Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 43

 

Т.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00496/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Л- И-  ХХК-д холбогдох  

Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13 хороолол, 10а байрны 6 давхрын 23 тоот 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Гуравдагч этгээд Д.Б-гийн Л- И- ХХК болон Т.Г- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Т.Г-г орон сууцаас албадан гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага  бүхий иргэний хэргийг

Гуравдагч этгээд Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүхийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Г- миний бие 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ласти-

Интернэшнл ХХК-ийн ерөнхий захирал А.Л-тэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр тооцон 45.430.000 төгрөгийн үнэ бүхий Ласти хотхоны 9 давхар 144 айлын орон сууцны А блок 2 давхрын 5 тоот 41.3 м.кв талбайтай 1 өрөө байрыг авахаар орон сууц захиалгаар бариулах 036 тоот гэрээ байгуулж, төлбөрийг тус компанитай барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээтэй Дархан эрдэнэ бүрэн ХХК-д бартераар шилжүүлсэн 1 өрөө байрыг надад шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэхүү компанитай тооцоо хийн төлбөрийг бүрэн барагдуулсан. 2016 онд уг барилга ашиглалтад орох үед талбайг томсгох шаардлага гарсан тул тус компанитай харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээгээ шинэчлэн 92 тоот гэрээгээр А блок 6 давхрын 23 тоот 59.8 м.кв талбайтай 2 өрөө байр болгон зөрүү 18.54 м.кв талбайг 1.м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр тооцон 25.029.000 төгрөгийг Л- И- ХХК-ийн 464004610 тоот дансанд шилжүүлж, гэрээний 2.1-д заасны дагуу төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн. Миний бие гэрээний 4.1 дэх үүргийг бүрэн биелүүлсэн боловч гүйцэтгэгч Л- И- ХХК нь гэрээний 3.6 дахь заалтыг зөрчин одоог хүртэл уг байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Миний бие нь 2016 оны 12 сард уг байранд нүүн орж одоог хүртэл ашиглалтын төлбөрөө бүрэн төлж амьдарч байна. Иймд Т.Г- намайг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13 хороолол, 10а байрны 6 давхрын 23 тоотын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Т.Г- анх Ласти интернэшнл ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2014 оны 11-р сарын 17-ны өдөр хийж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний үнийн дүнг Л- И- ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны дансанд хийсэн байдаг. Энэ хугацаанаас хойш байраа томруулах зорилгоор 2016 оны 11-р сарын 28-ний өдөр 92 тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж уг гэрээгээр байрны зөрүү 25.029.000 төгрөгийг Л- И- ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд төлж, гэрээний үүргийг биелүүлсэн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.1-т зааснаар хүчин төгөлдөр байна. Т.Г-гийн орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр учраас Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ...гэрээг гуравдагч этгээд Д.Б-тай хийхдээ уг байрны өмчлөгч Т.Г-д мэдэгдэхгүй, мэдэхгүй явсаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийн материал цугларч ирсний дараа энэ байр 2019 оны 02-р сарын 21-ний өдөр Д.Б-гийн өмчлөлд бүртгэгдсэн гэдгийг нэхэмжлэгч тал мэдсэн байдаг. Тэгэхээр Л- И- ХХК бусад хүмүүстэй гэрээ хийхдээ өмнөх гэрээ хийсэн Т.Г-д мэдэгдэхгүйгээр бусдад байрыг шилжүүлсэн асуудалд нэхэмжлэгч Т.Г-гийн буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Тийм учраас шүүхэд хандаж байрны өмчлөгчөөр тогтоолгох, Л- И- ХХК гэрээний үүргээ биелүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй  гэж үзэж байна гэжээ.

            Хариуцагч Л- И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Т-гийн Г- нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Л- И- ХХК-тай орон сууц захиалан бариулах 36 тоот гэрээг байгуулсан бөгөөд 2016 оны 1 сарын 28-ны өдөр уг гэрээг шинэчлэн 92 тоот гэрээгээр 59.8 м.кв 2 өрөө орон сууц болгон, зөрүү 18.54 м.кв талбайг 1 м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр тооцон 25.029.000 төгрөгийг Л- И- ХХК-ийн худалдаа хөгжлийн дансанд шилжүүлж 100 хувь төлбөрөө төлсөн нь үнэн болох нь нотлогдож байна. Уг 10а байрны 23 тоот 59.8 м.кв 2 өрөө орон сууц нь иргэн Д.Б-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан байна. Манай компанид төлбөр тооцоогүй нь үнэн болно. Нэхэмжлэгч Т.Г- 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Л- И- ХХК-д орон сууц захиалж бариулах 36 тоот гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг 2016 оны 11-р сарын 28-ний өдөр шинэчилж 1 өрөө байраа 2 өрөө болгож өөрчилж, зөрүү мөнгийг 1 метр квадратыг нь 1,350,000 төгрөгөөр тооцож 25,029,000 төгрөгийг Л- И- ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ айл 2017 онд уг байранд анхны оршин суугчаар орсон байдаг. Компани 3 хөрөнгө оруулагчтай, хөрөнгө оруулагч нар өмчөө хуваасан байдаг. Иргэн Д.Б-гийн нэр дээр уг эрхийн 43 айлын орон сууц хуваарилагдсан байдаг, энэ хуваарилалтад 23 тоот иргэн Т.Г-гийн орон сууц багтсан байдаг. Одоо уг байр нь иргэн Б-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 02-р сарын 21-ний өдөр гарсан байгаа гэжээ.

            Гуравдагч этгээд Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б- нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л- И- ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. ...хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Б-д гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. ...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б-гийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц захилгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. Нэхэмжлэгч нь Д.Б-гийн өмчлөлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Л- И- ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т заасан заалт, гэрээний холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж Д.Б-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж иргэн Т.Г-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь шүүхэд гаргасан  шаардлагадаа:

Л- И- ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л- И- ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Л- И- ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн боловч надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Т.Г- гэгчтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна.

...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Ийнхүү уг асуудлаар Л- И- ХХК нь хөрөнгө оруулагч миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, Т.Г- өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаан улмаас миний өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд хариуцагч Т.Г-г Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хорооллын Ласти таун хотхоны 10А байрны 23 тоот орон сууцаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Т.Г- нь анх Л- И- ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах 036 тоот гэрээг байгуулж байсан, дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг шинэчлэн 92 тоот гэрээг байгуулж, гэрээнийхээ дагуу орон сууцныхаа төлбөрийг Л- И- ХХК-ийн дансанд бүрэн төлж барагдуулсан байдаг. Т.Г- нь гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө 100 хувь төлсөн байхад Л- И- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрчилгээгээ гаргаж, өгөлгүйгээр барахгүй бусдад дур мэдэн худалдаж авсан байрыг минь барьцаалж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна. Нэхэмжлэгчийн орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад барьцаалсан барьцааны гэрээ нь цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн, хууль бус хүчин төгөлдөр бус, гэрээ гэж үзэж байгаа учраас гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй ба түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагын хэмжээг ихэсгэсэн шаардлагадаа:

Миний бие тус шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад буюу 2019 он 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Т.Г-д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хорооллын Ласти таун хотхоны 10А байрны 23 тоот орон орон сууцаас албадан чөлөөлүүлэх агуулга бүхий шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.2, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрхийн хүрээнд миний бие шүүхэд гаргасан бие даасан шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэж байна.

1.Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л- И- ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан.  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан дагуу Л- И- ХХК нь надад 2.500.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийн албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаалагдсан байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хорооллын Ласти таун хотхоны 10А байрны 23 тоот орон сууц болон бусад орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан тул миний бие уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болно. Т.Г- болон Л- И- ХХК-ийн хооронд байгуулагдсан уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нь хууль зөрчсөн хэлцэл байгуулсан, Т.Г- өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд Л- И- ХХК болон Т.Г- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 92 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хариуцагч Т.Г-г Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хорооллын Ласти таун хотхоны 10А байрны 23 тоот орон сууцаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- бие даасан шаардлагын ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Т.Г- нь анх Л- И- ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан авахаар тохиролцсон 1 өрөө байрны мөнгөө бүрэн төлж дууссан байсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинэчилсэн гэрээ хийж байрны хэмжээг томруулж, 2 өрөө болгосон бөгөөд мөн л байрны үнийг “Л- И-” ХХК-ийн дансанд зөрүү мөнгийг хийсэн байдаг. Т.Г-г шинэчилсэн гэрээг хийхэд энэ байрыг авахаар өөр хэн нэгэн хүний нэр давхардсан зүйл байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Б- нь “Л- И-” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, барилга ашиглалтад ороход тэргүүн ээлжинд ашиг авахаар л тохиролцсон байдаг юм байна лээ. Харин “Л- И-” ХХК нь бидэнд мэдэгдэлгүй давхар Д.Б-тай хэлцэл хийсэн байх бөгөөд Т.Г-гийн “Л- И-” ХХК-тай хийсэн орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд Д.Б-гийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Л- И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- бие даасан шаардлагын ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Г- нь манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу байрны үнийг манай компанийн дансанд хийсэн юм. Энэ үед Д.Б- нь өмнөх захирал байсан Л-тэй Хөрөнгө оруулалтын гэрээ хийж байр ашиглалтад ороход тэргүүн ээлжинд ашиг авах байдлаар тохирсон байдаг юм билээ. Д.Б- нь үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмч болгож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан байдаг. Тиймээс анхдагч гэрээг Т.Г- манай компанитай хийсэн байдаг учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

           Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Л- И- ХХК болон иргэн Т.Г- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй гэрээ болжээ.

Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй, дээр дурдсан журмын дагуу эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасанд нийцээгүй. Иймд нэхэмжлэгч Т.Г- нь нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц захилгаар бариулах гэрээгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг шаардах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

1.2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар

Бодит байдал дээр Л- И- ХХК болон иргэн Т.Г- нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зорилготой байжээ гэж үзэхээр байгаа боловч тэд тухайн хүсэл зоригоо хуульд заасан журам, хэлбэрийн дагуу баталгаажуулаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

1.3. Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар Л- И- ХХК болон Д.Б- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана. Хэрэв борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэсэн нийцсэн зохицуулалт болсон. Дээр дурдсан дөрвөн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч Т.Г- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг шаардах эрхгүй этгээд байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн саналыг гаргаж байна.

2. Гуравдагч этгээд Д.Б-гийн бие даасан шаардлагын тухайд

2.1.Бие даасан шаардлагын үндэслэл бүхий байдлын тухайд

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь маргаан бүхий орон сууцны хууль ёсоор өмчлөх эрхтэй бөгөөд тэрээр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан журмын дагуу өөрийн хууль ёсны өмч болохыг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000674800 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан болох нь нотлогдож байна.

2.2.Бие даасан шаардлага нь хууль ёсны байх шаардлагыг хангаж байгаа тухайд: Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Д.Б- нь маргаан бүхий орон сууцын өмчлөгчөөр бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж заасны дагуу хэн нэгэн этгээдийн зүгээс Д.Б-гийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй, түүний өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа.

2.3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс гуравдагч этгээд Д.Б- маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх, түүнтэй холбоотой гаргасан бие даасан шаардлага, нэхэмжлэлтэй холбогдуулан түүний гаргасан тайлбарын үндэслэлүүд, тэдгээрт хамаарах нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, тэдгээрийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар тэдгээр үндэслэл, тайлбар, нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой дурдсанчлан Т.Г- нь 2016 оны 12 сараас хойш уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.Шүүхэд гаргах санал

Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэгч Т.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Г-г Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10а байрны 23 тоот 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уг байрны өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч Т.Г-д холбогдуулан гаргасан байрнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510 245 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч Ласти-Интернешнл ХХК-аас 580.445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл:

1. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. 2016 оны 11 сарын 28-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй гэрээ байсан.

Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь нотариатаар гэрчлэгдээгүй, дээр дурдсан журмын дагуу эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон. Иймд нэхэмжлэгч Т.Г- нь нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа 2016 оны 11 сарын 28-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг шаардах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Бодит байдал дээр Л- И- ХХК болон иргэн Т.Г- нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригтой байжээ гэж үзэхээр байгаа боловч тэд “Орон сууц худалдах, худалдан авах” хүсэл зоригоо хуульд заасан журам, хэлбэрийн дагуу баталгаажуулаагүй болох нь баримтаар тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасны дагуу хэн нэгэн этгээдийн зүгээс Д.Б-гийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй, түүний өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээд Д.Б-гийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч Т.Г-г өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй. Д.Б-гийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн хууль бус шийдвэр болсон.

3. Гэтэл анхан шатны шүүх “...Б.Б-, Л- И- байгуулагдсан дээрх гэрээний үүрэг нэхэмжлэгч Т.Г-д хамааралгүй...” “...Д.Б- ... 4 айлыи орон сууцыг өмчлөлдөө авсан үйл явдал Т.Г- дээрх компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс хожим болсон...” гэх зэрэг хуульд нийцээгүй дүгнэлт хийж хууль гэрээний эрх зүйн хэм, хэмжээгээр хамгаалагдсан гуравдагч этгээд Д.Б-гийн эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн шийдвэр гаргасан.

4. Гуравдагч этгээд Д.Б-гийн бие даасан шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд өмчлөх эрхгүй гэх асуудлаар тайлбар нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй. Гуравдагч этгээд нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нэхэмжлэгч Т.Г-гийн эзэмшлээс гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан нь хууль ёсны шаардлага юм.

5. Д.Б- нь шүүхэд хоёр шаардлага бүхий бие даасан шаардлага гаргасны нэг нь зохигчийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 92 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага байсан. Анхан шатны шүүх бие даасан шаардлагын энэ хэсгийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй тухайн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа ч шийдвэртээ тодорхой заагаагүй байх тул анхан шүүх бие даасан шаардлагын энэ хэсгийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Г-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

             Бие даасан  шаардлага  гаргасан гуравдагч этгээдийн  өмгөөлөгчийн “шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, Т.Г-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэж гаргасан давж заалдсан гомдлын зарим буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, бие даасан  шаардлагын Т.Г-г орон сууцнаас албадан гаргуулах хэсгийг хангах  үндэслэлтэй   байна.

            Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Л- И- ХХК-д холбогдуулан   Дархан-Уул аймгийн  Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол,  10а байрны 23 тоот  59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч “...компани  3 хөрөнгө оруулагчтай, хөрөнгө оруулагч нар өмчөө хуваасан, иргэн Д.Б-гийн нэр дээр 43 айлын орон сууц хувиарлагдсан, энэ хувиарлалтад   Т.Г-гийн 23 тоот орон сууц багтсан, одоо уг байр нь Д.Б-гийн нэр дээр  үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан байгаа” гэж  маргасан.

            Гуравдагч этгээд  Д.Б-гаас бие даасан шаардлага гаргаж Т.Г-, Л- И- ХХК-ийн хооронд 2016 оны  11 дүгээр сарын  28-ны өдөр байгуулсан   92 дугаартай  “Орон  сууц  захиалгаар бариулах  гэрээ”-г  хүчин төгөлдөр бусд тооцуулах, Т.Г-г  Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр ,  23 тоотоос албадан гаргуулах  шаардлагыг нэхэмжлэгч Т.Г-д холбогдуулан гаргасныг,  нэхэмжлэгч Т.Г-   “...гэрээний  үүргээ   биелүүлж,  төлбөрөө  төлсөн  байхад Л- И-  ХХК гэрээгээр  хүлээсэн  үүргээ биелүүлж, гэрчилгээгээ   гаргаж өгөөгүйгээр барахгүй бусдад дур мэдэн худалдаж авсан байрыг минь  барьцаалсан..., ...нэхэмжлэгчийн орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр  байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад барьцаалсан барьцааны гэрээ нь цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн,  хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ гэж  үзэж  байгаа  учраас гуравдагч этгээдийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй түүнийг  хүлээн зөвшөөрөхгүй” гэж  маргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж, бие даасан шаардлагыг  бүхэлд  нь  хэрэгсэхгүй болгож дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Л- И- ХХК нь Дархан сумын  11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 8470,0 м.кв талбайтай 50%-ийн гүйцэтгэлтэй 144 айлын орон сууцны зориулалттай  дуусаагүй барилгын хууль ёсны  өмчлөгч  болохоо 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баталгаажуулж, улсын бүртгэлийн Y-2003018160 дугаарт   бүртгүүлсэн  байна  \хэргийн  45 дугаар тал\

            2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 036 тоот гэрээгээр \хэргийн  8 дугаар тал\ худалдан авагч Т.Г-д дээрх орон сууцны В блокын 1 дүгээр орцны 2 давхрын 5 тоот 41.3 м.кв 1 өрөө орон сууцыг худалдсан, төлбөрийн 45.430.000 төгрөгийг  барилгын  материал  бэлтгэн нийлүүлэх гэрээтэй  Дархан эрдэнэ бүрэн  ХХК-д бартераар  шилжүүлж  дууссан, 2016 онд  барилга  ашиглалтад орох үед уг орон сууцаа   А блокны 1 дүгээр орцны  6 давхрын  23 тоот   54.8  м.кв  2 өрөө  орон сууцаар сольж,  2016 оны  11 дүгээр сарын  28-ны өдрийн 92 тоот  гэрээг \хэргийн 13 дугаар тал\  байгуулж  төлбөрийн зөрүүд  25.029.000  төгрөгийг  бүрэн төлсөн байна.

            Зохигчдын хооронд байгуулсан 036 болон 92 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нэртэй  худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн  243 дугаар  зүйлийн  243.1-д  нийцсэн байна. Худалдагч тал худалдан авагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлсэн, худалдан авагч тал  үнийг бүрэн төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

            Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид  хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах  үүргийг  хүлээдэг.

            Худалдах худалдан авах гэрээний дагуу  худалдагчийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр энэ хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар   худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болж, худалдан авагчид өмчлөх эрх шинээр үүснэ. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд энэ  хуулийн 110  дугаар зүйлд зааснаар Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх  хэлцлийн үндсэн дээр  нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол   уг хэлцлийг  үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ  өмчлөгчид  үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх  дуусгавар болно гэж  тодорхойлсон.

            Нэхэмжлэгч Т.Г-гийн эзэмшилд гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн  боловч Т.Г- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу  улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь тогтоогдож байх тул өмчлөх эрхээ олж авахаар  шаардаж  байгаа нь буруу биш  байна.

Гэтэл хариуцагч Л- И- ХХК-ийн, маргаж  буй орон сууцыг өмчлөх эрх  дуусгавар болж  Д.Б-д өмчлөх эрх  доорх байдлаар шилжсэн  байна.

            Л- И- ХХК, Д.Б-гаас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ” \хэргийн 37 дугаар тал\-ний дагуу  1.000.0000.000 төгрөг авч 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  \хэргийн  42 дугаар тал\  өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн  Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах,  нийт  144 айлын  8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 2.667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг  барьцаалсан  ба  үүний  дотор  А блокны  1 дүгээр орцны  6 давхрын 23 тоот 59,84 м.кв орон сууцыг  барьцаалсан нь  Хан-Уул  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн   183\Ш32017\08942  дугаар  захирамжаар   \хэргийн  47 дугаар тал\   тогтоогджээ.

            Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж  төлбөр төлөгч Л- И- ХХК нь 2018 оны  05 дугаар сарын 08-ний өдөр  \хэргийн  76 дугаар хуудасны ар тал\ Д.Б-д  2.500.000.000 төгрөгийн  төлбөртөө 44 айлын орон сууцыг   шилжүүлэхийг  зөвшөөрснөөр, Д.Б-г өмчлөгч  болохыг  2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн Y-2003021861 дугаарт бүртгэж, 000674800  тоот гэрчилгээ \хэргийн  85 дугаар тал\ олгосон  байна.

            Л- И- ХХК барьцаанд байгаа өмчлөлийн зүйлээ бусдын өмчлөлд буюу  2016 оны 11 дүгээр сарын  28-ны өдөр Т.Г-д шилжүүлэхэд барьцаанд байгаа энэхүү нөхцөл саад болохгүй.  

            Үл хөдлөх хөрөнгийн барьцаа гэдэг нь  бусад  үүрэг   гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд  өөрийн  шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч  тодорхой үл хөдлөх хөрөнгө барьцаалахыг хэлнэ. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр    барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдаж, үүргийн гүйцэтгэлийг     барьцаагаар хангуулах  эрхээ  эдлэх нөхцөл  бүрддэг.

            Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагаагаар өмнөх өмчлөгч  Л- И- ХХК-ийн өмчлөх эрх  дуусгавар болж  маргааны зүйл болсон орон сууц  Д.Б-гийн  өмчлөлд  шилжсэн  байх тул нэхэмжлэгч Т.Г-гийн хариуцагч Л- И- ХХК-д  холбогдуулан гаргасан Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а  байрны  23 тоот  59.84 м.кв талбай бүхий  орон сууцны  өмчлөгчөөр  тогтоолгох,  улсын бүртгэлд  бүртгүүлэх  шаардлага бүхий нэхэмжлэлийг  хангах   хуулийн  үндэслэлгүй  байна.

            Гуравдагч этгээд  Д.Б-гийн   бие  даасан  шаардлагын  тухайд :

            Д.Б- нь Л- И- ХХК Т.Г-  нарын хооронд  2016 оны  11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 92 тоот  “Орон сууц захиалгаар бариулах  гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг байрнаас Т.Г-г  албадан гаргуулах  хоёр  шаардлага  гаргасан  байна.

            Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлдээ “...Л- И-  ХХК-тай  01 дугаар “хөрөнгө  оруулалтын гэрээ” байгуулж..., ...барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар  харилцан тохиролцож хамтран ажилласан, ...уг гэрээний дагуу Л- И-  ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой  асуудлаар   гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд  хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн боловч надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Т.Г- гэгчтэй “Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна,  ...2016 оны 11 дүгээр сарын  28-ны өдөр миний барьцаанд байсан   үл хөдлөх хөрөнгийг..., ...худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон гэжээ.

            Иргэний хуулийн  171 дүгээр зүйлийн  171.1-д  Ипотекийн зүйл болох  үл  хөдлөх хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч  этгээдэд  эрх олгохгүй байх  үүргийг  өмчлөгчид  хүлээлгэсэн хэлцэл  хүчин төгөлдөр бус байна гэж  заасан  байна.   

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан  Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн  170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох  үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах  үүрэгтэй  гэж нэмсэн дараа нь  энэ хэсгийг  Үндсэн  хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй  болгосон  байна.

“Хөрөнгө  оруулалтын гэрээний “6.1 дэх заалт нь \хэргийн  39 дүгээр тал\  дээрх  хуулийг   зөрчиж  байх тул  гэрээний тус заалтыг үндэслэл болгож, Т.Г-  Л- И-  ХХК-ийн  хооронд  байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г  хүчин төгөлдөр бусд  тооцох хууль зүйн үндэслэлгүй, уг шаардлагыг анхан шатны шүүх  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  буруутгах   үндэслэл тогтоогдохгүй байна.

            Д.Б- нь маргаан бүхий байрны өмчлөгч мөн  байх тул өмчлөлийн  зүйлээ  өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах,  мөн бусдын хууль бус эзэмшлээс  шаардах эрхтэй. 

Иймд Д.Б-гийн бие даасан шаардлагын Т.Г-г орон сууцнаас албадан гаргах шаардлага нь Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн  106.1 дэх хэсэгт  нийцсэн  байх тул   хангах нь  зөв  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрийн  ТОГТООХ хэсгийн  1 дүгээр заалтыг ,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110  дугаар зүйлийн  110.1 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-гийн хариуцагч Л- И- ХХК-д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 23 тоот  59,84 м.кв 2 өрөө орон сууцны   өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Тогтоох хэсгийн  2 дугаар заалтыг,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ыг баримтлан нэхэмжлэгч  Д.Б-гийн Л- И-  ХХК Т.Г- нарын хооронд байгуулсан  “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар  Т.Г-г  Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а  байрны  23 тоот орон сууцнаас албадан гаргасугай.

Тогтоох хэсгийн  3 дугаар заалтыг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510.245 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, Т.Г-гаас   70.200 төгрөг гаргуулж Д.Б-д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар Д.Б-гаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580.445 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамж гарган  буцаан  олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                  

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                           АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ