Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00110

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2020/00090 дүгээр шийдвэр,   

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 203/2020МА/00013 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ө ЗД, ЗДТГт холбогдох,

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Өмнөговь аймгийн ЗДТГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Ө ЗД, ЗДТГт холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2020/00090 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г” ХХК-ийн Ө ЗД, ЗДТГраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,880,101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 203/2020МА/00013 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2020/00090 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө ЗД, Өмнөговь аймгийн ЗДТГраас 945,030,060 төгрөг гаргуулан Г ХХК-д олгосугай гэж, 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,883,101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ө ЗД, Өмнөговь аймгийн ЗДТГраас 4,883,101 төгрөг гаргуулан Г ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г ХХК нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШЗ2020/00561 дүгээр захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн ЗДТГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.16-ны өдрийн 203/2020МА/00013 дугаартай магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 143/ШШ2020/00090 дүгээр шийдвэрийг өөрчлөн Ө ЗД, Өмнөговь аймгийн ЗДТГраас 945,030,060 төгрөг гаргуулан “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн магадлалыг 2020.05.04-ний өдөр хүлээн авч, түүнийг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхаас гадна хэрэгт цугларсан нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах” гэж тодорхойлдог бөгөөд 2017.01.12-ны өдөр байгуулагдсан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилга барих ӨМ2016/48 дугаартай гэрээний үүргийг хэн аль нь зөрчөөгүй талаар нэхэмжлэгч “Г” ХХК болон хариуцагч нар илэрхийлсэн баримтууд хэрэгт авагдсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байхад магадлалд “Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдсэн байх гэж дүгнэхдээ гэрээний 3-т “гэрээний нийт дүн 6,079,828,009 төгрөг, 2017 оны Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаас 6,079,828,009 төгрөг” гэсэн бөгөөд гэрээний нийт төсвийг захиалагчаас биш төсвийн бус эх үүсвэр буюу Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас гаргасан нь тогтоогдсон үйл баримтыг анхаараагүй...” гээд тухайн үйп баримттай хамааралгүй Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.3-т заасан “гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл”-ийг дурдаад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэсэн байна. Дээрх гэрээ байгуулсан субьект нь Аймгийн ЗДТГ болон “Г” ХХК бөгөөд аймгийн ЗДТГ нь захиалагчаар оролцсон байдаг. Магадлалд дурдсан бусад хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр аймгийн ЗДТГ гэрээнд оролцоогүй юм. Нэхэмжлэгч “Г” ХХК нь гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн хугацаа буюу 2018.10.18-ны өдрийг хүртэл төсвийн хэмжээ нэмэгдэх болсон талаар захиалагчид амаар, бичгээр мэдэгдээгүй, ажил хүлээн авсан улсын комиссын актад “боломжтой бол төсвийн асуудлыг шийдвэрлүүлэхээр уламжилсан байдаг нь тэмдэглэгдсэн болон ажил хүлээлцсэнээс 2 сарын дараа захиалагч төсөв нэмэгдсэн гэсэн албан бичгийг ирүүлж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан байдгийг давж заалдах шатны шүүх үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч “Г” XXК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төсөв хийсэн “Говийн гурван зам” ХХК-иар нэхэмжлэгч тал дахин төсөв хийлгэж шүүхэд нотлох баримтаар хүргүүлснийг хариуцагч талаас “хүлээн зөвшөөрөх боломжгүй, ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа талаар тайлбар, шаардлагаа шүүхэд гаргасан байхад давж заалдах шатны шүүх “хариуцагч нар тус нотлох баримтын талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан мэтээр магадлалд дурдсан” байна. Хэрэв дахин төсөв гаргах шаардлагатай байвал хөндлөнгийн байгууллагаар хийлгэсний үндсэн дээр шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ямар нэр төрлийн бараа, ажил, үйлчилгээний зардал хэзээ, ямар үнэтэй байсан, ямар хугацааны дараа тухайн бараа, ажил, үйлчилгээний зардал ямар хэмжээгээр өөрчлөгдсөн хариуцагч нараар гаргуулахаар шийдвэрлэсэн 945,030,060 төгрөгтэй тэнцэх хэмжээний төсөв нь аль бараа ажил, үйлчилгээний үнийн зөрүүнд зарцуулагдсан талаар эрх бүхий байгууллагын тооцооллын үндсэн дээр гаргасан нотлох баримтад үндэслэж шийдвэрлээгүй. Мөн магадлалд Шүүх нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу тооцсон байгааг зөвтгөж шийдвэрлэв” гэж ямар үндэслэлээр зөвтгөж байгааг тайлбарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гарч, зөвхөн нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг илэрхийлэн, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүй, үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 203/2020МА/00013 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Ө ЗД, ЗДТГт холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, ...Засаг дарга хууль зөрчиж гэрээнд гарын үсэг зураагүйгээс шалтгаалж, бид гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь эхлээгүй. ...үүнээс болж тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсч, манай компани зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945,030,060 төгрөгийн хохирол хүлээсэн” гэж маргажээ. 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Тухайн тендер шалгаруулалтад оролцогч нар удаа дараа гомдол гаргаснаар гэрээ байгуулах ажил удааширч, хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа 2017.01.11-ний өдрөөр дуусгавар болсон тул ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулахаас татгалзсан. ...нэхэмжлэлд 945,030,060 төгрөгийн хохирол хүлээсэн талаар дурдсан ч барилгын материалын үнэ хэрхэн өссөн талаар нэхэмжлэгч баримт гаргаагүй, ...маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх үед нэхэмжлэгч нь уг тендер, мөн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал “гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй” гэсэн заалт бүхий гэрээг хүлээн зөвшөөрч, гэрээт ажлыг гүйцэтгэсний дараа хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн маргаж буй үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзлээ.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “Г” ХХК болон Өмнөговь аймгийн ЗДТГрын хооронд 2017.01.12-ны өдөр Өмнөговь аймгийн “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний 2-т ...гүйцэтгэгчийн 6,079,828,009 төгрөгийн төсвийг санхүүжүүлэхийг хүлээн зөвшөөрөхөөр, 4-т ...гүйцэтгэгч ажлыг 2017.01.18-ны өдрөөс эхэлж, түүнээс хойш 2017.11.14-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, гэвч аймгийн Засаг дарга гэрээний “Батлав” хэсэгт гарын үсэг зураагүйгээс нэхэмжлэгч нь Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч 2017.07.21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурснаар нэхэмжлэгч нь барилгын ажлыг 2017.08.05-ны өдөр эхэлж, 2018.11.19-ний өдөр дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримтууд тогтоогджээ.

10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ огцом өсч, ...945,030,060 төгрөгийн зардал гаргаж хохирсон болохыг нотлохоор тус компанийн гаргасан, Төсвийн тоо, хэмжээний зөрүү, хугацааны алдагдал, ханшийн өөрчлөлтөөс үүссэн зардлын нэгтгэл, Материалын зардал /хх-64-67/ гэх баримт, бараа материал худалдан авч байсан байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээ, тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг шүүхэд ирүүлсэн, давж заалдах шатны шүүх дээрх баримтуудад үндэслэн нэхэмжлэгчид 945,030,060 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

11. Учир нь, нэхэмжлэгч нь 2016 оны тендерт оролцох үеийн төсвийн тооцоололд заасан үнэ, тухайлбал ...арматурын төмөр, тоосго, цемент зэрэг барилгын материалын үнэ барилгын гүйцэтгэлийн үед огцом өсч, үнийн асар их зөрүү гарсан гэж маргасан боловч хэрэгт гэрээний салшгүй хэсэг болох тендерийн бичиг баримтад тусгасан ...гэрээний тусгай нөхцөл, ажлын зураг, техникийн шаардлага, ажлын төсөв, зардлын задаргаа, үе шатны ажлын хуваарь зэрэг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтууд авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх ямар баримтад үндэслэн төсвийн тооцоололд заасан үнэ огцом өссөн, нэхэмжлэгчид 945,030,060 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна. 

12. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно, 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан.

13. Нэхэмжлэгч нь ...төсвийн хэмжээгээр ажлыг гүйцэтгэх боломжгүй талаар захиалагч тал болох аймгийн Засаг даргад хэлсэн, 2018.11.19-ний өдрийн Барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын хурлын тэмдэглэлд манай талын гаргасан “...бараа, материалын үнийн өсөлтөөс хохирол хүлээсэн, боломжтой бол үүнийг уламжилж өгөөч” гэсэн санал тусгагдсан, ажил гүйцэтгэж байх явцад төсвийн нэмэгдлийн талаар албан бичиг өгч байгаагүй, ажил хүлээлцсэнээс хойш 3 удаа албан бичгээр хандсан боловч хариу аваагүй гэж тайлбарласан, шүүх ажил гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар барилгын материалын үнэ огцом өсч, төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх эсэх талаар мөн дүгнэх шаардлагатай юм.

14. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудын хооронд үүссэн маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

15. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2020/00090 дүгээр шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 203/2020МА/00013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.07-ны өдөр төлсөн 4,883,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.ЭРДЭНЭСУВД