| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2022/0094/Э |
| Дугаар | 0049 |
| Огноо | 2022-05-26 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 0049
2022 05 26 2022/ДШМ/49
Б.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Д
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овогт Б-н Б,
Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын багийн тоотод эхнэр Б.М-тэй маргалдан улмаар нүүр болон зүүн шууны хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Б-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б-н Быг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 43 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Д эсэргүүцэлдээ:
... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлтдээ “Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэсэн болно” гэж бичсэн нь улсын яллагчаас хэлээгүй, Эрүүгийн хуульд байхгүй жирийн дэглэмийн талаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллага эдлүүлэхээр тусгасан байхад “жирийн дэглэм” гэж бичсэн нь үндэслэлгүй болжээ.
Улсын яллагчийн хэлсэн ялын санал шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгт авагдсан ба улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ ... шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана. 3.1 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл ... ” зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил болно.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт улсын яллагчаас хэлсэн саналыг зөрүүтэй бичсэн. Шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д нь Б.Быг согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын багийн тоотод эхнэр Б.М-тэй маргалдаж нүүр болон зүүн шууны хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч прокурор Н.Д эсэргүүцэл гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх прокурор Н.Д-ын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.
Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгавал зохих зүйлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэрлэн заасан бөгөөд энэ хэсгийн 3.1-д “Шүүгдэгчид ... хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгахаар хуульчилсан болно.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “ ... гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ...” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох тохиолдлуудыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан байна.
Хуульд тусгайлан нэрлэн заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан зөрчил нь ноцтой зөрчилд хамаарах бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй атал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “ ... улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар ... давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ... ” гэж бичсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, эргэлзээгүй байх шаардлагыг зөрчжээ.
Түүнээс гадна хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хохирогч Б.М-д эрх, үүрэг тайлбарласан нь шүүх хуралдааны явцын талаарх дуу-дүрс бичлэгт тогтоогдож байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй,
шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэлт гаргасан байх боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Улсын яллагчаас ... шүүгдэгч Б.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж дүгнэлт гаргаснаас зөрүүтэй бичсэн / хх 163/,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хохирогчид танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн /хх 172/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг журам зөрчсөн зөрчил гаргасан байна.
Дээрх зөрчлүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гаргахгүй байх талаар цаашид онцгой анхаарвал зохино.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зохицуулах харилцааны онцлогоос хамаарч хуулийн зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж, тухайлбал “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл” гэх мэт, харин хэсгийг “2 дахь хэсэг” гэж, хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор буюу “2.1” гэж тус тус дугаарлахаар заасан тул цаашид хуулийн зүйл, хэсэг, заалтыг дээрх хуульд заасны дагуу /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ бичих нь зүйд нийцнэ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР