Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 50

 

Г.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00002/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуульд холбогдох      

"2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г.Ц- миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин, бусад олговрыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Ц-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Л.П-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ц- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуульд 2012 оны 09 дүгээр сард нярваар орж 3 жил ажиллаад 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/29 тушаалаар ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг цаг хугацаанд нь биелүүлж ажиллаж байсан. Захирал Л.П- нь намайг олон удаагийн хууль бус шаардлагыг биелүүлсэнгүй гэж буруутгасан. Захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/44 тоот тушаалд багш, ажиллагсдын үндсэн цалинг баталсан тушаал, мөн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/45 тушаалаар цалин хөлсний сүлжээг шинэчлэн баталсан тушаалын дагуу цалинжсан тул хууль бусаар мөнгөн хохирол учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Ажлын цаг баримтлан ажилладаггүй гэж зөвхөн ажил цуглах цагийг тооцон гүтгэсэн. Учир нь ажлын ачаалал их учир ажиллавал зохих 8 цагаас илүү ажиллаж, цайны цаггүй тогтмол 11-с дээш цаг ажилладаг. Намайг ажлаас чөлөөлөхийн тулд мэргэжлийн бус хүмүүс буюу санхүүгийн ямар нэгэн боловсролгүй хүмүүсээр аттестатчиллын дүгнэлт гаргуулсан. Тус сургуулийн нягтлан бодогч нь төрийн үйлчилгээний туслах ажилтны ангилалд багтдаг учир заавал магистр, мэргэшсэн нягтлан бодогч байна гэсэн шаардлага хуулинд заагдаагүй юм.

Иймд ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарч намайг хохироосон тул ахлах нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож өгөх, шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, аттестатчиллын комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийлгэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.П- нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолоор Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай шийдвэр гарч Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12/8103 тоот Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгийг Хөдөө аж ахуйн их сургуульд хүргүүлж улмаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Чанарын удирдлага, зохицуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/05 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан бичгийг дэд захирал, бүрэлдэхүүний болон харьяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал нарт хүргүүлсэн. Үүний дагуу манай сургууль дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/111 дүгээр тушаалаар аттестатчилал зохион байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу ажлын хэсгийн дүгнэлтээр тус сургуулийн ахлах санхүүч Г.Ц- нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлага болох Боловсролын зэрэг магистр ба түүнээс дээш гэх, тусгай шаардлага болох Мэргэшсэн нягтлан бодогч байх гэх шаардлагуудыг хангаагүй мөн ажлын хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж байгууллагад хохирол учруулсан болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдож байгаа тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу сургуулийн ахлах санхүүч Г.Ц-ад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч мэдэгдэх хуудсан дээр гарын үсэг зурахаас татгалзсан тул цахим хаягаар нь хүргүүлсэн болно. Манай сургуулийн хувьд төрийн албаны захирах, захирагдах ёсны дагуу дээд байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу холбогдох судалгаа, шинжилгээг хийж хөдөлмөрийн тухай хуулинд заасан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-ын хариуцагч холбогдуулан гаргасан ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г.Ц- миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Ц- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Г.Ц- миний бие Дархан-уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуульд 2012 оны 09 сард нярваар ажилд орж 3 жил ажиллаад 2015 оны 05 сарын 19-ний өдрийн Б\29 тоот тушаалаар ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байтал намайг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б\69 тоот тушаалаар ажлаас халсан билээ. Ажлаас халсан тушаалд дурдсанаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38.1.2, 40.1.2 дугаар зүйлүүдийг үндэслэн ажлаас халсан байдаг юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Тус сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Ц- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын цаг баримтлан ажилладаггүй, эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган ажилчдыг чирэгдүүлдэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагад мөнгө хохирол учруулсан гэх зөрчлийг заасан боловч, Г.Ц-ыг хэзээ гаргасан ямар үйлдэл, эс үйлдэхүйг дээрх зөрчилд тооцсоныг тушаалд тодорхой тусгаагүй, мөн дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй болохыг дурдаж байна” гэсэн атлаа харин намайг мэргэшсэн нягтлан бодогч биш, магистр зэрэггүй байгаа нь “ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй” болсон нь тогтоогдсон гэж заасны дагуу нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн №33 тоот тогтоолд “            боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбараас үзвэл Г.Ц- намайг мэргэжил ур чадварын хувьд ажлын байрандаа тэнцэхгүй гэж үзэх боломжгүй юм. Намайг анх ахлах нягтлан бодогчийн ажпыг авахад ажлын байрны тодорхойлолтод магистр зэрэгтэй байна гэсэн ерөнхий шаардлага байгаагүй, харин сүүлд хэзээ ийнхүү нэмсэн болохыг би мэдээгүй, хэрэв энэ үндэслэл нь намайг ажлаас халах үндэслэл болох байсан бол ажил олгогчийн зүгээс надад ийм тусгай шаардлага нэмэгдсэн талаар сануулах үүрэггэй байсан. Гэтэл энэ талаар ямар нэгэн байдлаар сануулаагүй билээ.

Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Ц- Хөдөө аж ахуйн их сургуулийн /цаашид ХААИС гэх/ харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, аттестатчиллын комиссын дүгнэлтийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.П-гээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хууль хэрэглээний талаарх холбогдох дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ажлаас халсан тухай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд ажилтан гомдол гаргасан тохиолдолд хариуцагчаар татагдаж байгаа ажил олгогч тал  өөрийн гаргасан тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах үндэслэд нийцсэн, бодит байдал дээр ийм нөхцөл байдлыг тогтоосон гэдгээ шүүхэд нотлох үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Г.Ц-ыг ажлаас халахдаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримталсан тул зохигчдын хооронд үүсч байгаа маргааны зүйл нь ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон эсэх тухай асуудал  байх юм.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ажилтны ёс зүй болон сахилгын зөрчилтэй холбоотой тайлбар болон нотлох баримтуудыг үнэлэх шаардлагагүй байсан бөгөөд дээрх баримтууд нь маргааны зүйлд хамааралгүй, ач холбогдолгүй байна.

Харин ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй байгаа нь хэрхэн тогтоогдсон  энэ нь хэр үндэслэлтэй байна  гэдэгт шүүх дүгнэлт өгөх  нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэх  эсэхийг аливаа мэргэшлийн хороо, комисс, зэрэг орон тооны болон орон тооны бус  байгууллага /цаашид комисс/тогтоох, түүний бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн мэргэшсэн хүмүүс болон дээд шатны албан тушаалтан  оролцож дүгнэлт гаргаснаар ур чадварын асуудлыг дүгнэх нь илүү бодит болж ийм төрлийн практик бий болсон. Энэ байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2- ийг практикт зөв тайлбаран хэрэглэхэд ач холбогдолтой

Тухайн ажилтны ажиллаж байгаа салбар түүний ажлын онцлог, байгууллагын үйл ажиллагааны бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавигдах нийтлэг шаардлага, стандартуудын хэрэгжилтийг тогтоох, ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болохыг тогтоох зорилгоор аттестатчилах ажлын хэсгийг холбогдох салбарын яам, агентлаг, мэргэжил ур чадварын түвшин тогтоох, хөдөлмөрийн магадлах комисс зэрэг мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн байх бөгөөд, гишүүд нь аттестатчилалд орох байгууллага, ажилтантай ашиг сонирхлын зөрчилгүй байхаар холбогдох хууль тогтоомжуудаар хуульчлагдсан байдаг.

Тухайн  комисс нь тодорхой эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулагдаж, үйл ажиллагааны зарчим нь хууль болон бусад эрхийн актад үндэслэгдэн  журамлагдсан, гаргах шийдвэр нь тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэх шинжтэй. мөн комиссын дүгнэлтийн талаар гомдол гаргах шалгуулагчийн эрх ашгийг тусгасан байж гэмээ нь ажилтны мэргэшлийг дээшлүүлэх сургалтад хамруулах арга хэмжээ авах болон мэргэжил ур чадвар нь тэнцэхгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох юм.

Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдийн шийдвэрээр байгуулагдсан аливаа аттестатчилал, мэргэжлийн шалгалт, ажлын ур чадвар үнэлгээ өгөх комиссын үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагын тогтоосон дүрэм журамд нийцүүлж үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь тогтмол болон үйл ажиллагааг тодорхой цаг хугацааны давтамжтай явуулах эсхүл тодорхой этгээдийн тавьсан хүсэлтээр дүгнэлт гаргах зэргээр үйл ажиллагаагаа  явуулдаг байнгын шинжтэй байх  нь бий.

Тухайн маргааны хувьд аттестатчиллын гэх комиссыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулж уг комисс 10 сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн дүгнэлт нь  ажилтныг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн дүгнэлт хийж ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болж чадахгүй байна.

Үүнд тухайн комиссын үйл ажиллагааны зарчим, журам, дүрэм гаргах дүгнэлтийн хууль зүйн хүчин чадал, ажилтныг шалгах  шалгуур үзүүлэлтүүд тодорхойгүйгээс гадна мэргэжлийн комисс гэж үзэх бүрэлдэхүүнгүй байна.  

Хэрэгт авагдсан атестатчиллын тусгайлан дүгнэх хэсгээс үзвэл 1-рт Г.Ц- нь ажлын байранд тавигдах шаардлагын хувьд “боловсролын зэрэг магистр болон түүнээс дээш, мэргэшсэн нягтлан бодогч байх гэх мэргэжлийн шаардлага хангаагүй гэж дүгнэжээ.

Дээрх шаардлагууд нь ажилтныг анх ажилд авахад хуулиар болон  түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн  дотоод журам ажлын байрны тодорхойлолтоор тавигдах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болох юм.

Харин ажлын байрны тодорхойлолтоор ийм тусгай шалгуур тавиагүй ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа этгээдэд дээрх шаардлагыг тавьж энэхүү шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлд нийцэхгүй байна.

Тус комисст өөр нэг  дүгнэлт  болох Г.Ц-ын өөрийн цалин хөлсийг хууль зөрчиж нэмсэн гэх асуудал нь ёс зүйн  зөрчлийн шинжтэй байх тул мэргэжлийн ур чадварыг дүгнэх асуудалд хамааралгүй байна.

Дээрх байдлуудыг үндэслээд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр цуцлах хангалттай үндэслэл тогтоогдоогүй байх тул ажилтны энэ талаар гаргасан гомдлыг хангаж түүнийг ажилд нь буцааж тогтоон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-ын хариуцагч холбогдуулан гаргасан ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г.Ц- миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг,

“...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Г.Ц-ыг ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.333.680  төгрөгийг хариуцагч ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Г.Ц-ад олгож, дээрх шаардлагыг хангасантай холбогдуулж  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА                 

                                                                                                              Л.АМАРСАНАА