Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 53

 

Д.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00684/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.З-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Б-д холбогдох  

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч М.Б-, нэхэмжлэгч Д.З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч М.Б-, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.З- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

Миний бие Д.З- нь 2004 онд анх М.Б-тай танилцаж, 2005 онд гэрлэлтээ батлуулсан. 2005 онд охин Б.А-, 2007 онд охин Б.М-, 2009 онд Б.Н-, Б.Н-, 2013 онд хүү Б.Б- нар төрсөн. Анхны хүүхдээ гаргасан үеэс эхлээд бусадтай хардан улмаар цохиж нүддэг болсон. Мөн элдэв үгээр байнга доромжилж дарамталдаг болсон. Хоёр дахь хүүхэд болох Б.М-ыг гаргахад өмнө нь гаргаж байсан зан ааш нь улам хүндэрч архи ууж согтууран гэртээ ирж төрсөн эгчийнхээ хажууд хүүхдүүдрүүгээ аяга хүртэл шидэж байсан. 2009 онд хоёр ихэр охиныг минь гарахад орон гэртээ ирж хонохгүй мөрийтэй тоглоом тоглож хэд ч хоногоор алга болж ууж ирэх болгондоо биед минь гар хүрч ухаан алдтал минь боож зодож нүдэж, дээрээс минь дэвсэж байсан. Мөн бага хүүхдийг минь гэдсэнд байхад нь ална гэж сүрдүүлж согтуугаар машин барьж хурдтай явж алахыг завдсан. Энэ үйл явдал өнөөг хүртэл амьдралд минь үргэлжилсэн. М.Б-тай анх суухад гурван хүний дунд нэг ёотонгийн байртай буюу 300.000 төгрөгийн банкны өртэй байсан. Тэрхүү өрийг би ажил хийж төлсөн. Миний бие 15 жилийн хугацаанд тасралтгүй дайвар бүтээгдэхүүн зарж өөрийн биеэ хайхрахгүй хүүхдүүдээ төрүүлж нялх биетэй байхдаа тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн. Энэхүү хугацаанд амьдралаа дээшлүүлэхийн тулд банкнаас зээл авсан. Тэрийгээ хугацаа хэтрүүлэлгүй цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Тэр хөдөлмөрийн минь үр дүнд хоёр давхар хаус, хүүхдийн нэр дээр 25.000.000 төгрөгийн хадгаламж болон М.Б-д 15.000.000 төгрөгийн машин авч өгч байсан. Мөн М.Б-гийн ах дүү нарын хүүхдүүдийг тусдаа гарах бүрт би өөрийн хөдөлмөрлөсөн мөнгөнөөсөө тус тусад нь 500.000 төгрөг өгдөг байсан. Мөн байрны төлбөрүүдийг миний бие төлдөг байсан. Энэ хугацаанд ар гэр болон үр хүүхдүүдийг маань миний ээж, охин дүү хоёр минь өдий хүртэл харж түшиг болж явдаг байсан. М.Б- амьдралынхаа төлөө үүрэг хариуцлага хүлээхгүй эр хүний хийх ёстой ажлаас зайлсхийдэг. Архи согтууруулах ундаа байнга хэрэглэж нэг уухаараа олон хоног дараалан ууж мөрийтэй тоглоом өдөр болгон тоглож уух болгондоо гэртээ ирж үр хүүхдийнхээ хажууд агсам согтуу тавьж мөн ээж болон дүүг минь элдэв бусаар хэлж ээжид минь хүртэл гар хүрдэг байсан. Мөн том охин Б.А-ыг гэр оронд нь амраахгүй өдөр болгон ажилдаа дагуулж явж ажиллана. Хичээл номонд нь муудуулж ядаргаанд оруулж байна. Том охиноо гуанзандаа ажилуулаад өөрөө мөрийтэй тоглоом тоглохоор явдаг. Мөн өнөөдөр миний төрсөн эх маань тархины цус харвалт өгөөд эмнэлэгт хэвтэж байхад эхийн минь ийм болсон шалтгаан нь эхийг минь хэд хэдэн удаа зодож гар хүрч цементэн дээр ухаан алдтал нь тархиар нь савуулж унагааж байсан. Мөн ээж минь энэ хүний аймшигт үйлдлээс эрүүл биеэрээ хохирлоо. Иймд цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч шаардлага байхгүй буюу амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул М.Б-гаас салгаж гэрлэлтийг минь цуцлаж өгнө үү, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч М.Б- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1998 онд эцэг эхийн хамтаар Дархан-Уул аймагт шилжин ирж одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд эгч К-тай хамтран бирж дээр дайвар бүтээгдэхүүн худалдаж амьдран ёотонд 2 өрөө байр худалдан авч эцэг эхийнхээ хамтаар амьдарч байгаад аав, ээж минь 2001, 2003 онд нас барж ёотонгийн энэ хоёр өрөө байр надад шилжсэн юм. 2004 оноос нэхэмжлэгч Д.З-тай танилцан үерхэж байгаад улмаар энэ байрандаа 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн улсын бүртгэлд бүртгүүлж 465/001009 дугаартай гэрчилгээ авсан болно. Миний охин Б.А- 2005 онд, Б.М- 2007 онд, охин Б.Н-, Б.Н- 2009 онд /ихэр/, хүү Б.Б- 2013 онд тус тус төрсөн юм. Бид хоёр хамтын хөдөлмөрөөрөө илүү ч үгүй, дутуу ч үгүй сайхан амьдарч удам залгасан хүүхдүүдээ эрүүл саруул өсгөн бойжуулж баяр Б-тай сайхан амьдарч байсан юм. Миний бие хааяа архи ууж найз нөхөдтэйгээ тоглодог байсан нь үнэн боловч гэр бүлээ цуцлах хэмжээнд хүртэл архидан согтуурч Д.З-г дарамталж, зодож, тарчлааж байсан зүйл байхгүй хүүхдүүд минь гэрчлэх болно. Д.З- нэхэмжлэлдээ дэндүү үндэслэлгүйгээр үнэн байдлыг гуйвуулан гүтгэж өөрийгөө буруугүй мэтээр бичсэн байгаад туйлын гомдолтой байна. Нэхэмжлэгч Д.З- 2017 оны 08 дугаар сараас өнөөг хүртэл гэр орноо болон үр хүүхдээ орхиж яваад ирээгүй болно. Д.З- нь Ц.Б-той байнгын бэлгийн харьцаатай болж гэр орон болон үр хүүхдээ орхиж бүтэн нэг жил боллоо. Энэ хугацаанд эцгийн хувьд 5 хүүхдээ бодож хамт амьдарч байна. Д.З- архи ууж гэр орондоо ирэхдээ ямар ааш араншин гаргадаг хүүхдүүдээ яаж цохиж доромжлон харааж зүхдэг болохыг хүүхдүүд бүгд мэднэ. Д.З- нь согтуу ирэхдээ гэрийн эд хогшлыг эвдэх нөхөр хүүхдүүдээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж гутаан хэрүүл үүсгэдэг юм. Хамт амьдарч байх хугацаандаа хөдөлмөрөөрөө бий болгосон хувийн орон сууц хашаа байшин эд хөрөнгө бид хоёрынх биш хүүхдүүдийн амьдралын баталгаа билээ. Би бүтэн жил 5 хүүхдээ бодож гаргасан дутагдлаа засаж гэртээ эргээд ирнэ гэж тэвчин хүлээсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, харин хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Их мээрэнг овгийн Мээлэйн Б-, Боржигон овгийн Дашнямын З- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасны дагуу охин Б.М-, Б.Номинзол, Б.Н- нарыг эцэг М.Б-гийн асрамжид, охин Б.А-, хүү Б.Б- нарыг эх Б.З-гийн асрамжид тус тус үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.М-ыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н-, Б.Н- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Д.З-гаас, 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.А-ыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б-гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг тус тус гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагч М.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Тогтоход даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Би шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох миний 5 хүүхдээс 2 хүүхдийг асрамжид үлдээгээгүй явдлыг зөвшөөрөхгүй байна. Үндэслэл гэвэл: хүүхдүүдийг салгаж хөндийрүүлэх ёсгүй. Ялангуяа том охин 15 настай Б.А-ыг эхэд нь үлдээх болсон нь буруу юм. Таньж мэдэхгүй хамтран амьдрагч хойд эцгийн гарыг харуулж болохгүй. Том охин эхнээсээ надтай үлдэх саналаа шүүхэд хэлсэн байдаг.

2. Би өөрийгөө Б.З-г бодвол 5 хүүхдээ салгахгүй авч явах давуу боломжтой гэж үзэж байна. Тодруулбал:          

А. Өөртөө, гэр бүлийн асуудалд дүгнэлт хийгээд түрүүчийн шүүх хурлаас хойш /2018.11.16/ архи уудаг явдлыг багасган орхисоор жил гаруй хугацаанд огт архи уугаагүй. Архи уухгүй болохоор янз бүрийн хүнтэй нийлэх, мөрийтэй тоглох, асуудал байхгүй болж хүүхдүүддээ анхаарах болсон. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг сайтар нягталбал охин хүүхдүүдийг аавын асрамжинд үлдээхийг дурдсан байдаг. Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн архины эмчилгээний эмчээс архинаас гарсан талаар бичиг хийлгүүлэхийг хүстэл та архаг архичин биш, архины хамааралгүй учраас шүүхэд бичиг хийх боломжгүй юм гэсэн. Иймд өөрөө өөрийгөө нотолж цаашид архи уухгүй талаар амлалт өгч байна.

Б. Д.З- 5 хүүхдээ бодохгүй архидаад жил гаруй хугацаанд гэртээ ирэхгүй буудлаар амьдарч жирэмсэн болж байх хугацаанд хүүхдүүдээ би асарч хүмүүжүүлж явсан. Дараа нь тэр хүүхдүүдээ гэхээсээ илүү Ц.Б- гэгчийг гэр орондоо авчирч орогнуулан хүний хүүхдийг төрүүлж байхад би охидуудтайгаа байр хөлсөлж хичээл сургуульд нь явуулж ажлаа хийж амьдарч чадсан цаашид ч чадах болно.

В. Д.З- хувийн орон сууцыг авч зарж устгах санаатай нь харагдсан, зарах зар хүртэл тавьсан байсан.

Г. Д.З- архины хамааралтай болсон нь дараах зүйлээр нотлогдоно. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдаг, нөгөө талаар захиргааны зөрчил гаргаж Цагдаагийн газраар арга хэмжээ авагдсаны ихэнх нь согтуу байсан, нялх 3 сартай хүүхдээ авч явахдаа согтуугаар машин барьж явсан. Хүүхдүүдээ Д.З-д үлдээхгүй байгаа учир нь хүүхдүүдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, муу зуршилд автахгүй байхад байгаа юм.

Д. Би 5 хүүхдээ бодож салахгүй амьдрах талаар мэрийсэн боловч тэр өөрөө салахыг хүссэн учир нь Д.З- архины хамааралтай болж гэр бүлээс гадуур явж жирэмсэн болж төрсөн болохоор салах шалтгаан болсон, үүнийгээ бүрэн нууж шүүхэд хүртэл жирэмсэн биш гэж худал мэдүүлж намайг зоддогоос салахад хүрлээ гэж ойлгуулж гэрлэлтийг шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны 1184 тоот шийдвэрээр цуцалж байсан.

Иймээс энэ хүнд хүүхдүүдээ өгөх ямар ч үндэслэл байхгүйг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д.З-гийн асрамжинд үлдээсэн 15 настай охин Б.А-, 7 настай хүү Б.Б- нарыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Д.З- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч М.Б- нь гомдолдоо Ц.Б-ыг архи уудаг, намайг зоддог гэж бичсэн байгаа нь огт үндэслэлгүй зүйл бичсэн байна. Ц.Б- намайг зодож нүддэг асуудал огт байхгүй ба миний гурван хүүхэд ч үүнийг мэднэ. М.Б- нь том охин А-ыг зарж хүүхэд харж, асруулах далд санаатай гэж өөрийнхөө зоргоор ярьж асуудлыг хүндрүүлж, хэт дөвийлгөж бичсэн байна. Мэдээж төрсөн эгч дүү нар болсон хүүхдүүд нэг нэгнийгээ гэх нь зүй ёсны хэрэг юм. Мөн хоёр том охин маань анх шүүхэд саналаа өгсний үндсэн дээр аавынхаа асрамжинд хэсэг байсан хэдий ч М.Б- нь охидуудыг зүй бус үгээр дайрч давшилж, хөөж туун, шөнө оройн цагаар агсан согтуу тавин, эхийнх нь талаар үргэлж буруу ухуулга хийж, тайван ч унтуулахгүй байна гээд охидууд өөрсдийн хүслээр миний асрамжинд ирсэн. Тухайн үед охидоос ирсэн мессеж зурвасууд ч хэрэгт авагдсан байгаа. Түүнчлэн хоёр хүүхдийг маань өөрийн асрамжинд авах зорилгоор шүүхэд худал амлалт өгч, шүүхийг үл хүндэтгэж байна.

Охин Б.Н- нь анхан шатны шүүх хурлын өмнө өөрийн хүслээр миний асрамжинд ирсэн. Мөн миний бие Дархан захад байрлах Өгөөмөр нэртэй 9-р цайны газрыг М.Б-гийн эзэмшилд үлдээсэн. Гэвч М.Б- нь мөрийтэй тоглоом тоглож өрөнд орсны улмаас цайны газраа зарж, өрөө даран үлдсэн мөнгөөрөө архи ууж, мөрийтэй тоглоом тоглосон байсан. Бидний дундын өмч болох Дархан сумын 15-р баг, Хүрээлэнгийн 1-25 тоот хувийн орон сууцыг миний бие 15 жилийн хугацаанд хөдөлмөрлөж олсон орлогоороо худалдаж авч байсан ба анхан шатны шүүх уг орон сууцыг надад үлдээсэн. Би энэ орон сууцаа зарж борлуулах ямар ч санаа бодолгүй байгаа.

Энэхүү давж заалдах гомдлоос харахад огт миний мэдэхгүй асуудлыг ярьж, өөрийн санаагаараа зохиосон худал зүйлийг бичсэн байна. Иймд миний бие 5 хүүхдээ М.Б-гийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгч Д.З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нар давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: М.Б-, Д.З- нарын гэрлэлтийг цуцалж, Б.М-, охин Б.Н-, Б.Н- нарыг эцэг Б.Б-гийн асрамжинд, охин Б.А-, Б.Б- нарыг эх Д.З-гийн асрамжинд тус тус үлдээж шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.’’ гэж заасныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Гүндэгмаа, Б.Соёлмаа, А.Мягмаржаргал, Г.Галбадрах нарын гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд “...Охин Б.Н- цаашид ээжтэй үлдэх сонирхолтой гэж хариулсан байхад аавын асрамжинд үлдээхийг зөвлөж байна М.Б-г нь архи уугаад ямар үйлдэл хийснээ мэдэж байгаа нь сайн талтай” гэж дүгнэсэн нь нэг талыг барьсан эргэлзээтэй дүгнэлт байх тул УБ хот дахь хүүхэд гэр бүл хөгжлийн газраас бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, Д.З- болон М.Б- нарын хэнийх нь асрамжид хүүхдүүдийг үлдээснээр хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илүү хангагдах талаар давтан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл өмнөх эргэлзээтэй дүгнэлт гаргасан Б.Г-, Б.С-, А.М-, Г.Г- нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Дээрх шинжээч нар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд “Б.А-ыг аавд нь үлдээх нь зөв” гэж дүгнэж байсан бол 2019 оны 11 сарын 25-ны өдрийн дүгнэлтэд “ Эхдээ илүү ээнэгшилтэй” гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан байна. Дээрх 2 шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй агуулгаас харахад 2 дахь дүгнэлт нэмэлт шинжээчийн дүгнэлт биш харин дахин шинжээчийн дүгнэлт болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүй, зөвхөн хууль зөрчсөн, өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, эргэлзээтэй давтан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хүүхдүүдийн эрх ашгийг хохироосон шийдвэр боллоо.

Хавтаст хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Б.М-ын “... ээж, эмээ, ээжийн дүү М-, эгч Б.А-, дүү Б.Н-, Б.Б-, Т- нарын хамт амьдарч байна..., ...К- эгч болон түүний хүүхдүүд нь энэ гурав ээж рүүгээ явахгүй юм уу гээд байдаг байсан. Тэр үед ээж бид нарыг авсан. Цаашид бид нар ээжийнхээ хамт баймаар байна. Аав бид нартай уулзахгүй байгаа. Намайг 6-р анги төгссөн гэж баяр ч хүргээгүй. ...К- эгч бид нарыг ээж рүүгээ явахгүй юу. Та нарыг тэжээх албагүй, тэжээх чадваргүй байна гэдэг байсан. Аав согтуу байхдаа Б.А- бид хоёрыг гичий, пизда гэж хэлсэн. Тэрнээс болоод Б.А- тайван унтаж чадахгүй байгаа...” гэх санал, охин Б.А-ын “...цаашид ээжтэйгээ амьдармаар байна. Ээжтэй байхад ер нь тайван байдаг. Хичээл номонд сайн анхаардаг..., ...аав архи уучхаад бид нарыг хоол ундгүй байхад анхаарал халамж тавьдаггүй, гэртээ ирдэггүй байсан. 2018 оны 5 сараас хойш аавтайгаа амьдарч байсан. 2019 оны цагаан сараас хойш ээжтэйгээ амьдарч байгаа. Ээж бид нарт анхаарал халамж сайн тавьж байгаа. Цагаан сараас хойш аавтайгаа 2 удаа уулзсан. К- эгч биднийг ээж рүүгээ явахгүй юу, та нарыг тэжээх албагүй, тэжээх чадваргүй гэдэг байсан. Аав согтуу байхдаа Б.М- бид хоёрыг гичий, пизда гэж хэлсэн.” гэж тус тус санал өгөхдөө мэдүүлсэн байна. Түүнчлэн гэрч М.А-гийн “...нөхөр М.Б- нь сэтгэл санаагаар унаж, архи дарс ууж, өрөнд орохоор нь, банкны зээл, гуанзны түрээс зэргийг би нөхрөөсөө нууж байгаад төлдөг байсан. Одоо ч гэсэн Хас банкны бизнесийн зээлийг би л төлж байгаа. Гурван хүүхэд болон М.Б- нарын амьдарч байгаа байрны түрээс, хүүхдийн хувцас хунар зэргийг К- эгчийн хамт бид хоёр л зохицуулж байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “...дампуурсан гэдэг нь М.Б- нь архи ууж байсан байдлыг хэлж байна. М.Б-гаас өр нэхсэн хүмүүс их орж ирдэг болсноор энэ хоёр хүнийг ажилуулж чадахгүй байна гэж үзээд Сампилноров гэж хүний нэр дээр шилжүүлсэн...” гэж тус тус мэдүүлснээс харахад хариуцагч М.Б-гийн хувийн байдлын талаар дараах дүгнэлтэд хүрч байна. Үүнд:

1. Дархан захын хамгийн ашигтай бизнес болох гуанзыг ажилуулж чадахгүй дампууруулж өрөнд оруулснаас үзээд ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа аваад явах чадварт эргэлзээ төрж байна.

2. Өөрийн асрамжид байгаа хүүхдүүдэд анхаарал халамж тавьдаггүй, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүйн улмаас хүүхдүүдийг төрсөн эгч К-, дүү А- нар нь тэжээн тэтгэдэг нь тогтоогдож байна. Гэтэл К-, дүү А- нар нь тусдаа амьдралтай хүмүүс тул М.Б-гийн хүүхдүүдийг тэжээн тэтгэснээр амьдралд нь ачаа нэмэгдэж байгаа тул энэ байдалдаа дурамжхан байгааг буруутгах аргагүй юм.

3. М.Б-гийн хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, архи уудаг, гадуур тэнэдэг, гэр бүлийнхнээ харааж загнадаг зуршил хэвээрээ байна.

4. Хүүхдүүдийн хэний асрамжид үлдэх тухай санал нь тогтворгүй боловч аавтайгаа амьдарснаас ээжтэйгээ амьдарсан нь илүү дүгнэлтэд хүүхдүүд өөрсдөө хүрсэн байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Д.З- ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдүүдээ тэжээн тэтгэх чадвартай болохоо нотолж дансны хуулга, хувь хүний орлогын албан татварын дэвтэр, түрээсийн гэрээ, бараа нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба дээрх нотлох баримтуудаар Д.З- нь байнгын ажилтай, 5 хүүхдийнхээ амьдралыг аваад явах хэмжээний тогтмол орлоготой болох нь тогтоогдсон. Хариуцагч М.Б-гийн хувьд гуанз дампууруулсан гэхээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэг тухай нотлох баримт хэрэгт байхгүй.

Дээрх байдлаас харахад 5 хүүхдийг эх Д.З-гийн асрамжид үлдээх нь хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илүү нийцэж байна. Одоогийн байдлаар охин Б.А-, Б.Н-, хүү Б.Б- нар нь ээжийн хамт ямар ч дутагдах гачигдах зүйлгүй, амар амгалан амьдарч байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, охин Б.А-, охин Б.М-, охин Б.Н-, Б.Н-, хүү Б.Б- нарыг эх Д.З-гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Д.З- нь хариуцагч М.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах /анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд/, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Б- нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Д.З-, М.Б- нар нь 2005 оны 01 дүгээр сарын 12-нд гэр бүл болж, 2005 оны 11 дүгээр сарын 12-нд охин Б.А-, 2007 оны 02 дугаар сарын 02-нд охин Б.М-, 2009 оны 09 дүгээр сарын 29-нд охин Б.Н-, Б.Н-, 2013 оны 10 дугаар сарын 16-нд хүү Б.Б- нар төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ болон төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11-13-р тал/

Анхан шатны шүүх гэрлэгчдийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас байнга маргаантай амьдардаг, нөхөр М.Б- нь эхнэр Б.З-г үг хэлээр доромжлох, биед нь халдаж баривчлах шийтгэл эдэлж байсан, эхнэр Б.З- нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож, хүүхэд төрүүлсэн, зохигчид цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охин Б.А-, хүү Б.Б- нарыг эхийн, охин Б.М-, Б.Н-, Б.Н- нарыг эцгийн асрамжид тус тус үлдээн, хүүхдүүдийн тэтгэлгийн асуудлыг тогтоон шийдвэрлэжээ.

Шүүхээс хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, тэдний эцэг, эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун, хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсрох таатай ээлтэй орчин байгаа эсэх, эцэг М.Б-, эх Д.З- нар нь архины хамааралтай зэргийг судлуулах талаар хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар 2018 оны 11 дүгээр сарын 02, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд нийт 2 удаа шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан байна. /хх-ийн 1-р хавтас 96-101, 2-р хавтас 9-21-р тал/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу 7-оос дээш насны хүүхдүүдээс авсан асрамжийн талаарх санал, дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэн хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг тогтоон, гэрлэлтээ цуцлуулсан этгээдүүдийн эдлэх эрх, хүлээх хариуцлага зэргийг дурдан шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 26 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.З-, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч М.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч Д.З- шүүхэд хариуцагч М.Б-гаас “...гэрлэлтийг цуцалж өгнө үү...” гэсэн нэхэмжлэл /хх-ийн 1-р хавтас 1-4-р тал/ гаргасан байхад анхан шатны шүүхээс 2018 оны 2508 тоот захирамжаар /хх-ийн 1-р хавтас 17-р тал/ “...гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох...” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж иргэний хэрэг үүсгэжээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил боловч зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тэтгэмжийн талаар тайлбар, нотлох баримт гаргасан нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад 2009 оны 09 дүгээр сарын 29-нд төрсөн охин “Б.Н-”-ын нэрийг “Б.Н-” гэж буруу бичсэнийг зөвтгөсөн болно.

Цаашид нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүдийнхээ асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг болон хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс тусгаарласан зэргийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Б.Номинзол...” гэснийг “...Б.Н-...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.З-, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч М.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70.200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                         АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                       ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                             М.МӨНХДАВАА