Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 10

 

П.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00006 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20/2 дугаар байрны 12 тоотод оршин суух О овогт П. М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, ээлжийн амралтын олговор, урамшуулал хангамж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.М /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 тоот захирамжаар Говь-Алтай аймгийн Эрүүл-Ус ОНӨААТҮГ-ын захирлаар томилон, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан. Намайг 2014-2016 оны хооронд захирлаар ажиллах хугацаанд 5 нягтлан бодогч, 6 нярав солигдон ажилласан, 4 нягтлан бодогч, 6 нярав өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 1 нягтлан бодогчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Эрүүл ус үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт тавих явцдаа тус үйлдвэрийн газрын ахлах нягтлан бодогч Т.Д мөнгө, хөрөнгийн дутагдал гаргасныг олж илрүүлж, тухайн үеийн аймгийн Засаг даргад өөрийн биеэр хандан хүсэлт гаргаж, улмаар аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын салбараар 2015 оны 10, 11 дүгээр саруудад шалгуулж, 2016 оны 04 дүгээр сард хийгдсэн аймгийн Аудитын газрын хяналт, дүгнэлтийн дараа 2016 оны 05 дугаар сарын 05-нд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар нь Говь-Алтай аймгийн Эрүүл ус ОНӨААТҮГ-ыг төлөөлөн миний өгсөн гомдлыг хянан шалгаж байгаад хэргийг АТГ-т шилжүүлсэн. Нягтлан бодогч асан Т.Д мэдүүлгийг үндэслэн 2016 оны 11 сард уг хэрэгт намайг сэжигтнээр татан холбогдуулсан. АТГ-ын мөрдөгч, комиссар Х.Н шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж, уг мөрдөгчийн саналаар Говь-Алтай аймгийн Эрүүл ус ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалаас намайг түр түдгэлзүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 23/А тоот захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс би цагдан хоригдсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга АТГ-ын мөрдөгч Х.Н ажил албан тушаалаас түр түдгэлзүүлэх шийдвэр, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 заалтыг үндэслэн Б/100 тоот захирамж гаргаж, намайг эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр чөлөөлж, үүрэг орлон гүйцэтгэгчийг түр томилсон бөгөөд уг томилогдсон этгээд нь үүрэг түр орлон гүйцэтгэгч статустайгаар өнөөг хүртэл ажиллаж миний бие түр чөлөөлөгдсөн хэвээр байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 461 дүгээр ангид 60 хоног цагдан хоригдоод, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот захирамжаар суллагдсан.

 

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоор намайг сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрүүдийг хүчингүй болгосон. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн прокурорын газрын уг хэргийг хянан шийдвэрлэсэн прокурортой уулзахад П.М танд хамаарах зүйл байхгүй тул 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоос өөр шийдвэр гарахгүй, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагад хүргүүлнэ гээд 301 тоот тогтоолын хуулбарыг анх удаа надад өгсөн. Эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдаж, аймгийн Засаг дарга намайг ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл үгүй болсон байхад түр чөлөөлсөн шийдвэрийг цуцлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилохгүй, түр чөлөөлөгдсөн хэвээр байлгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад анх хандан гомдол гаргасанаас хойш Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дамнуулан шалгасан. Намайг холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэгтэй би анх удаа танилцсан, эрүүгийн хэрэг шалгах явцдаа холбогдсон байж магадгүй гэж үзээд цагдаагийн газраас болоод авилгатай тэмцэх газраас татан шалгасан байгаа тэгээд 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд намайг буруугүй юм байна гээд гаргасан. Тийм учир хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад танилцуулаагүй, танилцуулах шаардлага ч байхгүй байсан байх. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан шийдвэр бол прокурорын байгууллагаас хууль бус гаргасан зүйл бол биш 2017 оны 07 дугаар сарын 01-нээс шинээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой асуудал, би оролцогчоор шалгуулж явж байгаад 2017 оны 12 дугаар сард шалгаж дууссан.

 

Хэргийн материалтай танилцсан, танилцаад үзэхэд намайг сэжигтэн яллагдагчаар тогтоох тушаалууд байсан, хуулбарлаж авсан, ажил албан тушаалаас түдгэлзүүлэх тушаал байгаагүй. Шүүхэд хүсэлт гаргасан эрүүгийн хэргийн материалаас ажил албан тушаалаас түдгэлзүүлэх тушаал байгаа эсэхийг шүүлгэж өгөөч, Говь-Алтай аймгийн Засаг дарга намайг Б/100 тоот тушаалаар ажлаас түр чөлөөлөхдөө мөрдөгчийн шийдвэрийг үндэслэсэн боловч 40 гаруй хоног боллоо сая байхгүй гэж хэлж байна тэгэхээр энэ шийдвэрийг гаргахдаа намайг хууль бусаар түдгэлзүүлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Прокурорын газарт очсон байгаа намайг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгаж байгаа хэрэг байхгүй, тийм болохоор миний хэргийг хурдан шийдэж өгнө үү гэж хүсч байна. Надад 97.000.000 төгрөгний хохирол учруулсан гэдэг зүйл бол байхгүй. Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой, намайг 60 хоног хорьж хохироосон. Аймгийн Цагдаагийн газраас, Орон нутгийн өмчийн албанаас, Засаг даргын Тамгын газраас, Санхүүгийн хяналтын газраас, Жаргалсайхан дарга өөрөө ахлаад надаас ажил хүлээж авсан. Ажил хүлээж аваад намайг бөөн юм идсэн юм шиг санаж байснаа сүүлд нь бүх эд хөрөнгөө тоолж хүлээж авсан. Наад зүйлүүд чинь бүгд тоо тоогоороо явж байгаа 97.000.000 төгрөг дутсан зүйл бол биш шүү хардах эрх бол хэнд ч байгаа. Харин хүнийг гүтгэх эрх ашгийг нь зөрчих эрх хэнд ч байхгүй. Харин ч би 238.000 төгрөг шиг санагдаж байна би авлагатай байгаа Ж.Г гуай ч мөн мэдэж байгаа. Хэрвээ намайг татан шалгах гэж байгаа бол эхлээд эхний асуудлаа шийдээд тэгээд дахиад татаж болно би шалгуулж болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Ж.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.М нь 2018 онд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. П.М холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж байгаа. Эрүүл Ус ХХК-д ажиллаж байхдаа 97.000.000 төгрөгний хохирол учруулаад өөрийнхөө болон эхнэрийнхээ дансаар 97.000.000 төгрөг оруулж гаргасан байгаа, тэгээд шүүгчийн захирамж гараад яллагдагчаар татаад цагдан хорьсон. Сая П.М хэлэхдээ хэрэгт бол татан шалгаагүй холбогдогчоор шалгагдсан гэж байна, Ж.Г дарга ч мөн хэлээд байгаа П.М холбогдуулаад гомдол гаргана энэ асуудлыг зүгээр орхихгүй. Хэрэг хуучрахгүй П.М бол Эрүүл-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга байсан. Санхүүгийн бүх баримт бичиг дээр гарын үсэг зурдаг. Аудитын газраас шалгалт хийсэн материалууд бүгд цагдаагийн газарт байгаа энэ бүгдийг манай зүгээс татан аваад дахин шалгуулна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О овогт П.М Гэгээн нуур-Цэвэр ус ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30.009.798 /гучин сая есөн мянган долоон зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.М олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.М нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 30.009.798 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307.999 төгрөг, нийт 378.199 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Д нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй байхад анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолын дагуу П.М албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж ойлгомжгүй тайлбарыг хийж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Мөн анхан шатны шүүх Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр гаргасан албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолын дагуу П.М албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр гарсан болохоос биш ажил олгогчийн санаачилгаар түдгэлзүүлээгүй. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж түдгэлзүүлсэн байх тул П.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд тус гэм хорын хохирлыг ажил олгогч болон түүнийг ажиллуулж байсан байгууллага төлөх үүрэг хүлээгээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Тус аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар захирамжаар П.М Эрүүл-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн магадлалд хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, шаардлагын дагуу П.М албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэх одоо уг шийдвэр хүчинтэй эсэхийг тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ. /хэргийн 194-201 дэх тал/

 

Нэхэмжлэгч П.М нь 201607000168 дугаар эрүүгийн хэргийн материалтай танилцахад намайг сэжигтэн яллагдагчаар тогтоох тушаалууд байсныг хуулбарлаж авсан. Харин ажил албан тушаалаас түдгэлзүүлэх тухай тушаал байгаагүй гэж тайбарлажээ. /хэргийн1 дүгээр хавтас 2 дахь тал, 2 дугаар хавтас 129 дүгээр тал/

 

П.М 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр прокурортой уулзахад Танд хамаарах зүйл байхгүй. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоос өөр шийдвэр гарахгүй. гээд уг 301 тоот тогтоолын хуулбарыг гардуулсан гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 3 дахь тал/

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний Б/100 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлд заасан үндэслэлээр албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол гарсантай холбоотойгоор аймгийн Эрүүл-Ус ОНӨААТҮГ-ын дарга П.М үүрэгт ажлаас нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түр чөлөөлсүгэй гэжээ.

 

Гэвч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтуудаас тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр П.М албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, түүнийгээ хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23/А дугаар захирамжаар П.М яллагдагчаар цагдан хорьж, үүнээс 3 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн засаг даргын Б/100 дугаар захирамжаар П.М ажлаас нь чөлөөлж, контракт гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

Хэдийгээр Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжид Эрүүл-Ус ОНӨААТҮГ-ын дарга П.М үүрэгт ажлаас нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн түр чөлөөлсүгэй гэж заасан боловч хөдөлмөрийн тухай хуульд ажлаас түр чөлөөлөх гэсэн зохицуулалт байхгүй, П.М ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах, мөн хуулийн 36 дугаар зүйлд заасан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах тохиолдлын алинд ч хамаарахгүй байна.

 

Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн засаг даргад П.М гаргасан ажилдаа эргэн орох тухай өргөдөлийн хариуд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга албан бичгээр хариу өгөхдөө Хууль тогтоомж удаа дараа зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр авлага үүсгэж, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, итгэл алдсан тул ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох боломжгүй гэсэн нь П.М үүрэгт ажлаас чөлөөлсөн байсныг давхар нотлогдож байна.

 

Тиймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн №Б/100 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.М нь ажлаас чөлөөлөгджээ гэж үзэхээр байна.

 

Гэвч нэхэмжлэгчийн тухайн үед цагдан хоригдож, эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан байдлыг харгалзан үзвэл, П.М нь түүнийг сэжигтэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан байна. Өөрөөр хэлбэл уг хугацаанаас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байна.

 

Ажилтныг ажил хийлгэхгүй цалин хөлс олгохгүй байгаа тохиолдлыг ч ажлаас халсантай адилтгаж үздэг ба хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар хуульчилжээ.

 

Тиймээс П.М нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн боловч эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, хүндэтгэх шалтгаантай гэж үзвэл П.М сэжигтэн яллагдагчаар татагдсан тогтоолыг хүчингүй болгосон 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна.

 

Гэтэл нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацаа хэтэрсэн байна. Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжид П.М нэхэмжлэлээ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр анх шүүхэд гаргасан болохыг дурджээ. / Хэргийн 1 дэх хавтас 43 дахь талд авагдсан/

 

Мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл шалтгаан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд П.М 2017 оны 12 дугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн засаг даргад ажилдаа орох хүсэлт гаргаж Засаг дарга С.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1/74 дугаартай өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр татгалзсан хариу өгсний дараа Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа болно.

 

Эрүүгийн хэргийн материалд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн шийдвэр авагдаагүй байхад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б П.М таны албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдье. гэж хариу мэдэгдсэн нь цаг хугацааны хувьд үйл явдал болоод өнгөрснөөс хойш 2 жилийн дараа гарсан, эх сурвалж нь тодорхойгүй, эргэлзээтэй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378.199 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Т.Ж

   ШҮҮГЧИД                Ч.Э

                                     Ш.Б