Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 54

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00010/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш- Г- ХК-д холбогдох

"Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-ы давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б-ын Т- 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ш- Г- ХК-нд анх тогоочоор ажилд орсон. Гэтэл Б.Т- намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан, ажил тасалсан гэж үзээд Ш- Г- ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/224 тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ш- Г- ХК-ийн тогоочийн ажлаас хууль бусаар халагдсандаа миний бие маш их гомдолтой байна. Иймд Ш- Г- ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авахаар шүүхэд хандаж байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш- Г- ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/224 тушаалын хүрээнд л маргах ёстой. Энэ тушаалд юу гэж заасан бэ? гэхээр Т- нь бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан, ажил тасалсан тул ажлаас чөлөөллөө гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүйгүй аашлаагүй хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл дээр хөдөлмөрийг гэрээг цуцлах буюу дуусгавар болгох тухай заалтууд байгаа, энэ 10 заалтын алинд Т-гийн үйлдэл хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх заалтад компаний нийт ажилчид дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гээд 18 заалт байна. Үүний алийг нь Б.Т- зөрчөөд байгаа талаар бас тодорхойгүй байна. Удирдлагын бүрэлдэхүүн гэж хэнийг хэлээд байна вэ? энэ тодорхойгүй байна. Сахилгын зөрчил давтан гаргасан гээд байгаа. Гэтэл урьд нь энэ хүн ямар зөрчил гаргасан талаар нотлох баримт байхгүй байна. Иймд Ш- Г- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 сарын 18 -ны өдрийн Б/ 224 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,012,225 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ш- Г- ХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Б.Т- нь сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Ш- Г- ХК Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Ажлаас чөлөөлөх шийдвэр гарахад болсон үйл явдлыг үгүйсгэхгүй, харин ажлаас халагдсандаа гомдолтой байгаа юм байна гэж түүний тайлбараас ойлголоо.

Нэхэмжлэгч Б.Т- нь Ш- Г- ХК-д тогооч ажилтай хүн байсан. Нөгөө талаар тогооч хүн бол үйлчилгээний ажилтан юм. Б.Т- нь ажилчдын хурал дээр зохисгүй харилцаа хандлага гаргаж удирдлагыг үл тоосон, мөн 2019 оны 11 сарын 8-ны өдөр ажил тасалсан үйлдэл гаргасан байдаг. Ш- Г- ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйл, 11 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар захирах захирагдах ёсыг биелүүлдэггүй, ажил тасалсан үйлдлийг давтан гаргасан гэж үзээд түүний энэ үйлдлийг сахилгын зөрчил гэж үзсэн тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн Ш- Г- ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/224 тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Т-г Ш- Г- ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ш- Г- ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болон цалинд 4.012.225 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Нийгмийн даатгалын санд зохих ёсоор шимтгэлийг төвлөрүүлэхийг Ш- Г- ХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ш- Г-” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 79.146 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Ш- Г- ХК нэхэмжлэгч Б.Т-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдлуудад хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй тухай заасан.

Гэвч шүүх сахилгын давтан зөрчил гаргасныг үл харгалзан, ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна, ажил тасалсан тохиолдолд цалинг бууруулахаар хөдөлмөрийн дотоод журамд заасан байна, сахилгын зөрчлийн талаар нэхэмжлэгчээс тайлбар аваагүй байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж үзсэн.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ажлын байран дээр хэрүүл шуугиан үүсгэж, зохисгүй хандлага гаргаснаа хүлээн зөвшөөрч, тэвчиж болох байсан гэж мэдүүлж хүлээн зөвшөөрсөн, мөн энэ тухай шууд дээд шатны удирдах албан тушаалтнуудын тайлбар ирүүлсэн ба түүний үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчил мөн юм. Түүнчлэн 2019 оны 11-р сарын 8-ны өдөр ажил тасалсан болох нь зохигчдын тайлбар болон ирцийн бүртгэлээр тогтоогдсон. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй ба энэхүү эрхээ хэрэгжүүлснийг ямар ч нотлох баримт, хууль зүйн үндэслэлгүйгээр буруутгасан нь шүүх хэт өрөөсгөл дүгнэлт хийж үндэслэлгүй шийдвэр гаргасныг илэрхийлнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн гарсан тул үндэслэл бүхий байх Хөдөлмөрийн тухай хуулийг талуудын хооронд үүссэн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан хэлэлцэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй учир хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т- ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилдаа буцаан тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд хандаж гомдол гаргажээ.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Б.Т-гийн нэхэмжлэлийн дээрх шаардлага дээр өмгөөлөгч шүүх хуралдаанд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагыг нэмэгдүүлжээ. Шүүх дүгнэлтийн хэсэгтээ “тушаалыг хүчингүй болгох” ...шаардлага гаргажээ гэж дурдсан боловч энэ шаардлагыг шийдвэрлээгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах түүнийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж багасгах эрх  нь хуулиараа зөвхөн нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчид оногдох эрх юм, харин хууль зүйн туслалцааг гэрээний үндсэн дээр үзүүлэх хуралдааны оролцогч өмгөөлөгчид зохигчийн хуулиар эдлэх энэ эрхийг эдлэхгүй.

Иймд өмгөөлөгчийн тайлбарт дурдсаныг нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэсэн нь буруу юм.

Анхан шатны шүүх  хэргийг зөв шийдвэрлэжээ.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шалтгаан  нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд нийцэж байх ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үйл баримт нь тогтоогдсон байхаас гадна сахилгын зөрчилд тус хуулийн 131 дүгээр зүйлд заасан ажлаас халах шийтгэл оногдуулахдаа  шийтгэлийн төрөл нь гэм буруу, зөрчлийн шинж чанарт  тохирсон байх ёстой.

Ажилтан ажлаас халах тухай тушаал буруу гарсан гэж үзээд энэ талаар шүүхэд гомдол гаргасан тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч тал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалынхаа хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар шүүхэд нотлох үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн заалтуудыг хэрэглэх үндэслэл, журмын талаар ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамдаа болон ажилтантай байгуулсан гэрээндээ тодорхой дурджээ.

Тухайлбал сахилгын ямар зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг байгууллага санаачлан цуцлах талаар хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд Б.Т-гийн бусадтай зүй бус харьцсан гэх үйлдэл болон, нэг өдрийн ажил тасалсан зөрчил хамаарахгүй байна.             

Иймд хөдөлмөрийн гэрээ болон сахилгын зөрчил гаргасан ажилтанд уг зөрчилд нь тохирсон арга хэмжээ авах тухай  Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1,  11.8-д нийцээгүй байгаагаас гадна ажил олгогч тус журмын 11.4-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хөдөлмөрийн сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн факт болохын хувьд ажил олгогч түүнийг шалгаж тогтоосон, зөрчил гаргагчийн тайлбарыг авсан, хурлаар хэлэлцүүлсэн байх шаардлагатай бөгөөд тухайн зөрчил ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй нийцүүлж байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байх  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийн, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан агуулгад нийцнэ.

Хариуцагчийн сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан гэх үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх анхааралдаа аваагүй гэсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 79.146 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

                                                      ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ