Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 52

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00131/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 31-ний өдрийн 386 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.А-т холбогдох

"Орон сууцнаас нүүлгэн гаргуулж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Я.А-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л- И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б- овогтой А- миний бие нь иргэн О- овогтой Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2333 тоот арилжааны гэрээ байгуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байр, 37 тоот 62.7 м.кв орон сууцыг 51.600.000 төгрөгөөр худалдан авч, тухайн байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ү-2003020718 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А- надад олгосон юм. О.Б- нь тухайн орон сууцыг худалдан авах үед ашиглалтад бүрэн ороогүй, хоосон байсан гэх тайлбарыг надад өгсөн ба би худалдаж аваад 2018 оны 12 дугаар сард орон сууцыг бусдад худалдан борлуулах гэсэн боловч үл таних айл хууль бусаар эзэмшиж байлаа. Энэ үйлдэл нь иргэн миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн иргэн Я.А- болон түүний гэр бүлийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байр, 37 тоот, улсын бүртгэлийн Ү-2003020718 дугаартай орон сууцнаас нүүлгэн гаргаж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү.

Л- И- ХХК, иргэн О.Б-ээс 2016 онд 2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авч, хугацаандаа зээлээ төлөөгүй учраас зээлийн үлдэгдэлдээ 9 байр авсан байдаг. 9 орон сууц өгөхдөө бүгдийг нь О.Б-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан байсан. Үүнийг иргэн О.Б-, Б.А-т 2018 оны 11-р сарын 23-ны өдөр арилжааны гэрээгээр борлуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Уг гэрээг нь өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байгаа, мөн Л- И- ХХК-ийн ерөнхий захирал А.Л-гийн О.Б-т өгсөн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өөр баримт байхгүй. Тийм учраас уг байрнаас иргэн Я.А-ыг албадан гаргуулж байр чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.А- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь иргэн Я.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л- И- ХХК-тай 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын 1.800.000 төгрөг үндсэн төлбөрөөс хасуулж, өөрөө нэмэлтээр бүтэн засвар хийж орсон болно. Нийт 81.510.000 төгрөгөөс 6.800.000 төгрөг хасуулж, одоог хүртэл сар бүрийн төлбөр 23.329.800 төгрөг, нийт 30.129.800 төгрөг төлсөн байна. Иймд байрнаасаа гарах боломжгүй. Энэ байрыг Б.А-аас худалдаж аваагүй, Л- И- ХХК-аас худалдаж авсан.

Иргэн Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би уг байрыг Л- И- ХХК-аас авсан. Мөн Л- И- ХХК-ийн энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас байрыг чөлөөлж өгөх боломжгүй. Би уг байрыг аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа, байрны гэрчилгээг гаргасан гэж байсан гэхдээ хүчингүй болгосон гэсэн гэхдээ би олж хараагүй. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Л- И-” ХХК-тай 48 тоот гэрээ байгуулан 10А байрны 37 тоот 62,7 м.кв орон сууцыг урьдчилгаа 5.000.000 төгрөг төлж, засварын зардал 1.800.000 төгрөг хасуулан нийт 81.510.000 төгрөгийн гэрээ байгуулж, одоогийн байдлаар 21 удаагийн төлөлтийг урьдчилгаанд өгсөн мөнгөтэй нийт 30 гаруй сая төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Байрыг одоо хүртэл Улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа, комисс хүлээж авсны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэж тухайн үед надад хэлсэн. Гэтэл Б.А- гэж хүн нэхэмжлэл гаргасан байна. Байрны гэрчилгээний талаар гэрээнд тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Би мөнгөө төлөөд явж байгаа учраас миний байр гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л- И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ нэхэмжлэл нь өөрөө хууль ёсны шаардлага гаргасан гэхэд эргэлзээтэй. Иргэн Я.А- нь Л- И- ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 48 тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж 6.800.000 төгрөгийн урьдчилгаа төлөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байр, 37 тоот 2 өрөө, 62.7 м.кв орон сууцыг иж бүрэн засвар хийж гүйцээн одоог хүртэл хуваарийн дагуу компанид төлөлтөө хийн 34 сая гаруй төгрөгийг төлөөд уг орон сууцандаа амьдарч байгаа болно. Я.А- нь уг 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Иймд иргэн Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Л- И- ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. Л- И- ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.А-оос гэрээний дагуу 32.890.000 төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь 81.510.000 төгрөгийн үнэлгээтэй 62,7 м.кв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А- нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, 00, угаалтуур, ванн, хатаагч, пилта, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А- хийгээд үндсэн төлбөрөөс 1.800.000 төгрөг хасуулж авсан. Я.А- манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийг би чадамжгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл өгсөн нэхэмжлэлийг нь би уншсан. Б.А- нь Б-гийн хүүхэд, энэ бол жаахан хүүхэд байгаа, тийм учраас энэ хүүхдийг өөрийг нь хуралд оролцуулаач гэсэн юм. 2018 оны 03 дугаар сард Б-, О.Б- нар над дээр ирсэн, энэ цагдаагийн байгууллагад тэмдэглээстэй байгаа. Тийм учраас энэ гэрээ дүр эсгэсэн хуурамч гэрээ гэж үзэж байна. Энэ өөрөө залилан юм, улсын комисс хүлээж аваагүй байхад яагаад гэрчилгээ гаргуулаад бусдад зарсан байгааг ойлгохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 386 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Я.А-ын хууль бус эзэмшлээс Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10А байрны 37 тоот 62,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020718 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.А- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Иргэн Я.А- би Л- И- ХХК-тай орон сууц захиалгын гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 12-нд байгуулж, 5.000.000 төгрөг урьдчилан төлж, байрандаа хийсэн засварын зардал 1.800.000 төгрөгийг байрны үнэд төлөх мөнгөнөөс хасуулж, орон сууцандаа орсон юм аа. Түүнээс хойш одоог хүртэл сар бүр төлбөрөө хийж, нийт 30.129.800 төгрөг төлөгдсөн ба одоог хүртэл энэ байрандаа амьдарч байна. Өдийг хүртэл Л- И- ХХК-аас байрны гэрчилгээг авах талаар удаа дараа холбогдох хүмүүстэй уулзсан боловч байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд иргэн О.Б-, Дөлгөөн, Ч.Болормаа нар нь манай компанид хөрөнгө оруулж, оронд нь орон сууц авсан асуудалтай холбоотой хэрэг Улаанбаатар хотын Иргэний хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүх байрнуудын хөдөлгөөнийг хориглосон гэсэн тайлбар өгч, гэрчилгээг гаргаж өгөөгүй юм.

Гэтэл иргэн Б.А- нь намайг байранд орсноос хойш 10 сарын дараа О.Б- гэгчтэй гэрээ байгуулсан гэдэг ба О.Б-ээс миний амьдарч байгаа орон сууцыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан юм билээ.

Би шүүх дээр анх дуудахад нь энэ байдлыг мэдсэн бөгөөд энэ талаар надад мэдэх ямар ч нөхцөл боломж байгаагүй мөн Л- И- ХХК ч мэдээгүй байсан юм. О.Б- нь 2014 онд Л- И- ХХК-н захирал байсан гэгдэх, одоо оргон зайлж, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа А.Л- гэгчтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг үндэслэн хууль бусаар өөрийн нэр дээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцны гэрчилгээг 2018 онд бичүүлэн авсныг мэдсэн. Мөн эдгээр байранд Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг бичиг илгээж, О.Б-ийн нэр дээр бичигдсэн байрнуудад хөдөлгөөн хийхийг хориглосон байгаа ба мөн О.Б- нь Л- И- ХХК-н хооронд маргаантай Иргэний хэрэг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэхээр Монгол Улсын Дээд шүүхээс буцсан гэж мэдсэн. Эдгээр шалтгааны улмаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авч орж чадаагүй, учрыг нь сайн ойлгоогүй, мөн дээрх асуудлуудтай холбоотой баримтуудыг Л- И- ХХК болон өөрийн зүгээс гаргуулан хэрэгт хавсаргаж чадаагүй, нотлох баримтыг өөрийн зүгээс гаргуулах боломж байгаагүйн улмаас хохирч байгаа эрх ашгаа зайлшгүй хамгаалах, өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах, дээрх баримтуудыг хэрэгт зайлшгүй хавсарган, үнэн зөвийг тогтоолгох шаардлага гарч байгаа тул энэ байдлыг харгалзан авч үзэж, хэргийг дахин хэлэлцүүлхээр анхан шатны шүүхэд буцаан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А- нь О.Б-ээс худалдан авсан өмчлөх эрхийн Ү-2003020718 дугаар гэрчилгээтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10/А байр, 37 тоот 62.7м.кв орон сууцыг Я.А-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Я.А- нь уг байрыг Л- И- ХХК-аас худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л- И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- нь иргэн Я.А- Л- И- ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ хийж авсан орон сууцандаа амьдарч байгаа хууль ёсны өмчлөгч гэж тус тус мэтэлцсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 51-55 дугаар талд авагдсан “Шүүх хуралдааны тэмдэглэл”-ээс үзвэл бие даасан шаардлага гаргаагүй Л- И- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн О.Б-, Л- И- ХХК хоёрын хооронд хийгдсэн зээл, зээлийн барьцааны гэрээг зэрэг нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангахаас татгалзан шүүгчийн захирамж гарган /хх-ийн 57-р тал/ шийдвэрлэж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...38.9...-д заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хуулийн боломжгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                

          

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                            АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                          ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                             ШҮҮГЧИД                              Л.АМАРСАНАА

                                                                                                            М.МӨНХДАВАА