Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0378

 

Иргэн Л.Алтансүхийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Л.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж, Д.Баялагцэнгэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Л.Алтансүхийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр Лодойн Алтансүхийг бүртгэх үүргийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгах” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 44 дүгээр тойрог бие даан нэр дэвшигч иргэн Лодойн Алтансүх нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу Багахангай дүүрэг буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 44 дүгээр тойргийн 643 сонгогч иргэдийн гарын үсгийг зуруулан сонгуулийн төв хорооны маягтын дагуу зуруулан хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн гэж дурдсан байна.

Багахангай дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч иргэний ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана", 157 дугаар зүйлийн 157.8-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах ..." гэж заасны дагуу нягтлан шалгасны үндсэн дээр нэр дэвшигч иргэн Л.Алтансүхийн баримт бичиг нь зөрчилтэй байгааг шалган тогтоож Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигч иргэн Л. Аптансүхийн ирүүлсэн сонгогчдын гарын үсэг цуглуулсан баримт бичгийг түүвэрлэн шалгасан дүнг хүснэгтийн хамт 2016 оны 05 дугаар сарын 1-5-ны өдрийн 12 дугаар албан бичгээр ирүүлсэн.

Нийслэлийн Сонгуулийн хороо нь тус албан бичигт дурдагдсан баримт бичгийн зөрчлийг дахин хянаж нягтлан шалгаад бие даан нэр дэвшигч Л.Алтансүх нь Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-д "...Бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна..." гэж заасныг зөрчиж:

- тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан 8,

- гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53,

- эцэг/эх/-ийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 12,

- регистрийн дугаар буруу эсвэл дутуу 10,

- хөдөлгөөнт болон суурин утас дутуу эсвэл буруу 201 иргэн байсан ба нийт зөрчилтэй 284, нийт зөрчилгүй 359 иргэн байгааг дахин шалгаж нягтлан тогтоосон болно.

Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн дээрх шалгалтын дүнг үндэслэн дахин хянаж шалгаад нэр дэвшигч Л.Алтансүх нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа зөрчил гаргаж, хууль тогтоомж зөрчсөн байна гэж тогтоосон, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй дэмжигчийн гарын үсгийг цуглуулсан байхаар хуульд заасан боловч Л.Алтансүхийн хувьд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй зөрчилтэй байсан тул "Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах" тухай Нийслэлийн Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоолыг гаргасан.

Иймд уг тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул иргэн Л.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

1. Нийслэлийн Сонгуулийн хороо нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Лодойн Алтансүхийг нэр дэвшигчээр бүртгэхээс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор татгалзсан бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгох асуудал шийдэгдээгүй тул өмнө өгсөн хариу тайлбарт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй.

2. Л.Алтансүх нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлж, хуульд заасан хугацааны дотор 643 сонгогчийн гарын үсэг зуруулсан 44 хуудас баримт бичгийг ирүүлсэн.

Мөн Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолд дурдсанаар цуглуулсан сонгогчдын гарын үсгийг нягтлахад мөн зөрчил илэрсэн.

Үүнээс үзэхэд Л.Алтансүхийн сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг дахин шалгасан дүнгээр зөрчилгүй гарын үсгийн тоо нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангахгүй байгаа тул түүнийг бүртгэхийг Нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 127 дугаар зүйлийн 127.4, 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Л.Алтансүхийн нэхэмжпэлтэй Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 432 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн сонгуулийн хороо "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийг бүртгэхэд Сонгуулийн тухай хуулийн 158 зүйлийн 158.1.4-т заасан зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд бүргэхээс татгалзах үндэстэй.

- Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-т бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад бичих зүйлийг тоочин жагсаасан бөгөөд Сонгуулийн төв байгууллагаас маягтын загварыг 2016 оны 13 дугаар тогтоолоор баталсан бие даан нэр дэвшигч гарын үсэг цуглуулахдаа энэ маягтыг бүрэн гүйцэд бөглөх үүргээ биелүүлээгүй,

- Нэхэмжлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсгийн жагсаалтаас тойргийн бус сонгогчоор гарын үсэг зуруулсан 8, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, регистрийн дугаар дутуу эсвэл буруу 10, эцэг, эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 12, хөдөлгөөнт болон суурин утас дутуу эсвэл буруу 201, эцэг эхийн нэр бичигдээгуй 198, зөрчил илэрсэн нь 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангахгүй байгаа,

-Дүүргийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэх эрх бүхий байгууллага биш бөгөөд энэ эрх нь Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал учир дүүргийн сонгуулийн хорооноос сонгогчдын гарын үсгийг шалгаж, ирүүлсэн дүнг заавал үндэслэх үүрэггүй бөгөөд бид өөрсдөө дахин, нэг бүрчлэн шалгахад 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй" гэсэн хариу тайлбарыг өгсөөр атал дан ганц дүүргийн Сонгуулийн хороо (нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох эрхгүй этгээд) ийн нэр дэвшигчийг шалгасан баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Учир нь нэр дэвшигчийг бүртгэх эрх хуулиар олгогдсон байгууллага буюу Нийслэлийн Сонгуулийн хорооны тайлбар нотлох баримтыг үнэлэх ёстой байтал энэ нотлох баримтуудыг үнэлээгүй, эдгээр нотлох баримтад ямар нэг дүгнэлт өгөөгүй байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т "Энэ хуулийн 128.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй" гэж заасан нь бие нэр дэвшигчээс хамаарахгүй шалтгаанаар зөрчил гарсан тохиолдолд мөн илэрсэн зөрчлийг хасахад 501-ээс доошгүй байх гэсэн үндсэн хоёр шалгуурыг тавьж өгсөн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх бие даан нэр дэвшигч Л.Алтансүх өөрөө санаатай гаргасан хуурамчаар үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, зөрчлийн тоог хассан ч гэсэн 501 -д хүрэхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-т заасан зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохоор зохицуулсан байхад анхан шатны шүүх "Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчлөөс нэгийг л гаргасан тохиолдолд бүртгэхээс татгалзах үндэстэй гэсэн тайлбарыг зөвтгөх үндэсгүй байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Л.Алтансүхээс “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр Лодойн Алтансүхийг бүртгэх үүргийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Л.Алтансүх нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасан тооны шаардлагыг хангасан сонгогчдын гарын үсгийг цуглуулж Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байхад Нийслэлийн сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4–д заасан зөрчлийг гаргасан хэмээн бүртгэхээс татгалзсан нь буруу байна.

Нийслэлийн сонгуулийн хорооны хүсэлтээр бие даан нэр дэвшигч Л.Алтансүхийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны нягтлан шалгаснаар илэрсэн зөрчил нь түүнийг нэр дэвшигчээс бүртгэхээс шууд татгалзах үндэслэл болохгүй буюу нэр дэвшигч өөрөө “бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” зэрэг зөрчил биш, хариуцагч 34 дүгээр тогтоолыг гаргахдаа үүнийг нотолж, шалгаж тогтоосны үндсэн дээр гаргаагүй байна.

Нөгөө талаар, Нийслэлийн сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоол гарснаас хойш тус хорооноос дахин шалгалт хийж, илрүүлсэн гэх “хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу 201 зөрчилтэй” тухай асуудал нь Сонгуулийн хуулийн орон нутгийн сонгуулийн харилцааг зохицуулсан хэсэгт орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид ногдуулаагүй үүргийг шаардсан байна. Бие даан нэр дэвшигчийг дэмжигч сонгогчийн гарын үсгийг бүрдүүлэх маягтад тухайн сонгогчийн хөдөлгөөнт болон суурин утасны дугаар заавал бичсэн байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж, зөрчилд тооцсныг шүүх хууль ёсны шаардлага гэж үзэх боломжгүй байна. Учир нь Сонгуулийн хуулийн орон нутгийн сонгуулийн харилцааны зохицуулалтад болон бие даан нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичигт ийм нөхцөл, шаардлага заагдаагүй бөгөөд Сонгуулийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-д заасан 501–ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг ирүүлсэн байх шаардлагыг нэхэмжлэгч Л.Алтансүх хангасан байна.

Түүнчлэн, хариуцагч Нийслэлийн сонгуулийн хороо нь “Энэ хуулийн 128.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” зохицуулалтыг зөвхөн Улсын Их хурлын сонгуулийн харилцаанд хэрэглэнэ хэмээн маргаж буй боловч, уг хуулийн мөн л Улсын Их хурлын сонгуулийн харилцаанд хэрэглэгдэх 127 дугаар зүйлийн 127.4–ийн зохицуулалтыг харин орон нутгийн сонгуулийн харилцаанд хэрэглэнэ хэмээн зөрүүтэй тайлбар гаргаж, маргасан байна. Тиймээс Улсын Их хурлын сонгуулийн харилцаанд хэрэглэгдэх зохицуулалтыг үндэслэж, 24 дүгээр тогтоолыг гаргахаас өмнө илрүүлсэн гэх зөрчил дээр “хөдөлгөөн болон суурин утасны дугаар бүрэн зөв бичигдээгүй 201 дэмжигч сонгогчийн гарын үсгийг нэмж” тооцвол нийт цуглуулсан гарын үсэг нь Сонгуулийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-д заасан 501 –ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг ирүүлсэн байх шаардлагыг хангаагүй учир нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Нийслэлийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан зарим бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тайлбарлахдаа, тэдгээр нэр дэвшигчийн “сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн” харин Л.Алтансүхийн “сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 –д заасан гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчил илэрсэн тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-г хэрэглэх боломжгүй байсан гэх боловч, дэмжигч сонгогчдын мэдээллээ дутуу бичсэн зэрэг нь Л.Алтансүх өөрөө хуурамчаар ямар нэг баримт бүрдүүлсэн, гарын үсэг үйлдсэн хэрэг биш, нэхэмжлэгчээс үл хамаарсан зөрчил байх тул энэ нь нэхэмжлэгчийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохооргүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ