Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183

 

 

 Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ж.Баянмөнхийг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Хөгжил 9-9б тоотод оршин суух, Ц овогт О-ын Д-ыг төлөөлөн Ж.Д-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, 17 байр, 3-22 тоотод оршин суух, Д овогт Д-ын О-д холбогдох

барилга байгууламж ашиглах явцад учирсан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Д.О, гэрч Г.Н, Б.Б, Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Д-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Д миний бие нь Дэвжих худалдааны төвийн зүүн доод өнцөгт байрлалтай Хонгор барилгын материалын дэлгүүрийг 2017 оноос худалдан авч ажиллуулж байна. Манай дэлгүүр нь 2019 оны 03 сарын 25-наас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл түр хугацаанд ажиллаагүй байсан. Энэ хугацаанд 2 давхарт байсан Д.О эзэнтэй оёдолын үйлдвэр буюу дээд давхараас ус алдаж, хохирол учруулсан. Ус алдахад доор нь байдаг манай дэлгүүрт байсан офисс хөшиг усанд норж зарах боломжгүй болж нийт 1.300.000 төгрөгний /үнэ бүхий хөшиг/ хохирол учирч засварлахад 200.000 төгрөгний зардал, нийлээд 1.500.000 төгрөгний хохирол учирсан тул тухайн барилгын хууль ёсны эзэмшигчээс 1.500.000 төгрөгний гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлдээ бага хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа. Тухайн үед би Говь-Алтай аймагт байгаагүй. Улаанбаатар хотод байсан. Манай дэлгүүрийн 2 давхраас ус алдсан. Би өөрөө барилгын мэргэжлийн хүн. Механик үйлчлэл өгөөд тэр газраас ус алдсан гэж үзэж байна. Ус алдаад дор нь байсан хөшигнүүд нороод, халтартаад, худалдаалах боломжгүй болсон. Дэлгүүрийн тухайд шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр 1.527.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан байгаа. Би 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шалтгаан нь нас намбатай хүн нийгэмд хор нөлөөтэй үйлдэл хийгээд түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, бүдүүлэг байдлаар хүнтэй харьцаад байгаа учир нэг ёсны залхаан цээрлүүлэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед хүн орж үзсэн гэсэн зүйл бол байхгүй. Хотоос нилээд хэд хоногийн дараа ирээд үзэхэд тийм байдалтай болсон байсан. Механик үйлчлэлээр ус алдаад 2 хөшиг халтартаад ус зогсоно гэсэн зүйл байхгүй. Ус алдсан болохоор тухайн газарт байсан бүх эд материал бохирдсон. Тухайн үед орж үзсэн зүйл байхгүй. Тухайн би үед байхгүй байсан. 14 хоногийн дараа хотоос ирсэн. Удаа дараа дахин ийм үйлдэл гарсан. Өмнө жил мөн дээд давхраас ус алдаад барилгын хэсэг нороод бага зэрэг хайрцагтай зүйлүүд норсон байсан. Тэгэхэд би гомдол гаргаагүй. Удаа дараа ийм үйлдэл гаргаад түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, хүнээс уучлалт гуйж чаддаггүй болохоор нэхэмжлэл гаргаад байгаа юм. Нойлоос нь ус алдааад арга буюу би Ус сувгийн газраас хүн дуудаж янзлуулсан. Тэгээд мөнгийг нь төл гэхээр мөнгийг нь төлдөггүй. Ийм үзэл бодолтой болохоор нэхэмжлэл гаргаад байна гэв.

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Хавдар судлалын эмнэлэгт үзүүлж байсан. Тэгэхэд утас дугараад танай оёдлын үйлдвэрээс ус жоохон гоожоод байна. Нарийн турба унасан байна гэж утсаар ярьсан. Би та нар өөрсдөө унагасан юм биш үү? гэхэд Үгүй ээ, зүгээр байж байгаад унасан. Тэгээд жоохон ус дуссан байсныг нь бид нар цэвэрлэлээ гэж хэлсэн. Доод талын дэлгүүрт ороод үзэхэд 2 хөшиг л халтар болсон байсан гэж хэлсэн. Өнөөдрийн гэрчээр ирсэн хүмүүс бүгд харсан. Тухайн үед 2 хөшиг л халтар болсон байсан. Одоо болохоор 30 гаруй хөшгийн зураг үзүүлээд мөнгө нэхэмжлээд байгаа. Тэр хөшигнүүд хэзээ халтартсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Тухайн үед ус ороод халтар болсон гэх ямар ч нотлох баримт байхгүй. Цоорсон газар нь маш жижиг газар байгаа. Тухайн үед гарсан усыг нь өнөөдрийн ирсэн гэрчүүд цэвэрлэсэн. Энэ хүн надтай хотод таарахад юм яриагүй. Би энэ хүүхэнтэй ойрхон хугацаанд 4 сар гаргаад хотоос ирсэн. Ирээд үзэхэд 2 хөшиг хажууд нь хэдэн хөшиг харагдаж байсан. Гадаа байгаа гэрчүүд бүгдийг харсан. Хаанаасаа хөшиг авчраад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Ямар ч нотлох баримт байхгүй байна. Намайг их мөнгөтэй гэж бодоод мөнгө нэхээд байх шиг байна. Тийм учраас би эсэрүүцээд байгаа юм. Би түүнийг тухайн үед харж байсан бол бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Өвчтэй зовлонтой байхад нарийн турба гэмтсэн байсан. Тэр нь яг усны хоолой биш. Цахилгаан халаагуурны нарийн турба тасраад унасан. Одоо хүртэл хэвээрээ байгаа. 3 дугаар сарын дундуур ус гоожсон гэж байгаа. Тэрнээс хойш намайг 2-3 хөшигний төлөө 20-30 хөшиг нэхэмжлээд байна гээд хүнээс зөвлөгөө авсан. Тэгэхэд энд байгаа хөшигний үнийг асуу гэсэн. Би хөшигний үнийг судлахад 2 метрийн хулдаасан хөшиг нь 25.000 төгрөг, метр гаруй хэмжээтэй нь 20.000 төгрөг, жижиг хөшиг нь 15.000-12.000 төгрөгийн үнэтэй байсан. Хотоос асуулгахад том хулдаасан хөшиг 25.000 төгрөг, жижиг нь 15.000-12.000 төгрөгийн үнэтэй байсан. Эрээний үнийг асуухад яг энэ үнийн тал үнэтэй байсан. Бүх барааг наймаачид нугалж зардаг юм. Тэр үнээрээ нэхэмжилж байгаа. Тэр ус алдсан цоорхой 10-20 сантиметр газар халтар болсон байсан. Тэр нэхэмжлээд байгаа олон хөшгийг төлж чадахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад О.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Д.О-д холбогдуулан барилга байгууламж ашиглах явцад учирсан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Уг маргаж буй асуудал нь эрх зүйн хувьд бусдад гэм хор учруулсны улмаас учирсан хохирол гаргуулах тухай шаардлага байх ба шүүх гэм хорын хохирол гаргуулах маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа барилга байгууламж ашиглах явцад учирсан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулахаар тодорхойлж байгаа хэдий ч шүүх уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, зохигчдын тайлбар, үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь “....Д.О-д холбогдуулан хоёр давхарт байрлах Д.О эзэнтэй оёдолын үйлдвэр буюу тус барилгаас ус алдахад доор нь байдаг манай дэлгүүрт байсан 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис хөшиг усанд орж зарах боломжгүй болж нийт 1.300.000 төгрөгийн, дэлгүүрийн барилгын дотор хэсэг норж гэмтсэн хохирлыг засварлахад гарах зардал 200.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан тул тухайн барилгын хууль ёсны эзэмшигчээс 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж, хариуцагч нь “...намайг орж үзэхэд 3-4 хөшиг л халтартсан аятай байсан. Үлдсэн хөшигнүүд нь зөв зүгээс байсан. Ийм байхад 1.500.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.

 Дээрх тайлбаруудаас үзэхэд зохигчид хоёрдугаар давхарт ус алдагдаж нэгдүгээр давхар руу орсон гэх үйл баримтын талаар маргаагүй, харин уг явдлаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгө...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ оффис хөшигний үнэ 1.300.000 төгрөг, дэлгүүрийн барилгын дотор хэсэг норж гэмтсэн хохирлыг засварлахад гарах зардал 200.000 төгрөг, 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис хөшигний үнэ нийт 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШТ2019/00003 дугаартай шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч О.Д-ын Дэвжих худалдааны төвийн зүүн доод өнцөгт байрлалтай “Хонгор” барилгын материалын дэлгүүрийн оффис хөшиг, ус орсон газар засвар хийсэн талаарх зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилжээ.

 “Ашид билгүүн” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баяншанд баг Түлшний захад байршилтай дэлгүүрт ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ 1.527.100 /нэг сая таван зуун хорин долоон мянга нэг зуун/ төгрөг гэж дүгнэжээ.

Уг шинжээчийн дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШТ2019/00013 дугаартай шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч О.Д-ын Дэвжих худалдааны төвийн зүүн доод өнцөгт байрлалтай “Хонгор” барилгын материалын дэлгүүрийн оффис хөшиг, ус орсон газар засвар хийсэн талаарх зах зээлийн үнэлгээг тогтоох дахин шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ 1.527.100 /нэг сая таван зуун хорин долоон мянга нэг зуун/ төгрөг гэж дүгнэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг зохигчдод танилцуулсан бөгөөд хариуцагч талаас дахин тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч “Ашид билгүүн” ХХК нь даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа явуулах тухай эрхтэй компани байх бөгөөд шинжээч нар нь дүгнэлт гаргахаас татгалзах хуульд заасан шалтгаангүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн авахгүй байх, үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Тухайн барилга, эд зүйлд үзлэг хийхэд барилгын тодорхой нэг хэсэг газар норж гэмтсэн, хөшигнүүд норж бохирлогдон гэмтсэн байдал тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу 45 ширхэг оффис хөшиг нь өөр байдлаар бохирлогдсон байх нөхцөл байдал үзлэгээр  болон шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй, ус алдсаны улмаас бохирлогдсон байх нөхцөл байдал нь зохигчдын тайлбар болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр шууд бус байдлаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч тал нотолгооны үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүх хуралдаанд оролцуулсан гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд гэрч Ч.С-ийн “...Ус алдахад бид нар гурвуулаа байсан. 15 минутын дотор цэвэрлэсэн байх, маш хурдан цэвэрлэсэн. Намайг орж үзэхэд 2-3 хөшиг байсан. Би 2-3 хоногийн дараа юм асуух гэж орж байсан. Тэгэхдээ харсан. Тухайн үед аль хөшиг норсон талаар асууж тодруулаагүй...” гэх, гэрч Г.Н-ын “...03 дугаар сарын сүүлээр ус алдсан. Д.О эгч хотоос яриад хэдэн хөшиг халтар болсон байна, ороод үзээтэх гэсэн. Намайг ороод үзэхэд 2-3 хөшиг үзүүлж байсан. Цаана нь хэдэн хөшиг байсныг анзаараагүй, Би тэр хөшгийг үзчихээд гараад явсан. Бид нар оёдолчинийн өрөөнд байж байхад их хэмжээний чимээ гарсан. Тэгээд харахад хар нүүрстэй ус гарсан байсан...” гэх, гэрч Б.Б “...Би тухайн үед дэлгүүрт нь орж үзээгүй. Намайг ороод үзээтэх гэж хэлсэн. Би тухайн үед завгүй байсан. Ус алдаад тэр дор нь цэвэрлэсэн. Г.Н эгч, Г, С гэдэг хүмүүс орж харсан. Манай дүү охин тухайн үед тэнд ажиллаж байсан. Тэр охин бас орж харсан. Тэгэхэд 2-3 хөшиг норсон байсан гэсэн. Би бол өөрөө орж үзээгүй. Цоорхойгоор нь ус ороод хөшиг халтар болсон байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр хэргийн үйл баримт хангалттай тогтоогдохгүй буюу гэрч Ч.С орж харсан гэдэг нь эргэлзээтэй, Нармандах “...цаана нь хэдэн хөшиг байсныг анзаараагүй, 2-3 хөшиг үзүүлж байсан” гэх байдлаар тодорхой бус мэдүүлсэн байх тул гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Гэмтсэн хөшиг болох 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг хөшиг /шинжилгээний баримтад дурдсанаар/-ийн үнийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгч талд олгох нь нэхэмжлэгч тал хохиролд дээрх хөшигнүүдийн үнийг гаргуулж аваад дахиад хөшигнүүдтэй үлдэх нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих нэг хэлбэр гэж үзлээ. Хуульд энэ үйл баримтын дагуу үүссэн харилцааг нарийвчлан зохицуулсан үүргийн тусгай зохицуулалт болон нийтлэг зохицуулалт тусгагдаагүй тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасныг журамлан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааныг төсөөтэй хэрэглэж гэмтсэн 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг хөшгийг нэхэмжлэгч О.Д-аас гаргуулан хариуцагч Д.О-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Иймд хариуцагч Д овогт Д-ийн О-гээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц овогт О-ын Д-д олгож, гэмтсэн 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис хөшигийг нэхэмжлэгч О.Д-аас гаргуулан хариуцагч Д.О-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус үндэслэн Д овогт Д-ийн О-ээс 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц овогт О-ын Д-д олгож, нэхэмжлэгч Ц овогт О-ын Д гэмтсэн 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис  хөшгийг гаргуулан хариуцагч Д овогт Д-ийн О-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

                                      ШҮҮГЧИД                                     Н.ОЮУНБИЛЭГ

                                                                                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ