Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0820/З |
Дугаар | 323 |
Огноо | 2018-09-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 323
“ВК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “ВК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн NЕ-026420 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0209 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0327 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0209 дүгээр шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ВК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “ВК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг баримтлан “ВК” ХХК-ийн NЕ-026420 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0327 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг баримтлан “ВК” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн “ВК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн NE-026420 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг буруу хэрэглэсэн. Аймгийн Засаг дарга нараас ирсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргахдаа хянах үүрэгтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга аймгийн Засаг дарга нарын саналыг хянах эрх хэмжээ байхгүй гэж дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмууд үйлчлэх ёстой. Аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал бүхий, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын хэлтсийн даргын өөрийнх нь шийдвэр “хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш шийдвэр болж байна. Иймээс Кадастрын хэлтсийн дарга өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байлгахын тулд аймгийн Засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй. Энэхүү үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааж үүрэг болгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-т Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий эсэх, үгүй юу гэдгийг хянаж байхаар оруулсан байдаг.
5. Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох Засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль олгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр хэсгийн 4.5-д “аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байдаг. Эдгээрээс харахад Төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан.
6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг буруу хэрэглэсэн. Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь иргэн аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл шүүх “Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон тул нэхэмжлэгчийн шаардаж буй эрх хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хамгаалагдахааргүй байна” гээд нэхэмжлэлийг хангахаас татгалзсан байна. “ВК” ХХК нь 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын хэлстийн даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл хууль өөрчлөгдөхөөс өмнө нэхэмжлэгч компанийн шаардах эрх үүссэн. Нэгэнт энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй. Ер нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэлтгүй ямар ч өргөдөл гаргасан бай шийдвэр эцэслэгдээгүй байхад, эсхүл маргаад хүчингүй болох үед гэнэт хууль өөрчлөгдөөд тухайн иргэний өргөдлийг шийдэхгүй гэж үзэх нь иргэд Монгол улсын төрд итгэх ямар ч итгэлгүй болно. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим орж ирсэн. Энэхүү зарчмын гол агуулга нь “иргэний эрх зүйн байдал хожим сөрөг байдлаар өөрчлөгдсөн ч тухайн өөрчлөлт иргэнд нөлөөлөхгүй” гэсэн утгатай. Иймд нэгэнт манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн “итгэлийг хамгаалж” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй.
7. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой. Нөгөөтэйгүүр иргэн аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөл бүрэлдсэн байхад хууль өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр, мөн тухайн хуулийн өөрчлөлт нь эрх зөрчигдсөн үйлдлээс хойш бий болсон байхад иргэн, аж ахуй нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээхээс татгалзаж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж заасныг зөрчиж буй хэрэг. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 19.5, 19.6-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хангасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасанд нийцсэн байна.
9. Нэхэмжлэгч “ВК” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Дархан-уул аймгийн Хонгор сумын нутгийн “Шаргалт” нэртэй 1415.57 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийн дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, Дархан-уул аймгийн Засаг даргад энэ тухай мэдэгдэж, саналыг нь авахад тус Засаг даргаас “...газар тариалан, хадлангийн талбайтай давхацсан...” гэж тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэх саналыг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ирүүлснийг үндэслэн хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, нэхэмжлэгч нь “...Засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй, ...татгалзсан нь хууль бус, ...” гэж маргаж, уг шийдвэрийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл хүссэн NE-026420 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
10. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон /-ийн 19.6-д “аймаг, нийслэлийн Засаг дарга ...саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, ...” гэснээс үзвэл, төрийн захиргааны байгууллагаас гаргах хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр нь хайгуул хийх талбай байрших аймаг, нийслэлийн Засаг даргын “саналын хариу”-наас шууд хамааралтай, тухайн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Дархан-уул аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн “мэдэгдэл”-д тус Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн хариу ирүүлсэн тул хариуцагчийг “ВК” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргаагүйд буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр “...өргөдөлд Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн” гэх үндэслэл дурдаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
11. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан нь хуульд заагаагүй үндэслэлээр “татгалзаж” болохгүй гэсэн утгатай бөгөөд хууль зөрчсөний үр дагаврыг өөрөө хариуцах агуулгатай /татгалзаж болно, заавал биш/ байхад Дархан-уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-1884 дугаартай “дэмжихгүй” гэсэн “саналын хариу”-г уг зүйлд нийцүүлэн “хянах” байсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан, нэхэмжлэгч “ВК” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, энэ тохиолдолд хариуцагчийн эс үйлдэхүй байхгүй, хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, NE026420 дугаартай өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
13. Үүний зэрэгцээ хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцож, “өргөдөл”-өөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт өөрчлөн найруулагдаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор тусгагдаж, уг хууль хүчин төгөлдөр болсон байх тул “ВК” ХХК-ийн 2015 онд гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх /хайгуулын тусгай зөвшөөрөл олгох/-ыг даалгах нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” зарчим, агуулга, зохицуулалтад нийцэхгүй, давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн эрх сэргээхийг шаардаж буй эрх нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтаар хамгаалагдах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.
14. Энэ маргааны хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр гарч, улмаар “өргөдөл”-ийн харилцаа нэгэнт дууссан, үүний улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүсээгүй, материаллаг байдлаар илрээгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглэх боломжгүй, давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” хэм хэмжээг агуулга, зорилгод нийцүүлэн маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй гэж үзэж, хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хэргийг шийдвэрлэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг үндэслэн өргөдөл гаргах үед мөрдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх ёстой байсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6-д заасныг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0327 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтохын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ