Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00581

 

 

.....гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 02-ны 401 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлалтай,

.....гийн нэхэмжлэлтэй,

“.....” ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баатарын Туяа 2004.05.17-ны өдөр “.....” ХК-нд анх тогоочоор ажилд орсон. Гэтэл ..... намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан, ажил тасалсан гэж үзээд “.....” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.11.18-ны өдрийн №Б/224 тушаалаар 2019.11.13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. “.....” ХК-ийн тогоочийн ажлаас хууль бусаар халагдсандаа миний бие маш их гомдолтой байна. Иймд “.....” ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авахаар шүүхэд хандаж байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү. “.....” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.11.18-ны өдрийн №Б/224 тушаалын хүрээнд л маргах ёстой. Энэ тушаалд юу гэж заасан бэ? гэхээр ..... нь бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан, ажил тасалсан тул ажлаас чөлөөллөө гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүйгүй аашлаагүй хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл дээр хөдөлмөрийг гэрээг цуцлах буюу дуусгавар болгох тухай заалтууд байгаа, энэ 10 заалтын алинд .....гийн үйлдэл хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх заалтад компаний нийт ажилчид дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө гээд 18 заалт байна. Үүний алийг нь ..... зөрчөөд байгаа талаар бас тодорхойгүй байна. Удирдлагын бүрэлдэхүүн гэж хэнийг хэлээд байна вэ? энэ тодорхойгүй байна. Сахилгын зөрчил давтан гаргасан гээд байгаа. Гэтэл урьд нь энэ хүн ямар зөрчил гаргасан талаар нотлох баримт байхгүй байна. Иймд “.....” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.18-ны өдрийн Б/224 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,012,225 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч “.....” ХК-ийн итгэмжлэгд гарагжсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч ..... нь сахилгын зөрчлийг давтан гаргасан тул “.....” ХК Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Ажлаас чөлөөлөх шийдвэр гарахад болсон үйл явдлыг үгүйсгэхгүй, харин ажлаас халагдсандаа гомдолтой байгаа юм байна гэж түүний тайлбараас ойлголоо. Нэхэмжлэгч ..... нь “.....” ХК-д тогооч ажилтай хүн байсан. Нөгөө талаар тогооч хүн бол үйлчилгээний ажилтан юм. ..... нь ажилчдын хурал дээр зохисгүй харилцаа хандлага гаргаж удирдлагыг үл тоосон, мөн 2019.11.08-ны өдөр ажил тасалсан үйлдэл гаргасан байдаг. “.....” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйл, 11 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар захирах захирагдах ёсыг биелүүлдэггүй, ажил тасалсан үйлдлийг давтан гаргасан гэж үзээд түүний энэ үйлдлийг сахилгын зөрчил гэж үзсэн тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн “.....“ ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.11.18-ны өдрийн №Б/224 тушаалаар 2019.11.13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч .....г “.....” ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “.....” ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болон цалинд 4,012,225 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .....д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Нийгмийн даатгалын санд зохих ёсоор шимтгэлийг төвлөрүүлэхийг “.....” ХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ..... нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “.....” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 79,146 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 54 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 79,146 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь “.....” ХК нэхэмжлэгч .....г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасныг үл харгалзан, ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна, ажил тасалсан тохиолдолд цалин бууруулахаар заасан байна, нэхэмжлэгчээс тайлбар аваагүй байна, шийтгэлийн төрөл нь гэм буруу, зөрчлийн шинж чанарт тохирсон байх ёстой, сахилгын ямар зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг байгууллага санаачлан цуцлах тухай хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлүүдэд .....гийн бусадтай зүй бус харьцсан үйлдэл, нэг өдрийн ажил тасалсан зөрчил хамаарахгүй байна гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Эндээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг зөвхөн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй заалт мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэгт авагдсан зөрчил, түүний шинж чанарын талаарх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж үнэлснийг илтгэнэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ....., “.....” ХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019.11.18-ны өдрийн Б/224 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,012,225 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолд: “... .....гийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан давтан зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан байхад шүүх, уг заалтыг зөвхөн ноцтой зөрчил хамаарна гэж буруу тайлбарлан шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгуулна” гэсэн агуулга заажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

“.....” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.18-ны өдрийн Б/224 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр .....гийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан үндэслэлийг хариуцагч тайлбарлахдаа “бусдыг хэл амаар доромжилсон үйлдлийг давтан гаргасан, нэг өдрийн ажил тасалсан” гэжээ.

“.....” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.8-д “Ажилтан 1 өдрийн ажил тасалсан ... бол 1-3 сар хүртэл сарын хөдөлмөрийн хөлсийг 20 хувиар бууруулах” гэж зааснаас өөрөөр ноцтой зөрчилд тооцох, улмаар ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл гэж тохироогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн нэг нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж “ноцтой зөрчил” гэж тодорхойлон хэлэлцэн тохирсон нөхцөл байхыг шаардахаас гадна  уг зөрчил гарсан байх, мөн баримтаар тогтоогдсон байхыг ойлгоно.

Нэхэмжлэгч .....г “нэг өдрийн ажил тасалсан гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тухайн өдөр байгууллагын удирдлага ажлаас халлаа гэсэн учир очоогүй” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй мөн хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад зааснаас үзэхэд уг зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулахыг хэлэлцэн тохироогүй байна.

Түүнчлэн ажлын байран дээр удирдлагын бүрэлдэхүүнтэй ёс зүйгүй авир гарган, бусдыг хэл амаар доромжлох үйлдлийг давтан гаргасан гэх үйлдэл тогтоогдоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтанд үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38. 40 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Шүүх зохигчийн гаргаж өгсөн, баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

..... нь ажлаас халсан 2019.11.18-ны өдрийн Б/224 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэж үзнэ.

Шүүх .....гийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, эрх зүйн маргааныг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны 401 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 79,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                        ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

             Х.СОНИНБАЯР

              Д.ЦОЛМОН