Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 10

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар         

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00025 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ш.Г нэхэмжлэлтэй,

хариуцагч Ө.А.Д.Ш.Ш.Г.Г холбогдох “албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдлоор 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,  Д.Ж, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Г нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Г би 2014 оны 03 сарын 20-ны өдөр “Г.Б” ХХК-ний Өмнөговь аймаг дахь салбараас 250 000 000 төгрөгийн “Хөрөнгө оруулалтын зээл” авсан. Г.Б зээлийг эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 421 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 244.733.241,35 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь Ш.Ш.Г.Г  явуулж байгаа.

Ө.А.Д Ш.Ш.Г.А 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд  840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газрыг үнэлгээний 70 хувь болох 656312160 төгрөгөөр анхны үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулсан.

Дээрх албадан дуудлага худалдаанд оруулсан 840 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг Ш.Г би Д.Д  хамтран өмчилдөг, 2 дугаар давхар нь миний өмч. Анхны дуудлага худалдааг миний болон Д.Дийн өмчлөлийн хэсгийг салгаж, тодорхойлоогүй тул 840 м2 объектыг худалдан авах хүн гараагүй.

Би  зээлээ бага багаар төлж байгаа. Д.Дийн өмчлөлийн хэсгийг нь дуудлага худалдаанд оруулж байгаа. Объектын надад ногдох хэсэг 420 м2 талбайг үнэлүүлж, нийтэд мэдээлбэл үнэлгээ нь 50 хувь буурсан ч хөрөнгө бодит үнээр зарагдаж, миний өрийг хангалттай төлөхөөр байхад өөрт ногдох хэсгийг тодорхойлуулахгүй, заавал хамтран өмчлөгчийн хөрөнгийг давхар дуудлага худалдаанд оруулах гээд байгаа.  Ш.Ш.Г.Г  дээрх буруутай үйлдлээс болоод хоёр дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар дуудлага худалдааны анхны үнийг тогтоож 2019 оны 06 сарын 04-ний өдөр худалдахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарлаа.

 Иймд Ш.Ш.Г.А  2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан  840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Д.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрээр  Ш.Г  244 733 241 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэгдсэн.

Төлбөр төлөгч Ш.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан ЗГ-5205015509 дугаартай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ш.Г болон Д.Д нарын Г.Бтай байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан 14 жилийн хугацаатай 460 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх гэрчилгээ, хаягт байрлах 840 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан гэрээнээс үүдэн Ш.Ггээс төлбөр гаргуулах ажиллагаа үүссэн болох нь харагдаж байна.

Шүүхийн шийдвэрт хэний ямар хөрөнгөөр төлбөрийг гаргуулах талаар тодорхой заагаагүй тул шийдвэр гүйцэтгэгч би төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг судалж үзээд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлбөр авагч Г.Б” ХХК-ны барьцаанд бүртгэгдсэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж дуудлага худалдааг зарласан. Төлбөр авагч Г.Б-тай байгуулсан ЗГ- 5205015509 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж болохыг тодорхой дурдсан бөгөөд төлбөр төлөгч Ш.Г түүний гэр бүлийн гишүүн Д.Д нар нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний хуудас бүрд гарын үсэг зурсан байгаа нь зээлийн гэрээг шалгахад харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасны дагуу Ш.Г нь тухайн зээлийг авахдаа Д.Дээс зохих зөвшөөрөл авсан эсэхийг шалгаж өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхэд дундын хөрөнгөө тогтоолгохоор хандана гэж заагаагүй болохыг анхаарч үзнэ үү. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Д.Д, Ш.Ггийн өмч гэж заасан байхаас тодорхой хувийг заагаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Г, Д.Д нарт мэдэгдэх хуудас гардуулан өгч, үнийн саналыг авахад 1 м2 талбайг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тухайн үнийн саналыг гаргаж байхдаа дундын хөрөнгөө тогтоолгоогүй байж 2 дахь шатны албадан дуудлага худалдаа явуулахад шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь илтэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна.

Анхан шатны дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах бүрд талуудад төлбөрийн үнийн дүнг төлсөн тохиолдолд дуудлага худалдааг зогсоох болохыг албан бичгээр сануулсаар байтал төлбөрийг төлөөгүй болно. Нэхэмжлэлийг хүчингүйд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах боломжоор хангаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Дийн өмчлөлийн хөрөнгө болох 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м2 талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоож өгнө үү. Нэгэнт хөрөнгө хоёр хүний өмч тул үүнийг тус бүр тэнцүү хэмжээгээр өмчилдөг гэж ойлгох ёстой. Эд хөрөнгийн шинж чанараас шалтгаалан тухайн объектыг нэг болон хоёр давхраар нь салгаж өмчлөх, ашиглах бүрэн боломжтой тул бүхэлд нь худалдан борлуулах, үнийг хуваарилах шаардлагагүй. Г.Б ХХК нь зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг зөвхөн Ш.Г-гээс гаргуулахаар шаардсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, Д.Д-ийн өмчлөлийн хөрөнгөөс гаргуулах талаар нэхэмжлэлдээ тусгаагүй. Энэ талаар шүүх шийдвэрлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх маргааныг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг. Нэгэнт нэхэмжлэгч “Г.Б” ХХК нь төлбөрийн үүргийг Ш.Г-гээс гаргуулахаар шаардаж энэ хүрээнд шүүх шийдсэн нь нөгөө талаараа Д.Д-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахаас татгалзсан, энэ талаар ахин шаардлага гаргах эрхгүй болсон гэсэн үг. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг ахин хянах, үндэслэх хэсгээс иш татах, төлбөр төлөгч нэмж оруулах нь үндэслэлгүй үйлдэл юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын чөлөөт байдлын болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, өөрөө нотлох үүрэг хүлээх диспозитив зарчим үйлчилдэг. Энэ зарчмын дагуу Д.Д-ийг хариуцагчаар оролцуулаагүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцагчаар оролцуулах, өмчийн эрхэд нь халдах үйлдэл гаргаж болохгүй. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт хөрөнгө хүрэлцэхгүй бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг урьдчилан тодорхойлохоор заасан. Ш.Г-гийн хуваарьт хөрөнгө нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй болсон эсэхийг тодруулаагүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Ш.Г-д ногдох хэсгийг тодорхойлоогүй байхад гуравдагч этгээдийн эрхэд халдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэгжүүлэхийг хүсэж шаардлагаа гаргаж байна.

Ш.Г-гийн төлбөрийг төлөхөд хангалттай үнэлгээ нь хүрчихсэн объектынхоо нэг хэсгийг худалдаанд оруулъя. Хамгийн муу хувилбараар бодоход  л энэ төлбөрийн үлдэгдэлд хангалттай хүрэлцэхээр буюу илүү гарахаар байгаа үүнийг л санал болгоод байна”  гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00025 дугаар шийдвэрээр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт зааснаар Ш.Ш.Г.Г  “2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гаргасан 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м2 талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 143/Ш32019/00523 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Ш.Ггийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол утга нь дуудлага худалдааг зогсоох байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Г хэд хэдэн удаа шүүхэд гомдол гаргасан бөгөөд албадан дуудлага худалдаатай холбоотой асуудлаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00350 дугаар шийдвэрээр Ш.Ш.Г.Г  , Ш.Гтэй харилцан тохиролцож эвлэрсэн.

Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамааруулан ойлгодог. Тухайн хөрөнгийн газар нь Ш.Ггийн нэр дээр нэг хүний эзэмшилд бүртгэлтэй.

Гуравдагч этгээд гэх Д.Дээс үнийн саналыг нотариатаар батлуулан авсан. Мөн тухайн хөрөнгийг өөрөө худалдан борлуулах тухай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/486 дугаар хугацаатай мэдэгдлийг өгсөөр байхад Д.Д, Ш.Г нар нь хугацаандаа багтаж хүсэлт, тайлбар ирүүлээгүй, тайлбар ирүүлэх хугацаа өнгөрсөн тул албадан дуудлага худалдааг зарласан, анхан шатны албадан дуудлага худалдаа зарласны дараа шүүхэд гомдол гаргаж байгаа үйлдэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг удаашруулж байна. Монгол улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх. хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно”  Төлбөр авагч Г.Бтай байгуулсан ЗГ-5205015509 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “зээлдэгч зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж болохыг тодорхой дурдсан бөгөөд төлбөр төлөгч Ш.Г түүний гэр бүлийн гишүүн Д.Д нар нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний хуудас бүрд гарын үсэг зурсан байгаа нь зээлийн гэрээг шалгахад харагдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасны дагуу Ш.Г нь тухайн зээлийг авахдаа Д.Дээс зохих зөвшөөрөл авсан болох нь зээлийн гэрээг шалгахад харагдаж байна. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж зөвшөөрөл өгнө гэдэг нь тухайн зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөр барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголт юм.

Д.Д нь 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлээ бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах он, сар, өдөр цагийг товлож талууд болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ”.Тухайн хөрөнгийг худалдан борлуулсны орлогыг хуваарилахдаа дуудлага худалдаа явуулсан зардал, эд хөрөнгийг хамгаалсан, засварласан зардал, ипотекийн эрхтэй этгээдэд төлөх төлбөрийг бүрэн төлүүлсэн дараагаар нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг барагдуулдаг.

Иймд тухайн хөрөнгө нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр "Г.Бны ЗГ5205015509 тоот зээлийн гэрээнд үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэлтэй бөгөөд дуудлага худалдаа явагдсаны дараагаар гэрээний үүргийг биелүүлж үлдэгдэл мөнгөн хөрөнгийг зохих талууд шилжүүлэх хуулийн үндэслэлтэй юм.

Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр төлбөр гаргуулах талаар заагаагүй байгаа боловч улсын бүртгэлд тухайн хөрөнгө өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгөнд бүртгэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д “Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхэд дундын хөрөнгөө тогтоолгохоор хандана гэж заагаагүй болохыг анхаарч үзнэ үү. Шүүхэд өгсөн нотлох баримтад Ш.Ггийн харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилсэн тухай арилжааны банкнуудын тоотыг хавсаргасан. Төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн мэдүүлэг авахад төлбөр төлөгч нь төлбөрийг шууд төлж барагдуулах бэлэн мөнгө байхгүй байгаа болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт төлбөр төлөгчийн хуваарьт хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй байна гэж тусгасан нь үндэслэлгүй юм.

Ш.Ггийн нэр дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд бүртгэлтэй байгаа боловч дээрх хөрөнгүүд нь эхнэр болон хүү Г.Э нарын нэр дээр хамтран өмчлөлд бүртгэлтэй байгаа тул дундаа буюу хамтран өмчлөлд байгаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлага үүссэн. Иймд төлбөр гаргуулж болох хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу гүйцэтгэсэн болно. Мөн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй” гэж заасан дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Өмнөговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийг биелүүлэхийн тулд зайлшгүй дуудлага худалдааг явуулах шаардлагатай байна.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах гэж байсан дуудлага худалдааг хүчинтэйд тооцож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Г нь Ө.А.Д.Ш.Ш.Г.Г холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай тогтоолын дагуу “840 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газрыг албадан борлуулах, дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байна. /хэргийн 01, 02 дугаар хуудас/

Хэргийг анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр ирүүлсний дагуу хэлэлцэж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 143/ШШ2020/00025 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “барьцаа хөрөнгөнөөс миний өмчлөх хэсгийн үнийг 50 хувь бууруулсан ч зээлийн төлбөрт хангалттай хүрч байхад заавал хамтран өмчлөгчийн хөрөнгийг буюу  нийт 840 м2 талбай бүхий объектыг бүхлээр нь дуудлага худалдаанд оруулж байгааг зөвшөөрөхгүй, өөрт ногдох хэсгийг дуудлага худалдаанд оруулбал үнэ бодитой тогтоогдох байсан” гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ш.Ш.Г.Г   нь Ш.Ггээс 244 733 241 төгрөг 35 мөнгө гаргуулж “Голомт” банкны Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэсэн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/00421 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШЗ2016/00123 дугаартай  шүүгчийн захирамжийг үндэслэн бичигдсэн мөн өдрийн 20 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч шийдвэрийг биелүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 88 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ./хэргийн 140-145, 177 дугаар хуудас/ 

Тус гүйцэтгэх хуудсанд Ш.Ггээс төлбөрт 244 733 241 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1 381 617 төгрөг гаргуулж “Голомт” банкны Өмнөговь салбарт /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц / олгохоор бичигджээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлснээс хойш Ш.Ггийн  нэхэмжлэлтэй Өмнөговь аймаг дахь Ш.Ш.Г.А  холбогдуулан гаргасан хэд хэдэн нэхэмжлэлийг тухайн аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрүүд  хэрэгт байна. Тухайлбал:

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой буюу үнийн санал аваагүй хөрөнгө үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй тул уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШЗ2016/01532 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн үнийн санал аваагүй үнэлгээ хийлгэсэн асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШЗ2016/00577 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. /хэргийн 148-154 дүгээр хуудас/

Мөн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2017/00193 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэртэй хэргийг давж заалдах шатны шүүх  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 203/МА2017/0021 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд буцаасан байна. /хэргийн 158-163 дугаар хуудас/

Магадлалын дагуу хэрэг анхан шатны шүүхэд очсоны дараа хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 143/ШШ2017/00350 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. /хэргийн 155-157 дугаар хуудас/

Мөн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2018/00444 дугаартай шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль зөрчсөн үндэслэлээр Хөрөнгө “Эстимэйт” ХХК-ий 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/26 дугаар үнэлгээний тайланг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэр нь давах, хяналтын журмаар хянагдсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй байна. 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай  холбоотой маргаан зохигчдын хооронд үүссэн, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаагүй нь нотлогдож байна.

Хэрэгт хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэг хүний өмчлөлийн 2 газар,  2 хувийн орон сууц, 2 хүний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилгыг хураасан баримт байна./хэргийн 09-10 дугаар хуудас/

Эдгээр хураасан хөрөнгөнөөс “840 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө,  460 м2 талбайтай 14 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй 4608002688 дугаартай газрыг үнэлгээ тогтоолгоход 937 588 800 төгрөгөөр үнэлсэн, шийдвэрт заасан төлбөрийг 4 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдахыг мэдэгдсэн” мэдэгдэл гэх албан бичиг хэргийн 48 дугаар хуудсанд байх ба уг албан бичгийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Гд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 49 дугаар хуудас/

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэжээ.

Хуулийн энэ зохицуулалтаар үнэлгээний талаар гомдол гараагүй бол Ш.Г нь шийдвэрт заасан 244 733 241 төгрөгөөс багагүй үнээр дээрх үнэлэгдсэн хөрөнгийг худалдан борлуулах санал гаргах боломжтой байтал дээрх албан бичигт хуулийн дээрх зүйл, хэсгийг иш татан бичсэн боловч үргэлжлүүлэн “...дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр...” борлуулах санал гаргаж болохыг мэдэгдсэн байна.  Өөрөөр хэлбэл  дээрх хөрөнгийг төлбөр төлөгч Ш.Гд хөрөнгийг шийдвэрт заасан төлбөрийн дүнгээр биш, харин 976 588 800 төгрөгөөс багагүй үнээр борлуулах санал гаргаж болохыг мэдэгдсэн агуулга илэрхийлэгдэж байна.  

Түүнчлэн нэг сарын дотор санал гаргах тухай бичсэн атлаа уг хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 04/03 дугаар тогтоол гаргаж, үл хөдлөх хөрөнгө, газрыг шинжээчийн тогтоосон үнэлгээ 937 588 800 төгрөгийн 70 хувь болох 656 312 160 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэж, уг тогтоолыг 4 дүгээр сарын 29-нд Ш.Гд өгсөн нь ойлгомжгүй байна. /хэргийн 05, 50-51 дүгээр хуудас/

Энэ тухай Д.Дэд хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ шүүхийн шийдвэрт барьцааны зүйл заагаагүй байсан тул төлбөр төлөгчийн хөрөнгийг судалж үзээд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлбөр авагчийн “Г.Б” ХХК-ны барьцаанд бүртгэгдсэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж дуудлага худалдааг зарласан гэх агуулгаар тайлбарлаж, гэрээг үндэслэл болгон  маргасан байна.  

Талуудын тохиролцсон гэрээнд буюу “Г.Б”-ны Өмнөговь салбар, иргэн Ш.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.4.3, 4.1-д банк нь БГ5205015509, БГ5205015509-01, БГ5205015509-02, БГ5205015509-03 тоот ипотекийн гэрээ, барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг Банкны хууль тогтоомжийн дагуу худалдаж үүргийг хангуулах эрхтэй  гэж заасан боловч банк нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйл, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар Ш.Ггийн зээлийн үүргийг ипотек, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүгчийн 2015 оны 421 дүгээр захирамжаар нотлогдож байна. /хэргийн 27-40, 141-144 дүгээр хуудас/

Иймд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй, харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан төлөхийг шаардсанаар тодорхой мөнгийг банканд олгохоор шүүх  шийдвэрлэсэн нь шийдвэр гүйцэтгэх хуудсаар тогтоогдсон гэж үзнэ.

Маргааны зүйл болсон үйлчилгээний зориулалттай барилга нь 2 давхар бөгөөд  өмчлөгчөөр Ш.Г, Д.Д нар бүртгэгдсэн, мөн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барьцаалбаргүй барьцааны гэрээгээр Г.Б бүртгэгдсэн байгаа талаар маргаагүй боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлах ёстой.

Төлбөр төлөгч иргэн Ш.Г нь өөрийгөө “Э” ХХК-ий захирал гэж эд хөрөнгийн талаар өгсөн мэдүүлэгтээ бичсэн байна. /хэргийн 179 дүгээр хуудас/

“Э” ХХК- ний харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй тухай Хас, Капитрон банкны тодорхойлолт хэрэгт авагдаж, төлбөр төлөгч иргэн Ш.Гд эд хөрөнгө байгаа эсэх талаарх мэдээллийг банк болон бусад байгууллагаас авсан, цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх, мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх  зэрэг ажиллагаа явуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс төлбөр авагч нь төлбөр төлөгчөөс үүрэг үүсгэсэн гэрээний дагуу шаардлага гаргаагүй, шүүхээс барьцаа бүхий эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах гүйцэтгэх хуудас ирээгүй байхад үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах ажиллагааг шууд явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4, 86.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгийг яагаад дуудлага худалдаанд оруулж болохгүй байгааг асуусан асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  “...яг аль хэсгийг нь яриад байгаа нь тодорхойгүй, 1 давхар, 2 давхраар  нь хуваачих юм бол 1 давхрыг зарчихаар 2 давхар луу яаж гарах юм бэ, чи манай шалан дээгүүр яваад байна гэдэг асуудал гарч ирнэ, Эсхүл байшинг голоор нь хуваачихвал хаалгагүй тал руу яаж орох юм ийм учраас тэгж болохгүй” гэж хариулсан мэдээлэл анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хэргийн 193 дугаар хуудас/

Үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээг ямар байгууллага, ямар үндэслэл, аргаар хийж хоёр давхар барилга, газрыг  хэрхэн үнэлсэн буюу Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчээр хэнийг томилсон, шинжилгээний объектод ямар зүйл хамаарч үнэлгээг 937 588 800 төгрөг гэж тогтоосон нь, хураасан гурван үл хөдлөх хөрөнгөнөөс тухайн үнэлгээ тогтоогдсон үл хөдлөх хөрөнгийг, улмаар 2 давхраар нь цогцоор үнэлэх зайлшгүй шаардлагатай байсан зэргийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч байгууллагаар дамжуулалгүйгээр өөрөө Г.Б шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс сар бүр тогтоосон хуваарийн дагуу төлдөг, одоо 181 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тайлбарласныг хариуцагч тал няцаагаагүй болно.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэх ба анхан шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэх дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй байтал төлүүлсэн тэмдэгтийн хураамжийг  буцаан олгоогүйг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00025 дугаар шийдвэрийн 4 дүгээр заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Г.Б-ны 1165117377 дансанд төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг Ш.Гд буцаан олгож, хариуцагч Ө.А.Д.Ш.Ш.Г.Г  70200 төгрөгийг гаргуулан Ш.Гд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

              

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ