Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00697

 

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны

харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 987 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр магадлалтай,

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй

Дархан гурил тэжээл ХК-д холбогдох

 2009.09.18-ны өдрийн №2009/1/01 тоот Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээ-ээр хадгалуулсан 8,900 тн улаан буудайн үнэ 3,115,000,000 төгрөг, 2011.10.14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 10,000 тн улаан буудайн үнэ 3,500,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457,450,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35,362,250 төгрөг, нийт 7,107,812,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн тухай нэхэмжлэлтэй,

 Стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4,444,872,930 төгрөгийг, 2009.09.18-ны өдрийн Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730,300,000 төгрөгийг гаргуулж, 2011.10.14-ний өдрийн Хүнсний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан, Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Дархан гурил тэжээл ХК-д холбогдуулан 2009.09.18-ны өдрийн №2009/1/01 тоот Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээ-ээр хадгалуулсан 8,900 тн улаан буудайн үнэ 3,115,000,000 төгрөг, 2011.10.14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 10,000 тн улаан буудайн үнэ 3,500,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457,450,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35,362,250 төгрөг, нийт 7,107,812,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4,444,872,930 төгрөгийг, 2009.09.18-ны өдрийн Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730,300,000 төгрөгийг гаргуулж, 2011.10.14-ний өдрийн Хүнсний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 987 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас нийт 3,401,939,281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,272,751,281 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,209,474,361 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2011 оны 10 сарын 14-ний өдрийн 11/17 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 40,316,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,453,178 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч Дархан гурил тэжээл ХК-д олгож, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 17,657,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Дархан гурил тэжээл ХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр магадлалаар: 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 987 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас нийт 3,401,939,281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,272,751,281 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,209,474,361 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 1. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 428 дугаар зүйлийн 428.7, 424 дугаар зүйлийн 424.1, 422 дугаар зүйлийн 422 дугаар зүйлийн 422.6-д заасныг тус тус баримтлан хадгалалтын гэрээгээр хадгалуулсан 8,900 тн улаан буудайн хохиролд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/ Дархан гурил тэжээл ХК-д холбогдуулан нэхэмжилсэн 3,115,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ээр хүлээсэн үүрэг 3,500,000,000 төгрөг, түүний алданги 457,450,000 төгрөг, нийт 3,957,450,000 төгрөг гаргуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-д олгож,

3. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-ийн Дархан гурил тэжээл ХК-иас хадгалалтын хөлсөнд төлсөн 566,878,562 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

4. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг баримтлан тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-ийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд олгох 35,362,250 төгрөгийг Дархан гурил тэжээл ХК-иас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэж,

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасныг баримтлан хадгалалтын хөлсний үлдэгдэл 377,919,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-гаас гаргуулж Дархан гурил тэжээл ХК-д олгосугай гэж,

2. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 424 дүгээр зүйлийн 424.2, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг баримтлан Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/- гаас гэм хорын хохиролд 2,681,700,000 төгрөг гаргуулж Дархан гурил тэжээл ХК-д олгож, үлдэх 1,014,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/17 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай гэснийг

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг тус тус баримтлан талуудын хооронд хийгдсэн 20111 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/17 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж,

Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 40,316,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,453,178 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан, хариуцагч Дархан гурил тэжээл ХК-д олгож, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улсын тэмдэгтийн хураамж 17,657,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Дархан гурил тэжээл ХК-д буцаан олгож гэснийг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 40,316,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,453,178 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан /шинэ нэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сан/-аас 15,456,045 төгрөгийг гаргуулан хариуцагч Дархан гурил тэжээл ХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх магадлал гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Дархан гурил тэжээл ХК нь хүнсний улаан буудай хадгалуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 Стандартын шаардлага хангаагүй буудайг хүлээн авахгүй байх эрхтэй гэж заасан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2009.09.30-ны өдрийн 36/30/449 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 2009.12.01-ний өдрийн 36/30/583 тоот зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагад дурдсанаар элеваторт чийг дулаан хэмжих тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатах болон цэвэрлэх төхөөрөмж ажиллагаагүй, мөн 2009.12.30-ны өдрийн дотор өөрийн хүчин чадлыг ашиглан хатааж, цэвэрлэн сортолж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах хатаах болон цэвэрлэх төхөөрөмжийг байрлуулах силос тус бүр дээр сэлгээх график гарган байгууллагын даргаар батлуулан мөрдөн ажиллах, элеваторт байгаа буудайн чийглэгийн үзүүлэлтийг байнга хянаж байх, чийг хэмжих багаж байрлуулах зэрэг албан шаардлага, Дархан гурил тэжээл ХК-ийн удирдлагатай уулзсан тэмдэглэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2010.07.30-ны өдрийн албан шаардлага болон талуудын тайлбаруудаар Хадгалагч тал нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь хангалттай баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүх Иргэний хуулийн 219.1, 424.1 болон 428 дугаар зүйл заалтыг хадгалагчийн хүлээх хариуцлагыг хязгаарласан гэж буруу тайлбарласан гэж үзэж байна.

Дархан гурил тэжээл ХК-иас 2011.01.11-ний өдрийн албан бичгээр улаан буудайг цаашид хадгалж болохгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн байх тул Хадгалагч тал хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж шүүх үзжээ. Гэтэл тус албан бичиг Тариалан эрхлэлтийг дэмжих санд огт ирээгүй буюу ирсэн явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй бөгөөд тус агуулга бүхий албан бичиг хадгалагч тал ирүүлээгүй байдаг. Тус албан бичгийг сүүлд нөхөж үйлдэн 2019 оны шүүхийн шатанд гаргаж өгсөн баримт юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтын дарааллаас тодорхой харагддаг.

4.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага Дархан гурил тэжээл ХК-ийн элеваторт учирсан хохирлын тухайд:

Шүүх осол гарах шалтгааныг бүрэн дүүрэн ойлгоогүй, эрүүгийн хэргийн материалд авагдсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2012.02.10-ны өдрийн 22/02 тоот шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдээр холбогдох дүрэм, зааврыг мөрдөөгүй, элеваторт чийг дулаан хэмжих тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатах болон цэвэрлэх төхөөрөмж ажиллагаагүй, сэлгэлт цаг тухайд нь хийгээгүйн улмаас халалт үүсч дэлбэрэлт гарсан байна гэж маш тодорхой дүгнэлт гаргасан. Гэтэл шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг тал бүрээс шударгаар үнэлж дүгнээгүйн улмаас ослын шалтгааныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан буруутай гэж хэт нэг талыг барьсан магадлал гаргасан байна.

Шүүх магадлалын хянавал хэсгийн 23 дугаар хуудсанд Харин дэлбэрэлт болоход хэний гэм буруу байсан тухай асуудал нь хууль зүйн ойлголт тул шинжээч энэ асуултанд хариулахгүй юм. Анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэх хэсэгтээ: уг дэлбэрэлт нь хадгалж байсан будааны сэлгэлт шигшилтээс үүссэн хог хаягдлыг тусад нь саванд хадгалан сэлгээ хийгээгүй орхисон, буудайн чийглэгийг тогтмол хэмждэггүй байсан, хатаалгын төхөөрөмж байхгүй автомат хяналтын систем эвдэрсэн зэргээс болж үүссэнд Дархан гурил тэжээл ХК буруутай гэж дүгнэснийг няцаах баримт байхгүй ч дээрх бүх ажиллагааны доголдол нь хадгалалтын гэрээний хугацаа дууссан, бөгөөд будааг буцаан авах талаар шаардлага хүргүүлээд байхад энэ үүргээ биелүүлээгүй хадгалуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хадгалалтад байсан будааг хадгалахтай холбогдож үүссэнийг үгүйсгэхгүй байна гэж үзлээ гэж шийдвэрлэсэн. Гэхдээ шүүх зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, юугаар ч няцаагдахгүй бодит баримт дээр үндэслэж шийдвэр гаргах ёстой. Гэтэл шүүх няцаах баримт байхгүй ч ийм байх магадлалтай гэж шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалттай зөрчилдөж байна. Тиймээс шүүх гэрээний улмаас учирсан хохиролд 3,831,555,361 төгрөгийн хохирлын 70 хувь буюу 2,682,088,752 төгрөгийг хадгалуулагч тал, үлдэх 30 хувь буюу 1,149,466,608 төгрөгийг хадгалагч тал хүлээх үндэслэлтэй гэж үзэх нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 6. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

- ...2009.09.18-ны өдрийн №2009-1/01 тоот Хүнсний улаанбуудай хадгалуулах гэрээ-ээр Дархан гурил тэжээл ХК-ийн хадгалалтад 33,729 тн хүнсний улаанбуудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14,829 тн улаанбуудайг худалдан борлуулж, үлдэгдэл 18,900 тн улаанбуудайг хариуцагч Дархан гурил тэжээл ХК-ийн элеваторт хадгалуулсан. Ийнхүү хадгалуулахдаа 1 тонн улаанбуудайд хоног тутам 55 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Дээрх улаанбуудайнаас 10 тн-ыг 2011.10.14-ний өдрийн Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээ-ээр 1 тн-ыг нь 350,000 төгрөгөөр хариуцагч Дархан гурил тэжээл ХК-д борлуулсан. Үлдэгдэл 8,900 тн улаанбуудайг хариуцагч хадгалалтын буруугаас чанар байдлыг нь алдагдуулж, цаашид хэрэглэгдэхгүй болгож, тус санд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна.

 Энэ улаанбуудайн 1 тн-ын үнэ 350,000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагчийн талын буруугаас нэхэмжлэгчид бодитоор нийт 3,115,000,000 төгрөгийн хохирол учирсан,

- ...мөн хариуцагч нь худалдан авсан улаанбуудайн үнийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул барааны үнэ 3,500,000,000 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги гэрээнд зааснаар хоногийн 0.01 хувиар бодоход 2011.11.01-ний өдрөөс 2015.08.01-ний өдрийг хүртэл 1,307 хоногоор тооцоход /350,000х1,307/ 457,450,000 төгрөг болж, нийт /3,500,000,000+457,450,000/ 3,957,450,000 төгрөгийн хохирол учраад байна.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 35,362,250 төгрөгийг гаргуулна,

- Хадгалалтын хөлсөнд шилжүүлсэн 566,878,562 төгрөгийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас нийт 7,674,690,562 төгрөгийг гаргуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү... гэж тайлбарлажээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлөх 35,362,250 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан байна.

 Хариуцагч Дархан гурил тэжээл ХК хариу тайлбартаа:

- ...2009.09.18-ны өдрийн №2009-1/01 тоот гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеватортаа ТЭДС-ийн 2009 оны ургацаас аж ахуйн нэгжүүдээс авсан буудайг хүлээн авч эхэлсэн. 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас ТЭДС чийглэг ихтэй буудай хүлээж авсан байдаг.

Нэхэмжлэгч нь Хүнсний улаанбуудай хадгалуулах гэрээ, ТЭДС-д хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах борлуулах түр журам болон Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS97:2004 стандартад засан буудайн чийглэгийг 14.5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж 16.5 хувийн чийглэгтэй улаан буудайг хүлээн авч хадгалуулсан.

ХХААХҮС-ын 2009.09.15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан ТЭДС-д хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журмын 3.1, 3.3., 3.4, 3.6-д заасан ...үзүүлэлтэд тэнцээгүй буудайг авсан бол ...энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүрэг хүлээж, чийг стандартаас илүү бол хатаалтын зардлыг 1 тн буудайд 10л түлш зарцуулахаар, мөн ТЭДС-ийн Гүйцэтгэх захирлын 2009.10.15-ны өдрийн Зохицуулалт хийж дэмжлэг үзүүлэх тухай 44 дүгээр тушаалын 1-д хүнсний улаанбуудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15.1-17.0 хувь хүртэл чийгтэй буудайг 1 удаа хатаалга хийж, хатаалтын зардлыг 1 тн улаанбуудайд 1 удаагийн хатаалгад 10л түлш байхаар тогтоосон, ...мөн хүнсний болон үрийн улаанбуудайг нэг жилээс илүү хугацаагаар хадгалахгүй байхаар журмаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь 16.5 хувийн чийглэгтэй улаанбуудайг хүлээн авч хадгалуулахдаа журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг хариуцагчид нийлүүлээгүйгээс хүлээн авсан улаанбуудайн чанарт өөрчлөлт орж устсан.

Зохигчийн байгуулсан гэрээний 6.1-д хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй улаанбуудай үгүй болсон буюу чанар нь муудсан тохиолдолд хадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон.

Дээр дурдсан үндэслэлээр хадгалуулсан улаанбуудай гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үгүй болсон буюу чанар нь муудсан тул хариуцагч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

- 2011.10.14-ний өдрийн Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээнд хариуцагч нь ТЭДС-ийн шахалт, шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдийг байдлаар гарын үсэг зурсан. Учир нь гэрээ байгуулах үед ТЭДС-аас хадгалуулсан байсан улаанбуудай гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үгүй болсон буюу чанар нь муудсан байсан, ...манай компани 2004 оноос хойш гурил үйлдвэрлэх үйл ажиллагаа зогссон тул улаанбуудайг авч гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй, түүнчлэн дээрх гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс зөвшөөрөлгүй хийгдсэн, эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэхэмжлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааг нууж, хариуцлагаас мултрах үүднээс №2009-1/01 тоот гэрээг халхавчлах байдлаар дүр үзүүлэн хийсэн тул худалдан авсан гэх улаанбуудайн үнэ, алдангийг шаардсан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй.

- шүүхийн шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Дээр дурдснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 7. Хариуцагч Дархан гурил тэжээл ХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

- ...нэхэмжлэгч нь стандарт зөрчиж 16.5 хувийн чийглэгтэй улаанбуудай авч хадгалуулсан атлаа хатаалганд зориулж зардлыг төлөөгүй, компани хүлээлгэн өгсөн буудайг тогтоосон норм, нормативын дагуу сэлгэх, эргүүлэх үйл ажиллагааг хийж байсан боловч стандартаас давсан өндөр хувийн чийгийг буулгах боломжгүй байсан. 2012.01.27-ны өдрийн тэсрэлтийн улмаас компанид 3,831,555,361 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан.

- Мөн ТЭДС нь гэрээгээр хүлээсэн хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй 377,919,000 төгрөгийн хадгалалтын хөлсний үлдэгдэл төлбөртэй байгаа,

- Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2011.10.14-ний өдрийн Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээ дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурагдсан тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү... гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

- ...хариуцагч компани нь чийг дулаан хэмжигч багаж байрлуулаагүй, хатах болон цэвэрлэх тоног төхөөрөмжгүй элеваторт улаанбуудай хадгалсан болох нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон, улаанбуудайг стандартад заасан хэмжээнд чийг, хольц, хогийн хувийг хүргэх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс улаанбуудайг муутгаж, үгүй хийсэн тул тоног төхөөрөмж эвдэрсний хохирлыг хариуцах үүрэггүй,

- харин хадгалалтын хөлс нэхэмжилсэн шаардлагаа баримтаар нотолсон тохиолдолд уг шаардлагыг зөвшөөрнө,

- Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээний хувьд гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл. Сангийн шахалт шаардлагаар дүр эсгэж, гарын үсэг зурсан гэх нэхэмжлэл үндэслэлгүй. Гэрээний зүйл болох 10 тн будаа хариуцагчийн эзэмшилд байсан байхад буудай аваагүй гэх тайлбар үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэжээ.

 8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: ...Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 33,729 тн улаанбуудай хадгалуулснаас 14,829 тн-ыг худалдан борлуулж, үлдэх 18,900 тн хүнсний улаанбуудай үлдсэн талаар хариуцагч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь журам, стандартад заасан 14.5 хувиас ихгүй чийглэгтэй байх улаанбуудайг хадгалуулаагүй, хүнсний улаанбуудайг нэг жилээс дээш хадгалахгүй байх заалт, зайлшгүй шаардлагаар хадгалах бол жил бүр шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатороор хийлгэх заалтыг тус тус зөрчсөн, чийг ихтэй буудайг хатаахад шаардлагатай түлшний зардлыг өгөөгүй буруутай, хариуцагч нь стандартын шаардлага хангахгүй, чийглэг ихтэй улаанбуудайг авахгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй, хүнсний улаанбуудайг нэг жилээс дээшгүй хугацаагаар хадгалах үүргээ зөрчиж, удаан хугацаагаар хадгалсан, улмаар элеваторт чийг дулаан хэмжигч багаж төхөөрөмж байрлуулаагүй, хатаах болон цэвэрлэх тоног төхөөрөмжгүй силост буудай хадгалснаас буудайнд халалт өгч, шаталт явагдаж, улаанбуудайн чанар алдагдсан, ашиглах боломжгүй болж устаж үгүй болсон буруутай байна.

Дархан гурил тэжээл ХК-ийн гурилын үйлдвэр ажилладаггүй, хадгалж буй улаанбуудай нь стандартад заагдсан чийглэгээс их чийгшилтэй, чанарын шаардлага хангахгүй, хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй, хортон шавьж үржсэн зэрэг нөхцөл байдал илэрхий мэдэгдэж байсан тул зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй, иймд дээрх гэрээг дүр үзүүлж байгуулсан гэх хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэн, устаж үгүй болсон нийт 18,900 тн улаанбуудайн үнийг 1 тн-ыг нь 330,000 төгрөгөөр үнэлж, нийт үнийн дүнгийн 50 хувийг хариуцагчаар хариуцуулах нь зүйтэй гэж үзэж, /(18,900 тн х 330,000)х 50% төгрөг/ 3,118,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн, улмаар хохирлыг хэн аль нь хамтран хариуцах үүрэгтэй тул хадгалалтын хөлс 566,878,562 төгрөгийг мөн хувааж хариуцуулах нь үндэслэлтэй гэж,

Улмаар хариуцагчийн элеватор 2012.01.26-ны өдөр дэлбэрсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул хохирлын 3,831,555,360 төгрөг, хадгалалтын хөлсний үлдэгдэл 377,919,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй... гэснээр,

Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас 3,401,939,281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,209,474,361 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 9. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Шүүх магадлалын үндэслэлийг тодорхойлохдоо: ...Хүнсний улаанбуудай хадгалуулах гэрээний хувьд байгалийн хүчин зүйлс, тухайн жилийн хувьд нойтон цас их орж, цочир хүйтэрч, байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас хадгалуулсан тарианы чийгшил стандартаас илүү чийгшилтэй байсан.

Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх заалтаар хадгалагчийн хүлээх хариуцлага хязгаарлагдсан, буудайг нэг жилийн хугацаанд хадгалах байтал гэрээний хугацаа дуусахад хадгалуулагч буудайг буцаан авах үүргээ биелүүлээгүй, ...иймд хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамаарч гэрээний зүйл устаж, гэмтсэний эрсдэлийг өөрөө хариуцна гэж дүгнэж, 9,800 тн буудайны үнэ 3,115,0000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэгэнт төлсөн хадгалалтын хөлсийг буцаан шаардах үндэслэл үүсээгүй, харин талуудын хооронд Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, гэрээний дагуу хариуцагч нь өөрийн эзэмшилд байгаа буудайг худалдан авахаар гэрээ байгуулсан тул гэрээнд заасан 10 тн буудайг өмчлөх эрхтэй болж, хариу төлбөр гүйцэтгэх үүрэгтэй. Иймд буудайн үнийг алдангийн хамт хариуцагчаас гаргуулах нь зүйтэй, хадгалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хадгалуулсан улаанбуудайг удаан хугацаагаар буцааж аваагүй хугацаа хэтрүүлснээс дэлбэрэлт болж буудай устсанд нэхэмжлэгч буруутай боловч буудайн чийглэгийг тогтмол хэмждэггүй, хатаалгын төхөөрөмж байхгүй автомат хяналтын систем эвдэрсэнд хариуцагч буруутай тул Дархан гурил тэжээл ХК-ийн элеваторт учирсан дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлын 70 хувийг, мөн хадгалалтын хөлсний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээр хариуцуулах үндэслэлтэй гэж дүгнэн,

Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 424 дүгээр зүйлийн 424.1, 422 дугаар зүйлийн 422.6, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийг 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 заасныг тус тус баримтлан 8,900 тн улаанбуудай устаж, үгүй болсон хохиролд холбогдуулан нэхэмжилсэн 3,115,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,957,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, хадгалалтын хөлс 566,878,562 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд шаардсан 35,362,250 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хадгалалтын хөлсний үлдэгдэл 377,919,000 төгрөг, гэм хорын хохиролд 2,681,700,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хоёр шатны шүүх зохигчийн хооронд барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 428 дугаар зүйлийн 428.1-д нийцсэн байна.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 10. Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т зааснаар гомдол гаргаагүйд тооцох нь зүйтэй. Энэ үндэслэлээр хариуцагчийг давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 11. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 11.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...осол гарахад нэхэмжлэгчийг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ. (тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан)

 Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан Хүнсний улаанбуудай худалдах-худалдан авах гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар үндэслэл бүхий дүгнэж, худалдан авсан буудайн үнийг хугацаандаа төлөөгүйн алдангийн хамт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус нийцсэн байна.

 Харин хадгалуулсан улаанбуудайн үлдэгдэл 8,900 тн буудайг стандартад заасан журмын дагуу зохих ёсоор хадгалаагүйгээс устаж, үгүй болсон үндэслэлээр үнийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 Нэхэмжлэлийн энэ шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, буудайн чанар алдагдаж, хэрэглэх боломжгүй болсон нөхцөл байдалд хадгалагч, хадгалуулагч хэн аль нь буруутай гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдсон байх тул хохирол нэхэмжилсэн хадгалуулсан 8,900 тн улаанбуудайн үнэ 3,115,000,000 төгрөгийн 50 хувийг буюу (8,900тн х 350,000₮) х 50%=1,557,500,000 төгрөгийг хариуцагчаар хариуцуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 Дээр дурдсан үндэслэлээр худалдах-худалдах авах гэрээний үүрэг болон 10 тн улаанбуудайн үнэ, алдангийн хамт 3,957,450,000 төгрөг дээр хадгалалтын буруугаас учирсан хохиролд 1,557,500,000 төгрөгийг нэмж, нийт 5,514,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

 11.2. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн бусад шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно, харин уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ гэжээ.

 Хэрэгт нотлох баримтаар ашигласан С.Намсрайжавт холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол бүхий хэргийг хавсаргаж ирүүлсэн байна.

 Дээрх хэрэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан архивын хадгаламжийн нэгж тул шүүх хэрэгт нотлох баримтаар ашигласан материалыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, хэргийг холбогдох архивт шилжүүлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 422 дугаар зүйлийн 422.6, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас 5,514,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1, зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 3,059,619,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Дархан гурил тэжээл ХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, 3 дахь заалтын ...17,657,950 төгрөгийг гэснийг ...15,456,045 төгрөгийг гэж, тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т зааснаар хариуцагч Дархан гурил тэжээл ХК-ийг хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Дархан гурил тэжээл ХК-аас 2020.06.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,167,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                 Г.БАНЗРАГЧ

                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                           Х.ЭРДЭНЭСУВД