Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, Дунд шавь овогт Цэдэнбалын Отгонбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, Дунд шавь овогт Гөлгөөгийн Нямсансар нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-20 тоотод оршин суух, Цааснаахан овогт Баяраагийн Ганзориг,  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 9-22 тоотод оршин суух, Бааж овогт Даваасамбуугийн Амгалантогтох нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Батсүх нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Батсүх, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэлийн шаардлага: 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Анх 2015 оны 1-2 сарын үед Д.Амгалантогтох гэдэг залуу Болдоо гэдэг залуу бид гурав байр барих тал дээр ярилцсан. Болдоо тендерийн ажил авсан би оролцож чадахгүй гэдэг тайлбарыг Д.Амгалантогтоход хэлсэн байдаг. Д.Амгалантогтохын хувьд Б.Ганзоригийг авъя Б.Ганзориг барилгын зөвшөөрөлтэй “Хан орд” ХХК-тай нийлээд танай хашааны газар дээр барилга баръя гэж Б.Ганзоригийг дагуулж ирсэн. Бид гурав ярилцаад бүх сууриа тавиад ажлаа эхэлсэн. Барилга барихад хүндрэлтэй тулгамдсан асуудлууд их гарч ирж байсан. Би Булган сумаас О.Бадрахбаатар гэдэг хүнтэй ярьж 50 тонн цементийг зээлээр авч байсан. Шатахуун болон тээврийн хөлсний асуудал гаргахад Барамсаа, Загдхорлоо гэдэг хүмүүстэй ярьж 10,000,000 төгрөгийн бензин авч байсан.

 Сэр-Одтой Б.Ганзоригийг холбож Улаанбаатар хотоос бараа материалууд зээлээр авахуулж байсан. Барилгын дотор обой, паркетын асуудал гаргахад мөнгөгүй болсон. Энэ үед Б.Ганзоригийг компанийнхаа нэр дээр зээл авчих гэж санал тавихад компанийн нэр дээр зээл авах боломжгүй манай компани зах дээр өргөтгөл хийж байгаа гэсэн асуудал ярьж байсан. Миний хувьд М.Энхээ гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлээд уг мөнгийг Д.Амгалантогтох Улаанбаатар хот руу авч явж барилгын дотор талын материалуудыг  татаж авчирч байсан. Энэ хүмүүс бүгд шүүхэд тайлбараа өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Бид  гурав, гурвуулаа Б.Ганзоригийн гэрт ороод 100,000,000, 100,000,000, 100,000,000 төгрөгийн ашиг үзэх юм байна. Айлуудын зээл гарахаар тохиролцоод өгч аваад явъя гэж ярьсан.

Би энэ хоёр хүнтэй бичгийн гэрээ хийгээгүй. Аман гэрээ хийж залуу хүмүүсийн итгэлцлээр явж байсан. Тухайн үед Б.Ганзориг ашиггүй ажиллаа чамд ашиг өгч чадахгүй мөнгө байхгүй гэдэг асуудал тавьсан учраас би шүүхэд хандсан. Би газрынхаа хөлсөнд хоёр өрөө байр авсан.

******* гэдэг залууд байраа 54,600,000  төгрөгөөр зарсан. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэрийн дансанд 54,600,000 төгрөг шилжиж орж ирсэн.

Анх газар шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээнийхээ үнийн дүнгээс хоёр хувийн татвар хийгээд шилжүүлэх ёстой байсан. Улсын бүртгэлийн хэлтэс дээр ашиг сонирхлын зөрчил гарсан юм уу худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байхад бүх гэрчилгээнүүдийг гаргаад явсан байгаа.

Шүүх Улсын бүртгэлийн хэлтсээс 10 айлын гэрээнүүдийг шаардаж авсан байдаг. Тухайн үед надад заавал 100,000,000 төгрөг авъя гэсэн бодол байгаагүй. 54 мкв2 өрөө байранд өөрийн дүү Ганпүрэвийг оруулсан байсан. Б.Ганзориг мөнгөө өгөөгүй гээд шүүхэд хандаад Ганпүрэвийг байрнаас гаргасан байгаа. 54 мкв2 хоёр өрөө байр болон 3 подволь хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байгаа. Зах зээлийн ханш 1 мкв2 нь 1,000,000 төгрөг байсан. Амараа гэдэг хүнээр төсөв гаргуулсан. 449,000,000 төгрөгөөр баригдсан гэдэг тооцоо байгаа. 1 мкв2-ыг 1,000,000 төгрөгөөр бодохоор тэрбум гарантай төгрөгөөр баригдсан гэсэн тооцоо байгаа. Б.Ганзориг 71,11  мкв2 хоёр өрөө байрыг өөрийнхөө ашигт авсан. 71,11 мкв2 8 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 568,000,000 төгрөг, 56 мкв2 4 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 227,800,000 төгрөг, 71 мкв2 хоёр ширхэг подволь 60,000,000 төгрөг, 56 мкв2 подвалыг 600,000 төгрөгөөр бодохоор 34,170,000 төгрөг болж байгаа. Нийт 903,516,000 төгрөгийн орлоготой гэж тооцсон. Зардлын хувьд 449,304,966 төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэдэг төсөвт өртгийг хассан.

Би газрын үнэд хоёр өрөө байр авсан. Б.Ганзориг хоёр өрөө байр авсан. Хүн амын орлогын албан татвар, цалин хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хасаад 353,908,698 төгрөгийн цэвэр ашиг үзсэн гэсэн тооцооллыг хийсэн. Нэг хүнд ногдох ашиг нь 117,969,563.33 төгрөг болж байгаа. Б.Ганзоригийн авсан байр болон миний газрын үнэнд авсан байрны үнийг хасаад нэг хүнд 76,200,000 төгрөг надад ногдон гэсэн тооцооллыг хийсэн. Би ашгаасаа 23,800,000 төгрөгийг авсан. Б.Ганзориг Д.Амгалантогтох нараас 76,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Ганзоригийн хариу тайлбар: 2015 онд Д.Амгалантогтох, Ц.Отгонбаяр хоёр манай гэрт ирсэн. Ц.Отгонбаярын хашаанд орон сууц барьмаар байна очоод үзээд өгөөч гэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ард ямар ч орон сууц баригдаагүй, нилээн зайдуу шугам сүлжээнээс хол газар байхаар үүн дээр орон сууц барьж болохгүй дэд бүтцийн асуудал байхгүй байна гээд больсон.  Дараа нь Д.Амгалантогтох, Ц.Отгонбаяр хоёр ирээд шугам сүлжээ дээр нь бид нар туслая хашааны газрын оронд хоёр өрөө орон сууц өгчих гэхээр нь би тэр саналыг нь захирал Б.Ганбаатарт танилцуулаад захирал тэр хүмүүс чинь тэгж байгаа юм бол бариад яв гэсний үндсэн дээр орон сууц баригдаж эхэлсэн. Орон сууц тухайн жилдээ баригдаад дууссан.

Бид нар дэд бүтцээ 400-аад метр газраас татаж, бохирынхоо асуудлыг зам хөндлөн сэтэлж гаргаад бүх ажлаа хийж дуусгаад барилгаа хүлээлгэж өгөөд Ц.Отгонбаяраас авсан газрынхаа үнэд Ц.Отгонбаярт хоёр өрөө орон сууц өгөөд гэрчилгээг нь гаргуулж өгсөн. Ц.Отгонбаяр хоёр өрөө байраа ******* гэдэг залуу зараад *******эс орж ирсэн бүх мөнгийг нь Ц.Отгонбаярын эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Энэ барилгыг барихад Ц.Отгонбаяр хувиасаа нэг ч төгрөг оруулаагүй. Т.Хаш-Эрдэнийн 21,000,000 төгрөгийн урьдчилгааг Т.Хаш-Эрдэнийн хажууд Ц.Отгонбаярын данс руу хийж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн  56,000,000 төгрөгийг эхнэр Г.Нямсансарынх нь данс руу шилжүүлсэн. Энэ барилга дээр хамтарсан зүйл байхгүй. Барилгын компаниуд нэгнээсээ болон хувь хүмүүсээс тоосго, цемент зээлж аваад эргүүлээд төлдөг.  Ц.Отгонбаяр газрынхаа үнэд хоёр өрөө байр аваад хоёр тийшээ болсон асуудал байгаа.

М.Энхээгээс авсан 25,000,000 төгрөг нь хүүтэй зээл байгаа. Ц.Отгонбаяр, Д.Амгалантогтох хоёрыг дагуулж очоод бид гурав хамт авсан зээл байгаа. Д.Амгалантогтох энэ мөнгийг авч Улаанбаатар яваагүй. Манай барилгыг барихад Д.Амгалантогтох цонх, хаалт нийлүүлсэн.

Энэ барилгыг барихад Ц.Отгонбаяр нэг ч төгрөг оруулаагүй. Бид нар урьд нь “Тунгалаг буянт” ХХК-иас тоосго аваад мөнгийг нь өгөөд явж байсан. Анх К.Нэргүй гэдэг захирал 19,200,000 төгрөгийн тоосгыг Ц.Отгонбаярт өгөөгүй “Хан орд” ХХК-тай гэрээ хийгээд тоосгоныхоо үнийг аваад дууссан гэдэг албан бичгээ өгсөн байгаа. Сэр-Од гэдэг хүнээр дамжуулаад “Сайхан төмөрт” ХХК-иас сантехникийн материал авч өгсөн гэж байна. Сантехникийн материалаас гадна шугам сүлжээний ажилд хэрэглэгдэх турбог “Сайхан төмөрт” ХХК-ийн захирал Тогмид гэдэг хүнтэй гэрээ хийгээд буцаагаад мөнгийг нь төлсөн. Баримтыг нь бүгдийг нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. “Сайхан төмөрт” ХХК-тай манай компани холбоотой байж сэндвич, турбог зээлээр худалдаж аваад нэгэндээ төлөөд явдаг байсан.

 Загдхорлоогоос 10,800,000 төгрөгийн шатахууны асуудалтай гэж ярьж байна. Бид нар тухайн үед Петровис ХХК, НИК ХХК-иудтай гэрээтэй байсан. Тухайн компаниудаасаа шатахуунаа авах гэж байтал Ц.Отгонбаяр би “Алтайн ойл” ХХК-ийн нягтлан хийж байгаа манайхаас зээлээд авчих гэхээр нь бид нар зээл аваад “Алтайн ойл” ХХК-ийн захирал Загдхорлоо гэдэг хүний 53035260709 тоот данс  руу 10,800,000 төгрөгийг аж ахуйн нэгжийн данснаас хийгээд тооцоо дууссан. Байшин буулгахад гарсан банз гэж байна. Байшин буулгахад гарсан банзыг Ц.Отгонбаярын ах Хооноо гэдэг хүн өөрийнхөө машинаар бүх барилгын материалыг ачаад Ц.Отгонбаярын их голын ард авсан газар дээр буулгасан. Бадрахбаатараас  50 тонн цемент авсан гэж байна. Бид нар О.Бадрахбаатараас 50 тонн цемент зээлж аваад О.Бадрахбаатарын эхнэр Амаржаргалын данс руу 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууц барихад Ц.Отгонбаяр,  Д.Амгалантогтох хоёрт ямар ч хамааралгүй. Аж ахуйн нэгжийн хооронд хийгдсэн төлбөр тооцооны асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Д.Амгалантогтох хариу тайлбартаа: Би 2014 онд татварын шалгалтад Ц.Отгонбаяр гэдэг хүн дээр орсон. Татварын шалгалтад ороод явж байх хугацаанд 2015 оны 4 сард Ц.Отгонбаяр гараад ирээч уулзаа байна гэхээр нь уулзаад юу болсон талаар нь асуухад зээл хугацаа хэтрээд байна 500,000 төгрөг зээлээч гэхэд би зээлсэн. Би зээлчихээд бид хоёр юм яриад сууж байхад Ц.Отгонбаяр Түвдээгийн байранд орсон нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөөгүй өр зээл нэхэгдээд зээлийн хугацаа хэтрээд хэцүү байна газраа зараад байр болгож өр зээлнээсээ салмаар  байна гэдэг зүйлийг ярьсан. Би Ц.Отгонбаярыг Б.Ганзориг дээр дагуулж очоод энэ хүн ингэж байна адилхан эр хүмүүс нэг, нэгэндээ тус болоод газрыг нь зохицуулъя гэж би ярьсан. Би яагаад өөрөө ингээд өрөнд ороод энд ирээд зогсоод байгаагаа гайхаад байна. Би “Хан орд” ХХК-д цонх нийлүүлээд хамтын ажиллагаатай явдаг. Би яагаад өрөнд орсноо мэдэхгүй байна. “Хан орд” ХХК барьсан барилга. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Хан орд” ХХК-ийн захирал Б.Ганбаатар шүүхэд гаргасан шаардлага: 2015 онд “Хан орд” ХХК иргэн Ц.Отгонбаяраас Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 1-15 тоот 683,5 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авсан. Гэрээний дагуу 71,11 м.кв хоёр өрөө байрыг Ц.Отгонбаярт өгсөн бөгөөд уг байрыг Ц.Отгонбаяр өөрөө *******д зарж борлуулаад “Хан орд” ХХК-ийн данс болон бэлнээр  78,175,200 төгрөгийг авсан. “Хан орд” ХХК болон Ц.Отгонбаяр нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан. Гэтэл уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход Ц.Отгонбаярын хашаа байшин ХААН банкны 15,000,000 төгрөгийн барьцаанд байсныг “Хан орд” ХХК-ийн данснаас төлж барагдуулж барьцаа хөрөнгө сулласан. Мөн Ц.Отгонбаяр нь “Хан орд” ХХК-ийн байрны 05 тоотод амьдарч байгаа өөрийн дүү болох Ганпүрэвээс байрны урьдчилгаа гэж 6,000,000 төгрөгийг “Хан орд” ХХК-д мэдэгдэлгүй авсан.

Байр захиалсан Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг “Хан орд” ХХК-иас зээл өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна.

Тус “Хан орд” ХХК-ийн нэр дээр “Алтайн ойл” ХХК-иас  2,592,150 төгрөгийн шатахууныг Ц.Отгонбаяр авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд “Хан орд” ХХК-иас дээрх төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй байна.

Эхнэр Г.Нямсансар эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000  төгрөг зээлсэн одоо хүртэл төлөөгүй. Дээрх зээлүүдийг хоёр өрөө байрны зээл гарахаар төлж барагдуулна гээд одоо хүртэл өгөлгүй чирэгдүүлж байна. 2016 оны 4, 6 дугаар саруудад хоёр өрөө байрны 78,175,200 төгрөгийг авсан байсан. Гэтэл иргэн Ц.Отгонбаяр нь “Хан орд” ХХК-иас зээлээр төлүүлсэн, зээлсэн 26,392,150 төгрөгийг иргэн Б.Ганзориг, Д.Амгалантогтох нараас авах ёстой ашиг гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Мөн “Хан орд” ХХК-ийн барьсан 12 айлын орон сууцнаас 100,000,000 төгрөгийн ашиг хүртэх ёстой байсан мэтээр бодит үнэд нийцэхгүй нэхэмжлэл гаргаж манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй нэхэмжлэл гаргасан байна. Нийт 26,392,150 төгрөгийг Ц.Отгонбаяраас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг бид гурав гурвуулаа хамт байж байгаад аваад  500,000, 500,000, 500,000 төгрөгөөр хувааж авсан. Тухайн үед манай эхнэр эмчилгээнд явж байсан учраас 500,000 төгрөг авсан. Байранд орохдоо Содномбалжираас  800,000 төгрөгийн тавилга авсан. Энэ нь тухайн компанийн данснаас төлөгдсөн байсан ч энэ миний авах ёстой ашиг гэж үзэж байна. Тухайн үед ХААН банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч хашаа байшингаа барьсан байсан. Үүнээс төлөгдөөд 15,000,000 төгрөг үлдсэн байсан. Худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн боловч хоёр гэрчилгээнд дээр худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр ямар нэгэн байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гараад явсан. 26,392,150 төгрөг нь тухайн үед миний авах ёстой ашиг гэж үзэж байна гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэрээр:“ 1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн Ц.Отгонбаяраас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгөөс 538,950 /таван зуун гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 /тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарт олгосугай  гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2018/01862 дугаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж биелэгдэх боломжтой бөгөөд энэхүү захирамж биелүүлээгүй байхад шүүх хуралдааныг зарлан явуулсан нь үндэслэлгүй байна. Ховд аймагт Виндо гэх үнэлгээний байгууллага байдаг /сүүлд мэдсэн/ бөгөөд энэ байгууллагаар үнэлгээ гаргах боломжтой, заавал Л.Мөнхцооз гэх үнэлгээчний хууль бус тайлбарыг үндэслэх ёсгүй байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрээ 2019 оны 11 сарын 7-ны өдөр бичиж гаргасан байх ёстой байсан боловч 2019 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэл гаргаагүй миний бие авах ёстой хугацаандаа авч чадаагүй. Энэ нь шүүх шийдвэр гаргахдаа эргэлзээгүй үнэн зөв байх зарчмыг алдагдуулсан, шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэдгийг нотолж байна. 

Нэхэмжлэгч Ц.Отгонбаярт хариуцагч Б.Ганзориг нь “Хан-Орд” ХХК-ийн захирал гэсэн ба Б.Ганзориг, Б.Ганбаатартай төрсөн ах, дүү хоёр бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Б.Ганзориг явуулдаг, дотоод үйл ажиллагааг нь мэдэхгүй хүнд захирал нь Б.Ганзориг мэтээр харагддаг ийм нөхцөл байдал хэрэгт цугларсан бөгөөд Иргэний хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар компанийн 50 хувийн хөрөнгийг Б.Ганзориг эзэмшдэг болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Хан-Орд” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд бие даасан шаардлагыг гаргасан бөгөөд Ховд аймаг дахь сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШЗ2017/00226 дугаар шүүгчийн захирамжаар “Хан-Орд” ХХК-ийн захирал Б.Ганбаатарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан юм. Энэхүү захирамжид давж заалдах шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний хэлбэрийг дурдсан бөгөөд анхнаасаа талуудын хооронд хамтран ажиллах гэрээний хэлбэрийг агуулсан хэлцэл байгуулагдаагүй нь Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт буй холбогдох нотлох баримтаар няцаагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагадаа олсон орлогоос 23.8 сая төгрөгийг авсан гэдэг. Мөн үүнийгээ гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар болон анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үгүйсгээгүй нь тухайн нэхэмжлэлийн нотлох баримтыг өөрийн тайлбараар буюу нотолгооны хэрэгслээр нотолсон тул нотлох баримт гэж үзэх хууль эрхзүйн үндэслэлтэй. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ц.Отгонбаяраас 26,392,150 төгрөг гаргуулан “Хан-Орд” ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалт, хэсгийг нь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нар нь Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Б.Ганзориг, Д.Амгалантогтох нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Мөн уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь Ц.Отгонбаяраас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг Ц.Отгонбаяр нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын нэхэмжлэлтэй, Б.Ганзориг, Д.Амгалантогтох нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ний нэхэмжлэлтэй  Ц.Отгонбаяраас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн өмгөөлөгч Б.Батсүх нар давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар.

Хан-Орд ХХК нь 2015 онд 12 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан ба уг орон сууцыг нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 1 дүгээр гудамжны  15 тоот 683.5м2 хашааны газар дээр барьсан байна. Ц.Отгонбаяр нь уг газрын төлбөртөө Хан-Орд ХХК-ийн 12 айлын орон сууцнаас 71.11м2 талбай бүхий 2 өрөө орон сууц авч уг орон сууцаа *******д худалдсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин  уг 12 айлын орон сууцыг барихад Ц.Отгонбаяр нь Б.Ганзориг, Д.Амгалантогтох нартай хамтран ажилласан, ашиг хуваах эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч Ц.Отгонбаярын “Б.Ганзориг, Д.Амгалантогтох бид гурав уг 12 айлын орон сууцыг бариад зуу зуун сая төгрөгийн буюу гурван зуун сая төгрөгийн ашиг үзнэ, түүнийгээ 3 тэнцүү хувааж авна гэж тохиролцсон. Би уг барилгыг барихад Булган сумаас Бадрахбаатар гэдэг хүнтэй ярьж 50тн цемент зээлээр авсан, Э.Барамсаа Загдхорлоо гэдэг хүнтэй ярьж 10,000,000 төгрөгийн шатахуун зээлээр авсан, Энхээ гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлж авсан, Сайхан төмөрт ХХК-иас сантехникийн материал зээлсэн, Тунгалаг буянт ХХК-иас 19,000,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн, байшингийн болон хашааны банз барилга болон гал тогоонд хэрэглээд дууссан. Би өөрт ногдох ашгаасаа 23,800,000 төгрөг авсан одоо Б.Ганзориг, Д.Амгалантогтох нараас 76,200,000 төгрөг авах ёстой” гэх тайлбарын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг судлахад.

Гэрч О.Бадрахбаатар нь “Ц.Отгонбаяр хүмүүстэй хамтарч барилга барьж байна 50 тонн цемент хэрэгтэй гээд авахуулсан. 50 тонн цемент нь тухайн үеийн ханшаар 7,776,000 төгрөг болсон, надад Б.Ганзориг нь над руу яриад дансаа өг гээд 5 сая төгрөг өгсөн, одоо би хүүтэй нь тооцож авах хүсэлтэй байгаа” гэж мэдүүлсэн бол, хариуцагч Б.Ганзориг манай компани  О.Бадрахбаатараас зээлж авсан 50 тонн цементийн мөнгийг түүний эхнэр Амаржаргалын данс руу 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг 5,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг шилжүүлж дуусгасан гэжээ.  

Гэрч Э.Барамсаа “Ц.Отгонбаяр нь барилга барьж байна дуусахаар нь мөнгийг нь өгнө гээд манай Алтайн Ойл ХХК-иас 10,800,000 төгрөгийн бензин авсан” гэж мэдүүлсэн бол, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Орд ХХК-иас 10,800,000 төгрөгийн шатахууны үнэ шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулга хэрэгт авагджээ.

 Гэрч М.Энхээ “Ц.Отгонбаяр, Д.Амгалантогтох, Б.Ганзориг нар нь 25 сая төгрөг зээлж авснаас 20 сая төгрөг авсан, одоо 5 сая төгрөг дутуу байгаа, хүүгээ төлөөгүй байгаа” гэж мэдүүлсэн бол, хариуцагч Б.Ганзориг нь М.Энхээ гэдэг хүнээс хүүтэй мөнгө  Ц.Отгонбаяр, Д.Амгалантогтох, бид 3 очиж зээлсэн, уг мөнгийг төлөөд дууссан гэж тайлбарлажээ.

Сайхан төмөрт ХХК-ийн “манай компани 2015 онд Хан-Орд ХХК-тай 19,137,200 төгрөгийн сангийн материал болох турбо нийлүүлсэн бөгөөд 2016 оны 5 сард төлбөр тооцоо бүрэн дууссан. Энэхүү гэрээ нь аж ахуй нэгж хоорондын гэрээ бөгөөд иргэн Ц.Отгонбаярт хамааралгүй болно” гэх албан тоот хэрэгт авагджээ.

Тунгалаг буянт ХХК-ийн “тус компани 2015 онд Хан-Орд ХХК-тай гэрээ хийж 19,200,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Энэхүү гэрээ нь аж ахуй нэгж хоорондын гэрээ бөгөөд иргэн Ц.Отгонбаярт хамааралгүй болно” гэх албан тоот хэрэгт авагджээ.

Хариуцагч Б.Ганзориг нь “Ц.Отгонбаярын байшин буулгахад түүний ах Хооноо гэдэг хүн өөрийнхөө машинаар бүх барилгын материалыг ачаад Ц.Отгонбаярын их голын ард авсан газар дээр буулгасан” гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч Д.Амгалантогтох  би вакум цонхны үйлдвэртэй, Хан-Орд ХХК-нд цонх нийлүүлдэг, уг 12 айлын орон сууцыг Хан-Орд ХХК барьсан. Би яагаад өөрийгөө өрөнд орсныг ойлгохгүй байна гэж тайлбарласан бол, хариуцагч Б.Ганзориг нь Ц.Отгонбаярт газрынх нь үнэд 2 өрөө байрыг өгсөн. Уг 12 айлын орон сууцыг Хан-Орд ХХК барьсан ба Ц.Отгонбаяр барилга барихад хувиасаа нэг ч төгрөг оруулаагүй гэж тайлбарлажээ.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь дүгнэвэл.

Талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй байна. Тухайлбал

Талууд хамтран ажиллах гэрээний хураамжийн хэмжээ, хураамж төлөх хэлбэрийн талаар анхнаасаа харилцан тохиролцоогүйгээс хэн хэдэн төгрөгийн хураамж төлсөн буюу хөрөнгө оруулалт хийсэн, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилахаар тохиролцсон зэрэг нь тодорхойгүй байна.

Мөн уг 12 айлын орон сууцыг  хамтран барих үйл ажиллагаа явуулахдаа аливаа гэрээ хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авч байсан, эсхүл шийдвэрийг олонхын саналаар гаргаж байсан эсэх, хамтын үйл ажиллагаанд хэн хэн ямар үүрэгтэй байсан, хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулах этгээдээр хэнийг томилсон зэрэг нь тодорхойгүй, энэ талаар харилцан тохиролцоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нар нь нэхэмжлэлд дурдсан буюу уг барилгыг барьж ашиглалтанд оруулахад нийт 300,000,000 төгрөгийн ашиг олсон гэх шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч нар нь энэ үүргээ биелүүлээгүй, хамтран ажиллах үйл ажиллагаанаас олсон ашиг, алдагдлын тооцоог нийлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн “барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход Ц.Отгонбаярын хашаа байшин 15,000,000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байсныг Хан-Орд ХХК-иас төлж барьцаа хөрөнгө сулласан, Ц.Отгонбаяр нь байрны урьдчилгаа Ганпүрэвээс 6,000,000 төгрөг, Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг тус тус авч хэрэглэсэн, иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг компаниас төлсөн, Хан-Орд ХХК-ийн нэр дээр Алтайн Ойл ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахууныг Ц.Отгонбаяр авч төлж чадахгүй байна гэхээр нь компаниас төлсөн, эхнэр Г.Нямсансар нь эмчилгээнд явахад 500,000 төгрөг зээлж аваад одоо хүртэл өгөөгүй нийт Ц.Отгонбаяраас 26,392,150 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн дагуу хэрэгт авагдсан баримтуудыг судлахад.

Ц.Отгонбаяр нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн нэхэмжлэлийг хамтран ажиллах гэрээний улмаас олсон өөрт ногдох ашгаа авсан гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Тухайлбал

Ц.Отгонбаяраас 26,392,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ байгуулагдсан, зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөх хуваарь, хүү алданги тохирсон эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг тайлбарлахгүйгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад баримталсан байх тул тогтоолд уг хуулийн заалтыг хассан өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,950төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож  ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Отгонбаяр, Г.Нямсансар нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

 

                                                ШҮҮГЧИД                                            Б.ДАМБА

                                  

                                                                                                 М.НЯМБАЯР