Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 25

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж овогт Ш.Г /регистрийн дугаар:/

Хариуцагч: ШШГГ

Гуравдагч этгээд: Т овогт Д.Д /регистрийн дугаар:/

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Д.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 03 сарын 20-ны өдөр Ш.Г би “Голомт банк” ХХК-н Өмнөговь аймаг дахь салбараас 250 000 000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн “Хөрөнгө оруулалтын зээл” авсан. Эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэж үзэн Голомт банк ХХК-н төлөөлөгч 2015 оны 09 сарын 07-ны өдөр ЗГ5205015509 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Ингээд гэрээ байгуулсан 2014 оны 03 сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон үндсэн хүү 27.337.596,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595.644,91 төгрөг дээр зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 216.800.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийтдээ 244.733.241,35 төгрөгийг Ш.Г надаас нэхэмжилсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 244.733.241,35 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг ШШГГ явуулж байгаа. 2015 оны 421 дугаар шийдвэрийг гүйцэтгэх үүднээс 2019 оны 05 сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газрын хамт Ш.Г миний өмч гэж нэгдүгээр албадан дуудлага худалдаанд оруулсан. Дээрх албадан дуудлага худалдаанд оруулсан 840 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай обьектийг Ш.Г би Д.Д хамтран өмчилдөг. Тус обьектийн 2 дугаар давхар нь миний өмч. Д.Д өмчлөлийн хэсгийг нь дуудлага худалдаанд оруулж байгаа. Би дээрх үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулсны дараа дуудлага худалдаа, албадан борлуулах ажиллагаанд оруулах саналтай байна. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 840 м2 талбайтай обьектийг 70 хувь болох 656312160 төгрөгөөр анхны үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулсан боловч дуудлага худалдаанд нэг ч хүн оролцоогүй гээд хоёр дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар дуудлага худалдааны анхны үнийг тогтоож 2019 оны 06 сарын 04-ний өдөр худалдахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараад байна. Анхны дуудлага худалдаанд оруулахдаа миний болон Д.Д өмчлөлийн хэсгийг салгаж, тодорхойлоогүй тул 840 м2 обектийг худалдан авах хүн гараагүй. Ногдох хэсгээр нь 420 м2 талбайтай 2 дахь давхрын хэсгийг нь худалдах талаар тогтоол гаргаад, нийтэд мэдээлж дуудлага худалдаанд оруулсан бол миний хөрөнгө бодит үнээрээ зарагдах байсан. Шийдвэр гүйцэтгэх газрын дээрх буруутай үйлдлээс болоод миний хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар үнэ бууруулан оруулах болоод байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Голомт банкинд зээлээ бага багаар төлөөд явж байгаа. Хамгийн гол нь барьцааны хөрөнгөөс миний өмчлөх хэсгийн үнийг тавин хувиар бууруулсан ч зээлийн төлбөрт хангалттай хүрч байхад заавал хамтран өмчлөгчийн хөрөнгийг давхар дуудлага худалдаанд оруулж байгаа нь буруу гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Зээлийн төлбөрийг төлөхөд заавал энэ бүхэл бүтэн обьектыг бүхлээр нь дуудлага худалдаанд оруулах гээд байгаа нь амьдралд хийцэхгүй байна. Миний өмчлөлийн надад оногдох хэсгийг дуудлага худалдаанд оруулахад тавин хувиар бууруулсан ч хангалттай хүрэлцэх хэмжээний байгаа учраас хуулийн дагуу зөв шийдвэр гаргаад дуудлага худалдаанд оруулахад болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Д.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрээр Ш овогтой Г гээс 244 733 241 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ны Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр төлөгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан ЗГ-5205015509 дугаартай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ш.Г болон Д.Д нарын Голомт банктай байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан 000499103 тоот гэрчилгээний дугаартай НТД-4608002688 тоот улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Гаалийн хорооны хойно байрлах 14 жилийн хугацаатай 460 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх гэрчилгээ, Ү-1105002780 тоот Улсын бүртгэлийн дугаартай дээрх хаягт байрлах 840 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан гэрээнээс үүдэн Ш.Г төлбөр гаргуулах ажиллагаа үүссэн болох нь харагдаж байна. Шүүхийн шийдвэрт төлбөрийг гаргуулахаар заасан бөгөөд хэний ямар хөрөнгөөр төлбөрийг гаргуулах талаар тодорхой заагаагүй тул шийдвэр гүйцэтгэгч би төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг судалж үзээд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлбөр авагч Голомт банк” ХХК-ны барьцаанд бүртгэгдсэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж дуудлага худалдааг зарласан. Төлбөр авагч Голомт банктай байгуулсан ЗГ- 5205015509 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “зээлдэгч зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж болохыг тодорхой дурдсан бөгөөд төлбөр төлөгч Ш.Г түүний гэр бүлийн гишүүн Д.Д нар нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний хуудас бүрт гарын үсэг зурсан байгаа нь зээлийн гэрээг шалгахад харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасны дагуу Ш.Г нь тухайн зээлийг авахдаа Д.Д зохих зөвшөөрөл авсан эсэхийг шалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхэд дундын хөрөнгөө тогтоолгохоор хандана гэж заагаагүй болохыг анхаарч үзнэ үү. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Д.Д, Ш.Г өмч гэж заасан байхаас тодорхой хувийг заагаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Г, Д.Д нарт мэдэгдэх хуудас гардуулан өгч, үнийн саналыг авахад 1 м2 талбайг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тухайн үнийн саналыг гаргаж байхдаа дундын хөрөнгөө тогтоолгоогүй байж 2 дахь шатны албадан дуудлага худалдаа явуулахад шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь илтэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Анхан шатны дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах бүрд талуудад төлбөрийн үнийн дүнг төлсөн тохиолдолд дуудлага худалдааг зогсоох болохыг албан бичгээр сануулсаар байтал төлбөрийг төлөөгүй болно. Нэхэмжлэлийг хүчингүйд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан ‘Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Ш.Г нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д гуравдагч этгээдээр оролцуулах тухай захирамж гарсан. У овогт Б.Э би гуравдагч этгээд Д.Д итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу доорх “бие даасан шаардлага”-г гаргаж байна. Үүнд:

1. Д.Д өмчлөлийн хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м2 талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоож өгнө үү. Дээрх хөрөнгө нь Д.Д өмч бөгөөд Голомт банк ХХК-н нэхэмжлэлтэй, Ш.Г холбогдох төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд ямар нэгэн хамааралгүй юм. Улсын бүртгэлд Ш.Г, Д.Д нарын өмч гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт бичсэнчлэн оногдох хувийг тодорхойлоогүй. Нэгэнт хөрөнгө хоёр хүний өмч тул үүнийг тус бүр тэнцүү хэмжээгээр өмчилдөг гэж ойлгох ёстой. Уг обьектийн 1 дүгээр давхрын хэсэг нь гуравдагч этгээд Д.Д өмч гэж үзэж байна. Эд хөрөнгийн шинж чанараас шалтгаалан тухайн обьектийг нэг болон хоёр давхраар нь салгаж өмчлөх, ашиглах бүрэн боломжтой тул бүхэлд нь худалдан борлуулах, үнийг хуваарилах шаардлагагүй. 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ш.Г, Д.Д нар нь Голомт банкнаас зээл авсан. Уг зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг шаардсаны дагуу шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Гэвч Голомт банк ХХК нь зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг зөвхөн Ш.Г гаргуулахаар шаардсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, Д.Д өмчлөлийн хөрөнгөөс гаргуулах талаар нэхэмжлэлдээ тусгаагүй. Энэ талаар шүүх шийдвэрлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх маргааныг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг. Нэгэнт нэхэмжлэгч Голомт банк ХХК нь төлбөрийн үүргийг Ш.Г гаргуулахаар шаардаж энэ хүрээнд шүүх шийдсэн нь нөгөө талаараа Д.Д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахаас татгалзсан, энэ талаар ахин шаардлага гаргах эрхгүй болсон гэсэн үг. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг ахин хянах, үндэслэх хэсгээс иш татах, төлбөр төлөгч нэмж оруулах нь үндэслэлгүй үйлдэл юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын чөлөөт байдлын болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, өөрөө нотлох үүрэг хүлээх позитив зарчим үйлчилдэг. Энэ зарчмын дагуу нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Д хариуцагчаар оролцуулаагүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцагчаар оролцуулах, өмчийн эрхэд нь халдах үйлдэл гаргаж болохгүй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжлэл болохын хувьд эрх зүйн зарчмуудаа баримтлах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт хөрөнгө хүрэлцэхгүй бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг урьдчилан тодорхойлохоор заасан. Ш.Г хуваарьт хөрөнгө нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй болсон эсэхийг тодруулаагүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Ш.Г ногдох хэсгийг тодорхойлоогүй байхад гуравдагч этгээдийн эрхэд халдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэгжүүлэхийг хүсч шаардлагаа гаргаж байна. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн аваагүй боловч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон, би улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авсан тул ахин тэмдэгтийн хураамж төлж шаардлагаа гаргаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан Ш.Г нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/04 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 01 дугаартай шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл, 000216153 дугаартай гэрчилгээний хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/1 дугаартай эд хөрөнгө хураасан акт, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/811 дугаартай итгэмжлэл, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаартай хариуцагч талын хариу тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ520501509 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн БГ520501509 дугаартай ипотекийн гэрээний хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн БГ520501509-01 дугаартай ипотекийн гэрээний хуулбар, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн БГ520501509-03 дугаартай ипотекийн гэрээний хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн БГ520501509-02 дугаартай барьцааны гэрээний хуулбар, “Голомт банк” ХХК-ийн иргэдийн зээлийн өргөдөл, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ш.Гомбосүрэн, Д.Долгорцэнд нарын Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 072/000145 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/486 дугаартай мэдэгдэл, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/611 дугаартай мэдэгдэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/612 дугаартай мэдэгдэл, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/709 дугаартай мэдэгдэл, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/708 дугаартай мэдэгдэл, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/420 дугаартай улсын бүртгэлийн албан тоот, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хүсэлт, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлага, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 136 дугаартай албан тоот, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаартай албан тоот, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай гүйцэтгэх хуудас, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/00421 дугаартай шүүхийн шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШЗ2016/00123 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШЗ2016/01096 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШЗ2016/01532 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2016/00577 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2017/00193 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00350 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 203/ШШ2017/0021 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2018/00444 дугаартай шүүхийн шийдвэр, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлага, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18/318 дугаартай “Хас банк” ХХК-ийн албан тоотын хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16/152 дугаартай “Капитрон банк” ХХК-ийн албан тоотын хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Г нь ШШГГт холбогдуулан “2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

Хариуцагч ШШГГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м2 талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан  шаардлага гаргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 шүүхийн шийдвэр /хх-141/, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар /хх-140/ -тай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай тогтоол /хх-177/-оор үүсгэжээ.

Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 05/04 дугаар /хх-6/ албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт “ Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна”, мөн хуулийн 86.4 дэх хэсэгт “ Төлбөр төлөгч иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна”, 86.5-дахь хэсэгт “ 86.2, 86.4-т заасан хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна” гэж заажээ.

Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд зааснаар эхний ээлжинд бэлэн мөнгө, үнэт зүйлс, мөнгөн хөрөнгө байхгүй эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулах, дээрх дарааллаар хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар тусгайлан журамласан байна.

Түүнчлэн Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Ш.Г болон Д.Д өмчлөлийн 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газрыг албадан борлуулах дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө хуульд заасан дарааллаар ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээдийн бие даасан  шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Д.Д нь Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м2 талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэжээ.

2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч, Д.Д нарын хооронд байгуулагдсан БГ5205015509-03 дугаар ипотекийн гэрээ /хх-36-38/ -гээр  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойно байрлах 840 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан ба барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүсэхээр талууд тохирчээ. Уг гэрээнд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгө нь Ш.Г, Д.Д нарын дундын өмч ба 1 эсхүл 2 давхар нь хэн өмчилдөг, түүнчлэн 1,2 давхараар салгаж өмчлөх боломжтой талаарх баримт хэрэгт авагдаагүй, гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШЗ2019/00523 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар 421 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба хэргийг шийдвэрлэсэн тул дээрх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/811 дугаар итгэмжлэл, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл зэрэг нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тогтооход ач холбогдолтой,  000216153 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-8/ хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалт /хх-12/ хэргийн оролцогч биш этгээдээс гаргасан, хх-27-43 дугаар талд авагдсан гэрээнүүд, зээл хүсэгчийн анкет,хүсэлт, мэдэгдэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШЗ2016/00123 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШЗ2016/01096 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШЗ2016/01532 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2016/00577 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2017/00193 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2017/00350 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 203/ШШ2017/0021 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2018/00444 дугаартай шүүхийн шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18/318 дугаартай “Хас банк” ХХК-ийн албан тоотын хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16/152 дугаартай “Капитрон банк” ХХК-ийн албан тоотын хуулбар зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй,  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-5/, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/04 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-6/, 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 01 дугаартай шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл /хх-7/, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/1 дугаартай эд хөрөнгө хураасан акт /хх-9-10/,  2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай гүйцэтгэх хуудас, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/00421 дугаартай шүүхийн шийдвэр, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гаргасан Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м2 талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 143/Ш32019/00523 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.УГТАХБАЯР