Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00841

 

Ш.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00025 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 203/2020МА/00010 дугаар магадлалтай,

Ш.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй,

  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м.кв талбайтай газрыг албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2014.03.20-ны өдөр Ш.Гомбосүрэн би Голомт банк ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбараас 250,000,000 төгрөгийн Хөрөнгө оруулалтын зээл авсан. Эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэж үзэн Голомт банк ХХК-ийн төлөөлөгч 2015.09.07-ны өдөр ЗГ5205015509 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Ингээд гэрээ байгуулсан 2014.03.20-ны өдрөөс 2015.09.07-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон үндсэн хүү 27,337,596.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595,644.91 төгрөг дээр зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 216,800,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийтдээ 244,733,241.35 төгрөгийг Ш.Гомбосүрэн надаас нэхэмжилсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 244,733,241.35 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт барьцаа хөрөнгөөс хангуулах талаар заагаагүй. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа. 2015 оны 421 дугаар шийдвэрийг гүйцэтгэх үүднээс 2019.05.14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м.кв талбайтай газрын хамт Ш.Гомбосүрэн миний өмч гэж эхний албадан дуудлага худалдаанд оруулсан. Дээрх албадан дуудлага худалдаанд оруулсан 840 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьектыг би Д.Долгорцэндтэй хамтран өмчилдөг. Тус обьектын 2 дугаар давхар нь миний өмч. Д.Долгорцэндийн өмчлөлийн хэсгийг нь дуудлага худалдаанд оруулж байгаа. Би дээрх үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулсны дараа дуудлага худалдаа, албадан борлуулах ажиллагаанд оруулах саналтай байна. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019.04.26-ны өдрийн 04/03 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу 2019.05.14-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 840 м.кв талбайтай обьектыг 70 хувь болох 656,312,160 төгрөгөөр анхны үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулсан боловч дуудлага худалдаанд нэг ч хүн оролцоогүй гээд хоёр дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар дуудлага худалдааны анхны үнийг тогтоож 2019.06.04-ний өдөр худалдахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараад байна. Анхны дуудлага худалдаанд оруулахдаа миний болон Д.Долгорцэндийн өмчлөлийн хэсгийг салгаж, тодорхойлоогүй тул 840 м.кв обьектыг худалдан авах хүн гараагүй. Ногдох хэсгээр нь 420 м.кв талбайтай 2 дахь давхрын хэсгийг нь худалдах талаар тогтоол гаргаад, нийтэд мэдээлж дуудлага худалдаанд оруулсан бол миний хөрөнгө бодит үнээрээ зарагдах байсан. Шийдвэр гүйцэтгэх газрын дээрх буруутай үйлдлээс болоод миний хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар үнэ бууруулан оруулах болоод байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019.04.26-ны өдрийн 04/03 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу 2019.05.14-ний өдөр зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м.кв талбайтай газрыг албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрээр Ш.Гомбосүрэнгээс 244,733,241 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ш.Гомбосүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан ЗГ-5205015509 дугаартай 2014.04.20-ны өдрийн Ш.Гомбосүрэн болон Д.Долгорцэнд нарын Голомт банктай байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Гаалийн хорооны хойно байрлах 14 жилийн хугацаатай 460 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх гэрчилгээ, дээрх хаягт байрлах 840 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан гэрээнээс үүдэн Ш.Гомбосүрэнгээс төлбөр гаргуулах ажиллагаа үүссэн болох нь харагдаж байна. Шүүхийн шийдвэрт төлбөрийг гаргуулахаар заасан бөгөөд хэний ямар хөрөнгөөс төлбөрийг гаргуулах талаар тодорхой заагаагүй тул шийдвэр гүйцэтгэгч би төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг судалж үзээд 2014.03.20-ны өдөр төлбөр авагч Голомт банк ХХК-ийн барьцаанд бүртгэгдсэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж дуудлага худалдааг зарласан. Төлбөр авагч Голомт банктай байгуулсан ЗГ- 5205015509 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зээлдэгч зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж болохыг тодорхой дурдсан бөгөөд төлбөр төлөгч Ш.Гомбосүрэн түүний гэр бүлийн гишүүн Д.Долгорцэнд нар нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний хуудас бүрт гарын үсэг зурсан байгаа нь зээлийн гэрээг шалгахад харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасны дагуу Ш.Гомбосүрэн нь тухайн зээлийг авахдаа Д.Долгорцэндээс зохих зөвшөөрөл авсан эсэхийг шалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхэд дундын хөрөнгөө тогтоолгохоор хандана гэж заагаагүй болохыг анхаарч үзнэ үү. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Д.Долгорцэнд, Ш.Гомбосүрэнгийн өмч гэж заасан байхаас тодорхой хувийг заагаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Гомбосүрэн, Д.Долгорцэнд нарт мэдэгдэх хуудас гардуулан өгч, үнийн саналыг авахад 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тухайн үнийн саналыг гаргаж байхдаа дундын хөрөнгөө тогтоолгоогүй байж 2 дахь шатны албадан дуудлага худалдаа явуулахад шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь илтэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Анхан шатны дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах бүрд талуудад төлбөрийн үнийн дүнг төлсөн тохиолдолд дуудлага худалдааг зогсоох болохыг албан бичгээр сануулсаар байтал төлбөрийг төлөөгүй болно. Нэхэмжлэлийг хүчингүйд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.26-ны өдрийн 04/03 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу 2019.05.14-ний өдөр зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м.кв талбайтай газрыг албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Ш.Гомбосүрэн нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Долгорцэндийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай захирамж гарсан. Би гуравдагч этгээд Д.Долгорцэндээс итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу доорх бие даасан шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Д.Долгорцэндийн өмчлөлийн хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м.кв талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоож өгнө үү. Дээрх хөрөнгө нь Д.Долгорцэндийн өмч бөгөөд Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Гомбосүрэнд холбогдох төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд ямар нэгэн хамааралгүй юм. Улсын бүртгэлд Ш.Гомбосүрэн, Д.Долгорцэнд нарын өмч гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт бичсэнчлэн оногдох хувийг тодорхойлоогүй. Нэгэнт хөрөнгө хоёр хүний өмч тул үүнийг тус бүр тэнцүү хэмжээгээр өмчилдөг гэж ойлгох ёстой. Уг обьектын 1 дүгээр давхрын хэсэг нь гуравдагч этгээд Д.Долгорцэндийн өмч гэж үзэж байна. Эд хөрөнгийн шинж чанараас шалтгаалан тухайн обьектыг нэг болон хоёр давхраар нь салгаж өмчлөх, ашиглах бүрэн боломжтой тул бүхэлд нь худалдан борлуулах, үнийг хуваарилах шаардлагагүй. 2014.03.20-ны өдөр Ш.Гомбосүрэн, Д.Долгорцэнд нар нь Голомт банкнаас зээл авсан. Уг зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг шаардсаны дагуу шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Гэвч Голомт банк ХХК нь зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг зөвхөн Ш.Гомбосүрэнгээс гаргуулахаар шаардсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах, Д.Долгорцэндийн өмчлөлийн хөрөнгөөс гаргуулах талаар нэхэмжлэлдээ тусгаагүй. Энэ талаар шүүх шийдвэрлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх маргааныг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг. Нэгэнт нэхэмжлэгч Голомт банк ХХК нь төлбөрийн үүргийг Ш.Гомбосүрэнгээс гаргуулахаар шаардаж энэ хүрээнд шүүх шийдсэн нь нөгөө талаараа Д.Долгорцэндээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахаас татгалзсан, энэ талаар ахин шаардлага гаргах эрхгүй болсон гэсэн үг. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг ахин хянах, үндэслэх хэсгээс иш татах, төлбөр төлөгч нэмж оруулах нь үндэслэлгүй үйлдэл юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын чөлөөт байдлын болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, өөрөө нотлох үүрэг хүлээх позитив зарчим үйлчилдэг. Энэ зарчмын дагуу нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Долгорцэндийг хариуцагчаар оролцуулаагүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцагчаар оролцуулах, өмчийн эрхэд нь халдах үйлдэл гаргаж болохгүй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжлэл болохын хувьд эрх зүйн зарчмуудаа баримтлах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт хөрөнгө хүрэлцэхгүй бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг урьдчилан тодорхойлохоор заасан. Ш.Гомбосүрэнгийн хуваарьт хөрөнгө нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй болсон эсэхийг тодруулаагүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Ш.Гомбосүрэнд ногдох хэсгийг тодорхойлоогүй байхад гуравдагч этгээдийн эрхэд халдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэгжүүлэхийг хүсч шаардлагаа гаргаж байна. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн аваагүй боловч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон, би улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авсан тул ахин тэмдэгтийн хураамж төлж шаардлагаа гаргаж байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00025 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м.кв талбайтай газрыг албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын гаргасан Даланзадгад сумын 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлах 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м.кв талбай бүхий 1 давхрын хэсгийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 143/Ш32019/00523 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Гомбосүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гомбосүрэнд олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 203/2020МА/00010 дугаар магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсрангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 143/ШШ2020/00025 дугаар шийдвэрийн 4 дүгээр заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Гомбосүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны 1165117377 дансанд төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг Ш.Гомбосүрэнд буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас 70,200 төгрөгийг гаргуулан Ш.Гомбосүрэнд олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд:

Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус газраас зохион байгуулахаар нийтэд зарласан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүх дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахдаа дуудлага худалдааг аль хуулийн дагуу хүчингүй болгож байгаа тухайгаа тодорхой заагаагүй, нэхэмжлэлд дурьдаагүй асуудлыг үндэслэн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэлийн агуулгын хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгчийн харилцах болон хадгаламжийн дансанд зохих шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хавтаст хэрэгт авагдсан арилжааны банкуудаас ирсэн албан бичгээр нотлогдож байгаа боловч тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дотроо олон төрөлтэй, явуулах ажиллагаа бүр нь төлбөр төлөгчийн эдийн засгийн чадамж төлбөр авагчтай байгуулсан гэрээ, хэлцлээс шалтгаалан өөр өөрийн онцлогтой байдаг. Нэхэмжлэлийн гол агуулга нь хоёр дахь шатны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах байсан бөгөөд үнэлгээний талаар гомдол гаргаагүй байхад тухайн хөрөнгийн үнэлгээний талаар нотлох баримт байхгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь буруу юм. Хэдийгээр шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөс хангуулах тухай заагаагүй боловч тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад Ш.Гомбосүрэнгийн анх банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Улсын бүртгэлийн байгууллагад өнөөдрийг хүртэл бүртгэлтэй, хүчинтэй хэвээр байгаа. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээс тогтоосон төлбөрийг барагдуулахын тулд төлбөр төлөгчийн зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгөнд шаардлагатай ажиллагааг явуулж дуудлага худалдааг зохион байгуулж, төлбөрийг барагдуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны гол зорилго юм. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотриатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна" гэж заасан байна. Дээрх хуулийн заалтын дагуу зээлийн гэрээ нь шаардлага хангасан болох нь хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтаар авагдсан, нэгэнт улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй гэрээ нь байсаар байхад төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хуулийн дагуу хийгдэж байгаа ажил юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлах ёстой гэж шүүхийн магадлалд дурьдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гол зорилго, явагдаж байгаа ажиллагаа нь хууль дээдэлж шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлвэл зохих арга хэмжээг авч ажилласан бөгөөд Ш.Гомбосүрэн, Д.Долгорцэнд нарын эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд харин ч иргэн Ш.Гомбосүрэн нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нэг аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироосоор байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хоёр дахь дуудлага худалдааг хүчинтэйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Гомбосүрэн нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019.04.26-ны өдрийн 04/03 дугаартай тогтоолын дагуу 2019.05.14-ний өдөр зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сум, III баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, дээрх хаягт байрлах 460 м.кв талбайтай газрыг албадан борлуулах, дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Долгорцэнд нь ... 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын 420 м.кв талбай бүхий 1 давхрын хэсгийг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөнд хамаарахгүй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж оролцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 143/Ш32019/00523 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсрангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.25-ны өдрийн 143/ШШ2015/421 шийдвэр, 2016.01.15-ны өдрийн 20 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016.03.02-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор үүсгэжээ. Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019.05.17-ны өдөр 05/04 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар тогтсон байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болж буй иргэний хэргийн  шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангах талаар заагдаагүй байх тул төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд зааснаар эхний ээлжинд бэлэн мөнгө, үнэт зүйлс, мөнгөн хөрөнгө байхгүй эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулах, дээрх дарааллаар хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар тусгайлан журамласан байна.

Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Ш.Гомбосүрэн болон Д.Долгорцэндийн өмчлөлийн 840 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м.кв талбайтай газрыг албадан борлуулах дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө хуульд заасан дарааллаар ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Ш.Гомбосүрэн, Д.Долгорцэнд нарын дундын өмч боловч хэн нь аль давхрыг өмчилдөг, түүнчлэн уг хөрөнгийг 1,2 давхраар нь салгаж өмчлөх боломжтой эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.  

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлснээс хойш төлбөр төлөгч Ш.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан хэд хэдэн нэхэмжлэлийг тухайн аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрүүд хэрэгт авагдсан байх бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээс үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаагүй, талууд байнгын маргаантай байсан байна.

Барьцаа бүхий эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах гүйцэтгэх хуудас шүүхээс ирээгүй байхад хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах ажиллагааг шууд явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4, 86.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзэх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлт хийж, шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 203/2020МА/00010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД