| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 164/2019/0013/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 226
С.Ц, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалтай, С.Ц, Б.Б нарт холбогдох 1816001690082 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Ц-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Х овогт С-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Ц-г хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Е-д учирсан хохирлын талаар эрх бүхий этгээд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Ц-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч бүрийн үйлдэл, оролцоог хөдөлбөргүй нотлох учиртай. С.Ц-гийн зүүн хацар, хүзүү, дал, баруун тохойг нь гарынхаа хумсаар маажиж, баруун гарын бугалга, зүүн гуя, зүүн шагайнд нь гар хөлөөрөө цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг Б.Б нь учруулсан байгаа. Энэ нь аргагүй хамгаалалт биш юм. Ц-г босоод зугтах гэхэд араас нь хүзүү, зүүн хацрыг нь маажиж байгаа үйлдэл нь Ц-гийн үйлдлийн эсрэг хийсэн аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайн үед Б.Б-ын нүүр болон гар хөлөнд нь ганц шалбархай ч байхгүй байсан. Ц-гийн хамар, хацарнаас нь цус гарсан, зүүн хацар, хүзүүг нь араас нь маажиж зулгаан зодсон байгаа, Түүнээс Ц-гийн үйлдлийн эсрэг хийсэн үйлдлүүд биш юм. Иймд хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хэргийг дахин хянаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Ц, Б.Б нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг аргагүй хамгаалалт хэмээн дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх С.Ц-гийн Б.Е-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүх, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ц-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан гомдлыг үндэслэн С.Ц, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч С.Ц-г 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр “Урд зуслан толгой” гэх газарт Б.Б-ыг зодож, түүний болон охин Б.Е-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар,
Шүүгдэгч Б.Б-ыг мөн үед С.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Б-ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж, “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч С.Ц-г хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Ц-гийн Б.Е-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ц нь Б.Б-ын үснээс татах, цохих зэрэг үйлдэл хийх явцад Б.Б- нь тэвэрч байсан охины хамт газар унаж түүний охин Б.Е-ийн эрүүл мэндэд тархи доргилт, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтаас дүгнэхэд С.Ц-д хүүхэд рүү довтлох, түүнийг санаатайгаар гэмтээх санаа, зорилго байгаагүй нь харагдаж байх бөгөөд давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг үндэслэн С.Ц-г хоёр хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргээс Б.Е-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Ц-д оногдуулсан торгох ялыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор биелүүлэх үүргийг хүлээлгэж хугацаа тогтоожээ. Гэвч энэхүү хугацаа нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дуусч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт нийцүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Ц-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлэхийг даалгасугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ц-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН