Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 90

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: ЗДТГ

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945 030 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Н, хариуцагч  төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлыг манай компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай ӨМ2016/48 тоот гэрээг байгуулж, ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон байсан. Гэтэл уг гэрээг баталж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гарын үсэг зураагүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй. Гэрээнд гарын үсэг зурж батлахгүй байгааг хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж манай компани маргаан үүсгэж Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр давах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцсийн шийдвэр гарсан. Дээд шүүх “…Засаг даргыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар гэрээ байгуулахыг нэгэнт зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгааг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд үүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэж тогтоолдоо бичсэн. Ийм шийдвэр гарсаар байхад Өмнөговь аймгийн Засаг дарга шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дахин шүүхэд манай компани хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШЗ2017/0083 тоот шүүгчийн захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлэх байсан ажил 2017 оны 08 дугаар сарын 05-нд нээлтээ хийж эхэлсэн. Энэхүү ажлын санхүүжилтийг “Говийн оюу Хөгжлийг дэмжих сангаас гэрээнд заасан хэмжээгээр гаргасан. Харин гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь эхлээгүйгээс болж тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсч манай компани зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн. Энэ хохирлыг Өмнөговь аймгийн Засаг дарга нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” үүргийн дагуу гаргасан А/05 захирамжаа үндэслэлгүйгээр үгүйсгэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд..., хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх хугацааны явцын хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ӨМ2016/48 гэрээний 11-д заасны дагуу хийж ирсэн тул үнийн өсөлт бий болсон талаар захиалагч тал мэдэж байсан. Энэ талаар манай компани ч мэдэгдэж байсан. Харин орон нутгийн хөгжил, сургууль, цэцэрлэгт суралцах хүүхдийн эрх ашгийг бодож барилгын ажлыг гэрээнд заасан үндсэн 10 сарын хугацаанд дуусгахаар аль аль талаасаа эрмэлзсэн. Захиалагч нь хугацааны алдагдал, үнийн өсөлт, ханшийн зөрүү зэргээс болж үүссэн хохирлыг арилгана гэдгээ мэдэгдэж ажлыг гүйцэтгүүлж хүлээн авсан. Тохиролцсон ёсоор алдагдлын төслийг гаргаж Комиссын дарга, Тамгын газрын дарга, Засаг дарга нарт хүсэлт өгсөн боловч нэг ч хариу ирээгүй байна. Мөн Засаг даргад энэ байдлаа 2019 оны 04 дүгээр сард дахин танилцуулсан боловч нааштай хариу сонссонгүй.

Иймд Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Тамгын газраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 945 030 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Манай компани 2019 оны 04  дүгээр сарын 15-ны өдрийн 40 тоотоор Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 945 030 060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компани нь 2016 оны 10 дугаар сард тус тендерт оролцсон. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч талууд гэрээгээ байгуулаад баталгаажуулах үед аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс хугацаа алдаж 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулан 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай барилгын ажил эхэлсэн. Энэ цаг хугацааны алдагдал, барилгын материалын үнийн өсөлт, ханшийн зөрүү зэргээс энэ хохирол үүссэн гэж нэхэмжлэл гаргасан. Уг барилгыг барихад барилгын үндсэн зардалд цалин, материал, механизм, тээвэр гэсэн үндсэн 4 зардал байдаг. Бид үүнээс зөвхөн материал, машин механизмтай холбоотой зардлын зөрүүг нэхэмжилж байгаа. Харин цалин, тээврийн зардлаас үүссэн алдагдлыг өөрсдөө хүлээж байгаа. Үүнээс гэрээ хугацаандаа эхлээгүйгээс үүссэн алдагдлыг захиалагч, ажил гүйцэтгэгч тал харилцан бие биенээ хүндэтгэн хуваан хариуцсан гэдэг нь харагдаж байгаа. Тухайн үед барилгад ордог бүх материалын зардлууд тодорхой хэмжээгээр юанийн үнэ өссөнтэй холбогдуулан бүгд өссөн. Анх материалын зардалд 2,7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Бидний хувьд бүх зардлуудаас зөвхөн баримтаар нотлогдох зардал болох 945 030 060 төгрөгийг нэхэмжилж байгаа. Механизмын зардал дээр өнөөдөр өглөө танилцсан материал дээр механизмын зардал, гэрээ байгаа. Барилга угсаралтын ажилд ковш, авто гридер, кран зэрэг дандаа тусгай зориулалтын машин механизмууд ордог байгаа. Эдгээр нь өртөг өндөртөй, хувь хүмүүст тэр бүр байдаггүй учраас дандаа өндөр үнэтэй түрээсээр авч хэрэглэдэг. Гэрээт ажил хугацаандаа эхлээгүйгээс болоод 2017 оны 08 дугаар сард ажил эхлээд барилгын ажил 10 дугаар сар хүртэл явагддаг. Дараагийнх нь 2018 оны 04 дүгээр сараас эхлдэг. Улирлын чанартай ажил учраас өнөөх машин механизмууд нь ирэх явах зардлууд их гарсан байгаа. Эдгээр нь бүгд баримтаар нотлогдож байгаа. Монгол улын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцсийн шийдвэр гарсан. Засаг даргыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А05 дугаартай захирамжаар гэрээ байгуулахыг нэгэнт зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрөө гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр үгүйсгэж байгааг хууль бус эс үйлдэхүй үзэх бөгөөд түүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч Говийн өгөөж ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн гээд эс үйлдэхүйг нь Дээд шүүх тогтоолоор гаргаад ирсэн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид 945 030 060 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  болон Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Говийн өгөөж” ХХКомпаниас Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газарт холбогдуулж “945 030 060 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасаныг хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн а/119 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь “Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг барих" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж, оролцогчоос ирүүлсэн тендерийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээсэн юм. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны явцад тендерт оролцогч нараас Сангийн яам, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар тендер шалгаруулах хугацаа удааширч улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 д заасан “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэсэн хугацаа дуусгавар болоход хүрч, улмаар хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэснээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж ажилласан юм. Тухайн тендер шалгаруулалтад оролцогч нар удаа дараалан гомдол гаргаснаар тендерт ялагч байгууллагатай гэрээ байгуулах ажил удааширч аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай шийдвэр гарч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний төсөл баталгаажуулах болсон. Харин энэ үед хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон байсан тул дээрх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулахаас татгалзсан юм.

Энэ талаар Г Ө” XXК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэж, хяналтын шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, уг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулсан юм. “Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлд “тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсч, материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн талаар дурдсан ч барилгын материалын үнэ хэрхэн өссөн талаар баримтыг гаргаагүй байна. Нэхэмжлэгч компани нь маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх үед тендер, түүнчлэн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал “гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй” гэсэн заалт бүхий гэрээг хүлээн зөвшөөрч гэрээт ажлыг гүйцэтгэсний дараа хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “Говийн өгөөж” ХХКомпаниас аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас Говийн өгөөж ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих ажлын ӨМ2016/40 дугаартай гэрээг байгуулаад явсан. Энэхүү гэрээ 2017 оны 01 дүгээр сард байгуулагдсан. Тендер шалгаруулалт 2016 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Засаг дарга гарын үсэг зураагүйгээс гэрээ баталгаажаагүй гэдэг асуудал яригддаг. Энэ нь нэгэнт шүүхээр дүгнэгдсэн учраас ямар нэгэн тайлбар хийх нь илүүц байх. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах үүрэгтэй байдаг. Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулах гэхэд хуульд заасан хүчинтэй хугацаа дуусгавар болсон үндэслэлээр гэрээ зурагдаагүй. Ингээд 2017 оны 07 дугаар сар хүргэсэн. Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 945 030 060 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилдэг. 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээг Засаг дарга баталгаажуулсан хугацаа байдаг. Гэрээний үндсэн огноо 01 дүгээр сарын 12-ны өдөр байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж байгаа. Шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонсохоор хугацаа алдсанаас ямар нэгэн хохирол хүлээсэн гэж яриад байна. Хэрэв 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээ баталгаажуулах үе, түүнээс хойш ажил эхлэх үед гэрээнээс татгалзаад гарчих боломж гүйцэтгэгч компанид бүрэн байсан. 2017 оны 01 дүгээр сард цемент, арматур нь ямар үнэтэй байсан юм, импортоор орж ирдэг юм бол тухайн үед гаалийн үнэ нь ямар байсан юм, эргээд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ямар үнэтэй болсон юм. Тэгээд ямар үнийн зөрүү гарсан юм гэдгийг нотлох ёстой гэж ойлгож байна. Энэ бол төсвийн хөрөнгө. Төсвийн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарцуулдаг журамтай. Энэ хуулийн хүрээнд тус гэрээний захиалагч нь аймгийн Засаг даргын тамгын газар байсан. Энэ хуульд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх, өөрчилж болохгүй тохиолдол, эсхүл нэмэлт гэрээ байгуулаад явдаг зохицуулалтыг тодорхой хэмжээгээр тусгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гээд 40.4.1-т хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, 40.4.2-т суурь үнэ огцом өөрчлөгдсөн гэсэн 2 үндэслэлээр гэрээний үнийг нэмэгдүүлэх зохицуулалт байдаг. Үүнээс бусад тохиолдолд 41.1-д Худалдан авах гэрээнд дараахь өөрчлөлт хийхийг хориглоно гээд 41.1.1-д захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх, 41.1.2-д энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх ийм хатуу хориглодог харилцаа. Ийм учраас гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжгүй. Энэ гэрээ 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ажил хүлээлцээд дүгнэгдсэн. Энэ гэрээнд ямар нэгэн зөрчил байхгүй. Гэрээний хэн аль нь ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ зөрчсөн гэдэг шаардлага гаргаагүй. Мөн Говийн өгөөж ХХК 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна, ийм үндэслэлээр гэрээний үнийг нэмэгдүүлж өгөөч ээ гэсэн ямар нэгэн албан бичгийг захиалагч буюу аймгийн Засаг даргын тамгын газарт гаргаж өгөөгүй. Зөвхөн ажил хүлээлцсэнээс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын орлогч, Засаг даргад ийм 3 бичиг ирүүлсэн байдаг. Энэ бол гэрээ дүгнэгдээд дууссанаас хойш даруй 2 сарын дараа явуулж байгаа бичиг. Ийм учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт гэрээний үүрэг зөрчигдсөн зүйл байхгүй, хоёрдугаарт гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломж байхгүй. Хэрэв гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөөд ямар нэгэн байдлаар төсөвт тусгагдаагүй ажил хийе гээд гүйцэтгэгч хийх юм бол нэмэлт гэрээ байгуулдаг. Нэмэлт гэрээний зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.4-т нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол бие даасан нэмэлт гэрээ байгуулаад явдаг. Хэрэв нэмэлт гэрээ байгуулаад явах байсан бол ажил гүйцэтгэх хугацааны буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ийм нэмэлт ажил хийх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг мэргэжлийн байгууллага ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргаад ийм ажлыг нэмэлтээр хийхгүй бол энэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдэг юм уу, хүсч буй үр дүндээ хүрэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоогоод, түүнийхээ дагуу төсөв хийгдээд төсвийн ерөнхийлөн захирагчаас захиалагч талд эрх олгогдоод гэрээ хийгдээд 2 тал албан бичиг солилцоод явдаг журамтай. Ийм ажиллагаа хийгдээгүй, ажил дууссаны дараа гэнэт анхны гэрээ байгуулагдсан огноо, ажил эхэлсэн огнооны зөрүүгээс болоод төсөв алдагдал хүлээсэн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхны төсөв хийлгэсэн компаниас дахиад төсөв хийлгээд ороод ирсэн байна. Үүн дээр ямар нэгэн ашиг сонирхол байгааг би үгүйсгэхгүй. Төрийн захиалгыг хийгээд төсөв зохиохдоо нэг өөр төсөв зохиодог, дараа нь компанид дахиад нэг төсөв хийгээд өгдөг. Үүнийг шүүх нотлох баримтаар үнэлнэ гэвэл утгагүй асуудал байх. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн төсвийн хөрөнгө бол Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн бараа, ажил үйлчилгээ худалдан авах төсөвт өртгийг өмнөх оныхоо хуулийн хугацаанд нь төсөвлөөд явдаг. Ямар нэгэн байдлаар захиалагч үүнийг зөвшөөрөх ямар ч боломж байхгүй. Захиалагч төсвийн алдагдал гээд байгаа зүйлийг зөвшөөрсөн ямар нэгэн баримт бичиг, үйлдлийг гүйцэтгэгч талд гаргаж өгч байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил хүлээн авах комиссыг даргалж байсан ажлын хэсгийн дарга Батболдод ажил хүлээлцүүлэх комиссын хурал дээр цемент, арматурын үнэ өссөн, боломжтой бол үүнийг уламжилж өгөөч ээ гэсэн саналыг гүйцэтгэгч талаас гаргасан. Тухайн үед ажлын хэсгийн дарга ер нь судална, хэрэв боломж байвал уламжилна байдлаар бичиж тэмдэглэж үлдээсэн нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлийн сүүлийн хуудсан дээрээс тодорхой харагдаж байгаа. Ийм үндэслэлүүд байгаа учраас захиалагч буюу аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хамгийн ямар ч боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945 030 060 төгрөгийг нэхэмжилдэг. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад талуудын хооронд гэрээ үүссэн байна. Тэр гэрээнийхээ үүргийг хариуцагч тал зөрчсөн байна гэсэн байдал харагдаж байна. Гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан. Энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шаардлагыг бүрэн хангасан гэрээ харагдаж байна. Энэхүү гэрээн дээр Засаг даргын зүгээс тухайн үед гарын үсэг зурах нөхцөл байдал удааширсныг сая итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр хэлэхдээ тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж хэллээ. Үүн дээр нэмэлт тайлбар хэлэхэд тендерийн хүчинтэй хугацаа дууссаны дараагаар нэхэмжлэгч Говийн өгөөж ХХК нь Засаг даргыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Засаг даргыг хариуцагчаар татсан учраас шүүхэд өгсөн энэ хугацаанд Засаг дарга ямар нэгэн байдлаар цаашид гэрээнд гарын үсэг зурах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн тендерийг дахин зарлах боломжгүй болсон. Нэгэнтээ шүүхэд өгсөн учраас 3 шатны захиргааны хэргийн шүүхийн асуудлыг дуусгаж байж дараагийн асуудлыг шийдье гэсэн ийм байдалд орсон. Тийм учраас энэ нь зөвхөн Засаг даргын буруутай үйлдлээс биш нэхэмжлэгч өөрөө захиргааны шүүхэд хандсан учраас хугацаа удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хамтран ажиллах гэрээ 3 шатны шүүхийн дараагаар байгуулагдах болсон. Үүн дээр гүйцэтгэгч тал Говийн өгөөж ХХК нь энэ хугацаанд татгалзан гарах бүрэн боломжтой байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэгэнтээ бид тухайн үед өгч байсан үнийн санал өөрчлөгдсөн. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр үнийн зөрөөнүүд гарч байгаа учраас бид энэ тендерт оролцохгүй, энэ гэрээг байгуулахгүй гээд татгалзах эрх нь байсан. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээ нь 2 талын чөлөөт байдал дээр тулгуурлаж байгуулагддаг гэрээ. Говийн өгөөж ХХК-ийн захирлыг хэн ч дарамталж энэ гэрээнд гарын үсэг зур, өмнө нь тендерт оролцож байсан гэсэн ийм нөхцөл байдал байхгүй байсан учраас татгалзан гарах эрх нь бүрэн нээлттэй байсан. Эсхүл энэ гэрээг байгуулахаас өмнө ийм үнийн зөрүү гарч байгаа учраас үнийн дүн дээр өөрчлөлт хийе гэсэн саналаа гэрээ байгуулахаас өмнө гаргах боломжтой байсан. Гэтэл өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураад, баталгаажуулаад, гүйцэтгээд, ажил дууссаны дараа манайх их хэмжээний хохирол хүлээсэн. Барааны үнэ ханшийн зөрүүнээс болж ийм их алдагдалд орлоо гээд 945 030 060 төгрөг төсвөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээний ямар ч үүргийг хариуцагч тал зөрчөөгүй. Хугацаандаа ажил хүлээлцэх актын дагуу ажлыг хүлээж авсан. Энэ гэрээнд заасан үнийн дүнг тодорхой тусгасан графикт хуваарийн дагуу тухай бүрд нь бүрэн шилжүүлж байсан. Ямар ч гэрээний үүрэг зөрчигдөөгүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээний 2 дугаар зүйл гэрээний тусгай нөхцөлд тодорхой шаардлага тавигдсан. Гэрээний 3 дугаар хуудас гэрээний ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн заалтыг тодорхой оруулсан байгаа. Нэгэнтээ үнийн тохируулга хийхийг хориглосон, өөрөө татгалзан гарах бүрэн боломжтой байтал гэрээгээ байгуулсны дараа ийм ханшийн зөрүүнээс болж ийм алдагдалд орж, ийм асуудал үүслээ гээд нэгэнт болоод өнгөрсөн ажлынхаа дараа ингэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь төдийлөн үнэнд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэмж хэлэхэд тухайн үеийн бараа материалын үнэ нэмэгдсэн гэж амаар хэлж байгаа боловч өнөөдөр нотлох баримтаар яг ямар хохирол хүлээсэн гэдэг нь байхгүй. Тухайн үеийн үнийн саналуудыг 2 компани бичгээр өгснийг нотлох баримтаар хавсаргасан байна. Тэр бол яг энэ компанийг алдагдал хүлээсэн гэдгийг нотлох боломжгүй гэж үзэж байна. Нэгэнт талуудын чөлөөт байдлаар гэрээг байгуулсан байтал өнөөдөр ийм байдлаар их хэмжээний үнийн дүнг нэхэмжилж байгааг Засаг даргын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрээнд үнийн тохируулга хийхгүй гээд хориглосон заалт байгаа. Гэрээнд тусгаагүй асуудлаар бид ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Мөн гэрээнд ямар нэгэн байдлаар цаашид гарах үнийн өсөлт болон ханшийн зөрүүтэй холбоотой асуудлыг захиалагч тал хариуцна гэсэн заалт байсан бол бид хариуцах ёстой. Гэтэл тийм заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв. 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г ө” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945 030 060 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар нь “гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн заалт бүхий гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан, гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх явцад гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон талаар захиалагч талд мэдэгдээгүй, ажил гүйцэтгэж дууссаны дараа хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

Шүүх тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

“Г ө” ХХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих, гэрээний нийт дүн 6 079 828 009 төгрөгийг 2017 оны Оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр ӨМ2016/48 дугаартай гэрээнд захиалагчийг төлөөлж Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Баянмөнх, гүйцэтгэгчийг төлөөлж “Г ө” ХХК-ийн захирал А.Н нар гарын үсэг зурсан байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгэгч тал өөрийн зардлаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч аймгийн Засаг дарга гэрээний “Батлав” хэсэгт гарын үсэг зураагүйгээс нэхэмжлэгч тал Засаг даргын хууль бус эс үйлдэхүй болохыг шүүхээр тогтоолгож улмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга уг гэрээнд гарын үсэг зурж, барилгын ажил 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохирсон хөлс төлснөөр гэрээний талуудын үндсэн үүрэг бүрэн биелэгдсэн буюу энэхүү үүргүүдийн хүрээнд үүргийн зөрчилгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Г ө” ХХК нь “...гэрээний дагуу хугацаандаа ажлыг эхлүүлээгүй буруутай Засаг даргын Тамгын газар, Засаг дарга нараас гэрээнээс үүссэн хохирол буюу тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өссөн тул зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийг гаргуулах”-аар шаарддаг.

Мөн “төсвийн хэмжээгээр ажлыг гүйцэтгэх боломжгүйг захиалагч талд, аймгийн Засаг даргад хэлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын хурлын тэмдэглэлд “бараа, материалын үнийн өсөлтөөс хохирол хүлээсэн, боломжтой бол үүнийг уламжилж өгөөч” гэсэн саналыг манайх гаргасан, ажил гүйцэтгэж байх явцад төсвийн нэмэгдлийн талаар албан бичиг өгч байгаагүй, ажил хүлээлцсэнээс хойш 3 албан бичиг өгсөн боловч хариу аваагүй” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно”, мөн зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.

Ажил гүйцэтгэгч “Г ө” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих ажил”-ыг гүйцэтгэж байхдаа буюу гэрээний хэрэгжилтийн явцад төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэрээ байгуулах үед ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хэн алиных нь урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв ихээхэн хэмжээгээр нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба ийнхүү мэдэгдээгүй зардлыг захиалагч хариуцахгүй юм.

Түүнчлэн ажил гүйцэтгэгч төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн л бол захиалагч уг мэдэгдлийн дагуу төсвийн шинэ хэмжээг хариуцах үүрэггүй ба тэрээр төсвийн өөрчлөгдсөн хэмжээг зөвшөөрөх боломжгүй бол гэрээг цуцлах эрхтэй талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаас гадна захиалагч нь захиалгаа цуцлах, өөрчлөх, эсхүл хязгаарлах гэх мэт хариу үйлдлийн үндэс болдгоороо ач холбогдолтой.   

Нөгөө талаар төсвийн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд нэмэгдсэн хэмжээгээр төлөх эсэх асуудлыг талууд анх гэрээ байгуулах үед тохиролцсон байх учиртай.

Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэжээ.

Ажил гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал буюу барилгын материалын үнэ огцом өссөн шалтгаанаар төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул захиалагч нэмэгдсэн зардлыг хариуцах үүрэггүй гэж үзэв.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний зүйлтэй холбоотой онцгой үүргийг талууд гэрээгээр тохиролцож ногдуулаагүй, захиалагч нь тодорхой тохиолдолд ажлын үр дүнг бий болгоход нөлөөлөх, хамтрах  үүрэг хүлээдэг тухайлбал, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-351.1.4 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасанчлан үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд тооцогдох боловч энэхүү маргааны тохиолдолд хариуцагч нар нь дээрх үүргийг гэрээгээр хүлээгээгүй, мөн үүргээ зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна энэ нь ажил гүйцэтгэгч талыг төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид мэдэгдэх үүргээс чөлөөлөхгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Н нь шүүх хуралдаанд “...гарын үсэг зураагүй, үүргээ биелүүлээгүй Засаг даргаас, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Засаг даргын тамгын газраас учирсан хохирлоо нэхэмжилж байна” гэх боловч хариуцагч тус бүрээс шаардаж буй шаардлагын тоо, хэмжээг тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт  заасан гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “Г ө” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945 030 060 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г ө” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945 030 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 880 101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНСҮРЭН