Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 11

 

О.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, шүүгч Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00183 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Хөгжил 9-9б тоотод оршин суух, Ц овогт О.Д төлөөлөн Ж.Д гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, 17 байр, 3-22 тоотод оршин суух, Д овогт Д.О холбогдох

барилга байгууламж ашиглах явцад учирсан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Д төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Д миний бие нь “Дэвжих” худалдааны төвийн зүүн доод өнцөгт байрлалтай “Хонгор” барилгын материалын дэлгүүрийг 2017 оноос худалдан авч ажиллуулж байна. Манай дэлгүүр нь 2019 оны 03 сарын 25-наас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл түр хугацаанд ажиллаагүй байсан. Энэ хугацаанд 2 давхарт байсан Д.О эзэнтэй оёдолын үйлдвэр буюу дээд давхараас ус алдаж, хохирол учруулсан. Ус алдахад доор нь байдаг манай дэлгүүрт байсан офисс хөшиг усанд норж зарах боломжгүй болж нийт 1.300.000 төгрөгний /үнэ бүхий хөшиг/ хохирол учирч засварлахад 200.000 төгрөгний зардал, нийлээд 1.500.000 төгрөгний хохирол учирсан тул тухайн барилгын хууль ёсны эзэмшигчээс 1.500.000 төгрөгний гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлдээ бага хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа. Тухайн үед би Говь-Алтай аймагт байгаагүй. Улаанбаатар хотод байсан. Манай дэлгүүрийн 2 давхраас ус алдсан. Би өөрөө барилгын мэргэжлийн хүн. Механик үйлчлэл өгөөд тэр газраас ус алдсан гэж үзэж байна. Ус алдаад дор нь байсан хөшигнүүд нороод, халтартаад, худалдаалах боломжгүй болсон. Дэлгүүрийн тухайд шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр 1.527.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан байгаа. Би 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шалтгаан нь нас намбатай хүн нийгэмд хор нөлөөтэй үйлдэл хийгээд түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, бүдүүлэг байдлаар хүнтэй харьцаад байгаа учир нэг ёсны залхаан цээрлүүлэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед хүн орж үзсэн гэсэн зүйл бол байхгүй. Хотоос нилээд хэд хоногийн дараа ирээд үзэхэд тийм байдалтай болсон байсан. Механик үйлчлэлээр ус алдаад 2 хөшиг халтартаад ус зогсоно гэсэн зүйл байхгүй. Ус алдсан болохоор тухайн газарт байсан бүх эд материал бохирдсон. Тухайн үед орж үзсэн зүйл байхгүй. Тухайн үед би байхгүй байсан. 14 хоногийн дараа хотоос ирсэн. Удаа дараа ийм үйлдэл гарсан. Өмнө жил мөн дээд давхраас ус алдаад барилгын хэсэг нороод бага зэрэг хайрцагтай зүйлүүд норсон байсан. Тэгэхэд би гомдол гаргаагүй. Удаа дараа ийм үйлдэл гаргаад түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, хүнээс уучлалт гуйж чаддаггүй болохоор нэхэмжлэл гаргаад байгаа юм. Нойлоос нь ус алдаад арга буюу би Ус сувгийн газраас хүн дуудаж янзлуулсан. Тэгээд мөнгийг нь төл гэхээр мөнгийг нь төлдөггүй. Ийм үзэл бодолтой болохоор нэхэмжлэл гаргаад байна гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Хавдар судлалын эмнэлэгт үзүүлж байсан. Тэгэхэд утас дуугараад танай оёдлын үйлдвэрээс ус жоохон гоожоод байна. Нарийн турба унасан байна гэж утсаар ярьсан. Би та нар өөрсдөө унагасан юм биш үү? гэхэд Үгүй ээ, зүгээр байж байгаад унасан. Тэгээд жоохон ус дуссан байсныг нь бид нар цэвэрлэлээ гэж хэлсэн. Доод талын дэлгүүрт ороод үзэхэд 2 хөшиг л халтар болсон байсан гэж хэлсэн. Өнөөдрийн гэрчээр ирсэн хүмүүс бүгд харсан. Тухайн үед 2 хөшиг л халтар болсон байсан. Одоо болохоор 30 гаруй хөшигний зураг үзүүлээд мөнгө нэхэмжлээд байгаа. Тэр хөшигнүүд хэзээ халтартсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Тухайн үед ус ороод халтар болсон гэх ямар ч нотлох баримт байхгүй. Цоорсон газар нь маш жижиг газар байгаа. Тухайн үед гарсан усыг нь өнөөдрийн ирсэн гэрчүүд цэвэрлэсэн. Энэ хүн надтай хотод таарахад юм яриагүй. Би энэ хүүхэнтэй ойрхон хугацаанд 4 сар гаргаад хотоос ирсэн. Ирээд үзэхэд 2 хөшиг хажууд нь хэдэн хөшиг харагдаж байсан. Гадаа байгаа гэрчүүд бүгдийг харсан. Хаанаасаа хөшиг авчраад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Ямар ч нотлох баримт байхгүй байна. Намайг их мөнгөтэй гэж бодоод мөнгө нэхээд байх шиг байна. Тийм учраас би эсэрүүцээд байгаа юм. Би түүнийг тухайн үед харж байсан бол бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Өвчтэй зовлонтой байхад нарийн турба гэмтсэн байсан. Тэр нь яг усны хоолой биш. Цахилгаан халаагуурны нарийн турба тасраад унасан. Одоо хүртэл хэвээрээ байгаа. 3 дугаар сарын дундуур ус гоожсон гэж байгаа. Тэрнээс хойш намайг 2-3 хөшигний төлөө 20-30 хөшиг нэхэмжлээд байна гээд хүнээс зөвлөгөө авсан. Тэгэхэд энд байгаа хөшигний үнийг асуу гэсэн. Би хөшигний үнийг судлахад 2 метрийн хулдаасан хөшиг нь 25.000 төгрөг, метр гаруй хэмжээтэй нь 20.000 төгрөг, жижиг хөшиг нь 15.000-12.000 төгрөгийн үнэтэй байсан. Хотоос асуулгахад том хулдаасан хөшиг 25.000 төгрөг, жижиг нь 15.000-12.000 төгрөгийн үнэтэй байсан. Эрээний үнийг асуухад яг энэ үнийн тал үнэтэй байсан. Бүх барааг наймаачид нугалж зардаг юм. Тэр үнээрээ нэхэмжилж байгаа. Тэр ус алдсан цоорхой 10-20 сантиметр газар халтар болсон байсан. Тэр нэхэмжлээд байгаа олон хөшгийг төлж чадахгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус үндэслэн Д овогт Д. О 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц овогт О. Д олгож, нэхэмжлэгч Ц овогт О. Д гэмтсэн 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис  хөшгийг гаргуулан хариуцагч Д овогт Д. О олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00183 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан заалтыг үндэслэн Д.О надаас хөшигний үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр гаргуулж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Би 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод эмчилгээнд явсан байсан.

Ус алдаж гэм хорын хохирол учруулсан гэх үйлдэл нь миний буруугаас болоогүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс тухайн үед Улаанбаатар хотод байсан. Миний буруутай үйлдлээс болж эд хөрөнгөнд гэм хор учраагүй гэж ярьдаг. Тухайн байшингийн өмчлөгч нь хариуцагч мөн болох нь хавтаст хэрэгт байгаа баримтууд болон өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэгдэж иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр Д.О 1.500.000 төгрөг гаргуулсан нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд ярихгүй, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрх хэмжээ нь байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсэгт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг төсөөтэй хэрэглэсэн зохицуулалт шийдвэр дээр тусгасан байгаа. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 496.2 нь төсөөтэй хэрэглэж гэм хор учирсан эд хөрөнгийг Д.О олгох хуулийн заалт биш гэж үзэж байна. 496.2 нь өөр харилцааг зохицуулсан асуудал байгаа. Энэ нь шийдвэрт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.О өмчлөлийн оёдолын үйлдвэрийн байрны усны шугамнаас ус алдаж, шалны цоорхойгоор ус орж доод давхарт нь байрлаж үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч О.Д барилгын материалын дэлгүүрт байсан 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис хөшиг усанд орж зарах боломжгүй болж нийт 1.300.000 төгрөгийн хохирол, дэлгүүрийн барилгын дотор хэсэг норж гэмтэж түүнийг засварлахад 200.000 төгрөгийн зардал гарч, нийт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хариуцагч Д.О нь: “Тухайн ус алдсан 2 давхар барилга миний өмчлөлийн барилга мөн. Би хэзээ ус алдахыг мэдэх боломжгүй. Тухайн үед би өөрөө байгаагүй. Манай түрээслэгчид харж байсан. Доод талын дэлгүүрт ороод үзэхэд 2 хөшиг л халтар болсон байсан гэж надад хэлсэн. Тухайн үед 2 хөшиг л халтар болсон байсан. Одоо болохоор 30 гаруй хөшигний зураг үзүүлээд мөнгө нэхэмжлээд байгаа. Тэр хөшигнүүд хэзээ халтартсан гэдгийг хэн ч мэдэхгүй” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл зохигчид хоёрдугаар давхараас ус алдагдаж нэгдүгээр давхар руу орсон гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч Д.О нь ус алдаж гэм хорын хохирол учруулсан гэх үйлдэл нь миний буруугаас болоогүй, ус алдсаны улмаас учирсан гэх хохирлын хэмжээ нь бодитой биш байна гэж маргажээ.

Гэвч Д.О өмчлөлийн оёдолын үйлдвэрийн усны шугамнаас ус алдсаны улмаас О.Д барилгын материалын дэлгүүрт байсан хөшигнүүд зарах боломжгүй болж, дэлгүүрийн барилгын дотор хэсгийг засварлах болж нэхэмжлэгчид нийт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Д барилгын материалын дэлгүүрт хийсэн анхан шатны шүүхийн үзлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт зэргээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэг хүлээдэг байна.

Анхан шатны шүүх иргэний харилцаанд оролцогчдын маргааныг хуульд заасан журмаар, талуудын маргааны талаар баримталж буй байр сууриа нотолсон хэмжээнд шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.О гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.Ж

                                 ШҮҮГЧИД                            Ч.Э

                                   Ш.Б