Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 47

 

В.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00981/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  306 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч В.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Ц.Б-д холбогдох

“59.905.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч В.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие В.Г- нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын гол өртөөнд 10-аад жил хамт ажиллаж байсан найз Ц.Б- болон түүний нөхөр С- нарын ... охин С-ий бие тааруу байна, ОХУ-д сурч байгаад хүндээр өвдөж сэхээнд байна. Мөнгөний хэрэг гараад байна гэсэн гуйлтын дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр найзын хувиар уг байдлыг ойлгож тус болъё гэсэн сэтгэлээр найз Ц.Б-тай зээлийн гэрээ байгуулж 39.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй зээлдүүлсэн. Уг зээлсэн мөнгийг миний бие Голомт банкнаас авч байсан цалингийн зээл болон, өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэхээр хадгалж байсан мөнгө зэргийг нийлүүлж нэгтгэн өөрт байсан бүх мөнгөө шавхаад дээрээс нь төрсөн дүүгээсээ 4.000.000 төгрөг зээлж аваад нийт 39.500.000 төгрөг болгоод Ц.Б- болон түүний нөхөр С- нарт бэлнээр тоолж хүлээлгэж өгсөн. Зээлийг эргүүлэн төлөх хугацааг гэрээнд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл зээлийг эргүүлэн төлөхөөр тохиролцсон эхний хугацаа өнгөрч миний бие зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтаг тоочиж хугацаа авсаар өнөөдрийг хүрээд байна. Надаас мөнгө зээлж авч байхдаа Ц.Б- өөр хүмүүсээс мөнгө авснаа хэлээгүй. Надаас мөнгө авсны дараа би түүнийг өөр хүнд өглөгтэй байсныг хүнээс мэдсэн. Энэ тухай Ц.Б-д хэлэхэд ...найз нь ямар ч байсан мөнгийг нь өгнө гэж хэлж байсан сүүлдээ утсаа авахаа больж холбоо тасарсан. Найз нөхөд байсан хүмүүс боломжтой болоод төлөх байх гэж хууртаж явсаар ийнхүү санхүүгийн хувьд хохирч байгаадаа гомдолтой байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцож тус гэрээний нөхцөлдөө оруулсан. Иймээс найз нөхдийн итгэлийг хөсөрдүүлж, хуулийн дагуу байгуулсан гэрээгээ зөрчиж өнөөдрийг хүртэл намайг хохироосон тул Ц.Б-гаас 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж шилжүүлсэн үндсэн зээл 39.500.000 төгрөг, өнөөдрийг хүртэлх алданги 15.405.000 төгрөг нийт 54.905.000 төгрөг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Гаргасан нэхэмжлэлийг минь шүүх хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж иргэн В.Г- намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ц.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

В.Г- нь надад 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 жилийн хугацаатайгаар 39.500.000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн гэж бичжээ. Энэ өдөр би түүнээс нэг ч төгрөг аваагүй юм. Учир нь: Би В.Г-тэй олон жил хамт нэг байгууллагад ажилласан найз нөхөд байсан учраас найз нөхдийн журмаар болон итгэлцлийн байдлаар мөнгө өгч авах, намайг Орос улс руу явахад бараа захиалж мөнгө өгөх авах зэрэг асуудал зөндөө байдаг байсан. Жишээ нь: 2013 оны 08 сард би түүнээс 280.000 төгрөг, 150.000 төгрөг, 2.2000.000 төгрөгийг тус тус зээлж аваад буцаагаад өдөрт нь, зарим үед 2 хоногийн дотор буцаагаад өгөөд явдаг байсан.

2013 онд миний охин хүнд өвчнөөр өвчилж би В.Г-ээс 2013 оны 10 дугаар сарын 22-нд 12.660.000 төгрөг зээлж аваад 2 хоногийн дараа нь 1.445.000 төгрөг, 10 дугаар сарын 06-нд 798.000 төгрөгийг данс руу нь буцаан шилжүүлж, авсан мөнгөө увуулж, цувуулж өгч байсан. 2013 оны 12 дугаар сард 130.000 төгрөг зээлж аваад өдөрт нь буцаагаад өгч байсан. Ямар нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийж байгаагүй юм. Зарим үед богино хугацаагаар мөнгө зээлбэл хүү тооцохгүй өгч авдаг байсан. Харин 12.660.000 төгрөгийг зээлэхдээ хүү тооцно гэж хэлж байсан. Би тухайн үед боломжоороо авсан мөнгөө бэлнээр болон дансаар нь өгөөд төлөөд явдаг байсан. Би олон жилийн турш өвчтэй охиноо эмчлүүлэх гэж яваагүй газар, очоогүй эмч байхгүй, арга буюу амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжээд 2, 3 жил болсны дараа хотод араас ирээд чиний зээлсэн мөнгө чинь хүүтэйгээ нийлээд 39.500.000 төгрөг болсон, чиний өмнө өгч байсан мөнгө чинь хүүнд тооцогдсон гэж хэлээд ажлын газар дээр ажилчдын хажууд хэл ам хийгээд байхаар нь өөр хамт олон дотор ирсэн байсан болохоор хүмүүсээс санаа зовоод хурдан салахын тулд хэлсэн ярьсныг нь дагаад гэрээ хийж гарын үсэг зураад явуулж байсан. Тэр өдөр В.Г- нөхөр бид хоёрт бэлнээр 39.500.000 төгрөг өгсөн гэж худлаа бичсэн байна. Одоо миний тооцоогоор түүнд төлөх төлбөр байхгүй гэж би үзэж байгаа. Дансны хуулгаа 3-4 жилийнхээр нь аваад тооцоо хийж үзэж байгаад нэмэлт тайлбар хийж өгнө. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр надтай зээлийн гэрээ хийсэн гэж энэ гэрээгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөөхгүй. Энэ зээлийн гэрээгээр би нэг ч төгрөг түүнээс аваагүй учраас надад хүлээх үүрэг байхгүй. Тиймээс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээ шүүхэд гаргах болно гэжээ.

            Хариуцагч Ц.Б- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие В.Г-тэй нэг байгууллагад олон жил хамт ажиллаж байсан найзууд учраас мөнгө төгрөг зээлж авч өгөлцдөг байсан. 2013 оны 08 сард 280.000 төгрөг, дараа нь 150.000 төгрөг, 2.200.000 төгрөг зээлж аваад буцааж дансаар нь өгч байсан. В.Г- нь мөнгөө нэхэж байнга ажил дээр байнга ирж ажлын хамт олны дунд эвгүй байдалд оруулж байсан учраас аргагүйн эрхэнд энэхүү гэрээг байгуулсан юм. 2013 оны 10 сард хүүхдийн эмчилгээнд мөнгөний шаардлага гараад В.Г-ээс 12,660,000 төгрөгийг аман хэлцлээр зээлж аваад буцаад дансаар болон бэлнээр хэсэгчлэн өгч байсан. Мөн намайг ОХУ-руу явахад Г- нь бараа захиад барааныхаа мөнгийг миний данс руу бараа гэсэн гүйлгээний утга тавиад хийдэг байсан. Мөн 2013 оны 12 дугаар сарын 08-нд 130.000 төгрөгийн хэрэг болоод зээлж аваад тэр өдөртөө дансаар нь буцаагаад өгч байсан. Би зээлж авсан мөнгөө боломжоороо өгөөд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 300.000 төгрөг зээлж аваад 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 450.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 280.000 төгрөгийг дансаар нь өгсөн.

Мөн 2014 оны 04 дүгээр сарын 06-нд 300.000 төгрөг, 4 дүгээр сарын 21-нд 316.000 төгрөг, 05 дугаар сарын 05-нд 600.000 төгрөг, 05 дугаар сарын 24-нд 200.000 төгрөг, 06 дугаар сарын 26-нд 260.000 төгрөг, 06 дугаар сарын 30-нд 200.000 төгрөг, 07 дугаар сарын 04-нд 200.000 төгрөг, 08 дугаар сарын 01-нд 40.000 төгрөг, 8 дугаар сарын 06-нд 420.000 төгрөг, 08 дугаар сарын 24-нд 100.000 төгрөг, 10 дугаар сарын 01-нд 85,000 төгрөг, 10 дугаар сарын 14-нд 40.000 төгрөг, 10 дугаар сарын 18-нд 330.000 төгрөг, 11 дүгээр сарын 05-нд 480.000 төгрөг, 11 дүгээр сарын 29-нд 75.000 төгрөг, 12 дугаар сарын 05-нд 440.000 төгрөг, 12 дугаар сарын 19-нд 315.000 төгрөг, 12 дугаар сарын 23-нд 300.000 төгрөг, 12 дугаар сарын 28-нд 45.000 төгрөгийг тус тус данс руу нь шилжүүлэн өгч байсан.

Ингэж мөнгө өгөлцөж, авалцаж байхдаа бид ямар нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийж байгаагүй найз нөхдийн итгэлцлийн журмаар өгөлцөж, авалцаж байсан. В.Г- нь нэхэмжлэлдээ надад 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 39.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай хүүгүй зээлдүүлсэн гэж бичсэн байсан. Би дээрх өдөр түүнээс нэг ч төгрөг аваагүй. В.Г- нь надад 39.500.000 төгрөгийг өмнө нь ч өгч байгаагүй, дээр зээлдүүлсэн гэх 12.660.000 төгрөгөө өөрөө хүүлж, хүү алданги гэж нэмсээр байгаад 39.500.000 төгрөг болгож загнаж зандарч байгаад энэ зээлийн гэрээг байгуулж хүчээр гарын үсэг зуруулсан учир энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Г-ийн гаргасан хариуцагч Ц.Б-гаас нийт 59.905.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-гийн гаргасан 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432.475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж буй зээлийн гэрээний харилцаанд хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв эрэмбэлж, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж, дүгнэж чадаагүй тухай.

1. ... уг зээлсэн 39.500.000 төгрөгийг миний бие Голомт банкнаас авч байсан цалингийн зээл болон өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэхээр хадгалж байсан мөнгө зэргийг нийлүүлж нэгтгэн өөрт байсан бүх мөнгөө шавхаад дээрээс нь төрсөн дүүгээсээ 4.000.000 төгрөг зээлж аваад нийт 39.500.000 төгрөг болгоод Ц.Б- болон С- нарт бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн ...” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй”  гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016.07.28-ны өдрийн Зээлийн гэрээг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн тус гэрээ нь талуудын хооронд ямар нөхцөлтэйгөөр зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотлох хамгийн чухал нотлох баримт. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зээлж буй мөнгийг зээлдүүлэгч зээлдэгчид бэлнээр хүлээлгэж өгсөн болохыг заагаад зээлдэгч Ц.Б- гарын үсгээ мөн зурж баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч нэгэнт гэрээгээр батлагдсан, гарын үсгээр баталгаажсан үйл баримтыг өөр хэлбэрээр дахин нотлох үүрэг хүлээх учиргүй.

2. Гэрч С-гийн “... 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр В.Г-ээс манай эхнэр Ц.Б- бид хоёр мөнгө зээлж авсан зүйл байхгүй. 39.500.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Гэтэл тус гэрч нь хариуцагчийн гэр бүлийн хүн буюу нөхөр нь төдийгүй нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчаар тус гэрч гэх С-г татсан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж байсан байдаг.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуусан гэрч Т-, С- нарын мэдүүлгээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2009 оноос хойш мөнгө төгрөг зээлдэх харилцаа найз нөхдийн хувьд тус болох үүднээс нэхэмжлэгч В.Г- хариуцагч Ц.Б-д өгч байсныг нотолсон бөгөөд үүнтэй холбоотой бичмэл баримтыг мөн нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх тус мэдүүлэг баримтыг 2016 оны зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй гэх байдлаар үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд шүүх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч В.Г- хариуцагч Ц.Б-д холбогдуулж, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 39.500.000 төгрөг, түүний алданги 15.405.000 төгрөг нийт 54.905.000 төрөг гаргуулах, хариуцагч Ц.Б- 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Хариуцагч Ц.Б- энэхүү гэрээгээр нэхэмжлэгч В.Г-ээс нэг ч төгрөг аваагүй, харин өмнө нь 2013 онд зээлсэн 12.660.000 төгрөгийн хүүг жил, сараар тооцон нэмж намайг Улаанбаатар хотод өөр газар ажиллаж байхад ирээд хамт олны дунд доромжилж, дарамтлаад мөнгө нэхээд байхаар нь аргагүйн эрхэнд энэхүү гэрээнд гарын үсэг зурсан гэж, нэхэмжлэгч В.Г- сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх зээлээ төлж дуусаад, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дахин шинээр зээлийн гэрээ байгуулж 39.500.000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээн дээр гарын үсэг зурснаас гадна зээлсэн мөнгөө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан гэж тус тус шүүхэд мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч В.Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Голомт банкнаас авсан цалингийн зээл, хадгалж байсан мөнгө, төрсөн дүүгээсээ зээлсэн 4.000.000 төгрөгийг нэмж, 39.500.000 төгрөг зээлүүлсэн гэж тодорхойлдог боловч эдгээр эх үүсвэрийг нотлох баримт,  хариуцагч Ц.Б- нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа нотолсон баримтыг тус тус хэн аль нь шүүхэд ирүүлээгүй байна.

Хэргийн үйл баримт, тухайн зээлийн гэрээний дагуу зээлдэгчид бэлэн мөнгө өгсөн болон үйл явдлыг бүрэн тогтоосноор зээлийн гэрээний харилцаанаас үүсэх маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Иймд талууд өөрсдийн шаардлага, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлж, шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлж, хүсэлт гаргаж хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд хэргийг шийдвэрлүүлэх нь үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлнө.

Хэргийн 128 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчтай өмнө нь 2015 онд зээлийн гэрээний харилцаанд орж байсныг нотолсон  баримт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ХААН банкнаас гаргуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд: Хариуцагч Ц.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт дахин гаргасныг шүүх  хангахаас татгалзсан захирамж гаргаж, захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийжээ.

Хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж бичгээр үйлдэгдэн хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ... 38.9... ... дэх хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх буюу хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасан хуульд заасан бусад эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах хуулийн боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаар шийдвэрийгийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаа зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч В.Г-ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.480 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

         

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                                             Л.АМАРСАНАА