 иргэн байсан ба нийт зөрчилтэй 284, нийт зөрчилгүй 359 иргэн байгааг дахин шалгаж нягтлан тогтоосон болно. 

Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн дээрх шалгалтын дүнг үндэслэн дахин хянаж шалгаад нэр дэвшигч Л.А нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа зөрчил гаргаж, хууль тогтоомж зөрчсөн байна гэж тогтоосон, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй дэмжигчийн гарын үсгийг цуглуулсан байхаар хуульд заасан боловч Л.Аийн хувьд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй зөрчилтэй байсан тул “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай Нийслэлийн Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоолыг гаргасан.

Иймд уг тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул иргэн Л.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

1.  Нийслэлийн Сонгуулийн хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Лн Аийг нэр дэвшигчээр бүртгэхээс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор татгалзсан бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгох асуудал шийдэгдээгүй тул өмнө өгсөн хариу тайлбарт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй.

2. Л.А нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлж,  хуульд заасан хугацааны дотор 643 сонгогчийн гарын үсэг зуруулсан 44 хуудас баримт бичгийг ирүүлсэн.

... Мөн Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тоггоолд дурдсанаар цуглуулсан сонгогчдын гарын үсгийг нягтлахад мөн зөрчил илэрсэн.

Үүнээс үзэхэд Л.Аийн сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг дахин шалгасан дүнгээр зөрчилгүй гарын үсгийн тоо нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангахгүй байгаа тул түүнийг бүртгэхийг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Бид нар өнөөдөр асуудлыг хэлэлцэхдээ Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг барьж асуудлын хүрээнд ярих учиртай юм. Энэ нь орон нутгийн хурлын сонгууль. Орон нутгийн сонгууль, Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль. Үүнээс аймаг, нийслэлийн сонгууль нь явагдаж байгаа. Энэ удаа сум, дүүргийн сонгууль ирэх 10 дугаар сард явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлыг сонгох сонгуулийг зохицуулсан зохицуулалт нь энэ 18 дугаар бүлэг байгаа. Орон нутгийн сонгууль гээд гарчигтай. Энэ бүлгийн 158 дугаар зүйлд нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах гэсэн зохицуулалтыг хуульчилж өгсөн байгаа. Энэ нь үндсэндээ нам, бие даан нэр дэвшигчдийг татгалзах гэсэн зохицуулалтуудыг 158 дугаар зүйлээр зохицуулж өгсөн. 

Бүрдүүлэх материалуудыг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-158.1.3 хүртэл хэсэгт заасан байгаа. Бие даан нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа дор дурдсан зөрчлийг гаргасан бол гээд байгаа. Гарын үсэг хуурамчаар бүрдүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх гэх мэтчилэн зөрчлүүд байна. Гарын үсгийг цуглуулахдаа ямар зүйлүүдийг нэг бүрчлэн тусгасан байхыг Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн  127.4-т зааж өгсөн байна. Бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа эцэг, эх, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсвэл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна гээд Сонгуулийн ерөнхий хорооноос энэ маягтыг баталж өгсөн байгаа. Л.Аийн ирүүлсэн маягтад оршин суугаа хаягийг зөрчилтэй 200 хүн, хөдөлгөөнт буюу суурин утсаа бичээгүй 201 хүн, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан 8, эцэг эхийн, өөрийн нэр дутуу 12, регистрийн дугаар дутуу эсвэл буруу 10 хүн гэх мэтчилэн давхардсан тоогоор 200 гаруй зөрчил гаргасан байна. 

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сонгогчийн гарын үсэг цуглуулсан баримтыг үнэн зөв эсэхийг шалгахдаа сум дүүргийн буюу хороо эсхүл сонгогчийн санал авах байраар гүйцэтгүүлж болно гэж заасан байгаа. Багахангай дүүргийн сонгуулийн хороо бүртгэдэг субъект нь биш. 05 дугаар тогтоол Л.Аийг нэр дэвшигчээр бүртгэхэд ач холбогдол байхгүй. Энэ 05 дугаар тогтоол үндсэндээ Л.Аийг бүртгэж байгаа тогтоол биш. Бидэнд шалгасан дүнг ирүүлэх үүрэгтэй. Тогтоолоор шалгалтын дүнг ирүүлэх учиргүй. Тогтоолыг ямар нэгэн шийдвэр гаргахдаа үйлддэг учиртай. Энэ нь Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос шийдвэр гаргаж байгаа асуудал биш. Шийдвэр гаргах бүрэн эрх нь Нийслэлийн Сонгуулийн хороонд байна. Гарын үсэг цуглуулахдаа сонгогчийн гарын үсгийг бүрэн гүйцэд цуглуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж сонгуулийн хороо үзэж байна” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т бие даан нэр дэвшигч нь дараах хүн амын сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагын баталсан маягтын дагуу зуруулсан байна гэж заасан байгаа. Дээрээс нь  Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т заасны дагуу сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, баримт бичгийн загварыг батална гэж заасан байгаа. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолыг баталсан. Энэ маягт дээр ямар, ямар мэдээлэл байх вэ? гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Дэмжигчийн эцэг, эх болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг болон хөдөлгөөнт эсвэл суурин утасны дугаар, гарын үсэг, огноо байх ёстой. Ингээд доод талд нь бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэхүү маягтад цуглуулсан сонгогчийн бүртгэл үнэн зөв болохыг баталж байна гээд гарын үсгээ зурах ёстой. 

Нэхэмжлэгчийн зүгээс энэ маягтын дагуу өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тогтоолыг баримтлалгүйгээр дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулсан гэдэг нь өөрийнх нь цуглуулсан сонгогчийн гарын үсэг цуглуулсан баримт бичгээс харагдаад байна. Үүнийг шүүгч ч гэсэн сонгогчийн бүртгэлийг хараад явах боломжтой. Үүнээс харахад хөдөлгөөнт болон суурин утас бичээгүй 201 хүн байгаа. Үүнийг нэхэмжлэгч ч өөрөө мэдэж байгаа. Оршиг суугаа хаяг нь буруу, дутуу 200 хүн байгаа. Үүнийг бусад байгууллагаас лавлагаа авах шаардлагагүйгээр шууд харахад илт зөрчилтэй нь харагдаж байна. Оршин суугаа хаягийг яагаад чухалчилж авч үзэж байна гэхээр тухайн сонгогч нь энд оршин суудаг юм уу, энэ нь өөрөө эргээд орон нутгийн хурлын сонгуулийг сонгох сонгууль учраас яг энэ хүнийг бөглөсөн юм уу үгүй юу, эцсийн бүлэгт Нийслэлийн Сонгуулийн хороо энэ хүний гарын үсэг үнэн зөв үү, үгүй юу гэдгийг криминалистикийн шинжээчид биш учир мэдэх боломжгүй. Яг энд оршин суугаа бүрэн байгаа тохиолдолд хангагдаж байна гэдэг үүднээс шалгаж тогтоож байгаа. 

Дээрээс нь  Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн сонгогчдын гарын үсэг цуглуулахдаа дараах зөрчил гаргасан гэж дурдаж өгсөн байгаа. Тойргийн бус 8, гарын үсэг хуурамчаар зуруулсан 53, регистрийн дураар буруу эсвэл дутуу 10, эцэг, эх болон өөрийн нэр бүртгээгүй дутуу 12 хүн байна. Ийм бүртгэлүүд ирүүлсэн. Үүнийг аваад үзэхээр бие даан нэр дэвшиж байгаа нэхэмжлэгч Сонгуулийн тухай хууль болон, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журам маягтыг баримтлалгүйгээр гарын үсэг зуруулсан гэдэг нь харагдаж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.А нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр Лн Аийг бүртгэх үүргийг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Нэхэмжлэгч Л.А, түүний өмгөөлөгч Х.О нараас “Нийслэлийн Сонгуулийн хороо нь Л.Аийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахдаа,

- Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн аль хэсгийг баримталсан нь тодорхойгүй,

- Сонгогч бүрийг хөдөлгөөнт эсхүл суурин утастай байх ёстой гэсэн шаардлага тавьсан нь утасгүй хүн сонгууль өгч болохгүй гэсэнтэй адил учраас Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус юм” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Нийслэлийн Сонгуулийн хороо нь 34 дүгээр тогтоолыг гаргахдаа 

- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийг бүртгэхэд Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн заалтуудыг баримтлах ёстой бөгөөд тус бүлгийн 158 дугаар зүйлийг 158.1.4 дэх хэсэгт заасан зөрчлийн аль нэгийг гаргасан бол бүртгэхээс татгалзах үндэслэлтэй,

- Сонгуулийн тухай хуулийн  127 дугаар зүйлийн 127.4 дэх хэсэгт бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад бичих зүйлийг тоочин жагсаасан бөгөөд Сонгуулийн төв байгууллагаас маягтын загварыг 2016 оны 13 дугаар тогтоолоор баталсан. Бие даан нэр дэвшигч гарын үсэг цуглуулахдаа энэ маягтыг бүрэн гүйцэд бөглөх үүргээ биелүүлээгүй,

- Нэхэмжлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсгийн жагсаалтаас тойргийн бус сонгогчоор гарын үсэг зуруулсан 8, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, регистрийн дугаар дутуу эсвэл буруу 10, эцэг, эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 12, хаяг бүрэн бичээгүй 200 зөрчил илэрсэн нь 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангахгүй байгаа,

- Дүүргийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэх эрх бүхий байгууллага биш бөгөөд энэ эрх нь Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал учир дүүргийн сонгуулийн хорооноос сонгогчдын гарын үсгийг шалгаж ирүүлсэн дүнг заавал үндэслэх үүрэггүй бөгөөд бид өөрсдөө дахин, нэгбүрчлэн шалгахад 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

Нийслэлийн сонгуулийн хороонд Л.Аийн хүргүүлсэн сонгогчдын гарын үсэг цуглуулсан жагсаалтаас бусад баримт бичгүүд зөрчилгүй байсан тухайд талууд маргахгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уул ажлыг санал авах байраар гүйцэтгүүлж болно” гэж заасан байх бөгөөд хариуцагч байгууллагаас Багахангай дүүргийн сонгуулийн хороонд албан бичиг хүргүүлж “Гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг түүвэрлэн тулгаж, нягтлан шалгахыг мэдэгдсэн” нь хуулиар өөрт олгогдсон эрхээ дүүргийн сонгуулийн хороонд шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Нийслэлийн сонгуулийн хороо нь бие даан нэр дэвшигчийн сонгуульд өрсөлдөх эрхийг хангах зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтыг орон нутгийн хурлын сонгуульд адилтган хэрэглэх шийдвэр гаргасан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, medee.mn сайтад тавигдсан мэдээллээр нотлогдож байна.  

Гэтэл Нийслэлийн сонгуулийн хороо нь Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос Л.Аийг дэмжиж гарын үсгээ зурсан сонгогчдоос 65 хүнийг түүвэрлэн шалгаж 32 гарын үсэг “Үгүй” буюу зөрчилгүй, 33 гарын үсэг “тийм” буюу зөрчилтэй гэсэн хариуг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12  дугаар албан бичгээр ирүүлсэн байхад “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 34 дүгээр  тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Лн Аийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн буруу байна гэж шүүх дүгнэлээ. 

Учир нь Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос гарын үсэг зурсан сонгогчдын жагсаалтыг дахин шалгаж 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0******* тогтоолын 01 дүгээр хавсралтаар тойргийн бус сонгогчоор гарын үсэг зуруулсан 8, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, эцэг, эхийн болон өөрийн нэр дутуу, эсвэл буруу 24, хөдөлгөөнт болон суурийн утас дутуу, эсвэл буруу 24, нийт зөрчилтэй 107, зөрчилгүй 536 гэсэн дүнг  ирүүлсэн байна. 

Нийслэлийн сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтэд дахин магадлан шалгах ажлыг хийж нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501–ээс доошгүй байгаа У /БЗД-10-р тойрог/, Ө /БЗД-9-р тойрог/,  С /ЧД 42-р тойрог/, А /НД 45-р тойрог/ нарыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэсэн байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй “Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчлөөс нэгийг л гаргасан тохиолдолд бүртгэхээс татгалзах үндэслэлтэй” гэсэн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй. 

Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-т “Бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна” гэж заасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Л.Аийг дэмжиж гарын үсэг зурсан сонгогчдын нэрсийг жагсаалтыг нягтлан шалгаж хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу 201 зөрчил илрүүлсэн. Утасны дугаараа бичээгүй, ашиглалтанд байхгүй, энэ утсан дээр тийм хүн байхгүй зэрэг тайлбарыг зөрчил гэж үзсэн” хэмээн тайлбарлаж байх боловч сонгогч “утас”-гүй байгаа явдалд нэр дэвшигчийг буруутгах боломжгүй юм. 

Тодруулбал, гэрч В.Уранчимэгийн “...Лн Аийн 643 иргэнээс цуглуулсан гарын үсгийг шалгах эх материалыг хүлээн авсан. 22-ны өдөр бүх гишүүддээ хуваарилаад шалгуулсан. Орой 22 цагт хуралдаж дүнгээ нэгтгэсэн байгаа. Хуралдаан дээр Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар эд материалыг үрэгдүүлэхгүй, гэмтээхгүй шалгахыг анхааруулсан. Утасгүй байгаа айлуудаар очиж шалгаарай. Утастай байгаа бол утсаар асууж шалгаад утас нь холбогдуулахгүй бол гэрт нь очоод шалгаарай гэсэн үүрэг өгсөн. Сонгуулийн хорооны гишүүд үүний дагуу шалгаад дараах дүн гарсан байгаа. 

Үүнд: шалгалтаар тойргийн бус сонгогч 8, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, эцэг, эх эсвэл өөрийн нэрийг дутуу бичсэн 12, регистрийн дугаарын зөрчилтэй 10, гэрийн болон суурин утасгүй 24, нийт 107 зөрчил илэрсэн. Ингээд нийт цуглуулсан 643 гарын үсгээс зөрчилтэй 107 хасч 536 сонгогч буюу Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасан шаардлагыг  хангасан гэж үзээд 05 дугаартай тогтоол үйлдэж шалгалтын дүнг Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн”  гэж, гэрч А.Анхбаяр нь “...гарын үсэг зурсан материалыг 10, 10-аар нь хувааж аваад салж хүмүүсийн уулзахтай нь уулзаж, гар утсаар ярьж, утасны дугаар тэмдэглэгдээгүй хүмүүсийн гэрээр нь очиж асууж тодруулсан. Утас нь холбогдох боломжгүй, энэ дугаар дээр тийм хүн байхгүй гэсэн хүмүүс байгаа. Ийм зөрчлүүдийг хамааруулсан байгаа. Хаягаар нь очоод асууна. Зарим нэг хүмүүс заавал утсаа бичих ёстой юу?, бичихгүй гэдэг”  гэж тус тус мэдүүлж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад бичих зүйлийг тоочин жагсаасан бөгөөд Сонгуулийн төв байгууллагаас маягтын загварыг 2016 оны 13 дугаар тогтоолоор баталсан. Бие даан нэр дэвшигч гарын үсэг цуглуулахдаа энэ маягтыг бүрэн гүйцэд бөглөх үүргээ биелүүлээгүй” гэсэн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүрэг нь хоёр хороотой бөгөөд 9 дүгээр байр, 8 дугаар байр, 5 дугаар байрууд болон Алтгана хэсэг нь тус дүүргийн 1 дүгээр хороонд, Бор үзүүр, Замчин, Өртөө, Цайдам, Нуур, Хангамж гудамжууд нь тус дүүргийн 2 дугаар хороонд байрладаг болох нь гэрч В.Уранчимэгийн “...бор үзүүр 2-р хороо, 1-6 дугаар байр, дээр нь шинэ бүс, Алтгана хороолол 1-р хороо”  гэх мэдүүлэг, Багахангай дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө , дэмжигч-сонгогчийн бүртгэлийн “2-р хороо, Бор үзүүр *******” , “Багахангай 2-р хороо, Нуурын ******* тоот”, “Багахангай 2-р хороо, Цайдам, ******* тоот”, “Багахангай 2-р хороо, Замчин, ******* тоот”, “Багахангай 2-р хороо, Хөдөө 1-*******”, “Багахангай, 1-р хороо, Хангамж ******* тоот”, “Багахангай 1-р хороо, Алтгана 3 гудам, *******”, “Багахангай дүүрэг, 1-р хороо, Үнэгтэй ******* тоот”, “Багахангай 1-р хороо, Өндөртолгой, ******* тоот” гэсэн бичиглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Бор-Үзүүр гэхээр аль аймаг сум юм би яаж мэдэх юм бэ. Гэтэл нэхэмжлэгч нь гарын үсгийг цуглуулахдаа хороо болон гудамжны дугаар бичээгүй 124 гарын үсэг нь мөн зөрчил мөн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл дэмжигч-сонгогчийн гарын үсгийн жагсаалтад байгаа сонгогч нь “утас”-гүй байгаа нь бие даан нэр дэвшигчээс үл хамаарах бөгөөд хаягийг гүйцэд бичээгүй гэсэн зөрчил нь бичиглэлийн алдаа байна. 

Мөн Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад хууль дээдлэх, шударга ёсыг сахих, энгийн ойлгомжтой байх зарчмуудыг баримтлах, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд талуудын маргаж буй гудамжны нэр, хаяг, хорооны дугаар бичээгүй, утасгүй, мөн овгийн эхний үсэг бичсэн, овгийг бүтэн бичээгүй гэсэн зөрчлүүд нь бичиглэлийн хувьд алдаатай боловч тухайн сонгогчийн нэр ба тухайн дүүргийн хороо, гудамж мөн болох нь ойлгомжтой байна. 

Иймд Л.Аийг бие даан даан нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Нийслэлийн сонгуулийн хорооны эс үйлдэхүй нь хууль бус байх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Лн Аийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.1, 127 дугаар зүйлийн 127.4, 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. 

2. Сонгуулийн тухай хуулийн хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.7, 129 дүгээр зүйлийн 129.3, 156 дугаар зүйлийн 156.2.2, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Лн Аийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Нисйлэлийн сонгуулийн хороонд даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Аэд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ