Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00981/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух И овогт В-ын Г /утас .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, .. сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух Ц-гийн Б /утас .../-д холбогдох,

 

“59,905,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие В.Г нь ... аймгийн ... сумын ... өртөөнд 10-аад жил хамт ажиллаж байсан найз Ц.Б болон түүний нөхөр С нарын “... охин С-ийн бие тааруу байна, ОХУ-д сурч байгаад хүндээр өвдөж сэхээнд байна. Мөнгөний хэрэг гараад байна” гэсэн гуйлтын дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр найзын хувиар уг байдлыг ойлгож тус болъё гэсэн сэтгэлээр найз Ц.Бтай “зээлийн гэрээ” байгуулж 39,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй зээлдүүлсэн. Уг зээлсэн мөнгийг миний бие Голомт банкнаас авч байсан цалингийн зээл болон, өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэхээр хадгалж байсан мөнгө зэргийг нийлүүлж нэгтгэн өөрт байсан бүх мөнгөө шавхаад дээрээс нь төрсөн дүүгээсээ 4,000,000 төгрөг зээлж аваад нийт 39,500,000 төгрөг болгоод Ц.Б болон түүний нөхөр С нарт бэлнээр тоолж хүлээлгэж өгсөн. Зээлийг эргүүлэн төлөх хугацааг гэрээнд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл зээлийг эргүүлэн төлөхөөр тохиролцсон эхний хугацаа өнгөрч миний бие зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтаг тоочиж хугацаа авсаар өнөөдрийг хүрээд байна. Надаас мөнгө зээлж авч байхдаа Ц.Б өөр хүмүүсээс мөнгө авснаа хэлээгүй. Надаас мөнгө авсны дараа би түүнийг өөр хүнд өглөгтэй байсныг хүнээс  мэдсэн. Энэ тухай Ц.Бд хэлэхэд “...найз нь ямар ч байсан мөнгийг нь өгнө” гэж хэлж байсан сүүлдээ утсаа авахаа больж холбоо тасарсан. Найз нөхөд байсан хүмүүс боломжтой болоод төлөх байх гэж хууртаж явсаар ийнхүү санхүүгийн хувьд хохирч байгаадаа гомдолтой байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцож тус гэрээний нөхцөлдөө оруулсан. Иймээс найз нөхдийн итгэлийг хөсөрдүүлж, хуулийн дагуу байгуулсан гэрээгээ зөрчиж өнөөдрийг хүртэл намайг хохироосон тул Ц.Бгаас 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж шилжүүлсэн үндсэн зээл 39,500,000 төгрөг, өнөөдрийг хүртэлх алданги 15,405,000 төгрөг нийт 54,905,000 төгрөг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Гаргасан нэхэмжлэлийг минь шүүх хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж иргэн В.Г намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“В.Г нь надад 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 жилийн хугацаатайгаар 39,500,000 төгрөг хүүгүй зээлдүүлсэн гэж бичжээ. Энэ өдөр би түүнээс нэг ч төгрөг аваагүй юм. Учир нь:

Би В.Г-тэй олон жил хамт нэг байгууллагад ажилласан найз нөхөд байсан учраас найз нөхдийн журмаар болон итгэлцлийн байдлаар мөнгө өгч авах, намайг Орос улс руу явахад бараа захиалж мөнгө өгөх авах зэрэг асуудал зөндөө байдаг байсан. Жишээ нь: 2013 оны 08 сард би түүнээс 280,000 төгрөг, 150,000 төгрөг, 2,200,000 төгрөгийг тус тус зээлж аваад буцаагаад өдөрт нь, зарим үед 2 хоногийн дотор буцаагаад өгөөд явдаг байсан.

2013 онд миний охин хүнд өвчнөөр өвчилж би В.Г-ээс 2013 оны 10 дугаар сарын 22-нд 12,660,000 төгрөг зээлж аваад 2 хоногийн дараа нь 1,445,000 төгрөг, 10 дугаар сарын 06-нд 798,000 төгрөгийг данс руу нь буцаан шилжүүлж, авсан мөнгөө увуулж, цувуулж өгч байсан. 2013 оны 12 дугаар сард 130,000 төгрөг зээлж аваад өдөрт нь буцаагаад өгч байсан. Ямар нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийж байгаагүй юм. Зарим үед богино хугацаагаар мөнгө зээлбэл хүү тооцохгүй өгч авдаг байсан. Харин 12,660,000 төгрөгийг зээлэхдээ хүү тооцно гэж хэлж байсан. Би тухайн үед боломжоороо авсан мөнгөө бэлнээр болон дансаар нь өгөөд төлөөд явдаг байсан. Би олон жилийн турш өвчтэй охиноо эмчлүүлэх гэж яваагүй газар, очоогүй эмч байхгүй, арга буюу амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжээд 2, 3 жил болсны дараа хотод араас ирээд чиний зээлсэн мөнгө чинь хүүтэйгээ нийлээд 39,500,000 төгрөг болсон, чиний өмнө өгч байсан мөнгө чинь хүүнд тооцогдсон гэж хэлээд ажлын газар дээр ажилчдын хажууд хэл ам хийгээд байхаар нь өөр хамт олон дотор ирсэн байсан болохоор хүмүүсээс санаа зовоод хурдан салахын тулд хэлсэн ярьсныг нь дагаад гэрээ хийж гарын үсэг зураад явуулж байсан. Тэр өдөр В.Г нөхөр бид хоёрт бэлнээр 39,500,000 төгрөг өгсөн гэж худлаа бичсэн байна. Одоо миний тооцоогоор түүнд төлөх төлбөр байхгүй гэж би үзэж байгаа. Дансны хуулгаа 3-4 жилийнхээр нь аваад тооцоо хийж үзэж байгаад нэмэлт тайлбар хийж өгнө. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр надтай зээлийн гэрээ хийсэн гэж энэ гэрээгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөрөөхгүй. Энэ зээлийн гэрээгээр би нэг ч төгрөг түүнээс аваагүй учраас надад хүлээх үүрэг байхгүй. Тиймээс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээ шүүхэд гаргах болно” гэжээ.

 

Хариуцагч Ц.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Миний бие В.Г-тэй нэг байгууллагад олон жил хамт ажиллаж байсан найзууд учраас мөнгө төгрөг зээлж авч өгөлцдөг байсан. 2013 оны 08 сард 280,000 төгрөг, дараа нь 150,000 төгрөг, 2,200,000 төгрөг зээлж аваад буцааж дансаар нь өгч байсан. В.Г нь мөнгөө нэхэж байнга ажил дээр байнга ирж ажлын хамт олны дунд эвгүй байдалд оруулж байсан учраас аргагүйн эрхэнд энэхүү гэрээг байгуулсан юм. 2013 оны 10 сард хүүхдийн эмчилгээнд мөнгөний шаардлага гараад В.Гээс 12,660,000 төгрөгийг аман хэлцэлээр зээлж аваад буцаад дансаар болон бэлнээр хэсэгчлэн өгч байсан. Мөн  намайг ОХУ-руу явахад Ганчимэг нь бараа захиад барааныхаа мөнгийг миний данс руу “бараа” гэсэн гүйлгээний утга тавиад хийдэг байсан. Мөн 2013 оны 12 дугаар сарын 08-нд 130,000 төгрөгийн хэрэг болоод зээлж аваад тэр өдөртөө дансаар нь буцаагаад өгч байсан. Би зээлж авсан мөнгөө боломжоороо өгөөд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг зээлж аваад 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 450,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-нй өдөр 280,000 төгрөгийг дансаар нь өгсөн.

Мөн 2014 оны 04 дүгээр сарын 06-нд 300,000 төгрөг, 4 дүгээр сарын 21-нд 316,000 төгрөг, 05 дугаар сарын 05-нд 600,000 төгрөг, 05 дугаар сарын 24-нд 200,000 төгрөг, 06 дугаар сарын 26-нд 260,000 төгрөг, 06 дугаар сарын 30-нд 200,000 төгрөг, 07 дугаар сарын 04-нд 200,000 төгрөг, 08 дугаар сарын 01-нд 40,000 төгрөг, 8 дугаар сарын 06-нд 420,000 төгрөг, 08 дугаар сарын 24-нд 100,000 төгрөг, 10 дугаар сарын 01-нд 85,000 төгрөг, 10 дугаар сарын 14-нд 40,000 төгрөг, 10 дугаар сарын 18-нд 330,000 төгрөг,  11 дүгээр сарын 05-нд 480,000 төгрөг, 11 дүгээр сарын 29-нд 75,000 төгрөг, 12 дугаар сарын 05-нд 440,000 төгрөг, 12 дугаар сарын 19-нд 315,000 төгрөг, 12 дугаар сарын 23-нд 300,000 төгрөг, 12 дугаар сарын 28-нд 45,000 төгрөгийг тус тус дансруу нь шилжүүлэн өгч байсан.

Ингэж мөнгө өгөлцөж, авалцаж байхдаа бид ямар нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийж байгаагүй найз нөхдийн итгэлцлийн журмаар өгөлцөж, авалцаж байсан. В.Г нь нэхэмжлэлдээ надад 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 39,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай хүүгүй зээлдүүлсэн гэж бичсэн байсан. Би дээрх өдөр түүнээс нэг ч төгрөг аваагүй. В.Г нь надад 39,500,000 төгрөгийг өмнө нь ч өгч байгаагүй, дээр зээлдүүлсэн гэх 12,660,000 төгрөгөө өөрөө хүүлж, хүү алданги гэж нэмсээр байгаад 39,500,000 төгрөг болгож загнаж зандарч байгаад энэ зээлийн гэрээг байгуулж хүчээр гарын үсэг зуруулсан учир энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Ц.Бд холбогдуулан талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг болох  үндсэн зээл 39,500,000 төгрөг, түүний алданги 15,405,000 төгрөг, нийт 54,905,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч тал  “...Ц.Б нь 2013 онд 12,660,000 төгрөг зээлж авсан. ... В.Г нь мөнгөө нэхэж байнга ажил дээр байнга ирж ажлын хамт олны дунд эвгүй байдалд оруулж байсан учраас аргагүйн эрхэнд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. В.Гээс дээрх зээлийн гэрээнд заасан 39,500,000 төгрөгийг бэлнээр аваагүй. Өмнө авсан зээл 12,660,000 төгрөгийн хүү, алдангийг нэмээд нийт 39,500,000 төгрөг болсон гээд гэрээнд гарын үсэг зуруулсан...” гэх тайлбарыг гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...В.Г, Ц.Б нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн...гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр тодруулсан.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнд “...зээлдүүлэгч В.Г, зээлдэгч Ц.Б бид харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав.

               1. Зээлдүүлэгч нь зээлдэгчид 39,500,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд дурдсан мөнгийг үл маргах журмаар төлөх үүрэг хүлээнэ.

               2. Зээлдэгч зээлийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор зээлийн 50 хувь болох 19,750,000 төгрөгийг төлөх бөгөөд үлдэгдэл мөнгийг гэрээний хугацаанд төлөх үүрэгтэй.

               3. Зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй.

               4. Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно...” гэж заасан байна. /хх-5/

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог ба хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийдэг байна. Энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана. Мөн зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцогддог болно.

         Талууд дээрх бичгээр байгуулсан зээлийн гэрээнд заасан 39,500,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн үйл баримт болсон эсэх талаар маргадаг.

         Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...уг зээлсэн 39,500,000 төгрөгийг миний бие Голомт банкнаас авч байсан цалингийн зээл болон өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэхээр хадгалж байсан мөнгө зэргийг нийлүүлж нэгтгэн өөрт байсан бүх мөнгөө шавхаад дээрээс нь төрсөн дүүгээсээ 4,000,000 төгрөг зээлж аваад нийт 39,500,000 төгрөг болгоод Ц.Б болон түүний нөхөр С нарт бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн....” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбартаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба гэрч Э.С-гийн “...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр В.Г-ээс манай эхнэр Ц.Б бид хоёр мөнгө зээлж авсан зүйл байхгүй. 39,500,000 төгрөгийг зээлж, бэлнээр авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

         Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд “... 6. Нэмэлт нөхцөл: Зээлдэгч зээлсэн 39,500,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авна.  Хүлээн авсан Ц.Б гэж гарын үсэг зурсан” гэж бичигдсэн боловч нэхэмжлэгч тал 39,500,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хэзээ хаана өгсөн талаараа тайлбарлаж чадаагүй болно.

         Гэрч Г.С, Г.Т нарын мэдүүлгээр хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч В.Г-ээс 2016 оноос өмнөх хугацаанд мөнгө зээлж авч, бүрэн төлж барагдуулаагүй ...гэх үйл баримт тогтоогдож байна.

 

         Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Ц.Б-гийн өмчлөлд бодитоор 39,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл  баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасны дагуу талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

         Хариуцагч Ц.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

         Хариуцагч тал талуудын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан.

         Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “ 56.1.1-56.1.10-т заасан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” гэж заасан.

         Нэгэнт хуулиар хүчин төгөлдөр бус гэж тогтоосон хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй болно.

         Харин Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргаж болохоор хуульд зохицуулсан байна.

 

         Иймд Нэхэмжлэгч В.Г-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэг 54,905,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ц.Б-гийн гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гийн гаргасан хариуцагч Ц.Бгаас нийт 59,905,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4-т заасныг баримтлан хариуцагч Ц.Бгийн гаргасан 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА