Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00113

 

  

О.Доржнамжилийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00183 дугаар шийдвэр

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 215/МА2020/00011 дүгээр магадлалтай, 

О.Доржнамжилийн нэхэмжлэлтэй,

Д.Оросхүүд холбогдох  

Барилга байгууламж ашиглах явцад учирсан гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч Д.Оросхүүгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. О.Доржнамжил нь Д.Оросхүүд холбогдуулан барилга байгууламж ашиглах явцад учирсан гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00183 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус үндэслэн Д.Оросхүүгээс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Доржнамжилд олгож, нэхэмжлэгч О.Доржнамжилаас гэмтсэн 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис хөшгийг гаргуулан хариуцагч Д.Оросхүүд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оросхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Доржнамжилд олгож шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 215/МА2020/00011 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Оросхүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагч Д.Оросхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Гэтэл миний бие ус алдах үед Улаанбаатар хотод Хавдар судлалын эмнэлэгт биеэ үзүүлж явсан учраас миний зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан зүйл байхгүй юм. Учир нь тухайн ус алдалт нь манайд халаалт өгдөг "Дэвжих төв уурын зуухны хүчтэй шахалтаас шалтгаалан хий тулж нарийн труба унаснаас болж ус алдсан байх тул тухайн эд хөрөнгөд миний санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ус алдаж бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас миний санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй байхад барилга байгууламжийн эзэн гэдгээр нь хохирлыг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар намайг тухайн үед Говь-Алтай аймагт байгаагүй, миний буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалан бусдын эд хөрөнгөд гэм хор учраагүй гэдэг нь нотлогддог учраас би гэм хорыг хариуцах үүрэггүй гэж үзэж байна.

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэж заажээ. Хэрэв шүүх намайг дээрх хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байгаа бол тухайн байшингийн халаалтыг Дэвжих төв хувийн уурын зуух хариуцдаг тул би дангаараа гэм хор учруулсан этгээд болохгүй, мөн уурын зуух, тухайн оёдлын газрыг хариуцан ажиллуулдаг этгээд гэх мэт олон хүн уг гэм хорын хохирлыг хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Мөн тухайн үйл явдал нь гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй үйл явдлын улмаас үүссэн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Тухайн үед О.Доржнамжил нь өөрөө сар гаруй хугацаанд дэлгүүртээ байгаагүй өөрийн өмчийн зүйлдээ хайхрамжгүй хандсан зэрэг нь гэнэтийн хүчин зүйлийн улмаас ус алдахад хөшиг норж хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул дээрх хохирлыг би дангаараа хариуцах нь Иргэний хуулийн үзэл санаа болох тэгш эрхийн зарчим, хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна.

3.2. Анхан болон давж заалдах шатны шүүх бодит хохирлыг үндэслэлгүйгээр буюу бодит байдлаас их хэмжээгээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ус алдах үед би Улаанбаатар хотоос холбогдож, хүн явуулж хэдэн хөшиг усанд норсныг асууж тодруулахад 2 ширхэг хөшиг усанд норсон гэж байсан. Энэ талаар хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг байдаг. Ийм учраас миний зүгээс нэхэмжлэлийн үнэ болон учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас миний зүгээс мэргэжлийн бус хүн шинжилгээ хийсэн гэсэн үндэслэлээр тухайн үнэлгээг гаргасан Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байхад ахин Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилон шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Миний зүгээс мөн энэхүү дүгнэлтийг Ашид билгүүн ХХК гаргасан нь үндэслэлгүй, сүүлчийн шинжээчийн дүгнэлт нь өмнөх дүгнэлттэй үг, үсгийн зөрүүгүй байсан учраас дахин хүлээн зөвшөөрөхгүйгээр хөндлөнгийн этгээдээр дүгнэлт гаргуулахаар хандахад шүүх хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан шиг олон тооны хөшиг усанд норсон нь тогтоогдоогүй байхад хэзээ яаж норсон нь мэдэгдэхгүй олон тооны хөшгийг норгож, гэм хор учруулсан гэж үзээд, хууль бус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.3. Мөн гэнэтийн хүчин зүйлийн улмаас хөшиг норж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь иргэний эрх зүйн гэм хор гэсэн ойлголтод хамаарах эсэх нь эргэлзээтэй. Учир нь энэхүү хохирол нь ямар нэгэн этгээдийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэж дүгнэн гэм бурууг тогтоосон прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр гараагүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нь ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг намайг хариуцах ёстой гэж дүгнээд байгаа болохоос хэний буруутай үйл ажиллагааны улмаас эсвэл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ус алдсан уу гэдгийг тогтоогоогүй, энэ тал дээр дүгнэлт хийгээгүй юм. Өөрөөр хэлбэл, хохирол учрах болсон шалтгаан нөхцөлийг огт тогтоогоогүй атлаа хариуцах эзнийг нь заагаад байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хариуцагчийг залхаан цээрлүүлэх зорилготойгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан... гэх утгатайгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байсан. Шүүх нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчимд тулгуурлаж хэргийг хянан шийдвэрлэдэг байтал хэн нэгэн этгээдийн бусдыг залхаан цээрлүүлэх зэвсэг нь болж, хэт нэг талыг барьж, хуульд заасан үндэслэлгүйгээр, нотлох баримтад үндэслэхгүйгээр, өөрсдийн үзэмжээр шударга бусаар хэргийг хянан шийдвэрлэсэнд маш гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг надад шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө утсаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан, өөрийн учир байдлаа хэлэн 05 дугаар сарын 01-ний өдөр очно гээд, шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан боловч намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна. Энэ нь миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг ноцтой зөрчиж, мөн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчмыг алдагдуулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагч Д.Оросхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус үндэслэн Д.Оросхүүгээс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Доржнамжилд олгож, нэхэмжлэгч О.Доржнамжилаас 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис хөшгийг гаргуулан хариуцагч Д.Оросхүүд олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

6. Нэхэмжлэгч О.Доржнамжил нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дэлгүүрт байсан 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг оффис хөшиг усанд автаж зарах боломжгүй болж нийт 1,300,000 төгрөгийн хохирол, дэлгүүрийн барилгын дотор хэсэг норж гэмтэж түүнийг засварлахад 200,000 төгрөгийн зардал гарч, нийт 1,500,000 төгрөгийн хохирол учирсан... гэж тодорхойлсон байна. 

7. Хариуцагч Д.Оросхүү ...Тухайн ус алдсан 2 давхар барилга миний өмчлөлийн барилга мөн. Би хэзээ ус алдахыг мэдэх боломжгүй. Тухайн үед би өөрөө байгаагүй. Манай түрээслэгчид харж байсан. Доод талын дэлгүүрт ороод үзэхэд 2 хөшиг л халтар болсон байсан гэж надад хэлсэн. Одоо болохоор 30 гаруй хөшигний зураг үзүүлээд мөнгө нэхэмжлээд байгаа. Тэр хөшигнүүд хэзээ халтартсан гэдгийг хэн ч мэдэхгүй... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн дээрх маргаанаас үзвэл тухайн барилгын хоёрдугаар давхраас ус алдагдаж нэгдүгээр давхар руу орсон гэх үйл баримтын талаар маргаагүй, ус алдсан гэх үйлдэлд хариуцагч Д.Оросхүү буруутай болох, учирсан хохирлын хэмжээ нь бодитой эсэх нь маргааны зүйл болжээ. 

8. Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.  

Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна. 

Энэхүү үйлдэхүй нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах үүрэг нь хуульд зааснаар үүснэ.  

9. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй нөхцөлд гэм хорыг мөнгөөр шаардах эрхтэй.  

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан хохирол Д.Оросхүүгийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх учиртай.   

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

Тодруулбал, Д.Оросхүүгийн өмчлөлийн оёдлын үйлдвэрийн усны шугамнаас ус алдсаны улмаас О.Доржнамжилын барилгын материалын дэлгүүрт байсан хөшигнүүд зарах боломжгүй болсон, дэлгүүрийн барилгын дотор хэсгийг засварлах шаардлагатай болсон нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн барилгын материалын дэлгүүрт хийсэн анхан шатны шүүхийн үзлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогджээ.  

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бусдад гэм хор учруулахаас сэргийлэх үүрэгтэй.  

11. Харин анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасныг журамлан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг төсөөтэй хэрэглэж, гэмтсэн 2 метрийн урттай 13 ширхэг, 1 метр 50 сантиметрийн урттай 22 ширхэг, 1 метр 20 сантиметрийн урттай 10 ширхэг, нийт 45 ширхэг хөшгийг нэхэмжлэгч О.Доржнамжилаас гаргуулан хариуцагч Д.Оросхүүд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.  

Учир нь нэхэмжлэгчийн 45 ширхэг хөшигнүүдийг өмнөх байдалд нь сэргээх боломжгүйн улмаас гэм хорыг мөнгөөр гаргуулсан тохиолдолд тэдгээр хөшигнүүдийг хариуцагчид олгох агуулга Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тусгайлан зохицуулагдсан болно.  

Иймээс 45 ширхэг хөшгийг нэхэмжлэгч О.Доржнамжилаас гаргуулан хариуцагч Д.Оросхүүд олгож шийдвэрлэхэд Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх шаардлагагүй болохыг зөвтгөн дүгнэх нь зүйтэй.  

12. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан маргааны зүйлийг өөрийн буруутай үйлдлийн улмаас хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээнд маргах эрхтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

Хариуцагч Д.Оросхүүгээс О.Доржнамжилын 45 ширхэг оффис хөшиг усанд автаж зарах боломжгүй болж нийт 1,300,000 төгрөгийн хохирол, дэлгүүрийн барилгын дотор хэсэг норж гэмтэж түүнийг засварлахад 200,000 төгрөгийн зардал гарахтай холбоотой баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс харьцуулан дүгнэх, хохирлын хэмжээг өөрчлөх, түүнчлэн учирсан гэм хор түүний буруугаас болоогүй гэж дүгнэж хохирол төлөхөөс чөлөөлөх боломжгүй байна. 

13. Давж заалдах шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн мэдэгдэх хуудсанд ...2020.04.23-ны өдрийн 14 цаг 30 минутад болох шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг, ...Д.Оросхүүд ...95595135 дугаартай телефон утас руу 2020.04.16-ны өдрийн 15 цаг 31 минутад мэдэгдэв... гэж бичигдсэн байна.  

Дээрх мэдэгдэх хуудас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан шаардлагыг хангажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д ...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй гэсний дагуу давж заалдах шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааныг товыг мэдэгджээ. 

Хэрэгт Д.Оросхүү эрүүл мэндийн шалтгааны улмаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, тухайн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан гэх баримт авагдаагүй байх тул хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй. 

14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Оросхүүгийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00183 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 215/МА2020/00011 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Оросхүүгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.БАНЗРАГЧ 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

                                                                   ШҮҮГЧИД                  П.ЗОЛЗАЯА 

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД