Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 51

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00863/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 23-ны өдрийн 987 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д- Т-” ХК-д холбогдох

"2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ 3 115 000 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 10.000 тн улаан буудайн үнэ 3.500.000.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457.450.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250 төгрөг, нийт 7.107.812.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Хариуцагч “Д- Т-” ХК-ийн стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаний өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444.872.930 төгрөг, 2009.09.18-ны өдрийн Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730.300.000 төгрөг, 2011.10.14-ний өдрийн Хүнсний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Үнэнбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн төлөөлөгч В.Т- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр нар онлайнаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, Ш.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1-01 тоот Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээгээр “Д- Т-” ХК-ийн хадгалалтад 33.729 тонн хүнсний улаан буудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14829 тонн хүнсний улаан буудайг худалдан борлуулж үлдэгдэл 18900 тонн хүнсний улаан буудайг хариуцагч “Д- Т-” ХК-ийн элеваторт хадгалуулсан билээ. Ийнхүү хадгалуулахдаа 1 тонн улаан буудайд хоног тутам 55 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Мөн гэрээний 4-р зүйлийн 8-д Хадгалагч буудайн тоо хэмжээг дутаасан, хадгалалтын буруугаас чанар байдлыг алдагдуулж тохиолдолд 14 хоногийн дотор учирсан хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг 3 нугалж хадгалуулагчид төлнө хэмээн харилцан тохиролцсон бөгөөд 8900 тонн улаан буудайг хадгалалтын буруугаас чанар байдлыг алдагдуулж, цаашид хэрэглэгдэхгүй болгож тус санд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. Дээрх 8900 тонн улаан буудайн 1 тонн нь 350.000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагчийн талын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч талд бодитойгоор нийт 3.115.000.000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагч “Д- Т-” ХК-аас нэхэмжилж байна. 2011 онд дээрх хадгалуулсан хүнсний улаан буудайнаас 10.000 тонныг нь талууд Иргэний хуулийн 243, 262-р зүйлд зааснаар харилцан тохиролцож 1 тонныг нь 350.000 төгрөгөөр тооцож 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээгээр “Д- Т-” ХК-д худалдан борлуулсан билээ. Гэрээний 5.1-д Худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол хугацаа хэтэрсэн хоног тутамд энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож үл маргах журмаар худалдан авагч талд төлнө хэмээн тохиролцсон бөгөөд 2011.11.01-ний өдрөөс 2015.08.01-нийг хүртэл нийт 1307 хоног өнгөрсөн ба үүнийг нэг хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 350.000 төгрөгөөр тооцоход нийт алданги 457.450.000 төгрөг байна.

Энэхүү гэрээгээр худалдан авсан улаан буудайн үнийг хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч талд бодитоор буудайн үнэ 3.500.000.000 төгрөг, алданги 457.450.000 төгрөг нийт 3.957.450.000 төгрөгийн хохирол учраад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч “Д- Т-” ХК-аас 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ /1 тонн 350 000 төгрөг/ 3.115.000.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 10.000 тн улаан буудайн үнэ 3.500.000.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457.450.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250 төгрөг, нийт 7.107.812.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д- Т-” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байхаар зохицуулсан.

Газар тариалангийн нутгуудаар 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан чийглэг ихтэй буудай хүлээж авах болсон байдаг бөгөөд энэ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоот тушаал, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр нотлогдож байдаг.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээ, Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам болон Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж “Д- Т-” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаан буудайг хүлээн авч хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36/30/683 тоот албан шаардлагаар нотлогддог.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас чанар стандартын шаардлага хангаагүй чийглэг ихтэй буудай хүлээн авч хадгалуулсан. Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах түр журамд заасан хүлээн авсан улаа буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Д- Т-” ХК-д нийлүүлээгүй зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тул “Д- Т-” ХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. “Д- Т-” ХК-ийн Гүйцэтгэх захирал 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-нд Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан болно.

б/ “Д- Т-” ХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй,

г/ “Д- Т-” ХК-ийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан хэлцэл байна.

д/ “Д- Т-” ХК нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 1 кг ч улаан буудай аваагүй, нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно. Тус компани нь буудайг худалдан авсан талаар ямар нэг санхүүгийн баримт үйлдээгүй, тийм баримт ч байхгүй,

е/ Хариуцагчийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй худалдан авсан гэх буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, алданги 457 450 000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

“Д- Т-” ХК-ийн хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сантай шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөгийг төлөх талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулахаар зааснаас үзэхэд хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулаад төлбөр барагдуулсан бол түүнд өгөх урамшууллын асуудлыг зохицуулсан болохоос шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлынхаа урамшууллын асуудлыг нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэл байхгүй тул уг төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу “Д- Т-” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеватор дэлбэрч нийт 5,0 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд бидний зүгээс уг хохирлоо сөрөг нэхэмжлэл гаргах замаар шүүхээр шийдвэрлүүлэх болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д- Т-” ХК-ний гүйцэтгэх захирал С.Н- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1.Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу “Д- Т-” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах,

2. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730.300.000 төгрөгийг гаргуулах,

3. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах

1 дүгээр шаардлага: Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “Д- Т-” ХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээг байгуулсан.

Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага стандартад буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байхаар зохицуулсан. Газар тариалангийн нутгуудаар 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан чийглэг ихтэй буудай хүлээж авах болсон байдаг бөгөөд энэ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоот тушаал, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр нотлогдож байдаг.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж “Д- Т-” ХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаанбуудайг хүлээн авч хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36/30/683 тоот албан шаардлагаар нотлогдоно.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь будаа хатаалгын дээрх норм үнэлгээний дагуу будаа нийлүүлсэн бүх аж ахуйн нэгж, иргэдийн авах ёстой байсан будааны үнийн дүнгээс 173,7 сая хатаалганд зориулж өөртөө суутган авч үлдсэн боловч энэ мөнгийг манай компанид будаа хатаалгах зорилгоор огт өгөөгүй. Хэрэв энэ мөнгийг өгсөн бол бид будаа хатаах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлэх боломжтой байсан. Хэдий ийм байсан боловч тус компани нь хүлээлгэн өгсөн будааг тогтоосон норм, нормативын дагуу сэлгэх, эргүүлэх үйл ажиллагааг хийж байсан боловч стандартаас давсан өндөр хувийн чийгийг буулгах боломжгүй байсан болно. Цутгамал төмөр бетон суурь хана, хучилттай хар тосон хавтгай дээвэртэй, 54,0 мянган үр тариа хадгалах багтаамжтай, 3 хэсгээс бүрдсэн. 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тэсрэлтийн улмаас 1 дүгээр хэсгийн техникийн давхар, силосын цутгамал төмөр бетон хананд их хэмжээний эвдрэл үүсч, 147, 148, 137, 136 дугаар силосууд болон 176 дугаартай од хэлбэрийн сав нь эвдрэл, гэмтлүүдээс дахин ашиглах боломжгүй болсон. Мөн 134, 140, 170, 174 дүгээр силос, 16 дугаартай од хэлбэрийн савны ёроол, таганд хялгасан цууралт үүссэн. Техникийн давхрын угсармал төмөр бетон хучилтын 10 ширхэг хавиргат хавтан, дат нуруу, багана, ханын хамт нурж унасан. ТР-65 маркын тэргэнцэр, ЛТ-175 маркын туузан дамжуулагчтай шугам бүрэн ажиллагаагүй болсон. Барилгын дээвэр дээр байрлах БЧШ-450 маркын тоос тунгаагч төхөөрөмж дотогшоо нуран унаж бүрэн эвдэрсэн. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10-07-022/25 тоот дүгнэлтээр дээрх элеваторын барилгын эвдэрсэн байдал нь нотлогдоно. Тус компани нь дээрх элеваторын барилгынхаа эвдрэлийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж, сэргээн засварлахаар ажиллаж байна. Энэхүү элеваторын барилгын сэргээн босголтын ажлын төсөв нь төсөвийн үнэлгээчний гаргасан үнэлгээгээр 4.444.873.000 төгрөг болж байгаа бөгөөд бид энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулан учирсан хохирлын бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байна.

Хоёр дугаар шаардлага:

2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний 5.1, 5.2-д зааснаар хүнсний улаан буудайн хадгалалтын хөлс 1 тонн буудайд хоног тутамд 55 төгрөгөөр тооцож, хоёр талын санхүүгийн алба хадгалагдаж байгаа буудайд сар, өдрөөр тооцоо нийлж, хадгалалтын болон үйл ажиллагааны хөлсийг тухайн хугацаанд хадгалагдсан буудайд тооцож шилжүүлж байхаар тохиролцсон.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх балансаар тус сан нь “Д- Т-” ХК-д 730.300.000 төгрөгийн хадгалалтын хөлсний үлдэгдэл өр төлбөртэй байгаа болно.

Гурав дугаар шаардлага:

“Д- Т-” ХК-ийн Гүйцэтгэх захирал 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-нд Хүнс, Хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яам болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах үед “Д- Т-” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хадгалуулсан байсан улаан буудай гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үгүй болсон буюу чанар нь муудсан байсан буюу анхнаасаа чанар байдлын шаардлага хангахгүй, танайд худалдсан мэтээр хийгээд дараа нь технологийн болон стандартын шаардлага хангаагүй байсан гэх байдлаар төлбөрийг нэхэмжлэхгүй, танайд хамаагүй гэж ойлгуулсны дагуу хийгдсэн, түүнээс биш хүсэлт гарган, улаан буудай авахаар болж гэрээ байгуулан, зохих чанарын буудааг хүлээн аваагүй болно.

Хариуцагчийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсан, тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах шаардлагын тухайд:

хариуцагч “Д- Т-” ХК нь анхнаасаа №2009-1/01 тоот гэрээний 4.1-д заасан нөхцөлийг хангаагүй /чийг дулаан хэмжигч тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатаах болон цэвэрлэх тоног төхөөрөмжгүй/ элеваторт улаан буудайг хадгалсан болох нь тодорхой байна.

Тухайн 2009 оны ургац хураалтын үер тохиолдсон байгалийн аюултай үзэгдлийн улмаас улаан буудайн ургацын чанарт нөлөөлсөн байдлыг үндэслэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2009.10.15-ны өдрийн 44 дугаартай Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай тушаалаар сан нь хүнсний улаанбуудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17% хүртэл чийгтэй улаан буудай авч болох нөхцөл бий болсон бөгөөд харин хадгалагч тал эдгээр улаанбуудайг стандартад заасан хэмжээнд чийг, хольц, хогийн хувийг хүргэх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс улаанбуудайг муутгаж, үгүй хийсэн байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам-ын 4.2-т Хадгалах явцад буудайн тоо хэмжээг дутагдуулсан, чанарыг нь муудуулсан нөхцөлд түүний хохирлыг хэн буруутай этгээдээр төлүүлж, санг хохиролгүй болгоно гэж заасан нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хадгалуулсан 8900 тонн улаанбуудайн үнэ 3.115.000.000 төгрөгийг хариуцагч “Д- Т-” ХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730.300.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “Д- Т-” ХК нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолсон тохиолдолд уг шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой болно.

3. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч талтай тэдний хүсэлтийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буудай 11/17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан зүйл байхгүй бөгөөд харин ч хариуцагч “Д- Т-” ХК-ийн зүгээс санал анх тавьсаны дагуу байгуулагдсан гэрээ болохыг “Д- Т-” ХК-ийн ерөнхий захирал С.Н-ын 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 тоот Буудай худалдан авах тухай ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржавт явуулсан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сангийн шууд шилжүүлсэн бичгийн албан байгууллагын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотолж байна.

Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар хариуцагч “Д- Т-” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа :

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1/01 тоот Хүнсний улаанбуудай хадгалуулах гэрээ-гээр “Д- Т-” ХК-ийн хадгалалтад 33729 тонн хүнсний улаанбуудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14829 тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулж үлдэгдэл 18900 тонн хүнсний улаанбуудайг хариуцагч “Д- Т-” ХК-ийн элеваторт хадгалуулсан билээ. Ийнхүү хадгалуулахдаа 1 тонн улаан буудайд хоног тутам 55 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009.09.28-2011.03.16-ны өдрийн хооронд хадгалалтын хөлсөнд нийт 566.878.562 төгрөгийг хариуцагч “Д- Т-” ХК-д шилжүүлсэн боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллага үлэмж хэмжээгээр хохирсон учир дээрх хадгалалтын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг хариуцагч талаас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардагын хэмжээг 566.878.562 төгрөгөөр ихэсгэж байна.

Иймд хариуцагч “Д- Т-” ХК-аас ... 8900 тонн улаан буудайн үнэ 3 115.000.000 төгрөг, 10.000 тонн улаан буудай худалдан авсан үнэ 3.500.000.000 төгрөг, гэрээний дагуу алданги 457.450.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250 төгрөг, хадгалалтын хөлс 566.878.562 төгрөг нийт 7.674.690.562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр, өмгөөлөгч Н.Наранбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2009/01/01 дугаартай Хүнсний Улаан буудай хадгалуулах гэрээний үүрэг зөрчсөний улмаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд учирсан хохирол 3.115.000.000 төгрөгийг “Д- Т-” ХК-аас гаргуулах, учир нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хадгалуулсан 8,900 тонн Улаан буудай шатаж хохирол учруулсан. Үүнийг гаргуулна.

2. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай11/17 дугаартай хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээний дагуу “Д- Т-” ХК-ийн худалдан авсан 10,000 тонн улаан буудайны үнэ 3.500.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

3. Мөн худалдах худалдан авах гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн алданги 457.450.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нөгөөдөх нь Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалтай холбоотой 35.362.250 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч уг хууль нь байхгүй болсон учраас үүнийг явц дундаа тайлбарлана.

4. Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2009/1-01 тоот хүнсний улаан буудай хадгалуулах гэрээг “Д- Т-” ХК-тай байгуулж, нийт 33,729 тонн хүнсний улаан буудай хадгалуулахаар шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгсөн улаан буудайнаас хадгалалтын явцад Тариалан эрхлэлтийг дэмжих сан Сэлэнгийн агуулах руу нааш цааш нийтдээ 14,829 тонн улаан буудайг шилжүүлж болон борлуулж авсан. Үүнээс “Д- Т-” ХК-ийн инкубаторт 18,900 /арван найман мянга есөн зуу/ тонн улаан буудай хадгалагдаж байсан. Ингээд хадгалагдаж байх явцад “Д- Т-” ХК нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Буудай 11/17 дугаартай хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээний дагуу 10,000 тонн улаан буудайг 1/нэг/ тонныг 350,000 төгрөгөөр тооцоод 3.500.000.000 төгрөгийн улаан буудай худалдаж авсан байдаг. Ингээд 8,900 тонн улаан буудай “Д- Т-” ХК-ийн агуулахад хадгалагдаж байсан. Гэтэл “Д- Т-” ХК хадгалуулж байсан улаан буудайг технологийн горимын дагуу хадгалаагүйгээс болж 2012 онд “Д- Т-” ХК-ийн 1 элеваторын горим алдагдаж нэг сервист дэлбэрэлт үүсч, тэнд байсан улаан буудай шатсан, хадгалагдаж байсан улаан буудай чанарын хувьд муудсан ийм асуудал үүссэн. Ингээд нийтдээ 8,900 тонн улаан буудай зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй, устаж үгүй болсон. Ийм учраас хадгалалтын гэрээний дагуу “Д- Т-” ХК-аас улаан буудайн чанарыг алдагдуулахгүй хадгалах үүргээ биелүүлээгүй учраас уг устаж үгүй болсон 8,900 тонн улаан буудайг 1 тонныг 350,000 төгрөгөөр тооцож 3.115.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

5. Энэ дэлбэрэлт болохоос өмнө 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буудай 11/17 тоот гэрээгээр 10,000 тонн улаан буудай худалдаж авсан, үүнийг 1 тонныг адилхан 350,000 төгрөгөөр худалдаж авсан, энэ мөнгөө Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөөгүй, үүний нийт үнэ 3.500.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Мөн худалдах худалдан авах гэрээнд заасан гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй учраас хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцсон. Өөрөөр хэлбэл уг гэрээний 5.1-т зааснаар алдангийг тооцоод 457.450.000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Эдгээр төлбөрийг хариуцагч “Д- Т-” ХК-аас гаргуулж өгнө үү, энэ мөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчид болон гурилын үйлдвэрүүдэд татаас өгч, хямд гурил тэжээл болоод хүнсний гурилан бүтээгдэхүүнээр иргэдийг хангахад ашиглагддаг мөнгө юм. Энэ алдагдлаа авч чадахгүй 10 жил, шүүхэд ирээд 5 жил гаран болж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-, түүний өмгөөлөгч П.Еркебулан болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Ш.Энхтөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүнсний улаан буудайг авч хадгалах түр журмын 5.2-т хадгалах хугацааг 1 жилээс илүүгүй хугацаагаар хадгалахгүй байх гэж заасан. Чийглэг өндөртэй буудай авсан, хатаалгын зардал төлөөгүй, улаан буудайг 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсны улмаас хадгалах горим нь зөрчигдөж, хэдийгээр элварторт сэлгээ хийж байсан ч хатаалга хийж чадахгүйгээс болж буудайны чанарт нь өөрчлөлт орж хүнсний улаан буудай устсан. Түүгээр ч зогсохгүй хүнсний улаан буудай устсаны улмаас дэлбэрэлт үүvсэн. Хүнсний улаан буудай хадгалах гэрээний 6.1-д хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй /яг давагдашгүй хүчин зүйл гэж хэлээгүй/ онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тохиолдолд хадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр “Д- Т-” ХК хариуцлага хүлээх үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа.   2011.11.14-ний өдрийн Хүнсний улаан буудайг худалдах худалдан авах гэрээ-ий дагуу төлбөрийг нэхэмжилж байгаа алдангийн хувьд гэрээ байгуулах үед хүнсний улаан буудай устаж байхгүй болсон чанар нь муудсан байсан гэдэг нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009.9.30-ны өдрийн албан шаардлага, 2009.12.01-ний өдрийн албан шаардлагаар буудайны чийг нь 16,5 хувь байна гэж заасан байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчдын 2011.4.18-ны өдрийн болон 2011.4.21-ний дүгнэлтээр элеваторт хадгалагдаж байгаа хүнсний улаан буудай нь стандартад заасан буудайн чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байхад Дархан гурил тэжээлХК-тай гэрээ хийсэн нь мэргэжлийн хяналтын газрын улсын байгцаагдын дүгнэлтийг зөрчсөн. Яг энэ үед “Д- Т-” ХК гурил үйлдвэрлэх боломжгүй байсан. Тайлбараараа хэлэхэд /ямар нэг нотлох баримт байхгүй/ тухайн үеийн нөхцөл байдалд Атарын 3 дугаар аяны хүрээнд авсан буудайгаа буюу муудчихсан буудайгаа нэгэнт авчихсан учраас та бүхэн гарын үсэг зураад авчхаарай гэж улс төрийн дарамт шахалтад орж гарын үсэг зурсан байгаа нь харагддаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан. 1 кг будаа ч хүлээж авсан зүйл байдаггүй. Гэтэл гэрээндээ авснаар хүлээлгэн өгсөнд тооцно гэсэн байгаа нь байж болохгүй зүйл. Энэ гэрээгээр худалдан авагчдад нэг ч төгрөг төлөөгүй учраас энэ гэрээг байгуулагдаагүй, хэрэгжээгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын асуудлын хувьд бид Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан Улаан буудай худалдах худалдан авах гэрээ, Улаан буудай хадгалуулах гэрээ-ээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ямар нэг зүйл хариуцна гэсэн тохиролцоо хийгээгүй. Бидэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглаж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын талаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “Д- Т-” ХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм байна. Хадгалалтын гэрээний улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр” “Д- Т-”” ХК нь бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хадгалалтын гэрээ байгуулсан. Талуудын хороонд байгуулагдсан хадгалалтын гэрээний нийтлэг зохицуулалт нь улаан буудайг хүлээж авах, хадгалах зэрэг бөгөөд энэ гол нөхцөлөөс дүгнэж үзэхэд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасны дагуу байгуулагдсан хадгалалтын гэрээ байна гэж үзэж байна. Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлсэн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн зүгээс “Д- Т-” ХК-ийг буруутгаж байгаа гол үндэслэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манайд хохирол учирсан гэх асуудлыг гаргаж тавьдаг. Энэ асуудлыг ярихаас өмнө энэ хохирлын асуудал үүсэх болсон шалтгааныг зөв тогтоож дүгнэлт өгөх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын 1 /нэг/ дүгээр хавсралтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан хүнсний болон үрийн будаа хүлээн авах, хадгалах, борлуулах түр журмыг баталсан. Уг журмын 7.2-т журмыг Тариалан эрхлэлтийг дэмжих санг өөрийг нь дагаж мөрдөхөөр заасан. Энэ журмаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд ямар үүрэг ногдуулсан бэ гэхээр стандартын шаардлага хангасан улаан буудайг хүлээж авах ёстой, мөн иргэд, аж ахуйн нэгжээс худалдан, хүлээж авч байгаа улаан буудай нь хэрвээ стандартын шаардлага хангахгүй бол дээрх журамд нийцүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл стандартын шаардлагад нийцүүлэх үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд дээрх журмаар хүлээлгэсэн байна. Иргэд, аж ахуйн нэгжээс хүлээж авах улаан буудай нь ямар стандартын шаардлага хангах ёстой вэ гэхээр улаан буудай нь физик болон химийн үзүүлэлтээрээ 14,5 хувиас багагүй чийглэгтэй байх ёстой байдаг. Гэтэл Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцагч “Д- Т-” ХК-тай байгуулсан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хадгалалтын гэрээний дагуу хадгалуулахаар шилжүүлсэн улаан буудай нь стандартын шаардлага хангаагүй, стандарт зөрчсөн байсан нь хавтаст хэрэгт авагдсан маш олон нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “Д- Т-” ХК-ийн элеваторт стандартад заасан 14,5 хувиас илүү 16,5 хувийн чийглэгтэй улаан буудай хадгалуулахаар хүлээлгэж өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон.

2. “Д- Т-” ХК-ийг буруутгаж байгаа дараагийн гол үндэслэл бол шилжүүлсэн улаан буудайг технологийн горимын дагуу хадгалаагүй байна, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын байцаагчийн удаа дараагийн акт, албан шаардлага зэргээс үзэхэд “Дархан гурил тэжээл” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас шилжүүлсэн улаан буудайг технологийн горимын дагуу хадгалаагүй болохыг тогтоосон нотлох баримт байхгүй. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас шилжүүлсэн улаан буудай нь өөрөө стандарт зөрчсөнийг дээрх баримтууд нотолж байна. Өөрөөр хэлбэл чийглэгийн хэмжээ 16,5 хувьтай улаан буудайг шилжүүлэн өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар нэхэмжлэгч тал өмнөх шүүх хуралдаан дээр маргасан зүйл байдаггүй. Хохирол учирсан гэж ярьж байгаа гол асуудал нь стандарт зөрчсөн чийгтэй улаан буудайг Дархан гурил тэжээл ХК-д шилжүүлснээс болж үүссэн.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа талуудын хооронд байгуулсан хадгалалтын гэрээг буруугаар буюу өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж мэтгэлцэж байна. Өөрөөр хэлбэл чийгтэй будааг танайх хатаах ёстой байсан, гэрээгээр ийм үүрэг хүлээсэн гэж маргадаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний тодорхой заалтуудыг нотлох баримт шинжлэн судлуулсны дараа тодорхой харагдана, юу тодорхой харагдах вэ гэхээр зэрэг талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадгалалтын гэрээ юм. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг хатаах үйл ажиллагаа явуулах ёстой биш юм. Хатаах үйл ажиллагаа гэдэг маань өөрөө гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан тусдаа харилцаа юм. Үүнийг хадгалалтын гэрээгээр бус тусдаа өөр гэрээгээр зохицуулах ёстой. Тэр утгаараа талуудын хооронд байгуулсан гэрээгээр чийгтэй будааг хатаана, стандартад нийцүүлнэ гэсэн үүргийг хадгалагч тал буюу “Дархан гурил тэжээл” ХК-д олгоогүй. Харин ч эсрэгээр энэ чийгтэй будааг хүлээж авахгүй байх, хүлээж авсан тохиолдолд технологийн горимын дагуу хатаалга явуулах, өөр бусад аж ахуйн нэгжүүдээр хатаалгаж байгаа тохиолдолд 1 тонн тутамд 10 литр түлш зарцуулах зэрэг үүргийг сайдын тушаалаар баталсан түр журмаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүрэг болгож, албан ёсоор ногдуулсан. Тийм учраас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зүгээс энэ журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чийгтэй, стандарт зөрчсөн улаан буудайг нийлүүлсэн, энэ стандарт зөрчсөн улаан буудайг хэвийн горимд технологийн горимын дагуу ямар ч хадгалах боломжгүй гэдгийг шүүхээс томилогдсон мэргэжлийн байгууллагын шинжээч нар дүгнэлтээ гаргаад шүүхэд ирүүлсэн.

4.Хадгалалтын гэрээний улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацааг шүүхээс зөв тодорхойлж, үнэлж дүгнэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж улаан буудайг хадгалуулна гэж заасан. Гэрээг хэзээ, ямар байдлаар, яаж дуусахыг тодорхой дурдаагүй. Харин ч эсрэгээрээ уг гэрээний 3.4, 4.1 дээр энэ гэрээг байгуулахад талуудын хооронд сайдын журмаар батлагдсан түр журмыг мөрдлөг болгоно гэж заасан. Энэ гэрээний мөрдлөг болсон түр журмын 6.4-т хүнсний зориулалттай улаан буудайг 1 жилээс дээш хадгалахыг хориглосон. Энэ гэрээ болон түр журмын холбогдох зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ нь өөрөө 1 жилийн хугацаатай буюу 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулагдсан байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан хугацаатай гэрээний хугацаа дуусангуутаа хадгалуулсан хөрөнгөө буцааж авах үүрэгтэй. Энэ үүргээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан биелүүлээгүй. Иймээс гэрээний хугацаа дууссанаас хойш гарсан эрсдэл, тухайн улаан буудай муудаж гэмтсэн хариуцлагыг “Д- Т-” ХК хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл зэрэг онцгой нөхцөлийн улмаас хүлээлгэж өгсөн улаан буудай нь муудаж, устаж гэмтсэн тохиолдолд энэ хариуцлагыг “Д- Т-” ХК буюу хадгалагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхой заасан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг маш сайн тодруулах хэрэгтэй.

1. Улаан буудайн чанарыг муутгасан гээд мөнгө нэхээд байгаа юм уу?, эсвэл улаан буудайн устгасан гэж үзээд мөнгө нэхээд байгаа юм уу?, энэ хоёрын нарийн ялгааг гаргах хэрэгтэй. Анхнаасаа чанаргүй будаа өгчихөөд чанарыг муутгасан гэж яриад байж болохгүй.

2. Устгасан гэвэл хугацааны асуудал яригдана. Гэрээний хугацаа дууссанаас хойш будаагаа авах хуулийн хугацаа зөрчигдсөн. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсч байна.

3. Худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч талаас мөнгө нэхэмжилж байна. Энэ гэрээний дагуу мөнгө өгөх эрх зүйн үндэслэл бүрдээгүй, энэ гэрээг бодитой хэрэгжээгүй, дүр үзүүлсэн хэлцэл гэж үздэг. Учир нь нэхэмжлэгч тал анхнаасаа шаардлага хангахгүй будаа нийлүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 36/30449 тоот шаардлага хангахгүй будаа авсан талаарх албан шаардлага, 2009 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлагыг биелүүлэхийг шаардсан албан шаардлага, мөн мэргэжлийн байгууллагын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шаардлага хангахгүй будаа аваад байгаа талаар анхааруулсан албан шаардлага, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэргэжлийн хяналтын газрын чанарын шаардлага хангахгүй тул бусдад худалдаж болохгүй гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Энэ бүгдээс үзэхэд анхнаасаа хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй, чанарын шаардлага хангахгүй гэдгийг аль аль тал нь мэдэж байсан. Энэ агуулгаараа 2 тал дүр үзүүлэх маягаар байгуулсан гэрээ юм. Гол асуудал нь энэ гэрээг сүүлд нөхөж хийсэн. Хүсэл зоригийн улмаас хийгдсэн гэрээ хэлцэл биш юм. Ийм учраас гэрээнд хавсралт гэж зүйл байгаагүй, сүүлд хавсралт маягийн юм хийж ирчихээд та үүнийг зөвшөөрөх ёстой гээд байж болохгүй.

4. Чанартай будаа хүлээлгэж өгсөн гээд байна, яг хаана, аль элеваторт чанартай будаа хийснээ хэлэх ёстой, зүгээр танай элеваторт байсан гээд хариуцлагаас мултрах гээд байж болохгүй, баахан чанаргүй будаа авчирч тавьчихаад олон жил авахгүй, мартах шахаж байгаад дээрх зүйл болсон. Тэгснээ дараа нь өө та нар хариуцах ёстой гэж ярьж болохгүй, бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тал дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна.

5. Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулал гэж яриад байна, энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа үгүй нь ойлгомжгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын хууль нь байхгүй болсон, тэгэхээр үүн дээр тайлбарлах хэлэх боломжгүй. Үнэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх ч юм уу, үгүй ч юм уу?, ийм тодорхойгүй тохиолдолд үүнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Хадгалалтын гэрээний хугацаанд шилжүүлсэн 566,000,000/таван зуун жаран зургаан сая/ төгрөгийг буцаан гаргуулж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэр мөнгө бол хадгалалтын гэрээний хугацаанд манайх руу шилжүүлсэн, хадгалалтын хөлсний 60/жар/ хувь юм. Харин ч бид эсрэгээрээ үлдэгдэл 40 хувийг нэхэмжлэх эрхтэй. Дээрх байдлуудыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 987 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Д- Т-” ХК-аас нийт 3.401.939.281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.272.751.281 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.209.474.361 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2011 оны 10 сарын 14-ний өдрийн 11/17 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 40.316.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д- Т-” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1.453.178 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч “Д- Т-” ХК-д олгож, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улсын тэмдэгтийн хураамж 17.657.950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Д- Т-” ХК-д буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Үнэнбат давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Зохигчид хэн аль нь буруутай буюу аль нэгийг нь дангаар буруутай гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2009-1/01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээ” нь Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1-т заасан Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний төрөлд хамаарна.

Хадгалагч “Д- Т-” ХК нь гэрээний үндсэн үүрэг болох хадгалаж буй эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, чанарыг муутгахгүй байх, хатаалга, сэлгэлтийг технологийндагуу хийх үүргээ биелүүлээгүйн улмаас тусгай зориулалтын агуулахад хадгалагдаж байсан улаанбуудайн чанар муудсан.

Хадгалагч тал хадгалалтын технологын горим буюу хадгалалтын явцад хатаалга, сэлгэлтийг хийх замаар улаанбуудайн стандартын шаардлагыг бариулаагүйн улмаас улаан буудайн чанар муудаж устаж, гэмтэхэд хүрсэн. Гэтэл шүүх хадгалуулагч талыг буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хадгалагч нь улаанбуудайд хадгалалтын явцад нь хатаалга, хийсэн тохиолдолд чийгийг 14.5 хувьд бариулах боломжтой байхад хадгалагч хатаалга, сэлгэлтийг хийгээгүй улаанбуудайг хөдөлгөөгүй байдалд байлгасны улмаас чанарыг нь муутгасан байхад шүүх хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр нэхэмжпэгчийг буруутай гэж дүгнэсэн нь хууль бус байна. Түүнчлэн нэхэмжлэгч улаанбуудайг анх “Д- Т-” ХК-д хадгалуулахаар хүлээлгэн өгөхдөө улаанбуудайн чиг өндөр байгааг хадгалагчид тодорхой хэлсэн бөгөөд хадгалагчийн зүгээс хадгалалтын явцад хатаалга, сэлгэлтийг хийх замаар чийгийн хэмжээг бууруулна гэж хүлээн авсан нь будаа хүлээлцэх үед хөтөлсөн тэмдэглэлээр нотлогддог.

Иймд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч “Д- Т-” ХК нар хэн аль нь буруутай буюу аль нэгийг нь дангаар буруутай гэж үзэх боломжгүй байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

“... Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтын дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй барааг нийлүүлэх үүрэгтэй байтал буудай нь “биет байдлын доголдол”-той болохыг талууд хэн аль нь мэдэж байсан, мөн “Д- Т-” ХК нь “биет байдлын доголдол”-ын талаар мэдсээр байж, гурил үйлдвэрлэх боломжгүй байж” 10 тн улаан буудайг хог, хорогдлыг тооцолгүйгээр нийт 3.500.000.000 төгрөгөөр худалдан авах хүсэл зоригтой байсан” гэдэг нь итгэл үнэмшилгүй юм.

Иймд дээр дурдсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/17 тоот “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ” гэх гэрээгээр талууд үйлдвэрт холбогдуулан шаардлага гаргах эрхгүй гэж үзэв.”

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын агуулга нь талууд аль аль нь хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байх агуулгаар илэрхийлэгднэ. Хариуцагч “Д- Т-” ХК ямар хүсэл зориг, эрмэлзэлтэйгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсныг бид мэдэхгүй харин манай сангийн зүгээс тухайн улаанбуудайг худалдах хүсэл зоригтой байсан бөгөөд түүнийхээ дагуу гэрээний үүргийг худалдан авагчаас шаардаж шүүхэд нэхэмжпэл гаргаж байгаа болно.

Иймд шүүхийн дээрх дүгнэлт нь гэрээний дагуу төлөх төлбөрөөс зайлсхийх гэсэн хариуцагчийн үндэслэлгүй тайлбар, нэг талын хүсэл зоригт тулгуурлагдсан хууль бус байна.

Гурав. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үндсэн үйл баримтуудад хууль зүйн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.272.751.281 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 7.674.690.812 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

...Стандартад заагдсанаас их чийглэгтэй буудайг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, хадгалсан, хадгалуулсан, улаан буудайн чанар алдагдсан, зарим хэсэг нь хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй болсон, устаж үгүй болсон зэрэг үйл баримтад нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч “Д- Т-” ХК нар хэн аль нь буруутай буюу аль нэгийг нь дангаар буруутай гэж үзэх боломжгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2009- 1/01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээ”-ний 4 дүгээр зүйлд “Хадгалагч талын эрх үүрэг” гээд 4.4-т “Хадгалуулсан буудайн бүрэн бүтэн байдал, чанарыг алдагдуулахгүй байх хатаалга, сэлгэлт зэрэг технологийн бүх арга хэмжээг авах” гэж заасан.

Талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2009- 1/01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээ” нь Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1-т заасан Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний төрөлд хамаарна.

Хадгалагч тал хадгалалтын технологийн горим буюу хадгалалтын явцад хатаалга, сэлгэлтийг хийх замаар улаанбуудайн стандартын шаардлагыг бариулаагүйн улмаас улаан буудайн чанар муудаж устаж, гэмтэхэд хүрсэн.

Гэтэл шүүх хадгалуулагч талыг буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  Хадгалагч нь улаанбуудайд хадгалалтын явцад нь хатаалга, хийсэн тохиолдолд чийгийг 14.5 хувьд бариулах боломжтой байхад хадгалагч хатаалга, сэлгэлтийг хийгээгүй улаанбуудайг хөдөлгөөгүй байдалд байлгасны улмаас чанарыг нь муутгасан байхад шүүх хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг буруутай гэж дүгнэсэн нь хууль бус байна. Түүнчлэн нэхэмжлэгч улаанбуудайг анх “Д- Т-” ХК-д хадгалуулахаар хүлээлгэн өгөхдөө улаанбуудайн чиг өндөр байгааг хадгалагчид тодорхой хэлсэн бөгөөд хадгалагчийн зүгээс хадгалалтын явцад хатаалга, сэлгэлтийг хийх замаар чийгийн хэмжээг бууруулна гэж хүлээн авсан нь будаа хүлээлцэх үед хөтөлсөн тэмдэглэлээр нотлогддог.

Иймд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч “Д- Т-” ХК нар хэн аль нь буруутай буюу аль нэгийг нь дангаар буруутай гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

2011 оны 10 сарын 14-ний өдрийн 11/17 тоот “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ” гэх гэрээгээр талууд хүнсний улаан буудай худалдах, худалдан авах, мөн эрх, үүргийг бодитоор хэрэгжүүлэх хүсэл зориггүй байжээ хэмээн дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийг үндэслэн Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Дархан гурил тэжээлийн үйлдвэрт холбогдуулан шаардлага гаргах эрхгүй гэж үзэв.” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын агуулга нь талууд аль аль нь хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байх агуулгаар илэрхийлэгдэнэ. Хариуцагч “Д- Т-” ХК ямар хүсэл зориг, эрмэлзэлтэйгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсныг бид мэдэхгүй харин манай сангийн зүгээс тухайн улаанбуудайг худалдах хүсэл зоригтой байсан бөгөөд түүнийхээ дагуу гэрээний үүргийг худалдан авагчаас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд шүүхийг дээрх дүгнэлт нь гэрээний дагуу төлөх төлбөрөөс зайлсхийх гэсэн хариуцагчийн үндэслэлгүй тайлбар, нэг талын хүсэл зоригт тулгуурлагдсан хууль бус байна.

Гурав. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үндсэн үйл баримтуудад хууль зүйн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.272.751.281 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 7.674.690.812 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Т- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад дор дурдсан үндэслэлээр зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон “Д- Т-” ХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-01/01 тоот “Хүнсний буудай хадгалуулах гэрээ”-ний үүрэгт 3.118.500.000 төгрөгийг хариуцагч “Д- Т-”ХК-иас гаргуулсан тухайд:

1.1. Анхан шатны шүүх “Хүнсний буудай хадгалуулах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4, 4.10 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Хунсний буудай

хадгалуулах гэрээ”-гээр “Д- Т-” ХК буудайг технологийн дагуу хатаах үүрэг хулээсэн байна” гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.

“Хүнсний буудай хадгалуулах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.4, “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын МК8 97:2004 стандартын 5.1.1 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь стандартын шаардлага хангасан, чийглэгийн хэмжээ 14.5 %-иас ихгуй улаан буудайг хариуцагч “Д- Т-” ХК-д хадгалуулах” үндсэн үүрэг хүлээсэн.

Энэхүү үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... Дархан гурил тэжээл ХК буудайг хадгалахдаа сэлгэх, хатаах технологийн горимыг бүрэн мөрдөөгүй байна” гэж хариуцагчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.2 Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:    Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1 дэх хэсэгт:“... хадгалагч нь эд хөрөнгийг хүлээн авахад түүний чанар, төрөл, жин, хэмжээ, тоо болон бусад шинжийг шалгах үүрэг хүлээхгүй” гэж зааснаас үзэхэд “Дархан гурил тэжээл” ХК гэрээгээр хүлээсэн стандартын шаардлага хангаагүй улаан буудайг хүлээн авахгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэл нь хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

1.3. Анхан шатны шүүх хариуцагч “Д- Т-” ХК стандартын шаардлага хангаагүй, чийглэг өндөртэй, хогт хольц ихтэй улаан буудайг хатаах үүрэг хүлээсэн эсэхийг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 “Дархан гурил тэжээл” ХК стандартын шаардлага хангаагүй, чийглэг өндөртэй, хогт хольц ихтэй улаан буудайг хатаах үүрэг хүлээгээгүй.

Учир нь стандартын шаардлага хангаагүй, чийглэг өндөртэй, хогт хольц ихтэй улаан буудайг технологийн горимын дагуу зайлшгүй хатаалга хийж, хатаалгын зардлыг 1 тонн буудайд 1 удаагийн хатаалгад 10 литр түлш байхаар тогтоосон харилцаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний шинжийг агуулсан бие даасан тусдаа харилцаа болохыг анхан шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна.

1.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч “Д- Т-” ХК-д холбогдуулан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн № 2009-1/01 тоот “Хүнсний буудай хадгалуулах гэрээ”-ний үүрэгт 8.900 тонн улаан буудайн унэ 3.115.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байхад анхан шатны шүүх 18.900 тонн улаан буудайн унэ болох 6.237.000.000 төгрөгийн 50% болох 3.118.500.000 төгрөгийг хариуцагч “Д- Т-” ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “... нэхэмжлэгч талын шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан хүсэл зориг нь 33,72 тн улаан буудайнаас үлдсэн 18,900 тн хүнсний улаан буудайтай холбоотой маргааныг шийдвэрлүүлэх агуулгатай учир ийнхүү шийдвэрлэхийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч 8.900 тонн улаан буудайн унэ 3.115.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “Хунсний буудай хадгалуулах гэрээ”-ний үүрэг зөрчигдсөний улмаас учирсан хохирол” гэж, 10.000 тн улаан буудайн унэ 3.500.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “Хүнсний улаан буудай худалдах” худалдан авах гэрээний унэ” гэж тус тус тодорхойлсон бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөөгүй байхад анхан шатны шүүх “гэрээний үүрээг зөрчигдсөний улмаас учирсан хохирол болон худалдах худалдан авах гэрээний унийг гаргуулах шаардлагыг нэхэмжлэлийн нэг шаардлага” гэж буруу тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар өөрчилсөн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

1.5. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбарт аж ахуйн нэгж” иргэдээс авсан улаан буудай стандартад заасан чийглэгээс их буюу 14 %-иас их чийглэгтэй байсан байна” гэж зөв дүгнэсэн атлаа “Д- Т-” ХК буудайг хадгалахдаа сэлгэх хатаах технологийн горимыг бүрэн мөрдөөгүй байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс хадгалуулсан стандартын шаардлага хангахгүй хүнсний улаан буудайг стандартын хэмжээнд хүргэх үүрэг хүлээгээгүй, гэрээнд заасны дагуу зөвхөн 1 жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байдаг.

Иргэний хуулийн 205 дугаар 205.4.3-д заасан үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн, устсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь нөхөн төлбөр төлөхгүй байхаар зохицуулсан хуулийн зүйл, заалтыг хэрэглэх ёстой байхад уг заалтыг хэрэглэсэнгүй.

Хоёр. Хадгалалтын хөлсний үлдэгдэл 377.919.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хадгалалтын хөлсний төлбөрт шилжүүлсэн 566.878.562 төгрөгийн 50 % болох 283.439.281,00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд:

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.1-д “Хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх”, 422 дугаар зүйлийн 422.4.2-д “Хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх үүрэгтэй” гэж заасан.

Шүүх хэн аль нь буруутай гэсэн үндэслэлээр нэгэнт үүссэн байсан үүргийн зөрүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хэрэв шүүх хэн аль нь буруутай гэсэн үндэслэлээр нэгэнт үүссэн байсан үүргийн төлбөрийг хувааж хариуцах ёстой гэж үзэж байгаа бол нийт үүссэн байсан үүргийн төлбөр болох 944.797.562,00 төгрөгийн хадгалалтын хөлсний хэмжээнд хувилж хариуцуулах ёстой.        Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “Дархан гурил тэжээл” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт 16.5 хувийн чийглэгтэй улаан буудайг хүлээн авч хадгалуулахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах борлуулах түр журам”-д заасан хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Дархан гурил тэжээл” ХК-д нийлүүлээгүйгээс хүлээн авсан улаан буудайн чанарт өөрчлөлт орж, устсан байдаг.

Онцгой байдлын газраас шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “147-р силосонд их хэмжээний халуун агаар хуримтлагдсан байсныг ачих зорилгоор гаднах хоолойны нээлхийг онгойлгоход хүйтэн агаарын шинэ холимог үүссэний улмаас дэлбэрэлт үүсэн байх магадлалтай л гэсэн болохоос яг тийм байдлаас болж дэлбэрэлт үүссэн гэж дүгнээгүй байсан, нөгөө талаар эрүүгийн хэргийн журмаар өөр нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор хийлгэсэн шинжээчийн магадлалтай гэсэн дүгнэлтийг үндэслэж хэт нэг талыг барьж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж хариуцагч “Д- Т-” ХК-иас гаргуулсан нийт 3.401.939.281 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжпэгч ХХААХҮЯ-ны харьяа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” цаашид “ТЭДС”/ нь “Д- Т-” ХК-нд холбогдуулж, “2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ 3.115.000.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ- ний дагуу худалдан авсан 10.000 тн улаан буудайн үнэ 3.500.000.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457.450.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250 төгрөг, нийт 7.107.812.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч “Д- Т-” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаний өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4.444.872.930 төгрөг, 2009.09.18-ны өдрийн Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730.300.000 төгрөг гаргуулах, 2011оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ТЭДС” нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалалтын хөлсөнд шилжүүлсэн 566.878.562 төгрөг буцаан гаргуулах, хариуцагч “Д- Т-” ХК нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хадгалалтын гэрээний улмаас учирсан хохиролд 3.831.555.361 төгрөг, хадгалалтын хөлсний үлдэгдэл төлбөр 377.919.000 төгрөг, нийт 4.209.474.361 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ.

Анхан шатны шүүх хадгалалтын гэрээний хэрэгжилтэд талуудын хэн аль нь зохих буруутай, талуудын хооронд хийгдсэн улаан буудай худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ байна гэж дүгнээд Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Д- Т-” ХК-аас нийт 3.401.939.281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.272.751.281 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.209.474.361 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2011 оны 10 сарын 14-ний өдрийн 11/17 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэжээ.

Талуудын энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, тус тус давж заалдсан гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн “Хүнсний буудай хадгалуулах гэрээ”-ий тухайд:

Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь хадгалалтын гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд талуудын хооронд барааны агуулахад эд зүйл хадгалуулах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Тухайн үед газар тариалангийн нутгуудаар цочир хүйтэрч, нойтон цас их хэмжээгээр орж, байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан чийглэг ихтэй буудай хүлээж авах болсон нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 тоот тушаал, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс харагдаж байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээ, ХХАХҮЯ-ны сайдын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар баталсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”, Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага МNS 97:2004 стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж, “Д- Т-” ХК-ийн элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаан буудайг хүлээн авч хадгалуулсан болох нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36/30/683 тоот албан шаардлага.Тариа хүлээн авалтын жагсаалт, Тариа хүлээн авсан тухай акт зэрэг баримтуудаар нотлогдоно.

Хадгалуулагч нь “Хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Санд хүнсний MNS 97:2004, үрийн МNS 246:2004 стандартад тэнцсэн буудайг хүлээн авна”, 3.4-т “...Чийг стандартаас илүү бол хатаалтын зардлыг 1 тонн буудайд 10 литр түлш зарцуулахаар, түлшний үнийг тухайн үеийн ханшаар тооцож авна”, 3.6-д “Сан нь хүлээн авсан хүнсний болон үрийн буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч, хэрэгжүүлсэн байх үүрэг хүлээнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санд буудайг хүлээн авч, дууссанаас хойш 45 хоногийн дотор итгэмжлэгдсэн лабораториор чанарын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүнсний болон үрийн буудайг 1 жилээс илүү хугацаагаар хадгалахгүй...” гэж тус тус заасныг зөрчиж, хүлээн авсан улаан буудайг журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах, технологийн арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд түр журамд заасан болон “ТЭДС”-ийн гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын 1 дүгээр заалтын дагуу шаардагдах түлшийг хадгалагчид нийлүүлээгүй зэргээс хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан, энэ талаар хадгалагч талаас “ТЭДС”-нд 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хадгалуулахаар өгсөн улаан буудай нь цаашид үргэлжлүүлэн хадгалах боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа талаар мэдэгдэж байсан тул хадгалагч тал хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзнэ.

Энэ нь Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний хадгалагч нь эд хөрөнгийг хүлээн авахад түүний чанар, төрөл, жин, хэмжээ, тоо болон бусад шинжийг шалгах үүрэг хүлээхгүй” гэж заасантай нийцэж байна.

Аливаа гэрээний үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол арилгах тухай заалт нь тухайн гэрээг зохицуулсан хуулийн тусгай ангид байдаг.

Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээг зохицуулсан бүлэгт өөрөөр заагаагүй бол уг гэрээнд хадгалалтын гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр байна.

Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө” гэж заасан нь хадгалагчийн хүлээх хариуцлагыг хязгаарласан байна.

Түүнчлэн энэ хариуцлага нь хадгалалтын гэрээг хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед эсхүл гэрээг дуусгавар болгож, гэрээний зүйлийг буцаан олгох үед хэрэгжих юм.

Талуудын дунд үүссэн маргаантай харилцааны тухайд 2 тал хадгалалтын гэрээний хугацааг нэг жил байхаар тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа дуусахад хадгалуулагч хадгалуулсан зүйлээ буцаан авах үүргээ биелүүлээгүй, мөн гэрээг сунгах талаар нөгөө талдаа хүсэлт гаргаагүй, мэдэгдээгүй байна.

Энэ байдал нь “...буудайг нэг жилийн хугацаанд хадгалах ёстой үргэлжлүүлж хадгалахаар бол нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэгдсэн лабораториор буудайг шинжлүүлсний дараагаар үргэлжлүүлэн хадгалах тухай” гэрээний заалтаар тодорхойлогдож байна.

Энэ тохиолдолд хадгалуулагч талыг эд хөрөнгийг хадгалалтаас буцаан авах гэрээний үүргээ биелүүлээгүйг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран гэрээний зүйл устаж гэмтсэний эрсдэлийг өөрөө хүлээх талаар хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-д зааснаас гадна, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.6-д “Хадгалалтын гэрээний хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх үед хадгалагч өөрийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцна” гэж зааснаар хохирлыг шаардах эрхгүй байна.

Хадгалуулагч хохирол шаардсан үндэслэлдээ чийглэг ихтэй будааг хадгалах технологийн горим зөрчиж, будааны хатаалга сэлгэлтийн ажиллагааг хангалтгүй хийж байсан гэж хадгалагчийг буруутгажээ.

Талуудын гэрээ байгуулсан үндсэн зорилго нь эд зүйлийг хадгалуулах ийнхүү хадгалахдаа мэдээж чанар байдлыг хадгалагчийн буруугаас алдагдуулахгүй байх арга хэмжээг авах буюу хадгалалтын горим технологийг дагаж мөрдөх явдал юм.

Гэвч хадгалалтад тэнцэхгүй чийглэг ихтэй улаан буудайн чийглэгийн хэмжээг хэвийн болгох асуудал нь хадгалалтын гэрээний талуудын үндсэн үүрэгт хамаарахгүй талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

Хадгалуулах шаардлагад нийцсэн будааны чийглэгийг зохих хэмжээнд байлгах асуудлаас ялгаатай юм.

Иймд нэхэмжлэгч “ТЭДС” хадгалуулсан 8900 тонн улаан буудайн үнэ 3.115.000.000.000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах” гэрээний тухайд:

Энэхүү гэрээг “Д- Т-” ХК-ийн хүсэлт, үйлдвэрлэлийг хүнсний буудайгаар хангах төрийн бодлогын хүрээнд, гурилын үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгуулжээ.

Дээрх гэрээгээр “Д- Т-” ХК-нд өөрт нь хадгалагдаж байсан 18.900 тонн улаан буудайны 10.000 тонныг 1 тонныг нь 350.000 төгрөгөөр үнэлж, худалдан авах, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.2-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар худалдан авагч өмчлөгч нь болох тул талуудын хооронд байгуулсан гэрээ гарын үсэг зурагдаж хүчин төгөлдөр болсноор худалдан авагч буюу “Д- Т-” ХК 10 тн улаан буудайг өмчлөх эрхтэй болж хариу төлбөр гүйцэтгэх үүрэгтэй болжээ.

Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлдээ улаан буудай нь чанарын шаардлага хангахгүй байсан өөрөөр хэлбэл эд хөрөнгө доголдолтой байсан, мөн тухай үед “Д- Т-” ХК гурил үйлдвэрлэж байгаагүй тул улаан буудай худалдан авах шаардлагагүй байсан гэх үндэслэлийг татгалзалдаа дурдсаныг анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон үндэслэлд хамааруулжээ.

Гэрээг байгуулах үед худалдах, худалдан авах гэрээний зүйл нь худалдан авагчийн эзэмшилд байсан тул түүний чанар байдлыг магадлах, доголдлын талаар мэдэх боломж худалдан авагчид, худалдагчаас илүү байсан.

Мөн уг гэрээ байгуулсны дараа буюу шүүхэд энэхүү маргаан гарах хүртэлх хугацаанд худалдан авагч тал худалдан авсан эд хөрөнгийн чанарын талаар худалдагчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар гомдлын шаардлагыг гаргаагүй байна.

Татгалзлын 2 дахь үндэслэл болох тухайн гэрээг хийх үед гурил үйлдвэрлээгүй, үйлдвэрлэх төлөвлөгөөгүй байсан гэх тайлбар нь гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд худалдан авагч аж ахуйн нэгж бусадтай гэрээний харилцаанд орох хүсэл зориг, гэрээ байгуулсны хууль зүйн болон бодит үр дагаварт тоомжиргүй хандсанд гэрээний нөгөө талыг буруутгах эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцэж байна.

Худалдан авагч тал нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Худалдан авагч нь гэрээний үндсэн үнэ 3.5.000.000.000 / гурван тэрбум, таван зуун сая/ төгрөг, гэрээгээр хүлээсэн алданги 457.450.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул худалдагч тал шаардах эрхтэй.

Худалдан авагч нь энэхүү гэрээг худалдагч талын шахалтаар аргагүйн эрхэнд, дүр үзүүлж хийсэн гэж мэтгэлцдэг боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй буюу нотолж чадаагүй болно.

Мөн худалдан авагч “Д- Т-” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Н- 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Буудай худалдан авах тухай” хүсэлтийг албан бичгээр “ТЭДС”-нд илгээж байснаар хариуцагчийн дүр үзүүлж хийсэн гэдэг татгалзал няцаагдаж байна.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн нийт үнийн 0.01 хувиар алданги тооцож, худалдагч талд төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байна.

Иймд худалдан авагч “Д- Т-” ХК гэрээний дагуу улаан буудайн үндсэн үнэ 3.500.000.000 төгрөг, түүний алданги 457.450.000 төгрөгийг худалдагч тал “ТЭДС”-нд төлөх үүрэгтэй байна.

3. Хадгалалтын гэрээний дагуу хадгалагчид төлсөн хөлсийг буцаан шаардах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “ТЭДС” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн хадгалалтын хөлс 566.878.562 төгрөг буцаан гаргуулахаар, хариуцагч “Д- Т-” ХК хадгалалтын хөлсний үлдэгдэл 377.919.000 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “ТЭДС” хариуцагч “Д- Т-” ХК-нд 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 27 удаагийн шилжүүлгээр 641.878.562 төгрөг шилжүүлсэн.

Гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэл нь гэрээ хүчин төгөлдөр бус болсон эсхүл гэрээнээс аль нэг татгалзсан байх явдал юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 болон 492 дугаар зүйлийн 492.1.1- д дээрх хууль зүйн боломжуудыг хуульчилсан байна.

Харин зохигчдын дунд үүссэн маргааны тухайд дээрх нөхцөл байдлууд үүсээгүй бөгөөд хадгалалтын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад төлөх урамшууллын мөнгө 35.362.250 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “ТЭДС” шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөгийг төлөх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй.

Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулахаар заасан байсандухайн үед хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулаад төлбөр барагдуулсан бол түүнд өгөх урамшууллын асуудлыг зохицуулсан болохоос шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлынхаа урамшууллын асуудлыг нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэл байхгүй бөгөөд тэрхүү хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хүчингүй болсон тул уг төлбөрийг хариуцагч “Д- Т-” ХК хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

  1. “Д- Т-” ХК-нийн элеваторт учирсан хохирлын тухайд:

Хариуцагч “Д- Т-” ХК-ийн элеваторт 2012 оны 01 дүгээр сарын 26- ны өдөр дэлбэрэлт болж, элеваторт учирсан хохирол, барилгын сэргээн босголтын ажлын төсөв нь төсвийн үнэлгээчний гаргасан үнэлгээгээр 4.444.873.000 төгрөгийг нэхэмжлэлээр шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэлийн шаардлагаа багасгаж, хадгалалтын гэрээний улмаас учирсан хохиролд 3.831.555.361 төгрөг нэхэмжилсэн болно.

Тус элеватор нь цутгамал төмөр бетон суурь хана, хучилттай хар тосон хавтгай дээвэртэй, 54,0 мянган үр тариа хадгалах багтаамжтай, 3 хэсгээс бүрдсэн барилга байжээ.

2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тэсрэлтийн улмаас 1 дүгээр хэсгийн техникийн давхар, силосын цутгамал төмөр бетон хананд их хэмжээний эвдрэл үүсч, 147, 148, 137, 136 дугаар силосууд болон 176 дугаартай од хэлбэрийн сав нь эвдрэл, гэмтлүүдээс дахин ашиглах боломжгүй болсон.

Мөн 134, 140, 170, 174 дүгээр силос, 16 дугаартай од хэлбэрийн савны ёроол, таганд хялгасан цууралт үүссэн, техникийн давхрын угсармал төмөр бетон хучилтын 10 ширхэг хавиргат хавтан, дам нуруу, багана, ханын хамт нурж унасан, ТР-65 маркын тэргэнцэр, ЛТ-175 маркын туузан дамжуулагчтай шугам бүрэн ажиллагаагүй болсон, Барилгын дээвэр дээр байрлах БЧШ-450 маркын тоос тунгаагч төхөөрөмж дотогшоо нуран унаж бүрэн эвдэрсэн зэрэг эвдрэл, гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10-07-022/25 тоот дүгнэлтээр нотлогдоно.

Хадгалуулагч нь “Хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах түр журам”-ын 3.4-т “...Чийг стандартаас илүү бол хатаалтын зардлыг 1 тонн буудайд 10 литр түлш зарцуулахаар, түлшний үнийг тухайн үеийн ханшаар тооцож авна” гэж заасныг, ТЭДС”-ийн гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын 1-д “Хүнсний буудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15.1-17.0 хувь хүртэл чийгтэй улаан буудайг нэг удаа, 17.0-19.0 хувь хүртэл чийгтэй буудайг 2 удаа хатаалга хийж, хатаалгын зардлыг 1тонн улаан буудайд 1 удаагийн хатаалгад 10 литр түлш зарцуулахаар тогтоосугай” гэж заасныг тус тус зөрчиж, хатаалтын зардалд шаардагдах  түлшийг хадгалагчид нийлүүлээгүй байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь будаа хатаалгын  норм үнэлгээний дагуу будаа нийлүүлсэн бүх аж ахуйн нэгж, иргэдийн авах ёстой байсан будааны үнийн дүнгээс 173,7 сая төгрөг хатаалгад зориулж өөртөө суутган авч үлдсэн боловч энэ мөнгийг хадгалагч талд будаа хатаалгах зорилгоор  өгөөгүй байна.

Хэрэв энэ мөнгийг өгсөн бол бид будаа хатаах арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой байсан, хэдийгээр тус компани нь хүлээлгэн өгсөн улаан буудайг тогтоосон норм, нормативын дагуу сэлгэх, эргүүлэх үйл ажиллагааг өөрийн зардлаар хийж байсан боловч стандартаас давсан өндөр хувийн чийгийг буулгах боломжгүй байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

Хадгалуулагч тал хадгалуулсан улаан буудайн хатаалтын зардлыг хадгалагч талд шилжүүлээгүй боловч хадгалагч нь “Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 5-д “Стандартын шаардлага хангаагүй буудайг хүлээн авахгүй байх эрхтэй”, 4 дүгээр зүйлийн 4-т “Хадгалуулсан буудайн бүрэн бүтэн байдал, чанарыг алдагдуулахгүй байх, хатаалга, сэлгэлт зэрэг технологийн бүх арга хэмжээг авах” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Хадгалагч “Д- Т-” ХК-нь гэрээний дагуу хадгалж байсан улаан буудайд хатаалга, сэлгэлт хийж байсан болох нь 2009 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдрүүдийн “Сэлгэлт хийсэн акт”, 2009 оны 11 дүгээр сараас 2011 оны 04 дүгээр сарын 26 хүртэлх хугацааны “Тариа сэлгэлтийн тайлан” зэргээр тогтоогдож байгаа боловч хатаах, сэлгэлт хийх технологийн горимыг бүрэн мөрдөөгүй, дэлбэрэлт болох хүртэлх үлдсэн хугацаанд хадгалж байсан тарианд сэлгэлт хийж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэвч хариуцагч “Д- Т-” ХК стандартын шаардлага хангахгүй улаан буудайг стандартын хэмжээнд хүргэж, шаардлага хангуулах үүрэг хүлээгээгүй, гэрээнд заасны дагуу зөвхөн 1 жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

Хадгалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2012 оны 01 дүгээр сарын 26 хүртэл 490 гаруй хоног хадгалуулсан улаан буудайг буцаан авалгүй хугацаа хэтрүүлснээс дэлбэрэлт болж, хадгалуулсан улаан буудай устсанаас гадна хадгалагчийн эд хөрөнгөд гэм хор учирсан байна.

Элеваторт учирсан дэлбэрэлт нь 2012 оны 02 дугаар сарын 10 ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ... хадгалагдаж байсан буудайнд халалт өгч, шатлага явуулах нөхцөл байдлыг арилгах зорилгоор 147-р силосонд дамжуулан машин хоолойгоор гарган гадна талбайд асгаж байсан тухайн үед их хэмжээний халуун агаар хуримтлагдсан байсныг ачих зорилгоор гаднах хоолойны нээлхийг онгойлгоход хүйтэн агаарын шинэ холимог үүссэний улмаас дэлбэрэлт үүссэн байх магадлалтай гэж дэлбэрэлт хэрхэн үүссэнийг шинжлэх ухаан техникийн талаас нь тайлбарлажээ.

Харин дэлбэрэлт болоход хэний гэм буруу байсан тухай асуудал нь хууль зүйн ойлголт тул шинжээч энэ асуултанд хариулахгүй юм.

Анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэх хэсэгтээ ъ... уг дэлбэрэлт нь хадгалж байсан будааны сэлгэлт шигшилтээс үүссэн хог хаягдлыг тусад нь саванд хадгалан сэлгээ хийгээгүй орхисон, буудайн чийглэгийг тогтмол хэмждэггүй байсан хатаалгын төхөөрөмж байхгүй автомат хяналтын систем эвдэрсэн зэргээс болж үүссэнд Дархан Гурил тэжээл ХК буруутай гэж дүгнэснийг няцаах баримт байхгүй ч дээрх бүх ажиллагааны доголдол нь хадгалалтын гэрээний хугацаа дууссан, бөгөөд будааг буцаан авах талаар шаардлага хүргүүлж шаардаад байхад энэ үүргээ биелүүлээгүй хадгалуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хадгалалтад байсан будааг хадгалахтай холбогдож үүссэнийг үгүйсгэхгүй байна гэж үзлээ. Иймд гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд гэрээний улмаас учирсан хохиролд шаардсан 3.831.555.361 төгрөгийн хохирлын 70 хувь буюу 2.682.088.752 төгрөгийг хадгалуулагч тал, үлдэх 30 хувь буюу 1.149.466.608 төгрөгийг хадгалагч тал хүлээх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хариуцагч “Д- Т-” ХК анх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх балансаар тус сан нь “Д- Т-” ХК-д 730.300.000 төгрөгийн хадгалалтын хөлсний үлдэгдэл өр төлбөртэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 377.919.000 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хадгалалтын гэрээний хөлсийг дүгнэж шийдвэрлэлээ.

Дээрх хадгалалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3-т “Хадгалагдаж байгаа буудайд сар, өдрөөр тооцоо нийлж, хадгалалтын болон үйл ажиллагааны хөлсийг тухайн хугацаанд хадгалагдсан буудайд тооцож, хадгалагчийн нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ” гэж тохиролцсоны дагуу хадгалалтын хөлсийг төлөх нь хадгалуулагчийн үүрэг юм.

Харин хадгалагч талын сөрөг нэхэмжлэлээр шаардсан хадгалалтын гэрээний хөлсний үлдэгдэл 377.919.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтуудыг үндэслэн Тариалан эрхлэлтийн дэмжих санг татан буулгаж Хөдөө аж ахуйг дэмжих санд нэгтгэх ажиллагаа хэргийг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэх хугацаанд явагдаж шийдвэрлэх ажиллагааны эрх залгамжлагдсан.

Хэргийн оролцогч нарын итгэмжлэл зохих журмын дагуу хийгдэж процесст эрх залгамжлан авсан байна.

Иймд хуулийн этгээдийн нэрийг магадлалын тогтоох хэсэгт давхар зааж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын

“Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Д- Т-” ХК-аас нийт 3.401.939.281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.272.751.281 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.209.474.361 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсүгэй.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 1.“ Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 428 дугаар зүйлийн 428.7, 424 дугаар зүйлийн 424.1, 422 дугаар зүйлийн 422 дугаар зүйлийн 422.6-д заасныг тус тус баримтлан хадгалалтын гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн хохиролд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан / “Д- Т-” ХК-д холбогдуулан нэхэмжилсэн 3.115.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Д- Т-” ХК-аас 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ээр хүлээсэн үүрэг 3.500.000.000 төгрөг, түүний алданги 457.450.000 төгрөг, нийт 3.957.450.000 төгрөг гаргуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-д олгож,

3. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан Тариалын эрхлэлтийг дэмжих сан / шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-ийн “Д- Т-” ХК-иас хадгалалтын хөлсөнд төлсөн 566.878.562 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

4. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг баримтлан тариалан эрхлэлтийг дэмжих сан / шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-ийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд олгох 35.362.250 төгрөгийг “Д- Т-” ХК-иас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсүгэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасныг баримтлан хадгалалтын хөлсний үлдэгдэл 377.919.000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-гаас гаргуулж “Д- Т-” ХК-д олгосугай гэж,

2. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 424 дүгээр зүйлийн 424.2, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг баримтлан Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/- гаас гэм хорын хохиролд 2.681.700.000 төгрөг гаргуулж “Д- Т-” ХК-д олгож, үлдэх 1.014.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож гэж тус тус өөрчилсүгэй.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/17 тоот “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай” гэснийг

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг тус тус баримтлан талуудын хооронд хийгдсэн 20111 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/17 тоот “Хүнсний улаан буудай худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 40.316.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д- Т-” ХК- аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1.453.178 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан, хариуцагч “Д- Т-” ХК-д олгож, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улсын тэмдэгтийн хураамж 17.657.950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Д- Т-” ХК-д буцаан олгож” гэснийг

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 40.316.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д- Т-” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1.453.178 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-аас 15.456.045 төгрөгийг гаргуулан хариуцагч “Д- Т-” ХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Дархан Гурил тэжээл” ХК-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.167.650 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                           АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                                           Л.АМАРСАНАА