Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 836

 

Э.Ж-гийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00517 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “СФ” ХХК,  “ХП” ХХК, “ХГ” ХХК-уудад холбогдох

Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117,67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “СФ” ХХК, “ХП” ХХК, “ХГ” ХХК нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ХП” ХХК,  “ХГ” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, О.Батжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа, Б.Даваажав, хариуцагч “ХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагч “ХГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал, гуравдагч этгээд “Шинэ их холдолт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХП” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн барьж байгаа төсөл болох Хүннү 2222 хороолол нь Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомж, барилгын норм стандартын дагуу баригдаж гүйцэтгэгдэж байгаа нь мөн хүн амьдрах ая тухтай орчин зэргийг бүрдүүлсэн байгаа зэрэг нь надад ихээхэн таалагдсан учир худалдан авахаар болсон. Орон сууц худалдан авах гэж байгаа тухайгаа найздаа хэлж борлуулалтын үнээс арай хямд үнээр худалдан авах боломжтой эсэхийг судалж үзэхэд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Атлас төвийн зүүн талд байрлах, 100 айл худалдааны төвийн 2 дугаар давхарт 09 тоотод байрлах “СФ” ХХК нь “ХП” ХХК-д барилгын материал нийлүүлж, бартераар авч байгаа байраа зарах гэж байгаа тухай олж мэдээд худалдан авахаар болж найзынхаа санал болгосны дагуу “ХП” ХХК-ийн эзэн Б.Чойжилсүрэнгийн найз гэх н.Батболдтой уулзаж түүнтэй хамт “СФ” ХХК-ийн захирал П.Ганцэгтэй уулзсан. “СФ” ХХК нь “ХП” ХХК-д барилгын материал нийлүүлж, төлбөр нь бэлэн болсон орон сууцнууд хүлээн авах тухай гэрээ хийснээ үзүүлж улмаар танайх байр худалдаж авах юм бол бид бараа материалаа үргэлжлүүлэн нийлүүлнэ чи асуудалгүй удахгүй ашиглалтад орох орон сууцнуудаас авч, байрандаа орно гэж хэлсэн. Энэхүү гэрээний дагу сонгон авах боломжтой байрнуудыг үзэж “СФ” ХХК-ийн захирал П.Ганцэгтэй хамт “ХП” ХХК дээр очиж уулзахад “СФ” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээ үнэн зөв гэдгийг баталж, намайг төлбөр тооцоогоо “СФ” ХХК-д өгч болно эднийх манайд бараа материал нийлүүлж хамтран ажиллаж байгаа нь үнэн, манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээгээ хийж, төлбөрийг “СФ” ХХК-д төлчих тэгээд удахгүй ашиглалтад орох байрнаас сонголтоо хийгээд гэрээгээ баталгаажуулаад байраа авч болно гэж хэлсэн тул миний бие итгэж, “ХП” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хотхоны 107 дугаар байрны 7 давхарт байрлах 7А тоотыг худалдаж авахаар сонгож, улмаар “СФ” ХХК, “ХП” ХХК нартай байрны үнийг тохирч зөвшилцсөний үндсэн дээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “ХП” ХХК-тай орон сууцны барилгыг захиалан бариулах тухай 107-7А дугаар бүхий гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “СФ” ХХК-тай орон сууцны төлбөр барагдуулах 8/3 дугаар бүхий хэлцлийг тус тус байгуулж орон сууцны нийт төлбөр болох 341.243.000 төгрөгийг гэрээний дагуу “ХП” ХХК-ийн зөвшөөрлөөр “СФ” ХХК-д шилжүүлж, орон сууц худалдан авах төлбөрийг 100 хувь буюу бүхэлд нь төлж барагдуулсан. Ингээд орон сууцаа хүлээж авах гэтэл үл ойлголцол үүсч улмаар “ХП” ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэлгүй орон сууц ашиглалтад орчхоод байхад хүлээлгэж өгөлгүй нэг жилийн хугацаа болж байна. Миний бие бүтэн нэг жил орчим хугацаанд хүлээсний эцэст нь бүхний учрыг олж, захиалсан байраа хүлээж авахаар 2018 оны 4 дүгээр сарын 21-нд Япон улсаас ирсэн цагаасаа хойш “СФ” ХХК-ийн захирал П.Ганцэг болон “ХП” ХХК-тай удаа дараа очиж уулзсан боловч удахгүй орон сууцыг чинь хүлээлгэж өгнө байж бай гэсэн тайлбаруудаа хэлж “ХП” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тухай “СФ” ХХК-ийн захирал П.Ганцэг нь хэлж хэд хэдэн нөхцөл байдлуудыг тайлбарлаж холбогдох баримтуудыг үзүүлж, өгсөн. Холбогдох баримтуудаас харахад хариуцагч “ХП” ХХК, “СФ” ХХК нарын хэн аль нь орон сууцыг хүлээлгэж өгөх үүргийг гэрээний дагуу хүлээж байгаа боловч үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, хохироож байна гэж үзэж байна. Иймд миний бие гэрээний үүргээ биелүүлж хариуцагч “СФ” ХХК, “ХП” ХХК нарт орон сууц худалдан авах төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцаа өмчлөлдөө шилжүүлэн авах бүрэн эрхтэй хэмээн үзэж байгаа учир орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 давхарт байрлах 7А тоот 117.67 мкв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж- миний өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч “СФ” ХХК, “ХП” ХХК нарт даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах үндэслэлээ “ХП” ХХК болон нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэж шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч болон “ХП” ХХК нар гэрээ байгуулсан бөгөөд 400.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлөхөөр тохиролцсон. Энэ үүргийг гэрээнээс харах юм бол хэдийгээр захиалан байгуулах гэрээ гэж байгаа боловч энэ үед барилга ашиглалтад орсон байсан. Гэрээний шинжээс харахаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байгаа юм. Шаардах эрх үүсэхийн тулд үнийг төлдөг, худалдагч эрхийн болон биет байдлын доголдолгүй зүйл шилжүүлэх үүргийг хүлээдэг. Яг одоогийн баримтаас харах юм бол байрны үнэ гэж төлбөр төлөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбараас үзэхээр “ХГ ХХК-ийн эзэн н.Чойжилсүрэнтэй түүний найзаар дамжуулж уулзсан. “СФ” ХХК-ийн бартерын байрыг авсан гэдэг. Энгийнээр харах юм бол тэр талаар яриад байгаа зүйлийг нотолсон зүйл байхгүй. “ХП” ХХК өөрөө байр борлуулдаг компани. Тэгэхээр манайх 400.000.000 төгрөгийн байрыг 341.000.000 төгрөгөөр зарах хүсэл зориг байхгүй юм. Э.Ж-, “СФ” ХХК нарын хооронд ямар гэрээ хийгдсэн гэдгийг мэдэхгүй. Тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Э.Ж-гийн байгуулсан төлбөр барагдуулах тухай хэлцэл гээд гэрээ байдаг. Тус гэрээг харахаар тухайн үед “ХП” ХХК-ийн эзэмшилд байсан, одоо нэхэмжлэгчийн нэхээд байгаа байрыг гуравдагч этгээд ашиглаж байгаа. 2017 оны 8 дугаар сарын 16-ны үед манай компаний эзэмшилд байсан байрыг “СФ” ХХК, “ХГ” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр шилжүүлж авах ёстой. Ингээд цааш нь зарна гэсэн эрх байгаагүй байна. Хуульд заасан төлбөрийг төлөх шаардлагыг хангаагүй, аливаа эд хөрөнгийг худалдан борлуулж байгаа бол өмчлөгч байхыг шаардаж байгаа. Иргэний хуулийн 111-т заасан хуулийн шаардлага зөрчөөд өмчлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан байгаа учраас энэ гэрээг үндэслэж “Сант”фасад ХХК-д төлсөн Э.Ж-гийн төлбөрийг “ХГ” ХХК-д төлснөөр “ХП” ХХК-аас шаардаад байгаа нь үндэслэлгүй юм. “СФ” ХХК-д үнэхээр төлсөн эсэхийг тайлбарлах нь зүйтэй байх. 400.078.000 төгрөгийн үнэтэй 117,67 мкв талбай бүхий байр юм. 341.243.000 төгрөгийг тэр гэрээний дагуу төлөх ёстой гэж яриад байгаа юм. 58.835.000 төгрөгийн зөрүүтэй байгаа. Тухайн үед 400.078.000 төгрөгийн үнийн дүнтэй “ХП” ХХК-ийн байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өмчлөгч биш этгээдэд төлсөн үнийн дүнг биднээс нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ байрыг авах гээд байгаа юм бол тохиролцсоны дагуу үнийн төлчхөөд үүргийн гүйцэтгэлийг шаардах боловч төлсөн зүйл байхгүй байж шаардах эрхгүй юм. Өнөөдрийг хүртэл “ХГ” ХХК-д Э.Ж-гийн байрыг шилжүүлж өг гэсэн хүсэлт ирүүлээгүй байгааг нь төлбөрөө бүрэн төлөөгүй юм байна гэж хараад байгаа юм. Хавтас хэрэгт “ХГ” ХХК болон “СФ” ХХК нарын хооронд байгуулсан бараа материал нийлүүлэх тухай гэрээ 1.994.656.400 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэхүйц төлбөрийг 100 хувь бартераар авна гэж заасан байгаа. Энэ барааг хэзээ нийлүүлэх вэ гэхээр 6 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл бараа материал нийлүүлэх ёстой гэж тохирсон. Энэ үүргийг “СФ” ХХК манай өмнө хүлээсэн. Энэ үүргийг биелүүлэхийн тулд хэнээс зээл авсныг шалгах үүрэг “ХГ” ХХК-д байхгүй. Цаг хугацааны хувьд тооцоо нийлсэн баримтыг үндэслээд Э.Ж-д П.Ганцэг нь манайд нийлүүлэх ёстой байсан, өөрийн нийлүүлсэн барааны баримтыг танай мөнгөөр нийлүүлсэн юм гэсэн үндэслэлгүй тайлбар, нотлох баримтыг гаргаж өгснөөр манайд төлсөн гэж андуураад байна. Нийлүүлсэн бараа материалын өртгийг “ХГ” ХХК-д бараа авах саналыг тавиад манайхаас байраа авчихсан. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “ХГ” ХХК болон “СФ” ХХК тооцоо нийлсэн байгаа юм. Ингэж тооцоо нийлэхдээ 400.000.000 төгрөгийн бараа нийлүүлэлгүйгээр асуудал дууссан. 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдөр тооцоо нийлээд нийлүүлсэн бараа материалдаа байраа авсан “СФ” ХХК, Э.Ж-гийн хүсэлтээр тооцоо нийлснээс хойш 20 хоногийн дараагаар “ХГ” ХХК гэсэн нэртэйгээр байрыг Э.Ж-д шилжүүлж өгнө үү гэсэн бичгийг Э.Ж-д гаргаж өгсөн байгаа юм. Үнэхээр энэ бичгийг манайд өгсөн бол тэрийгээ нотлох ёстой. Гэтэл энэ бичгүүд зөвхөн Э.Ж-д байгаад юм. Тооцоо нийлсэн учраас бидэнд ийм бичиг хүргүүлээгүй юм. Хэний буруутай үйл ажиллагаанаас болоод хохироод байгаа юм бэ. П.Ганцэг гэдэг хүний хувийн данс руу мөнгө шилжүүлснээс биш “СФ” ХХК-ийн данс руу мөнгө хийгээгүй байна. Түүнээс биш “ХП” ХХК-д ямар ч хамааралгүй. “ХП” ХХК-ийн зүгээс бараа материал нийлүүлэх гэрээг байгуулаагүй. “ХГ” ХХК-д нийлүүлсэн барааны үнийг манайхаас нэхэх нь шударга бус байна. Тиймээс шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бол манай “ХГ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан байна. “Хурд групп” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Э.Ж-д 107/7а тоот орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг хүлээгээгүй. Гэрээ болон хуулиар хүлээсэн үүрэг байхгүй. Нэхэмжлэгч Э.Ж- орон сууцны эрхийг шилжүүлэн өгөхийг шаардах эрх байхгүй. Манайх “СФ” ХХК-аас авсан барааны төлбөрт тооцуулж “ХП” ХХК-д хандаад бартераар “СФ” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хариу төлбөрөө төлсөн нь тодорхой байгаа. Ингээд бид “СФ” ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний дагуу үүргээ биелүүлж акт үйлдсэн байгаа. “СФ” ХХК харин манай өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй, гэрээ дуусгавар болсон. Дуусгавар болсон гэрээний дагуу бусадтай байгуулсан гэрээний үүргийг манайхаас биелүүл гэж шаардаад байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь “СФ” ХХК-тай гэрээ байгуулсныг үндэслээд биднээс шаардаж байгаа. Тэгэхээр “СФ” ХХК бусдын хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах этгээд биш юм.  “СФ” ХХК-д мөнгө төлөөгүй П.Ганцэгийн дансанд мөнгө шилжүүлсэн байсан. Шаардах эрхийг шилжүүлэн өгсөн зүйл байхгүй байгаа юм. Маргалдаж байгаа байр өөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байгаа. Энэ айл нь өмчлөх эрхээ бүртгүүлэх гэхээр шүүх захирамжаар бүртгэх эрхийг түдгэлзүүлсэн. “СФ” ХХК-тай байгуулсан гэрээгээр бол “СФ” ХХК гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн ямар нэг үүргийг манайх хүлээнэ гэсэн заалт байхгүй юм. Бидэнд төлбөр төлсөн ямар ч баримт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус юм. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Шинэ их холдолт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХГ” ХХК-тай 2018 оны 4 сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний нийт үнийн бараа материалыг манайх нийлүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 1.283.033.500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлж гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж тооцоо нийлэх акт үйлдсэн байгаа. Гэрээний 3.1-т зааснаар худалдан авагчийн төлбөрийг 100 хувь бартераар барагдуулна гэсний дагуу 3.3-т зааснаар маргаан бүхий байрыг “ХП” ХХК-тай захиалгын гэрээ байгуулж эзэмших эрх үүссэн. Манай компани нь гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусмагц эрхээ хэрэгжүүлэх үүднээс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “ХП” ХХК-тай орон сууцны барилга захиалгын гэрээ байгуулсан. 400.078.000 төгрөгийн байрыг 400.000.000 төгрөгт тооцоод эрхээ хэрэгжүүлсэн боловч улсын бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 12750 дугаар захирамжаар бүртгэл хийхгүй байхаар хориг тавьсан байсан. Энэ байдлаас болоод маргаан бүхий байрыг манайх шилжүүлж авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бидний хувьд гэрээгээ биелүүлж байраа авсан. Маргаан бүхий байрыг гуравдагч этгээд нь 2018 оны 6 сараас хойш шударгаар эзэмшиж байгаа учир эзэмших, өмчлөх боломжтой эсэх талаар дүгнэлт хийх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 250 дугаар зүйлийн 250.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “СФ” ХХК, “ХП” ХХК, “Хурдрупп” ХХК нарт даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.865.000 төгрөгөөс /341.243.000 төгрөгт ногдох/ 1.864.165 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 835 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч “СФ” ХХК-иас 621.388 төгрөг, “ХГ” ХХК-аас 621.388 төгрөг, “ХП” ХХК-аас 621.388 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Ж-д олгож, Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ/2018/12750 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн “ХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, “ХГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Ж-гаас нэгч төгрөг аваагүй ба түүнтэй эрх зүйн харилцаанд ороогүй болно. Э.Ж-гаас “ХГ” ХХК, “ХП” ХХК нь маргаан бүхий 107 дугаар 7А тоот 4 өрөө орон сууцны үнэд нэг ч төгрөг аваагүй болно. Э.Ж-гийн нэхэмжлэлийг хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний найз Г.Отгонбаярыг гэрчээр асуусан мэдүүлэг нь хэрэгт цугларсан ямар бичгийн баримттай холбогдохгүй. Нэхэмжлэгч Э.Ж- хариуцагч “ХП” ХХК-аас 400.078.000 төгрөгөөр байр худалдан авахаар тохиролцсон иймээс худалдан авч байгаа байрныхаа үнийг бүрэн төлсний дараа шаардах ёстой. Гэтэл “СФ” ХХК-д төлсөн гээд 341.243.000 төгрөг нь “ХГ” ХХК, “ХП” ХХК-д төлөгдөөгүйн дээр зөрүү 58.835.000 төгрөг аль ч хариуцагчид төлөгдөөгүй байгааг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй. Нэхэмжлэгч Э.Ж- хариуцагч “СФ” ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл гэж нэрлэсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн шинжийг бүрэн агуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байхад энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч нь “СФ” ХХК-тай гэрээ байгуулсан байх боловч “СФ” ХХК-д нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд иргэн Ц.Ганцэг гэх хүнийн Хаан банкны 5749319633 тоот дансанд шилжүүлсэн байдаг. “ХГ” ХХК 2017 оны 6 дугаар сарын 27-ны ХГ/2017/06/27 дугаар Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг “СФ” ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр “ХГ” ХХК барилгын гадна фасадны материалыг “СФ” ХХК-аас худалдан авах, худалдан авсан барааны үнэд байр өгөхөөр тохиролцсоны дагуу фасадын материалаа авч, материалын үнэд тохирсон байруудыг шилжүүлэн өгч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн байдаг. Иймээс дахин 400 780 000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцыг “СФ” ХХК-д өгөх үүрэг байхгүй юм. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “СФ” ХХК-аас “ХГ” ХХК-д хаягласан 2018 оын 6 дугаар сарын 20-ны өдрийн 18/02 тоот албан бичгийг хавсаргасан байдаг. Гэвч энэ албан бичиг нь “СФ” ХХК, “ХГ” ХХК-тай тооцоо нийлсэн өдрөөс хойш 20 гаруй өдрийн хойно огноологдсон болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл “СФ” ХХК, нэхэмжлэгч Э.Ж- нар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориудаар хуурамчаар үйлдсэн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүухэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч 400.078.000 төгрөгөөс тооцож 2.158.340 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмждэгч шүүхэд итэхэмжлэл гаргахдаа 1.865.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-д заасныг зөрчиж иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүухэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Ж- нь хариуцагч “ХП” ХХК, “ХГ” ХХК, “СФ” ХХК нарт холбогдуулан орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан.

 Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч Б.Түмэнцэцэгийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж гараагүй, албажуулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

 Иймд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

 Нөгөө талаар нэхэмжлэгчийн тодорхойлсон 3 хариуцагч тус бүрт холбогдуулж аль гэрээний үндсэн дээр хэнд нь ямар шаардлага гаргаж байгааг шүүх тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг  давж заалдах шүүхээс өөрчлөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Э.Ж- нь маргааны зүйл болсон орон сууцны үнэд 400.078.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “ХП” ХХК-тай байгуулсан бол “СФ” ХХК-тай мөн өдөр 341.243.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэрээг байгуулсан  байдаг ба нэхэмжлэгчийн “ХП” ХХК-д төлөх төлбөрийг “СФ” ХХК нь нэхэмжлэгчийн өмнөөс бараа бүтээгдэхүүнээр төлөх талаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шаардах эрх шилжүүлэх, өр шилжихтэй холбоотой хэлцэл хийгдээгүй тохиолдолд зөвхөн гэрч Г.Отгонбаярын мэдүүлэгт үндэслэн “СФ”    ХХК-д орон сууцны үнэ төлөгдсөнөөр “ХП” ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн  “ХП” ХХК-д төлөх 400.078.000 төгрөгийн дутуу 58.835.000 төгрөгийг хэн хариуцах нь тодорхой бус үлдсэнээс гадна тус бүртээ гэрээний харилцаанд оролцсон этгээдүүдийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжгүй байх  тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 158 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТЗОРИГ