Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00145

 

 ****ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаа 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 306 дугаар шийдвэр 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

59,905,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ****гийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь хариуцагч ****д холбогдуулан зээл, алданги нийт 59,905,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчэс зөвшөөрч,зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4-т заасныг баримтлан хариуцагч ****гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 

3. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хуульд нийцүүлэн зөв үнэлж чадаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байх ба давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Магадлалд ...нэхэмжлэгч **** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Голомт банкнаас авсан цалингийн зээл, хадгалж байсан мөнгө, төрсөн дүүгээсээ зээлсэн 4,000,000 төгрөгийг нэмж 39,500,000 зээлдүүлсэн гэж тодорхойлдог боловч эдгээр мөнгөний эх үүсвэрийг нотлох баримт, хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа нотолсон баримтыг тус тус ирүүлээгүй байна... гэжээ. **** нь нэхэмжлэгчийнхээ хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар “Шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, баримтыг цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь анхан шатны шүүхийн буруу биш юм. Энэ үүргийг хэрэгжүүлж биелүүлэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хийх ажиллагаа болохоос шүүх заавал түүнийг баримтаа бүрдүүлээд ир, тэгсэний дараа хэргийг шийдвэрлэнэ гэж хүлээж суух асуудал биш байхад давж заалдах шатны шүүх хуульд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Шүүхээс хэргийн оролцогчийнх нь хувьд нэхэмжлэгчид эдлэх эрх, үүргийг нь танилцуулсан учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх ёстой гэдгээ урьдчилан мэдэж байсан. Тэгээд ч нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон байдаг бөгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох зорилгоор гэрчүүд асуулгасан, өөр нотлох баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд шүүх хуралдаа орж ирсэн байхад заавал ямар нэгэн баримт олж ирж нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байж хэргээ шийдвэрлүүлэх ёстой гэсэн шаардлагыг шүүх тавих нь утгагүй юм. Ийм шаардлага тавигдвал хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөх магадлал бий болох ба шүүх ийм байдлаар хэргийг шийдвэрлэвэл шүүхээс гарсан шийдвэр нь үндэслэл бүхий байж чадахгүйд хүрэх юм.

3.1. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлохын тулд 2013 онд ****ээс мөнгө зээлж авч, өгч байсан үйл баримтыг нотлох зорилгоор өөрийн дипозит дансны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн, мөн нөхөр н.Сэргэлэнг гэрчээр асуулгасан. н.Сэргэлэнг асуулгасны учир нь **** 39,500,000 төгрөгийг нөхөр бид хоёрт хоёуланд нь хүлээлгэж өгч байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан учраас түүнийг би асуулгасан. Хэрэв тэр үед би ****ээс 39,500,000 төгрөгийг нөхрийн хамт авсан байсан бол тэр биднээр хамтад нь гарын үсэг гэрээнд зуруулаад авах л байсан шүү дээ. Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр асуулгасан ****ийн хүүхэд, дүү нар нь мөнгө зээлж өгч, авч байсан хугацааг миний тайлбарт дурдсанчлан 2013 он гэсэн цаг хугацаагаа зөв тодорхойлж, охиноо эмчлүүлэх зорилгоор мөнгө зээл авч байсан гэдгийг минь үнэн зөвөөр гэрчилсэн байдаг. Дээрхи гэрчийн мэдүүлгүүдээр 2016.07.28-ны өдөр зээлийн гэрээ бодит байдлаар хийгдээгүй, энэ цаг хугацаанаас өмнө мөнгө зээлж өгч, авалцаж байсан гэдгийг нотлоод байхад өөр ямар нотолгоо шаардаж заавал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх гээд байгааг би ойлгохгүй байгаа бөгөөд ямар нэгэн ашиг сонирхол байна гэсэн хардлагыг надад төрүүлж байна. Шүүх хуралдааны явцад миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хаан банкнаас нотлох баримт шүүхээр гаргуулах хүсэлт гаргасан байсныг анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан байсан. Энэ хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага болон татгалзалтай огт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримталж захирамж гаргасан нь үндэслэлтэй байсан бөгөөд энэ захирамжид хуульд зааснаар гомдол гаргах эрхгүй юм билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гаргахдаа баримталсан хуулийн зүйл заалтад буруу дүгнэлт хийж ИХШХШТХ-ийн 38.9-д заасан зүйл заалтыг баримталж захирамж гаргасан гэж буруу дүгнэжээ. Ийнхүү буруу дүгнэлт хийснээр хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байсан. **** нь нөхөр бид хоёрт бэлэн 39,500,000 төгрөгийг 2016.07.28-ны өдөр зээлдүүлсэн гэж хэлдэг ч бэлнээр өгсөн юм уу, дансаар өгсөн юм уу гэдгээ, мөн хаанаас ямар мөнгөний эх үүсвэртэй болоод энэ өдөр бидэнд мөнгө зээлдүүлсэн гэдгээ шүүхэд нотолж чадаагүй учир анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Зээлийн гэрээгээр **** нь надад бэлэн мөнгө огт өгөөгүй учраас энэ гэрээний дагуу би түүнд мөнгө буцаан төлөх үүрэг үндэслэл байхгүй юм. Харин 2013 онд зээлж авсан мөнгөө бүрэн төлж дууссан байсан. Энэ үйл явдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж ****ийг надад бодитоор 39,500,000 төгрөгийг шилжүүлээгүй байна гэж дүгнэж түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг би зөвшөөрч байгаа учраас энэ талаар ямар нэгэн гомдол байхгүй болно. Иймд хэргийг хяналтын журмаар хянаж анхан шатны шүүхийн 306 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн 47 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийн шаардлагыгИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4-т заасныг баримтлан хариуцагч ****гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

6. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016.07.28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг 39,500,000 төгрөг, түүний алданги 15,405,000 төгрөг нийт 54,905,000 төрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байхаас гадна сөрөг нэхэмжлэлд “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх зээлээ төлж дуусаад, дахин шинээр зээлийн гэрээ байгуулж 39,500,000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээн дээр гарын үсэг зурснаас гадна зээлсэн мөнгөө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан...” гэсэн тайлбарыг гаргажээ. 

7. Хариуцагч **** “... ****ээс нэг ч төгрөг аваагүй, харин өмнө нь 2013 онд зээлсэн 12,660,000 төгрөгийн хүүг жил, сараар тооцон нэмж намайг Улаанбаатар хотод өөр газар ажиллаж байхад ирээд хамт олны дунд доромжилж, дарамтлаад мөнгө нэхээд байхаар нь аргагүйн эрхэнд энэхүү гэрээнд гарын үсэг зурсан...” гэж мэтгэлцэж, 2016.07.28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. 

Дээрх байдлаас үзвэлзээлийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал маргааны зүйл болжээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шүүххэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үүрэгтэй. 

Давж заалдах шатны шүүхээс “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2015 онд зээлийн гэрээний харилцаанд орж байсныг нотолсон баримтыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ХААН банкнаас гаргуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасныг хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ...хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй...” талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаарх давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх. 

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс гадна хэрэгт авагдсан зээлийн гэрээг  нотариат хэрхэн баталсан, хариуцагч зээлийн гэрээний “мөнгө авсан” гэх хэсэгт чухам ямар шалтгааны улмаас гарын үсэг зурсан болох, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын хоорондоо бичиж байсан зурвас, өмнөх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон эсэхийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай 

Учир нь шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан, шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар ньүнэлж хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохүндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог. 

Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтынбодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд  хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэд тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

10. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан хариуцагч ****гийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Д.ЦОЛМОН

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД