Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00010/и

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг ... сум ... бар ... байр ...тоотод оршин суух М овгийн Б-ын Т /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... гол сум, “Ш” ХК-д холбогдох,

 

"Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Б-ын Т 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ш ХК-нд анх тогоочоор ажилд орсон. Гэтэл Б.Т намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан, ажил тасалсан гэж үзээд Ш ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ш ХК-ийн тогоочийн ажлаас хууль бусаар халагдсандаа миний бие маш их гомдолтой байна. Иймд Ш ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авахаар шүүхэд хандаж байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... тушаалын хүрээнд л маргах ёстой. Энэ тушаалд юу гэж заасан бэ? гэхээр Т нь бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан, ажил тасалсан тул ажлаас чөлөөллөө гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүйгүй аашлаагүй хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл дээр хөдөлмөрийг гэрээг цуцлах буюу дуусгавар болгох тухай заалтууд байгаа, энэ 10 заалтын алинд Т-гийн үйлдэл хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх заалтад компаний нийт ажилчид дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гээд 18 заалт байна. Үүний алийг нь Б.Т зөрчөөд байгаа талаар бас тодорхойгүй байна. Удирдлагын бүрэлдэхүүн гэж хэнийг хэлээд байна вэ? энэ тодорхойгүй байна. Сахилгын зөрчил давтан гаргасан гээд байгаа. Гэтэл урьд нь энэ хүн ямар зөрчил гаргасан талаар нотлох баримт байхгүй байна. Иймд Ш ХК-ийн  гүйцэтгэх захирлын 2019 оны 11 сарын 18 -ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож,  тогоочийн  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,012,225 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ш ХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Б.Т нь сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Ш ХК Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Ажлаас чөлөөлөх шийдвэр гарахад болсон үйл явдлыг үгүйсгэхгүй, харин ажлаас халагдсандаа гомдолтой байгаа юм байна гэж түүний тайлбараас ойлголоо.

Нэхэмжлэгч Б.Т нь Ш ХК-д тогооч ажилтай хүн байсан. Нөгөө талаар тогооч хүн бол үйлчилгээний ажилтан юм. Б.Т нь ажилчдын хурал дээр зохисгүй харилцаа хандлага гаргаж удирдлагыг үл тоосон, мөн 2019 оны 11 сарын 8-ны өдөр ажил тасалсан үйлдэл гаргасан байдаг. Ш ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйл, 11 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар захирах захирагдах ёсыг биелүүлдэггүй, ажил тасалсан үйлдийг давтан гаргасан гэж үзээд түүний энэ үйлдлийг сахилгын зөрчил үзсэн тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн Ш ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч  Б.Т  Ш ХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019 оны 11 сарын 18-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож, тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 4,012,225 төгрөгийн олговор гаргуулах, тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т, түүний  өмгөөлөгч С.Чинбат нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... хариуцагч тал Б.Т-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэлд хамаарахгүй байгаа тул тушаал хууль зүйн үндэслэлгүй...” гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “... Б.Т байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд тус тушаал хууль зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч  Б.Т  нь Ш ХК- д 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд орж гүйцэтгэх захирлын 2019 оны 11 сарын 18-ны өдрийн б/224 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, “Компанийн дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.3, 12 дугаар зүйлийн 12.1-а дахь заалтыг үндэслэн  “ажлын байран дээр удирдлагын бүрэлдэхүүнтэй ёс зүйгүй авир гарган бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргаж, ажил тасалсан гэснээр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. / хэргийн 6 дугаар хуудас /

Нэхэмжлэгч Б.Тгийн тайлбараар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий захирал, хэлтсийн дарга оролцсон үзлэгээр тус хувьцаат компанийн цайны газрын ажилчидтай уулзан, ярилцаж байх үед ХАБЭАХ-ын дарга Т.Ш, Б.Т нарын  хооронд маргаан үүсэж, өнөөдрөөс ажлаас нь хална гэхэд нь 11 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа ирээгүй гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Компанийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1.2-т заасан ажлын байрандаа ёс зүйтэй байх  “дүрмийг сахиагүй, удирдлагыг хүндэтгээгүй нь бусад ажиллагсадад буруу дууриалал үзүүлсэн, ажлаас чөлөөлөх шийдвэр гараагүй байхад ажилдаа ирээгүй, тайлбараар 2 хүний хооронд үүссэн маргаан мэт боловч компанийн байранд ёс зүйгүй үйлдэл гаргасан, ажил тасалсан гээд зөрчлийг давтан гаргасан байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ш ХК, Б.Т нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т ажилтан компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэжээ.

Дээрхи гэрээнд талууд хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой үндэслэлийг 4.3-т  тодорхойлжээ.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Б.Т-г “ажлын байран дээр удирдлагын бүрэлдэхүүнтэй ёс зүйгүй авир гарган бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргаж, ажил тасалсан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь гаргасан үйлдэлд тохирохгүй байна.

Тухайлбал 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий захирал, хэлтсийн дарга оролцсон үзлэгээр тус хувьцаат компанийн цайны газрын ажилчидтай хийсэн уулзалт, ярилцлагын үеээр гарсан санал, шүүмжлэл, авсан арга хэмжээний талаар зохих ёсоор тэмдэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2-т зааснаар “ажилтан бүр мөр зэрэгцэн ажиллаж буй нөхдөө хүндэтгэж, ажлын байрандаа нөхөрсөг, нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлэн мэргэжлийн төвшинд шударга хамтран ажиллана”, 5.1.11 “хамтран ажиллаж буй нөхөдөө ёс суртахууны болон бусад хэлбэрийн дарамт, хүчирхийлэлд оруулахыг цээрлэнэ“ “10.1-д “ажлын байранд хэт чанга ярих, хараалын үг хэллэг хэрэглэх” гэсэнд Б.Т-гийн 11 дүгээр сарын 07-ны өдрийн үзлэгийн үеэр  гаргасан  зохисгүй үйлдлийг хамааруулан мөн  “журам”-ын Компанийн удирдлага зохион байгуулалт хэсэгт байгаа /2.1.13-2.1.18/ аль удирдлагаас өгсөн зүй ёсны үүрэг даалгавыг ажилтан Б.Т хэрэгжүүлээгүй, Б.Тгийн гаргасан үйлдэл ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.  

Мөн “журам”-ын 11.4-т сахилгын шийтгэл ногдуулахдаа гаргасан зөрчил, дутагдалын талаар ажилтнаас амаар, эсхүл бичгээр тайлбар авсан байна гэснээр ажилтан Б.Тгаас гаргасан зөрчлийн талаар тайлбар аваагүй байна.

Захирлын зөвлөлийн гишүүн Аж ахуй Үйлчилгээний хэсгийн  дарга Б.Б “порцын тогооч Б.Т нь удирдлагын тавьсан шаардлагыг эсэргүүцэн өөдөөс нь тайлбар тавьж хэрүүл маргаан үүсгэж, удирдлагын бүрэлдэхүүнийг үл тоосон мөн бусдын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй удаа дараа өөрийн дураар авирласан тул дотоод журмын 5.1 дэх заалтыг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” арга хэмжээг авч өгнө үү” гэх,    Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Т.Шын “ажилтан Б.Т нь хамт ажиллагсад болон харьцан ажилладаг үйлдвэрийн бага эмч нартай таарамж муутай, харьцааны учир дутагдалтай талаар удаа дараа сонсож байсан ба 2019 оны 11 дүгээр срад ХАБЭА-н 3 шатны үзлэгээр нийт 6 нэгжээр Ерөнхий захирал, хэлтсийн дарга нар, дотоод хяналтын ажилтан бид гуанзаар орж хоолны зааланд тогооч ажилчидтай уулзаж байхад миний бие “Жишээ нь ... бага эмч нартай үл ойлголцож муухай аашаа татаж ажиллах хэрэгтэй” гэж хэлэхэд “өөрсдийгөө хичээ, муухай аашдтайдаа би яасын, үг хэлж болохгүй юу гэхчилэн уур уцаар болж баахан зүйл ярьсан. Түүнийг нь Ерөнхий захирал болон Дотоод хяналтын Н нар хүчээр яриаг нь таслаж гуанзны арын хүлээн авалтын өрөөнд үзлэгийн бүрэлдэхүүн ахлах тогооч А-ийг байлцуулан хандлага харьцааны талаар дахин ярилцаж удирдлагаас тодорхой шийдвэр гаргана” гэсэн “тодорхойлолт”-ыг гаргаж байжээ. /хэргийн 28-29 дугаар хуудас/

Харьяалах нэгжийн дарга нь тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах талаар санал гаргаж болно гэснээр дээрхи хэлтсийн дарга нар Б.Т-гийн талаар гаргасан санал гэж үзвэл энэ саналыг хэдийд хэлэлцэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт биш байна.

Хэрэгт Б.Т 11 дүгээр сарын 08-ны өдөр ажил тасалсан болох нь өөрийх нь нэхэмжлэлд хавсаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн ажилтны цагийн гүйцэтгэлийн тайлан /хэргийн 5, 27 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ажил тасалсан үйлдлээ “удирдлага тухайн өдөр ажлаас халлаа” гэсэн учраас ажилдаа очоогүй гэж тайлбарлаж байгаа боловч зохих эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд эрхэлж байсан ажил, эд хөрөнгийг хэнд хүлээлгэж өгөх эсэх асуудлаар  удирдах албан тушаалтанд хандаагүй, ажлаа 11-ээс үргэжлүүлэн хийгээд 13-аар тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 11.8-д ажилтан 1 өдрийн ажил тасалсан үед 1-3 сар хүртэл сарын хөдөлмөрийн хөлсийг 20 хүртэл хувиар бууруулах хариуцлага тооцохоор заажээ.

Ш ХК-ийн 2 гүйцэтгэх захирлын 2019  оны 11 сарын 18-ны өдрийн ... дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын “ажлын байран дээр удирдлагын бүрэлдэхүүнтэй ёс зүйгүй авир гарган бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан” гэх үйлдэл тогтоогдоогүй тул түүнийг 1 өдрийн ажил тасалсан үйлдэлд авсан арга хэмжээ үндэслэлгүй байна.  

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх тайлбар нь дээрх хуульд заасан агуулгатай нийцэхгүй байна.

Мөн Б.Тг дээрх тайлбарт дурдсан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах талаар шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл болон бусад баримтууд хэрэгт авагдаагүй байхад ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Ш ХК-ийн  гүйцэтгэх захирлын нь  2019  оны  11  сарын 18-ны өдрийн ... дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Тг тус компанийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Тгийн сарын үндсэн цалин 680,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан 2018  оны 09  сарын 13-ны  өдрийн хөдөлмөрийн гэрээ, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлж байсан талаарх 17558 тоот нийгмийн даатгалын дэвтэр /хэргийн 9-10 дугаар хуудас/ дэх бичилт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор  4,012,225  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч Б.Тгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн тушаал нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан бөгөөд 11 дүгээр сарын 13-ны  өдрөөр тасалбар болгон холбогдох тооцоо хийхийг даалгасан, ажилтны цагийн гүйцэтгэлийн тайланд 13-аас хойш ажилласан өдөр бүртгэгдээгүй .

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т тус тус зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг Б.Тгийн ажлаас халагдсан өдөр гэж тооцож, энэ өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааг тоолох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Б.Тгийн   ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 2 621 881 төгрөг,   нэг өдөрт ногдох цалинг тооцоход  39.725  төгрөг /1 сарын дундаж цалин хөлс нь  873 960 , 1 өдөрт ногдох цалин 873 960 /21,5= 39 725  төгрөг/ гэж тооцож, ажилгүй байсан нийт  101 хоногийн хугацааны цалинд  4,012,225 төгрөгийн хэмжээгээр олговрыг тооцож, хариуцагч Ш ХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Б.Тгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, даатгалын санд зохих ёсоор шимтгэлийг төвлөрүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн   69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Тг  Ш ХК-ийн  тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ш ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох цалинд  4,012,225 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгосугай.           

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Нийгмийн даатгалын санд зохих ёсоор шимтгэлийг төвлөрүүлэхийг Ш ХК-д даалгасугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  Б.Т  нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 79,146 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор             Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОЮУНДАРЬ