Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 13

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2020/00090 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Г.Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.А.З.Д.З.Д.Т.Г холбогдох  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945 030 060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Н, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Г.Ө” ХХК нэхэмжлэлдээ: “Ө.А.З.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлыг манай компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ө.А.З.Д.Т.Г  гэрээг байгуулж, ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон байсан.

Гэтэл уг гэрээг баталж аймгийн З.Д Н.Н гарын үсэг зураагүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй. Гэрээнд гарын үсэг зурж батлахгүй байгааг хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж манай компани маргаан үүсгэж Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр давах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор гарсан.

Дээд шүүх “…З.Д  2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар гэрээ байгуулахыг нэгэнт зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгааг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд үүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч “Г.Ө” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэж тогтоолдоо бичсэн. 

Ийм шийдвэр байхад Ө.А.З.Д шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дахин шүүхэд манай компани хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШЗ2017/0083 тоот шүүгчийн захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлэх байсан ажил 2017 оны 08 дугаар сарын 05-нд нээлтээ хийж эхэлсэн.

Энэ ажлын санхүүжилтийг “Г.О.Х.Д.С гэрээнд заасан хэмжээгээр гаргасан.

Харин гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь эхлээгүйгээс болж тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсөж манай компани зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн.

Энэ хохирлыг Ө.А.З.Д нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” үүргийн дагуу гаргасан А/05 захирамжаа үндэслэлгүйгээр үгүйсгэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд..., хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх хугацааны явцын хяналтыг аймгийн Г.Х.Б.Х.Б.Г ӨМ2016/48 гэрээний 11-д заасны дагуу хийж ирсэн тул үнийн өсөлт бий болсон талаар захиалагч тал мэдэж байсан. Энэ талаар манай компани ч мэдэгдэж байсан. Харин орон нутгийн хөгжил, сургууль, цэцэрлэгт суралцах хүүхдийн эрх ашгийг бодож барилгын ажлыг гэрээнд заасан үндсэн 10 сарын хугацаанд дуусгахаар аль аль талаасаа эрмэлзсэн. Захиалагч нь хугацааны алдагдал, үнийн өсөлт, ханшийн зөрүү зэргээс болж үүссэн хохирлыг арилгана гэдгээ мэдэгдэж ажлыг гүйцэтгүүлж хүлээн авсан. Тохиролцсон ёсоор алдагдлын төслийг гаргаж Комиссын дарга, Тамгын газрын дарга, З.Д нарт хүсэлт өгсөн боловч нэг ч хариу ирээгүй байна. Мөн З.Дд энэ байдлаа 2019 оны 04 дүгээр сард дахин танилцуулсан боловч нааштай хариу сонссонгүй.

Иймд Ө.А.З.Д, Өмнөговь аймгийн Тамгын газраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 945 030 060 төгрөгийг гаргуулж өгнө үү”,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ Манай компани нь 2016 оны 10 дугаар сард тус тендерт оролцож 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч талууд гэрээгээ байгуулсан. Гэрээнд аймгийн З.Д Н.Наранбаатар гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс  2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулан 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай барилгын ажил эхэлсэн.

Уг барилгыг барихад барилгын үндсэн зардалд цалин, материал, механизм, тээвэр гэсэн үндсэн 4 зардал байдаг. Бид үүнээс зөвхөн материал, машин механизмтай холбоотой зардлын зөрүүг нэхэмжилж байгаа.

Харин цалин, тээврийн зардлаас үүссэн алдагдлыг өөрсдөө хүлээж байгаа. Үүнээс гэрээ хугацаандаа эхлээгүйгээс үүссэн алдагдлыг захиалагч, ажил гүйцэтгэгч тал харилцан бие биеэ хүндэтгэн хуваан хариуцсан гэдэг нь харагдаж байгаа.

Тухайн үед барилгад ордог бүх материалын зардлууд тодорхой хэмжээгээр юанийн үнэ өссөнтэй холбогдуулан бүгд өссөн. Анх материалын зардалд 2,7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Бидний хувьд бүх зардлуудаас зөвхөн баримтаар нотлогдох зардал болох 945 030 060 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Барилга угсралтын ажилд ковш, авто гридер, кран зэрэг дандаа тусгай зориулалтын машин механизмууд ордог байгаа. Эдгээр нь өртөг өндөртэй, хувь хүмүүст тэр бүр байдаггүй учраас дандаа өндөр үнэтэй түрээсээр авч хэрэглэдэг.

Гэрээт ажил хугацаандаа эхлээгүйгээс болоод 2017 оны 08 дугаар сард ажил эхлээд барилгын ажил 10 дугаар сар хүртэл явагдаж, дараагийнх нь 2018 оны 04 дүгээр сараас эхэлдэг. Улирлын чанартай ажил учраас өнөөх машин механизмууд нь ирэх явах зардлууд их гарсан байгаа. Эдгээр нь бүгд баримтаар нотлогдож байгаа.

З.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А05 дугаартай захирамжаар гэрээ байгуулахыг зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрөө гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Түүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч “Г.Ө” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн гээд эс үйлдэхүйг нь Дээд шүүх тогтоолоор гаргаад ирсэн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид 945 030 060 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа” гэжээ.

Хариуцагч Ө.З.Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Г.Ө” ХХК-аас Ө.А.З.Д.З.Д.Т.Гхолбогдуулж нэхэмжлэл гаргасныг хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна.

Ө.А.Т.Г 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн а/119 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж, оролцогчоос ирүүлсэн тендерийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээсэн юм.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны явцад тендерт оролцогч нараас Сангийн яам, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар тендер шалгаруулах хугацаа удааширч улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 д заасан “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэсэн хугацаа дуусгавар болоход хүрч, улмаар хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэснээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж ажилласан юм.

Тухайн тендер шалгаруулалтад оролцогч нар удаа дараалан гомдол гаргаснаар тендерт ялагч байгууллагатай гэрээ байгуулах ажил удааширч А.З.Г 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай шийдвэр гарч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний төсөл баталгаажуулах болсон. Харин энэ үед хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон байсан тул дээрх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулахаас татгалзсан юм.

Энэ талаар “Г.Ө” XXК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэж, хяналтын шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, уг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулсан юм.

“Г.Ө” ХХК-ийн нэхэмжлэлд “тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсөж, материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн талаар дурдсан ч барилгын материалын үнэ хэрхэн өссөн талаар баримтыг гаргаагүй байна.

Нэхэмжлэгч компани нь маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх үед тендер, түүнчлэн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал “гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй” гэсэн заалт бүхий гэрээг хүлээн зөвшөөрч гэрээт ажлыг гүйцэтгэсний дараа хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд “Г.Ө” ХХК-аас аймгийн З.Д, Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье”, 

Хариуцагч Ө.З.Д.Т.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас Г.Ө ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих ажлын гэрээг байгуулаад явсан. Энэхүү гэрээ 2017 оны 01 дүгээр сард байгуулагдсан.

Тендер шалгаруулалт 2016 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр З.Д гарын үсэг зураагүйгээс гэрээ баталгаажаагүй гэдэг асуудал яригддаг. Энэ нь нэгэнт шүүхээр дүгнэгдсэн учраас ямар нэгэн тайлбар хийх нь илүүц байх.

Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах үүрэгтэй байдаг.

З.Д 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулах гэхэд хуульд заасан хүчинтэй хугацаа дуусгавар болсон үндэслэлээр гэрээ зурагдаагүй. Ингээд 2017 оны 07 дугаар сар хүргэсэн.

Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 945 030 060 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилдэг. 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээг З.Д баталгаажуулсан хугацаа байдаг.

Гэрээний үндсэн огноо 01 дүгээр сарын 12-ны өдөр байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж байгаа. Шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонсохоор хугацаа алдсанаас ямар нэгэн хохирол хүлээсэн гэж яриад байна.

Хэрэв 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээ баталгаажуулах үе, түүнээс хойш ажил эхлэх үед гэрээнээс татгалзаад гарчих боломж гүйцэтгэгч компанид бүрэн байсан.

2017 оны 01 дүгээр сард цемент, арматур нь ямар үнэтэй байсан юм, импортоор орж ирдэг юм бол тухайн үед гаалийн үнэ нь ямар байсан юм, эргээд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ямар үнэтэй болсон юм. Тэгээд ямар үнийн зөрүү гарсан юм гэдгийг нотлох ёстой гэж ойлгож байна.

Энэ бол төсвийн хөрөнгө. Төсвийн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарцуулдаг журамтай.

Энэ хуулийн хүрээнд тус гэрээний захиалагч нь А.З.Д.Т.Г байсан. Энэ хуульд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх, өөрчилж болохгүй тохиолдол, эсхүл нэмэлт гэрээ байгуулаад явдаг зохицуулалтыг тодорхой хэмжээгээр тусгасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гээд 40.4.1-т хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, 40.4.2-т суурь үнэ огцом өөрчлөгдсөн гэсэн 2 үндэслэлээр гэрээний үнийг нэмэгдүүлэх зохицуулалт байдаг. Үүнээс бусад тохиолдолд 41.1-д Худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно гээд 41.1.1-д захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх, 41.1.2-д энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх ийм хатуу хориглодог харилцаа. Ийм учраас гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжгүй. Энэ гэрээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил хүлээлцээд дүгнэгдсэн. Энэ гэрээнд ямар нэгэн зөрчил байхгүй. Гэрээний хэн аль нь ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ зөрчсөн гэдэг шаардлага гаргаагүй. Мөн “Г.Ө” ХХК 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна, ийм үндэслэлээр гэрээний үнийг нэмэгдүүлж өгөөч ээ гэсэн ямар нэгэн албан бичгийг захиалагч буюу аймгийн З.Д.Т.Ггаргаж өгөөгүй. Зөвхөн ажил хүлээлцсэнээс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын орлогч, З.Дд ийм 3 бичиг ирүүлсэн байдаг. Энэ бол гэрээ дүгнэгдээд дууссанаас хойш даруй 2 сарын дараа явуулж байгаа бичиг. Ийм учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт гэрээний үүрэг зөрчигдсөн зүйл байхгүй, хоёрдугаарт гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломж байхгүй. Хэрэв гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөөд ямар нэгэн байдлаар төсөвт тусгагдаагүй ажил хийе гээд гүйцэтгэгч хийх юм бол нэмэлт гэрээ байгуулдаг. Нэмэлт гэрээний зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.4-т нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол бие даасан нэмэлт гэрээ байгуулаад явдаг. Хэрэв нэмэлт гэрээ байгуулаад явах байсан бол ажил гүйцэтгэх хугацааны буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ийм нэмэлт ажил хийх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг мэргэжлийн байгууллага ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргаад ийм ажлыг нэмэлтээр хийхгүй бол энэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдэг юм уу, хүсэж буй үр дүндээ хүрэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоогоод, түүнийхээ дагуу төсөв хийгдээд төсвийн ерөнхийлөн захирагчаас захиалагч талд эрх олгогдоод гэрээ хийгдээд 2 тал албан бичиг солилцоод явдаг журамтай. Ийм ажиллагаа хийгдээгүй, ажил дууссаны дараа гэнэт анхны гэрээ байгуулагдсан огноо, ажил эхэлсэн огнооны зөрүүгээс болоод төсөв алдагдал хүлээсэн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхны төсөв хийлгэсэн компаниас дахиад төсөв хийлгээд ороод ирсэн байна. Үүн дээр ямар нэгэн ашиг сонирхол байгааг би үгүйсгэхгүй. Төрийн захиалгыг хийгээд төсөв зохиохдоо нэг өөр төсөв зохиодог, дараа нь компанид дахиад нэг төсөв хийгээд өгдөг. Үүнийг шүүх нотлох баримтаар үнэлнэ гэвэл утгагүй асуудал байх. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн төсвийн хөрөнгө бол Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн бараа, ажил үйлчилгээ худалдан авах төсөвт өртгийг өмнөх оныхоо хуулийн хугацаанд нь төсөвлөөд явдаг. Ямар нэгэн байдлаар захиалагч үүнийг зөвшөөрөх ямар ч боломж байхгүй. Захиалагч төсвийн алдагдал гээд байгаа зүйлийг зөвшөөрсөн ямар нэгэн баримт бичиг, үйлдлийг гүйцэтгэгч талд гаргаж өгч байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил хүлээн авах комиссыг даргалж байсан ажлын хэсгийн дарга Батболдод ажил хүлээлцүүлэх комиссын хурал дээр цемент, арматурын үнэ өссөн, боломжтой бол үүнийг уламжилж өгөөч ээ гэсэн саналыг гүйцэтгэгч талаас гаргасан. Тухайн үед ажлын хэсгийн дарга ер нь судална, хэрэв боломж байвал уламжилна гэсэн байдлаар бичиж тэмдэглэж үлдээсэн нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлийн сүүлийн хуудсан дээрээс тодорхой харагдаж байгаа. Ийм үндэслэлүүд байгаа учраас захиалагч буюу аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хамгийн ямар ч боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Ө.З.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзоригийн өмгөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаас харахад талуудын хооронд гэрээ үүссэн байна. Тэр гэрээнийхээ үүргийг хариуцагч тал зөрчсөн байна гэсэн байдал харагдаж байна. Гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан.

Энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шаардлагыг бүрэн хангасан гэрээ харагдаж байна.

Энэхүү гэрээн дээр Засаг даргын зүгээс тухайн үед гарын үсэг зурах нөхцөл байдал удааширсныг сая итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хэлэхдээ тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж хэллээ

Үүн дээр нэмэлт тайлбар хэлэхэд тендерийн хүчинтэй хугацаа дууссаны дараагаар нэхэмжлэгч “Г.Ө” ХХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Засаг даргыг хариуцагчаар татсан учраас шүүхэд өгсөн энэ хугацаанд З.Д ямар нэгэн байдлаар цаашид гэрээнд гарын үсэг зурах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн тендерийг дахин зарлах боломжгүй болсон. Нэгэнтээ шүүхэд өгсөн учраас 3 шатны захиргааны хэргийн шүүхийн асуудлыг дуусгаж байж дараагийн асуудлыг шийдье гэсэн ийм байдалд орсон.

Тийм учраас энэ нь зөвхөн З.Д буруутай үйлдлээс биш нэхэмжлэгч өөрөө захиргааны шүүхэд хандсан учраас хугацаа удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хамтран ажиллах гэрээ 3 шатны шүүхийн дараагаар байгуулагдах болсон. Гүйцэтгэгч тал “Г.Ө” ХХК нь энэ хугацаанд татгалзан гарах бүрэн боломжтой байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Нэгэнтээ бид тухайн үед өгч байсан үнийн санал өөрчлөгдсөн. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр үнийн зөрөөнүүд гарч байгаа учраас бид энэ тендерт оролцохгүй, энэ гэрээг байгуулахгүй гээд татгалзах эрх нь байсан.

Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээ нь 2 талын чөлөөт байдал дээр тулгуурлаж байгуулагддаг гэрээ. “Г.Ө” ХХК-ийн захирлыг хэн ч дарамталж энэ гэрээнд гарын үсэг зур, өмнө нь тендерт оролцож байсан гэсэн ийм нөхцөл байдал байхгүй байсан учраас татгалзан гарах эрх нь бүрэн нээлттэй байсан. Эсхүл энэ гэрээг байгуулахаас өмнө ийм үнийн зөрүү гарч байгаа учраас үнийн дүн дээр өөрчлөлт хийе гэсэн саналаа гэрээ байгуулахаас өмнө гаргах боломжтой байсан.

Гэтэл өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураад, баталгаажуулаад, гүйцэтгээд, ажил дууссаны дараа манайх их хэмжээний хохирол хүлээсэн. Барааны үнэ ханшийн зөрүүнээс болж ийм их алдагдалд орлоо гээд 945 030 060 төгрөг төсвөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна

Өөрөөр хэлбэл энэ гэрээний ямар ч үүргийг хариуцагч тал зөрчөөгүй. Хугацаандаа ажил хүлээлцэх актын дагуу ажлыг хүлээж авсан. Энэ гэрээнд заасан үнийн дүнг тодорхой тусгасан графикт хуваарийн дагуу тухай бүрд нь бүрэн шилжүүлж байсан. Ямар ч гэрээний үүрэг зөрчигдөөгүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээний 2 дугаар зүйл гэрээний тусгай нөхцөлд тодорхой шаардлага тавигдсан. Гэрээний 3 дугаар хуудас гэрээний ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн заалтыг тодорхой оруулсан байгаа.

Нэгэнтээ үнийн тохируулга хийхийг хориглосон, өөрөө татгалзан гарах бүрэн боломжтой байтал гэрээгээ байгуулсны дараа ийм ханшийн зөрүүнээс болж ийм алдагдалд орж, ийм асуудал үүслээ гээд нэгэнт болоод өнгөрсөн ажлынхаа дараа ингэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь төдийлөн үнэнд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Нэмж хэлэхэд тухайн үеийн бараа материалын үнэ нэмэгдсэн гэж амаар хэлж байгаа боловч өнөөдөр нотлох баримтаар яг ямар хохирол хүлээсэн гэдэг нь байхгүй.

Тухайн үеийн үнийн саналуудыг 2 компани бичгээр өгснийг нотлох баримтаар хавсаргасан байна. Тэр бол яг энэ компанийг алдагдал хүлээсэн гэдгийг нотлох боломжгүй гэж үзэж байна. Нэгэнт талуудын чөлөөт байдлаар гэрээг байгуулсан байтал өнөөдөр ийм байдлаар их хэмжээний үнийн дүнг нэхэмжилж байгааг Засаг даргын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрээнд үнийн тохируулга хийхгүй гээд хориглосон заалт байгаа. Гэрээнд тусгаагүй асуудлаар бид ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Мөн гэрээнд ямар нэгэн байдлаар цаашид гарах үнийн өсөлт болон ханшийн зөрүүтэй холбоотой асуудлыг захиалагч тал хариуцна гэсэн заалт байсан бол бид хариуцах ёстой. Гэтэл тийм заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г.Ө” ХХК-ийн Ө.А.З.Д, З.Д.Т.Г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945 030 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г.Ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 880 101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н давж заалдах гомдолдоо: “ Шийдвэрийг дараах шалтгаанаар зөвшөөрөхгүй байгааг хүлээн авна уу.

1. Манай компани ажлын үр дүнгийн талаар маргаж шаардлага гаргаагүй байхад шүүх “...үүргүүдийн хүрээнд үүргийн зөрчилгүй” гэж дүгнэж байгаа нь манай гаргаж байгаа шаардлагыг ойлгоогүй гэж бодож байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлд зааснаар төсөв нэмэгдсэн тухай нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэсэн талаар:

Ажил хугацаандаа эхлээгүй шалтгааныг нотолж захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг гаргаж өгсөн бөгөөд үүгээрээ ажил хугацаандаа эхлээгүй шалтгаан, үнэ өсөх болсон шалтгаан, үүнд З.Д гэм буруутай гэдгийг нотолсон. Энэ шүүхийн шийдвэрт шүүх дүгнэлт өгсөнгүй.

З.Д буруутай учраас ажлаа эхлээд явж бай, дараа нь тооцно гэсний дагуу ажлаа хийж, дараа нь тооцоогоо гаргаж нэхэмжилсэн. Хэрвээ ийм тохиролцоог З.Д хийгээгүй байсан бол ажил хүлээж авахад тооцоогоо гаргаж нэхэмжлээрэй гэж комиссын дарга хэлэх үү. Энэ тухай би дэлгэрэнгүй тайлбарласаар байхад энэ тайлбарыг ямар нотлох баримтаар үгүйсгээд байгаагаа шүүх нотолж өгсөнгүй.

Хэрэгт цугларсан ямар ч нотлох баримтад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 4-т заасанчлан дүгнэлт хийгээгүй, зөвхөн хамаатай байж болох хуулийн заалтуудыг л хуулж бичсэн байна. Уг хуулийн заалтууд нь аль нотлох баримтаар тогтоогдож байгаа, нөхцөл байдалтай хамааралтай байгаа тухай шүүх огт дүгнэж бичээгүй.

Иймээс хууль хэрэглэсэн шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна.

2. Хариуцагч тус бүрээс шаардаж байгаа шаардлагын тоо, хэмжээг тодорхойлоогүй,  нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн талаар :

З.Д хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуульд зааснаар хүлээх ёстойг шүүхийн шийдвэр өгч нотолсон. Засаг даргын тамгын газраас зарласан тендерийн дагуу ажил гүйцэтгэсэн ч гэрээг З.Д баталсан тул гэрээний дагуу үүссэн хохирлыг З.Д, түүний тамгын газар хариуцна.   

Шүүх өөрөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо нотлох баримт бүр дээр тулгуурлаж, хариуцагч тус бүрээр ялгаж бичих үүрэгтэй.

Манай тал гэрч асуулгасан, төсөв хийлгэсэн зэрэг нотлох баримт бүрдүүлсэн. Аль ч нотлох баримтыг үнэлээгүй,

Хатуухан хэлэхэд тоо, тооцоог бодохоос залхуурч, Төрийн байгууллага, З.Д шийдвэр ажиллагаа нь ямар ч тохиолдолд үнэн гэсэн бодлоор шүүгч хэргийг шийдлээ. Хариуцагч нар ямар ч нотлох баримт өгөөгүй нь шүүхээс гарах шийдвэрт итгэлтэй байсных юм болов уу.

3. З.Д  гэрчээр асуулгах хүсэлт өгсөн боловч хэрэгсэхгүй болгосон.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг удирдлага болгон маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй боловч хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн дараах байдлаар залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хуульд заасан шаардлага хангаж хэрэгт цугларч анхан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага ба давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянаж үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Г.Ө” нь ХХК нь Ө.А.З.Д болон Ө.А.З.Д.Т.Г  945 030 060 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, шүүхэд шаардлагын үндэслэлээ хугацаандаа гэрээг эхлээгүйгээс тендерт шалгарсан төсвөөр ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон, харилцан тохиролцсоны дагуу материалын болон механизмын зардлын үнийн зөрүү гэсэн агуулгаар тайлбарласан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Ө.А.З.Д, Ө.А.Д.Т.Г  буюу хоёр хариуцагчийг нэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлыг нотлох үүргийн дагуу шүүхэд цуглуулж, гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тухай тайлбараас өөр баримтыг шүүхэд гаргаж өгч мэтгэлцээгүй байна.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, Б.Б нар гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдлын талаар маргадгүй, харин тус тусдаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа “маргааныг шүүхээс эцэслэн  шийдвэрлэх үед тендер, түүнчлэн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн заалт бүхий бүхий гэрээг хүлээн зөвшөөрч гэрээт ажлыг гүйцэтгэсний дараа хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ адилхан заажээ.  /хэргийн 40, 42 дугаар хуудас/

Хэрэгт захиалагчийг төлөөлж Ө.А.З.Д.Т.Г  дарга Ө.Баянмөнх, гүйцэтгэгчийг төлөөлж “Г.Ө” ХХК-ий захирал А.Н нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаартай, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих ажлын гэрээ байна.

ӨМ2016/48 дугаартай гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар Ө.А.З.Д.Т  зарласан тендерт “Г.Ө” ХХК шалгарч,  Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 захирамжаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг “Г.Ө” ХХК-д олгосноор  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5 дахь хэсэгт  ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээг тусгай хуулиар зохицуулж болохыг заасны дагуу талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МА/2017/0284 дүгээр магадлалыг хүчингүй болгож, “...шинээр барилга барих ажлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаартай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг Ө.А.З.Дд даалгасугай” гэсэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор “ ... хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг барих ажлыг “Г.Ө” ХХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн боловч энэ дагуу захиалагчийг төлөөлж Ө.А.З.Д.Т.Г Ө.Б, гүйцэтгэгчийг төлөөлж “Г.Ө” ХХК-ийн захирал А.Н нар гарын үсэг зурж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсныг гэрээний “Ерөнхий зүйл”-д тусгасан, гэрээний “Батлав” хэсэгт Ө.А.З.Д гарын үсэг зураагүй нь дээрх захирамжаар гэрээ байгуулахыг нэгэнт зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгааг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ..., хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасантай нийцэхгүй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд үүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч “Г.Ө” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ...” гэсэн үйл баримт тогтоогдож байна.   /хэргийн 13-22 дугаар тал/

Хариуцагч Ө.А.З.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд түүний өмгөөлөгч Х.Нийн “талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан” гэсэн тайлбар нь маргааны үйл баримтаар тогтоогдоогүй тул үндэслэлгүй.

Ө.А.З.Д нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу албадан гүйцэтгүүлж биелүүлсэн болох нь Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 120/ШЗ201780083 дугаар захирамжаар тус тус нотлогдсон. /хэргийн 143 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу маргаж буй иргэний хэргийн зохигчид нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй хэрэгт оролцогчоор оролцсон байх тул захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дээрх үйл баримтыг иргэний энэ маргааны хувьд “нэгэнт тогтоогдсон” дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзнэ.

Гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Г.О.Х.Д.С санхүүжилтээр 6 079 828 009 төгрөгийн төсвөөр барилга шинээр барих ажлыг ГХБХБГазрыг байлцуулан улаан шугам тавьж, тэг тэнхлэг татсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. /хэргийн 06-09 дүгээр тал/

Харин З.Д шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж, барилгын ажил 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. /52-63, 143-144 дүгээр хуудас/ Энэ талаар талууд маргаагүй.

Иймд гэрээний “Хоёр.Гэрээний тусгай нөхцөл” гэх хэсэгт “Ажил эхлэх өдөр: 2017 оны 01 дүгээр сарын 18 өдөр” гэж тусгайлан заасан боловч ажил хугацаандаа эхэлж, дуусаагүйд Ө.А.З.Д нь гаргасан шийдвэрээ үгүйсгэж гэрээний “Батлав” хэсэгт гарын үсэг зураагүй хууль бус эс үйлдэхүйгээр буруутай. /13-25 дугаар хуудас/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаагүй гэж үзэхдээ татгалзсанаас үүсэж болох эрх зүйн үр дагавар нь дээрх шүүхийн шийдвэрээр “ Засаг даргын хууль бус эс үйлдэхүйгээс ...“Г.Ө” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж нэгэнт тогтоогдсон үйл баримтад хамаарахгүй, эрсдэл үүсэхгүй талаар маргаж мэтгэлцээгүй байна.

Хариуцагч талын энэ тайлбарын эсрэг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н нь “нэр төр ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах, шүүхээр маргалдаж явснаас гарсан унаа, албан томилолт зэрэг эдийн засгийн бусад зардлыг, тендерээс олох цэвэр ашиг буюу төсөвт төлөвлөснөөр 670 709 978 төгрөгийг нэхэмжлэх эрх манайд байсан” гэж тайлбарыг шүүхэд, анхан шатны шүүх хуралдаан дээр “...гэрээний тусгай нөхцөлийн алданги нэхэмжилнэ., ...дахиад тендер зарлана, ...санхүүжилт буцаагаад татагдах боломжтой...энэ бүх үр дагаврыг тооцож тохиролцсоны үндсэн дээр ажлаа эхлүүлсэн. ...З.Д өөрөө хэлсэн...” гэх агуулгаар тайлбараа дэмжин мэтгэлцсэн байна./хэргийн 48,190 дугаар хуудас/

Мэтгэлцээнээс ажил гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд уг үүргийг дахин гүйцэтгүүлэхэд үүрэг гүйцэтгүүлэгчид нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хэт их зардал үүсэх тухай агуулгыг илэрхийлж байх ба энэ тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас эсэргүүцэж тайлбар гаргаагүй байна. /хэргийн 07 дугаар хуудас/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нийн тайлбарт тусгагдсан шаардлага, үйл баримтыг хариуцагч нарыг хүлээн зөвшөөрсөн гэж тооцох үндэслэл болж байна.

Хэдийгээр шүүх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үйл баримтад нийцсэн боловч маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдсэн байх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхдээ гэрээний 3-д “гэрээний нийт дүн 6 079 828.009 төгрөг, 2017 оны Г.О.Х.Д.С 6 079 82898 009 төгрөг” гэсэн бөгөөд гэрээний нийт төсвийг захиалагчаас биш төсвийн бус эх үүсвэр буюу Г.О.Х.Д.Сгаргасан нь тогтоогдсон үйл баримтыг анхаараагүй. Өөрөөр хэлбэл захиалагч зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т зааснаар зөвшөөрч гэрээг өөрчлөх үндэслэл үүсэх тул Г.О.Х.Д.С  өмнөөс захиалагч шийдвэр гаргаж, гэрээний үнийн дүнг өөрчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлийг бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. 

Талуудын гэрээний “тусгай нөхцөл” гэх хэсэгт ажил эхлэх, дуусах хугацааг тогтоосон нь  Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэсэнтэй нийцсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т зааснаар үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэсний дагуу Ө.А.З.Д 2017 оны 01 дүгээр сарын 11-ний А/05 дугаартай захирамжийн дагуу тухайн өдөр талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, уг хүсэл зоригоо  2016/48 дугаартай гэрээ гэх баримтад илэрхийлж гарын үсэг зурж, тамга дарсан байх ба энэ талаар талууд маргаагүй.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг гэрээ байгуулсан өдөр гэж үзэх нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.2-т заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо, хоног, цагаар тодорхойлно”, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт  “хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс...эхлэн тооцно” гэсэн зохицуулалтын дагуу ӨМ2016/48 дугаартай гэрээгээр ажил гүйцэтгэж эхлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэж тохиролцож тогтоосон гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь гэрээний хугацаа бөгөөд гэрээндээ хугацааны талаар тусгайлан заасан учир Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэг нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчид мөн адил үүснэ.

Дээрх үндэслэлүүдээр гэрээнд үүрэг гүйцэтгүүлэгч болох Ө.А.З.Д гэрээний “батлав” хэсэгт гарын үсэг зурах шаардлагатай үйлдлээ хийгээгүйгээс үүрэг хугацаандаа эхлээгүй, үүргийн гүйцэтгэл хугацаандаа дуусаагүйд үүрэг гүйцэтгэгч “Г.Ө” ХХК буруугүй, харин үүрэг гүйцэтгүүлэгч буюу  захиалагч З.Д.Т.Г, Ө.А.З.Д хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзлээ.

Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...“Г.Ө” ХХК нь Засаг даргыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаар татсан учраас ...энэ хугацаанд ...ямар нэгэн байдлаар цаашид гэрээнд гарын үсэг зурах боломжгүй нөхцөл байдал үүссэн... тийм учраас энэ нь зөвхөн З.Д буруутай үйлдлээс биш нэхэмжлэгч өөрөө шүүхэд хандсан учраас хугацаа удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” гэх тайлбар нь бодит үнэнд нийцээгүй, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэ нь хугацааны зөрчилд нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг 945 030 060  төгрөг гэж тооцож, үүнийгээ “зөвхөн материал болон машин механизмын зардлаар тооцсон , барилга барихад үндсэн 4 зардал гардаг, бусад зардлын алдагдлыг манайх хүлээж байгаа” гэж тайлбарладаг тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн хүсэл зоригийн энэ илэрхийллийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь: Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн З.Д нь төсвийн ерөнхийлөн захирагч тул өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах бүрэн эрхтэй ба талууд гэрээндээ нийтийн ашиг сонирхлыг ханган ажиллахаа илэрхийлж гэж хамтран ажиллах зорилгоо тодорхойлсон байна.

Иймээс өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирсан эрсдэлийг тооцон, тендерийн төсвийн хэмжээнд биш өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөрүүг тохиролцсон зардлын төрлөөр ажлын гүйцэтгэлийн дараа тооцож олгохоор тохиролцсон гэх боломжтой.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн, шаардлагаа нотлох баримт болгон тендерт шалгарсан төсвийг “Г.Г.З” ХХК-ий зохиосон, уг төсвөө нотариатаар гэрчлүүлж,  дахин ажил гүйцэтгэсэн үеийн төсвийг нэхэмжилж буй зардлын нэр төрлөөр зохиолгосон гэх хоёр төсөв, ханшийн өөрчлөлтөөс үүссэн зардлыг тооцоо, зөрүүг задаргаагаар харьцуулж өөрийн тооцоог бичгээр, мөн тухайн үеийн хамтран болон бараа материал худалдан авч байсан байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээ, тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ. /хэрэгт хавсралтаар 1-95, 1-31 хуудсаар үдэгдсэн, 64, 145-184 дүгээр хуудас/

Түүнчлэн шүүхэд хүсэлт гарган гэрч асуулгасан байна. Гэрч Ю.Э “..гэрээ бүрэн гарын үсэг зурагдсаны дараа ...манай байгууллагаас барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгодог, ...үнийн хэлбэлзлийг мэргэжлийн байгууллагын судалгаагаар гаргаж ирэх боломжтой,...материалын үнийн зөрүү яригдаж байсан...” гэж мэдүүлсэн, 2017 онд эхэлж, дуусгах ажлыг 2017 оны 8 дугаар сард эхэлж 2018 оны 10 дугаар сард хийж дуусгахад уг ажлыг 2016 оны 11 сард зарлагдсан тендерт заасан төсвөөр гүйцэтгэх боломжтой юу гэсэн асуултад гэрч Ш.Э “...Монголын эдийн засаг их тогтворгүй байснаас болж үнэ асар их өссөн...” гэж хариулсан мэдээлэл мэдүүлгийн тэмдэглэлүүдэд авагджээ. /хэргийн 135, 136 дугаар хуудас/

Гэрч нар нь тухайн гэрээний хэрэгжилтэд захиалагчийг төлөөлж хяналтаар ажиллаж байсан, одоо тухайн байгууллагад мөн албан тушаалыг хашиж байгаа хэвээр болох нь тэмдэглэлээр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гэрч асуух ажиллагаанд оролцохгүй тухайгаа мэдэгдсэн нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хэргийн 132 дугаар хуудас / Иймд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээр ажлын хяналтын явцад үнийн зөрүү яригдаж байсан нь тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШЗ2020/00303 дугаартай захирамжаар ӨМ2016/48 дугаартай тендерийн төсвийг ажил гүйцэтгэх үеийн зах зээлийн үнэлгээгээр төсөв хийсэн компаниар дахин гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байгааг маргааны зүйлийг шүүхээс шинжээч томилуулах тогтоолгох шаардлагагүй гэж шүүх үзжээ гэх үндэслэл болно. /хэргийн 127,128 дугаар хуудас/

Харин нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох үүргийн хүрээнд  “Г.Г.З” ХХК-иар шинээр зохиолгосон төсөв гэх баримтын талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “танилцсан, дахин нотлох баримт ирүүлэх, хугацаа авах, тайлбар гаргах шаардлагагүй” гэсэн тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан ажиллагааг шүүхээс шүүх шаардлагагүй, энэ нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэв. /хэргийн 188 дугаар хуудас/

Мөн энэ баримтыг нотлох баримтаар хасуулах талаар хариуцагч талаас санал гаргаагүй, төсөвт заасан өртгийн хэмжээний талаар няцааж мэтгэлцээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үнийг дүнг тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг дутуу тооцсон байгааг зөвтгөж шийдвэрлэв.

Ө.А.З.Д, Ө.А.З.Д.Т.Г нь ӨМ2016/48 дугаартай гэрээний нэг тал болж захиалагчаар оролцсон, үүрэг гүйцэтгэгч нь тэдгээрт үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 241 дүгээр 241.1, 241.2 дахь хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзнэ.

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна гэжээ. Иймээс хамтран үүрэг гүйцэтгүүлэгч Ө.А.З.Д хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс үүсэх хариуцлагыг хүлээх үр дагавар нь түүний ажлын алба буюу  Ө.А.З.Д.Т.Гмөн адил хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцагч нарт хуваарилах эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 143/ШШ2020/00090 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.А.З.Д, Ө.А.З.Т.Г 945 030 060 төгрөг гаргуулан “Г.Ө” ХХК-д олгосугай” гэж,

2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г.Ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4883101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  Ө.А.З.Д, Ө.А.З.Д.Т.Г 4883101 төгрөг гаргуулан “Г.Ө” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч “Г.Ө” ХХК нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШЗ2020/00561 дүгээр захирамжаар хойшлуулсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ