Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 839

 

“ИБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00373 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ИБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МД” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11 260 400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй “ИБ” ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулах “МД”     ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Зоригтбаатар, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан  нар оролцов.

Нэхэмжлэгч “ИБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Зоригтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд 48мЗ хэмжээтэй усан сангийн зориулалттай цэвэр усны нөөцлүүр сав, 1 цагт 5тн ус зөөлрүүлж төмөргүйжүүлэх зориулалттай WS5000L/H төхөөрөмж болон 4kw-bih хүчин чадалтай LVR10-8 маркийн цэвэр усны өргөлтийн насос, ABB ACS510-07А4-4 давтамж хувиргагчийн хамт нийлүүлж суурилуулж өгөх гэрээг 35.500.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгуулсан юм. 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 17.750.000 төгрөгийг манай компаний ХААН банкин дах 5028195402 тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нь гэрээнд заасны дагуу БНХАУ-д FRP материалаар үйлдвэрлэсэн угсардаг усны нөөцлүүр савны материал, УМХЕГ-ын Төв лабораторын шинжилгээний бичиг болон өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлынхаа талаар зурган танилцуулга захиалагч талд тодорхой тайлбарлаж үзүүлэхэд захиалагч талд зөвшөөрч манай санал болгож буй БНХАУ -ийн Шандун мужийн Дөжоү хотын “Shandong Chuangyi Water Supply Equipment Co.,Ltd" компаний үйлдвэрлэж буй усны нөөцлүүр савыг сонгож байгаагаа мэдэгдэж гэрээнд гарын үсэг зурсан. Үүний дагуу 2019 оны 7 дугаар сарын 20 ны өдөр дээрхи ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд үүнийг хяналт тавьж байсан “МД” ХХК-ийн инженер Д.Болорхүүгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдоно. Ажил дууссаны дараа тус компаний инженер техникийн ажилчид газрын доорхи З метрийн гүнд шугам хоолой угсарч монтажлахдаа яг бороо ус олон хоногоор орж байх үед сул хайрган хөрстэй газар 48 м.кв усны нөөцлуур савны 1 өнцөгийн доорхи ул хөрсөнд нөлөөлөхөөр газар шорооны ажлыг хананд нь тулгаж хийгээд хөрсийг эргэж нягтруулж бэхжүүлж хүчитгээгүйн улмаас суулт өгч усны нөөцлүүр савны хана шаланд дифармац үүссэнээс ус алдаж савыг дахин засварлах, савны доорхи ул хөрсийг хүчитгэх зайлшгүй шаардлагатай болсон юм. Үүнийгээ “МД” ХХК нь инженер Д.Болорхүү болон захирал Д.Уранбаатар, н.Дэлгэрбаяр нар нь манай компанийг буруутай болгох гэж нэг хэсэг зүтгүүлж байснаа болиод Д.Уранбаатар нь манай компаниар нөөцлүүр савыг 2.000.000 төгрөгөөр дахин засварлуулахаар санал тавьж тохиролцсон боловч заавал урьдчилж 3 жилийн баталгаа гаргуулж авч байж хийлгэнэ гэж бодит амьдралд нийцэхгүй ямар ч хүн хүлээн зөвшөөрөхгүй тулгасан шаардлага тавьсан юм. Тохиролцоонд хүрээгүй мэт байдал үүсгэж манай компанийг буруутай мэт харагдуулах гэж үзэж үлдэгдэл 10.750.000 төгрөгийг өгөхгүй байх арга заль гаргаж байна. Мөн дахин дуудлагаар очиход (Улаанбаатараас Хэнтий аймгийн Биндэр суманд очиход) 4 хүний томилолтын зардал 204.884 төгрөг, тээврийн зардал 110.400 төгрөг, нийт 315.284 төгрөг нэмж нэхэмжлэхийн зэрэгцээ улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195.116,40 төгрөг, нийт 11.260.400 төгрөгийг “МД” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрхи засварын ажлыг хийхэд суултаас болж савны ул хавтангууд хагарч гэмтсэн байх магадлалтай, ямархуу гэмтэл гарсан нь тодорхойгүй байхад тулгаж урт хугацааны баталгаа гаргуулах гээд байгаа нь манай талд ямар ч ашиггүй бөгөөд хэрвээ нөөцлүүр саванд нэлээд гэмтэл гарч дахин бүрэн задалж угсрах, шинээр эвдэрсэн хавтангууд, жийрэг резинүүдийг солих хэрэг гарвал нэлээд хугацаа шаардсан, доод тал нь 6-7 сая төгрөгийн зардал гарч алдагдал хүлээх эрсдэлтэй юм. Иймд “МД” ХХК-д хуулийн хариуцлага тооцож иргэний хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэж манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МД” ХХК болон “ИБ” ХХК-уудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “Ирмүүнбартмат” ХХК нь Хэнтий аймгийн Биндэр сумын төвд 48 м.кв хэмжээтэй усан сангийн зориулалттай цэвэр усны нөөцлүүр сав, 1 цагт 5 тонн ус зөөлрүүлж төмөргүйжүүлэх зориулалттай WS5000L/H төхөөрөмж, 4KW-H хүчин чадалтай LVR10-8 маркийн цэвэр усны өргөлтийн насос, ABB ACS510-07A4-4 давтамж хувиргагч зэргийг нийлүүлж, автоматжуулалт, цахилгаан холболт, сантехникийн угсралтын ажлыг хийж, суурилуулж бүрэн хариуцахаар тохиролцож, харин захиалагч “Монгол дайвин” ХХК нь шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсний нийт төлбөр 35.500.000 төгрөг байхаар уг гэрээг байгуулсан юм. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийн дүн болон төлбөрийг хийх хугацааг тохирсон байх бөгөөд ийнхүү талууд тохиролцохдоо гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 17.750.000 төгрөгийг уг гэрээг байгуулсан өдөр урьдчилгаа хэлбэрээр гүйцэтгэгчийн дансруу шилжүүлэх, нийт төлбөрийн 30 хувь буюу 10.650.000 төгрөгийг гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийг дүгнэж, талууд ажлын акт үйлдсэнээр тухай бүрт нь YHSJ талын данс руу шилжүүлэх, төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 20 хувь буюу 7.100.000 төгрөгийг ажил дуусч улсын комисс ажилласны дараа актыг үндэслэн гүйцэтгэгч талын данс руу шилжүүлэхээр тус тус тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан төлбөрийн тохиролцооноос харахад тухайн гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэснээр талууд харилцан ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэнээр, уг гэрээний үнийн дүнгийн 80 хувийн төлбөр буюу 28.400.000 төгрөгийг захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид төлөхөөр, харин үлдэгдэл 20 хувийн төлбөрийг уг гэрээнд заасан ажлыг улсын комисс хүлээж авсны дараагаар уг улсын комиссын актыг үндэслэн олгохоор тохирсон тохиролцоо байгаа юм. Гэтэл өнөөдрийн байдлаар уг гэрээнд заасан ажлыг улсын комисс хүлээж аваагүй байгаа тул 20 хувь буюу 7.100.000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй байгаа юм.

Мөн нэхэмжлэгч “ИБ” ХХК нь гэрээний 80 хувийн төлбөр авах хэмжээний ажил буюу гэрээт ажлыг 100 хувь хийж гүйцэтгээгүй бөгөөд учир нь гүйцэтгэгч “ИБ” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасанчлан тухайн ажлыг захиалагч талд ажлын акт үйлдэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд мөн энэхүү хийж гүйцэтгэсэн гээд байгаа ажилтай холбоотойгоор доголдол илэрсэн тул тухайн үед нь бид засаж өгөхийг гүйцэтгэгч “ИБ” ХХК-аас удаа дараа шаардаж байсан боловч уг доголдлыг гэрээнд заасны дагуу арилгаж өгөх үүргээ биелүүлээгүй тул манай захиалагч “МД” ХХК-ийн зүгээс арга буюу “Сангийн гозгор” ХХК-тай гэрээ байгуулан уг “ИБ” ХХК-ийн ямар нэгэн доголдолгүйгээр 100 хувь хийж гүйцэтгэх ёстой байсан ажил дээр уг доголдлыг арилгахын тулд дахин нэмэлт 6.000.000 төгрөгийн зардал гаргаж, засварын ажлыг хийлгүүлсэн тул 80 хувийн төлбөрөөс дутуу олгогдсон байгаа гэх 3.650.000 төгрөгийг өгөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг иргэний хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МД” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гүйцэтгэгч “ИБ” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасанчлан тухайн ажлыг захиалагч талд ажлын акт үйлдэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд мөн энэхүү хийж гүйцэтгэсэн гээд байгаа ажилтай холбоотойгоор доголдол илэрсэн тул тухайн үед нь бид засч өгөхийг гүйцэтгэгч “ИБ” ХХК-аас удаа дараа шаардаж байсан боловч уг доголдлыг гэрээнд заасны дагуу арилгаж өгөх үүргээ биелүүлээгүй тул манай захиалагч “МД” ХХК-ийн зүгээс арга буюу өөр компанитай / “Сангийн гозгор” ХХК-тай / гэрээ байгуулан уг “ИБ” ХХК-ийн ямар нэгэн доголдолгүйгээр 100 хувь хийж гүйцэтгэх ёстой байсан ажил дээр уг доголдлыг арилгахын тулд дахин нэмэлт 6.000.000 төгрөгийн зардал гаргаж, засварын ажлыг хийлгүүлсэн юм. Иймд “ИБ" ХХК-аас уг гэрээт ажлын доголдол арилгасан зардал болох 6.000.000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “МД” ХХК-ийн инженер гэх Д.Болорхүү нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай компаний хийж гүйцэтгэсэн ажлыг өөрийн биеэр хүлээн авч акт үйлдэн компанидаа цахим шуудангаар энэ тухайгаа хүргүүлсэн байдаг. Гэрээний үүрэгт зааснаар манай компани 3 жилийн баталгаа гаргаж өгсөн учраас манай суурилуулсан нөөцийн сав болон бусад суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг манай компаний зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн засвар үйлчилгээ, суурилуулсан нөөцийн савны ойролцоо газар шорооны ажил хийх ёсгүй. Хэрвээ зөвшөөрөлгүй хийсэн тохиолдолд “МД” ХХК нь өөрөө гарч болох эрсдэлийг шууд үүрэх ёстой. Учир нь 48 м3 багтаамжтай усны нөөцийн сав нь усаар дүүргэсэн нөхцөлд асар их даралтыг савны ул хөрсөнд үзүүлдэг. Гэтэл тус компаний хүмүүс манай талд мэдэгдэлгүйгээр дур мэдэн суурилуулсан саванд тулгаж 3 метрийн гүнтэй газар ухсанаас саванд суулт өгч, гажилт үүссэнээс ус алдах. шүүрэх нөхцөлийг бий болгосон. Энэ тухай газар дээр нь очиж магадлан судлаж үзээд “МД” ХХК-ийн удирдлагуудад өөрсдийнх нь буруутай болохыг албан ёсоор танилцуулж, засварлах ажлыг 2.000.000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр албан бичиг өгч байсан. “МД” ХХК нь өөрийн гэсэн мэргэшсэн, туршлагатай ажиллах боловсон хүчин байхгүйгээс ийм том ажлыг хууль бусаар авчхаад хийж чадахгүй 2014 оноос хойш одоог хүртэл гүйцэтгэл дуусаагүй байгаа. Иймд уг сөрөг нэхэмжлэлийг манай компани хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ИБ” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11.260.400 төгрөг гаргуулах, “ИБ” ХХК-аас 6.000.000 төгрөг гаргуулах “МД” ХХК-ний сөрөг болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ИБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 195.116 төгрөг, хариуцагч “МД” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрч Д.Болорхүү нь өөрийгөө хамгаалсан худал мэдүүлгүүдийг өгсөн болохоор нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Учир нь Д.Болорхүү нь уг ажлыг анхнаасаа тохиролцож, хариуцаж хийлгээд хүлээж авсан инженер нь юм. Энэ талаар баримтжуулсан фото зургийг хавтаст хэрэгт хавсаргасан болно. Тухайн үед Д.Болорхүүгээс өөр "МД" ХХК-нийг төлөөлж ажил хүлээж авч комисст орж акт үйлдэх хүн байгаагүй. Гэрээний үүрэгт насоснуудыг төвийн шугам болон худагтай холбоно гэж тусгаагүй. Хамгийн гол нь та нар яаж ийж байгаад холбож өгөөч гэсэн "Монгол  дайван" ХХК-ний инженер Д.Болорхүүгийн гуйлтыг биелүүлж 2 худгийг төвийн сүлжээний    насосонд бүрэн холбож өгч улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон ба Д.Болорхүү ч хэлснээрээ актаа үйлдэж явуулсан бөгөөд уг актыг үндэслэж гэрээнд заасны дагуу 10.650.000 төгрөг шилжүүлэх байснаас 7.000.000 төгрөгийг маиай компанийн дансанд шилжүүлсэн. Д.Болорхүүгийн актыг ажил хүлээн авснаар тооцлоо гэсэн учраас манай тал комисс гаргаж тамга тэмдэгтэй акт үйлдэх шаардлагагүй болсон юм. Захиалагч талаас ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч гэрээний үүргийн дагуу мөнгөө шилжүүлсэн.     Гэрч гэх Д.Болорхүүгийн шүүхэд өгсөн худал мэдүүлгүүдийг шалгуулж, нотлох баримт болгож өгсөн фото зургуудийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч “ИБ” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 10.750.000 төгрөг, томилолт, шатахууны зардал 315.284 төгрөг, нийт 11.065.284 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, доголдлыг арилгахтай холбогдсон зардал 6.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр “ИБ” ХХК нь Хэнтий аймаг Биндэр сум Сум төсөл-ийн хүрээнд хийгдэж буй цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажлыг гүйцэтгэх, үүнд: ЕРR угсардаг 48 м3  ундны усны нөөцийн сав, цэвэр усны өргөлтийн 2 насос, цахилгаан соронзон болон ердийн ус зөөлрүүлэлтийн ажлыг автоматжуулалтын хамт, цахилгаан холболт, сантехник угсралт зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, “МД” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч гэрээнд заасан ажлын хөлс 35.500.000 төгрөгийг төлөхөөр  тохиролцжээ. /хх-ийн 5-9/

Мөн гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 17.750.000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр гэрээ байгуулсан өдөр, 30 хувь буюу 10.650.000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг дүгнэж, талууд ажлын акт үйлдсэнээр, 20 хувь буюу 7.100.000 төгрөгийг ажил дуусч улсын комисс ажилласны дараа актыг үндэслэн тус тус төлөхөөр тохиролцсон ба хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 24.750.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон,  энэ талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт  заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь  гэрээнд заасан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн  гэж, хариуцагч нь тухайн ажлыг захиалагч талд акт үйлдэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй гэж  маргасан.  

Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэж хариуцагч байгууллагын ерөнхий инженер Д.Болорхүүд  хүлээлгэн өгч, 2019 оны 8 дугаар сарын 07-ний өдөр Д.Болорхүү “...тус компаний гүйцэтгэсэн цэвэр усны нөөцийн савны ажил бүрэн дуусч 100% хийгдсэн. ...гэрээний 3.1.3-т заагдсаны дагуу 20 хувийг улсын комисс ажиллаж дууссаны дараа олгох ба үлдэгдэл төлбөрийг тус компаний дансанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...”  гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг нэхэмжлэгчид гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Н.Зоригтбаатарын цахим шууданд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн ба уг үзлэгээр “Болорхүү Даваа” фэйсбүүк хаягаас Н.Зоригтбаатарын ibc[email protected] хаягт явуулсан файл нь нэхэмжлэлд хавсаргасан “...”ИБ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл...” гэсэн бичиг мөн байхаас гадна гэрч Д.Болорхүүгийн “...Би гүйцэтгэх захирал н.Уранбаатарт хэлэхэд дуусах дөхсөн бол чи бичиг хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд би гараар дууссан гэсэн бичиг бичиж өгсөн ...” гэх мэдүүлэг, хариуцагчаас ажлын хөлс 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул “МД” ХХК ажлыг хүлээн авсан гэж үзнэ.  /хх-ийн 10, 63-64, 130/ 

Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 10.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин дахин дуудлагаар очиход 4 хүний томилолтын зардал 204.884 төгрөг, тээврийн зардал 110.400 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт байхгүй, шатахуун худалдан авсан гэх баримт нь нэхэмжлэгчид хамааралтай болох нь тогтоогдоогүй тул хангахгүй.

Талуудын хооронд байгуулсан  ажил гүйцэтгэх гэрээгээр “ИБ” ХХК нь ЕРR угсардаг 48 м3  ундны усны нөөцийн сав, цэвэр усны өргөлтийн 2 насос, цахилгаан соронзон болон ердийн ус зөөлрүүлэлтийн ажлыг автоматжуулалтын хамт, цахилгаан холболт, сантехник угсралт зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон болохоос ундны усны нөөцийн савны гаднах барилгын ажил гүйцэтгэх талаар тохиролцоогүй тул улсын комисс ажилласны дараа актыг үндэслэн үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Шүүх хариуцагч байгууллагын ерөнхий инженер Д.Болорхүүгийн мэдүүлэгт үндэслэн  ажлын үр дүнг нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

ИБ ХХК-иас 6.000.000 төгрөг гаргуулахаар “МД” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажлын үр дүн доголдолтой байсан бол доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гэвч хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзсэн, “МД” ХХК-ний “ИБ” ХХК-д холбогдох 6.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар хариуцагч “МД” ХХК-аас 10 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ИБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 315 284 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХХК-аас 186 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ИБ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд “ИБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 116 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТЗОРИГ