Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/00373

 

 

 

 

 

 

 

                2020          02          04  

                                 181/ШШ2020/00373

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 9-р хороо ШХ-42-р гудамж 653в тоотод байрлах “Ирмүүн бармат” ХХК /РД:2823969/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5-р хороо JS tower, 8 давхар 802 тоотод  байрлах “Монгол Дайван” ХХК /РД:2791617/-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11,260,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй “Ирмүүн бармат” ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулах “Монгол Дайван” ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, гэрч Д.Болорхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2019 оны 07 сарын 01-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд 48мЗ хэмжээтэй усан сангийн зориулалттай цэвэр усны нөөцлүүр сав, 1 цагт 5тн ус зөөлрүүлж төмөргүйжүүлэх зориулалттай WS5000L/H төхөөрөмж болон 4kw-bih хүчин чадалтай LVR10-8 маркын цэвэр усны өргөлтийн насос, ABB ACS510-07А4-4 давтамж хувиргагчийн хамт нийлүүлж суурилуулж өгөх гэрээг 35,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгуулсан юм. 07-р сарын 02 -ний өдөр гэрээний үнийн дүнгийн 50% буюу 17,750,000 төгрөгийг манай компаний ХААН Банкин дахь 5028195402 тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нь гэрээнд заасны дагуу БНХАУ-д FRP материалаар үйлдвэрлэсэн угсардаг усны нөөцлүүр савны материал, УМХЕГ -ийн Төв лабораторын шинжилгээний бичиг болон өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлынхаа талаар зурган танилцуулга захиалагч талд тодорхой тайлбарлаж үзүүлэхэд захиалагч талд зөвшөөрч манай санал болгож буй БНХАУ -ийн Шандун мужийн Дөжоү хотын “Shandong Chuangyi Water Supply Equipment Co.,Ltd" компаний үйлдвэрлэж буй усны нөөцлүүр савыг сонгож байгаагаа мэдэгдэж гэрээнд гарын үсэг зурсан. Үүний дагуу 2019 оны 07 сарын 20 ны өдөр дээрхи ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд үүнийг хяналт тавьж байсан “Монгол Дайван “ХХК-ны инженер Д.Болорхүүгийн 2019 оны 08 сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдоно. Ажил дууссаны дараа тус компаний инженер техникийн ажилчид газрын доорхи Зм-н гүнд шугам хоолой угсарч монтажлахдаа яг бороо ус олон хоногоор орж байх үед сул хайрган хөрстэй газар 48мЗ усны нөөцлуур савны 1 өнцөгийн доорхи ул хөрсөнд нөлөөлөхөөр газар шорооны ажлыг хананд нь тулгаж хийгээд хөрсийг эргэж нягтруулж бэхжүүлж хүчитгээгүйн улмаас суулт өгч усны нөөцлүүр савны хана шаланд дифармац үүссэнээс ус алдаж савыг дахин засварлах, савны доорхи ул хөрсийг хүчитгэх зайлшгүй шаардлагатай болсон юм. Үүнийгээ “Монгол Дайван ХХК нь инженер Д.Болорхүү болон захирал Д.Уранбаатар, Дэлгэрбаяр нар нь манай компанийг буруутай болгох гэж нэг хэсэг зүтгүүлж байснаа болиод Д.Уранбаатар нь манай компаниар нөөцлүүр савыг 2,000,000 төгрөгөөр дахин засварлуулахаар санал тавьж тохиролцсон боловч заавал урьдчилж 3 жилийн баталгаа гаргуулж авч байж хийлгэнэ гэж бодит амьдралд нийцэхгүй ямар ч хүн хүлээн зөвшөөрөхгүй тулгасан шаардлага тавьсан юм. Тохиролцоонд хүрээгүй мэт байдал үүсгэж манай компанийг буруутай мэт харагдуулах гэж үзэж үлдэгдэл 10,750,000 төгрөгийг өгөхгүй байх арга заль гаргаж байна. Мөн дахин дуудлагаар очиход (Улаанбаатараас Хэнтий аймгийн Биндэр суманд очиход) 4 хүний томилолтын зардал 204,884, тээврийн зардал 110,400 нийт 315,284төгрөг /Манай компаний буруу биш учираас/ нэмж нэхэмжлэхийн зэрэгцээ улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195,116.40 нийт 11,260,400 төгрөгийг “Монгол Дайван” ХХК -аас гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрхи засварын ажлыг хийхэд суултаас болж савны ул хавтангууд хагарч гэмтсэн байх магадлалтай, ямархуу гэмтэл гарсан нь тодорхойгүй байхад тулгаж урт хугацааны баталгаа гаргуулах гээд байгаа нь манай талд ямар ч ашиггүй бөгөөд хэрвээ нөөцлүүр саванд нэлээд гэмтэл гарч дахин бүрэн задалж угсрах, шинээр эвдэрсэн хавтангууд, жийрэг резинүүдийг солих хэрэг гарвал нэлээд хугацаа шаардсан, доод тал нь 6-7 сая төгрөгний зардал гарч алдагдал хүлээх эрсдэлтэй юм.

Иймд “Монгол Дайван” ХХК-д хуулийн хариуцлага тооцож иргэний хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэж манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй “Ирмүүн Бармат” ХХК-н нэхэмжлэлтэй, “Монгол Дайвин" ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 11,260,400 төгрөг гаргуулах тухай гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Монгол Дайвин” ХХК-н зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байгаа болно.

“Монгол Дайвин” ХХК болон “Ирмүүн Бармат” ХХК-уудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “Ирмүүн Бартмат” ХХК нь Хэнтий аймгийн Биндэр сумын төвд 48мЗ хэмжээтэй усан сангийн зориулалттай цэвэр усны нөөцлүүр сав, 1 цагт 5тн ус зөөлрүүлж төмөргүйжүүлэх зориулалттай WS5000L/H төхөөрөмж, 4KW-H хүчин чадалтай LVR10-8 маркын цэвэр усны өргөлтийн насос, ABB ACS510-07A4-4 давтамж хувиргагч зэргийг нийлүүлж, автоматжуулалт, цахилгаан холболт, сантехникийн угсралтын ажлыг хийж, суурилуулж бүрэи хариуцахаар тохиролцож, харин захиалагч “Монгол Дайвин” ХХК нь шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд гэрээнд заасан ажлыг 100% хийж гүйцэтгэсний нийт төлбөр 35,500,000 төгрөг байхаар уг гэрээг байгуулсан юм. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийн дүн болон төлбөрийг хийх хугацааг тохирсон байх бөгөөд ийнхүү талууд тохиролцохдоо гэрээний үнийн дүнгийн 50% буюу 17,750,000 төгрөгийг уг гэрээг байгуулсан өдөр урьдчилгаа хэлбэрээр гүйцэтгэгчийн дансруу шилжүүлэх, нийт төлбөрийн 30% буюу 10,650,000 төгрөгийг Гүйцэтгэгч талын ажл^н гүйцэтгэлийг дүгнэж, талууд ажлын акт үйлдсэнээр тухай бүрт нь YHSJ талын дансруу шилжүүлэх, төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 20% буюу 7,100,000 төгрөгийг ажил дуусч Улсын комисс ажилласны дараа актыг үндэслэн Гүйцэтгэгч талын дансруу шилжүүлэхээр тус тус тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан төлбөрийн тохиролцооноос харахад тухайн гэрээнд заасан ажлыг 100% хийж гүйцэтгэснээр талууд харилцан ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэнээр, уг гэрээний үнийн дүнгийн 80%-н төлбөр буюу 28,400,000 төгрөгийг захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид төлөхөөр, харин үлдэгдэл 20%-н төлбөрийг уг гэрээнд заасан ажлыг Улсын комисс хүлээж авсны дараагаар уг Улсын комиссын актыг үндэслэн олгохоор тохирсон тохиролцоо байгаа юм. Гэтэл өнөөдрийн байдлаар уг гэрээнд заасан ажлыг Улсын комисс хүлээж аваагүй байгаа буюу уг хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой Улсын комиссын акт гарсан зүйл байхгүй байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийн графикт төлбөр болох 20% буюу 7,100,000 төгрөгийг хариуцагч “Монгол Дайвин” ХХК-н зүгээс нэхэмжлэгч “Ирмүүн Бармат" ХХК-т төлөх ямар ч үндэслэлгүй байгаа юм.

Мөн нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК нь гэрээний 80%-н төлбөр авах хэмжээний ажил буюу гэрээт ажлыг 100% хийж гүйцэтгээгүй бөгөөд учир нь гүйцэтгэгч “Ирмүүн бармат” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасанчлан тухайн ажлыг захиалагч талд ажлын акт үйлдэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд мөн энэхүү хийж гүйцэтгэсэн гээд байгаа ажилтай холбоотойгоор доголдол илэрсэн тул тухайн үед нь бид засаж өгөхийг гүйцэтгэгч “Ирмүүн бармат” ХХК-иас удаа дараа шаардаж байсан боловч уг доголдолыг гэрээнд заасны дагуу арилгаж өгөх үүргээ биелүүлээгүй тул манай захиалагч “Монгол Дайвин” ХХК-н зүгээс арга буюу өөр компанитай / “Сангийн гозгор” ХХК-тай гэрээ байгуулан уг “Ирмүүн бармат” ХХК-н ямар нэгэн доголдолгүйгээр 100% хийж гүйцэтгэх ёстой байсан ажил дээр уг доголдолыг арилгахын тулд дахин нэмэлт 6,000,000 төгрөгний зардал гаргаж, засварын ажлыг хийлгүүлсэн байгаа юм. Иймд “Ирмүүн бармат” ХХК-н нэхэмжлэлийн шаардлагад тусгаад байгаа 80%- ийн төлбөрөөс дутуу олгогдсон байгаа гэх 3,650,000 төгрөгийг ч мөн адил манай захиалагч “Монгол Дайвин” ХХК нь өгөх үндэслэлгүй бөгөөд тэр ч бүү хэл эсэргээрэй гүйцэтгэгч “Ирмүүн бармат” ХХК нь ажлыг 100% хийж гүйцэтгээгүйгээс болж, манай компани тухайн хийж гүйцэтгэсэн гэх ажлын доголдолыг арилгуулж, нэмэлт 6,000,000 төфөгний зардалыг гаргаж хохироод байгаа юм. Иймд манай “Монгол Дайвин” ХХК-н зүгээс тус шүүхэд гаргасан “Ирмүүн бармат” ХХК-н 11,260,400 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг иргэний хэргийг хуулийн дагуу үнэн зөвеөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тус шүүхэд хянагдаж буй “Ирмүүн Бармат” ХХК-н нэхэмжлэлтэй, “Монгол Дайвин” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 11,260,400 төгрөг гаргуулах тухай гэх нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байгаа болно. Монгол Дайвин” ХХК болон “Ирмүүн Бармат” ХХК-нуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “Ирмүүн Бартмат” ХХК нь Хэнтий аймгийн Биндэр сумын төвд 48мЗ хэмжээтэй усан сангийн зориулалттай цэвэр усны нөөцлүүр сав, 1 цагт 5тн ус зөөлрүүлж төмөргүйжүүлэх зориулалттай WS5000L/H төхөөрөмж, 4kw-h хүчин чадалтай LVR10-8 маркын цэвэр усны өргөлтийн насос, ABB ACS510-07A4-4 давтамж хувиргагч зэргийг нийлүүлж, автоматжуулалт, цахилгаан холболт, сантехникийн угсралтын ажлыг хийж, суурилуулж бүрэЭ хариуцахаар тохиролцож, харин захиалагч “Монгол Дайвин” ХХК нь шаардтапш хангасан ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээнд заасан ажлыг 100% хийж гүйцэтгэсний нийт төлбөр 35,500,000 төгрөг байхаар уг гэрээг байгуулсан юм. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийн|^Э болон төлбөрийг хийх хугацааг тохирсон байх бөгөөд ийнхүү талууд тохиролцохдоо гэрээний үнийн дүнгийн 50% буюу 17,750,000 төгрөгийг уг гэрээг байгуулс? өдөр урьдчилгаа хэлбэрээр гүйцэтгэгчийн дансруу шилжүүлэх, нийт төлбөрийн 30% буюу 10,650,000 төгрөгийг Гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийг дүгнэж, талууд ажлын акт үйлдсэнээр тухай бүрт нь үнэлэн Гүйцэтгэгч талын дансруу шилжүүлэх, төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 20% буюу 7,100,000 төгрөгийг ажил дуусч Улсын комисс ажилласны дараа актыг үндэслэн Гүйцэтгэгч талын дансруу шилжүүлэхээр тус тус тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан төлбөрийн тохиролцооноос харахад тухайн гэрээнд заасан ажлыг 100% хийж гүйцэтгэснээр талууд харилцан ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэнээр, уг гэрээний үнийн дүнгийн 80%-н төлбөр буюу 28,400,000 төгрөгийг захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид төлөхөөр, харин үлдэгдэл 20%-н төлбөрийг уг гэрээнд заасан ажлыг Улсын комисс хүлээж авсны дараагаар уг Улсын комиссын актыг үндэслэн олгохоор тохирсон тохиролцоо байгаа юм. Гэтэл гүйцэтгэгч “Ирмүүн бармат” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасанчлан тухайн ажлыг захиалагч талд ажлын акт үйлдэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд мөн энэхүү хийж гүйцэтгэсэн гээд байгаа ажилтай холбоотойгоор доголдол илэрсэн тул тухайн үед нь бид засаж өгөхийг гүйцэтгэгч “Ирмүүн бармат” ХХК-иас удаа дараа шаардаж байсан боловч уг доголдолыг гэрээнд заасны дагуу арилгаж өгөх үүргээ биелүүлээгүй тул манай захиалагч “Монгол Дайвин” ХХК-н зүгээс арга буюу өөр компанитай / “Сангийн гозгор” ХХК-тай / гэрээ байгуулан уг “Ирмүүн бармат” ХХК-н ямар нэгэн доголдолгүйгээр 100% хийж гүйцэтгэх ёстой байсан ажил дээр уг доголдолыг арилгахын тулд дахин нэмэлт 6,000,000 төгрөгний зардал гаргаж, засварын ажлыг хийлгүүлсэн юм. Иймд “Ирмүүн бармат" ХХК-иас уг гэрээт ажлын доголдол арилгасан зардал болох 6,000,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

2020 оны 01-р сарын 21-ний өдөр “Монгол Дайван” ХХК-ний зүгээс манай компанитай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөл ямар ч үндэслэлгүй. Учир нь “Монгол Дайван” ХХК-ний инженер гэх Д.Болорхүү нь 2019 оны 08-р сарын 07-ны өдөр манай компаний хийж гүйцэтгэсэн ажлыг өөрийн биеэр хүлээн авч акт үйлдэн компанидаа цахим шуудангаар энэ тухайгаа хүргүүлсэн байдаг. Гэрээний үүрэгт зааснаар манай компани 3 жилийн баталгаа гаргаж өгсөн учраас манай суурилуулсан нөөцийн сав болон бусад суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг манай компаний зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн засвар үйлчилгээ, суурилуулсан нөөцийн савны ойролцоо газар шорооны ажил хийх ёсгүй. Хэрвээ зөвшөөрөлгүй хийсэн тохиолдолд “Монгол Дайван’' ХХК нь өөрөө гарч болох эрсдэлийг шууд үүрэх ёстой. Учир нь 48 м3 багтаамжтай усны нөөцийн сав нь усаар дүүргэсэн нөхцөлд асар их даралтыг савны ул хөрсөнд үзүүлдэг. Гэтэл тус компаний хүмүүс манай талд мэдэгдэлгүйгээр дур мэдэн суурилуулсан саванд тулгаж 3 метрийн гүнтэй газар ухсанаас саванд суулт өгч, гажилт үүссэнээс ус алдах. шүүрэх нөхцөлийг бий болгосон. Энэ тухай газар дээр нь очиж магадлан судлаж үзээд “Монгол Дайван” ХХК-ний удирдлагуудад өөрсдийнх нь буруутай болохыг албан ёсоор танилцуулж, засварлах ажлыг 2 сая төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр албан бичиг өгч байсан. Гэвч тэдний тал буруугаа хүлээгээгүй төдийгүй манай тавьсан дээрх саналыг хүлээж аваагүй болно. Нэмж хэлэхэд “Монгол Дайван” ХХК нь өөрийн гэсэн мэргэшсэн. туршлагатай ажиллах боловсон хүчин байхгүйгээс ийм том ажилыг хууль бусаар авчихаад хийж чадахгүй 2014 оноос хойш одоог хүртэл гүйцэтгэл дуусаагүй байгаа.

Иймд уг сөрөг нэхэмжлэлийг манай компани хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй юм гэв.

Гэрч Д.Болорхүү шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Монгол дайван ХХК-д ерөнхий инженерээр 2018 оны 06 сараас ажилласан. Ирмүүн Бармат ХХК нь ажлаа 100 хувь дуусаагүй байсан. Эцсийн байдлаар хүлээлгэж өгөөгүй. Тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байна ахын дүү туслаач гэж хэлсэн. Би гүйцэтгэх захирал н.Уранбаатарт хэлэхэд дуусах дөхсөн бол чи санхүүд бичиг хэрэгтэй журамтай учир бичиг хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд би гараар дууссан гэсэн бичиг бичиж өгсөн. Ажил дуусаагүй учир акт үйлдээгүй байсан. Гэрээнд заагдсан хийсэн ажлуудыг жагсаагаад чанарыг үйлдэж талбай дээр ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдэж баталгаажуулж авдаг. Гүйцэтгэгч компани хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах зарчмаар хүлээж авснаар тамга тэмдэг дардаг. 2018 оноос өмнө манайх яаж хийж байсныг би мэдэхгүй. Би ажилд орсноосоо хойш ийм байх ёстой гэж 2018 оноос хойш тэгж ажилладаг болсон гэв. 

Он цагийг сайн мэдэхгүй. Анх хийгээд явсан. Наадмын дараахнаар угсраад шалгаж өгөхгүй юм уу ? гэхэд манайх асуудал байхгүй гэж хэлээд нийт нөөцийн сангийн ¼ ус хийгээд автомажуулалтын тохиргоо хийгээд явсан. Гэхдээ төв шугам руугаа холбоогүй, нөөцийн савнаасаа холбоогүй, 2 худагнаасаа орж ирсэн нарийн кольцог холбоогүй явсан. Бид шалгаж өгөөч гээд шаардлага тавьсаны дагуу буцаж ирэхдээ захирлын хамаатан гэх нэг гагнуурчинтай 08 сарын эхээр ирсэн. Ирэхдээ гагнуур хийж байгаад турба гүйлгэх шаардлага гарсан учир гүний худгийг дагуулаад доошоо кольцо буулгаад баруун буланд нь доошоо хэсэг газар ухаж сүвлээд буцаагаад булсан гэв.

 

Доголдлоо арилга гэж шаардлага тавихад ирсэн. Ирээд ус цэвэршүүлэгчээ холбоогүй түр холболтоор шууд нөөцийн саваар холбосон байсан. 2 дугаар худгийг холбож өгөөгүй явсан. Бид Комиссын өмнө ирээд ажиллуулаад туршилт хийж өгнө гээд орхиод явсан.

 Ирмүүн бармат ХХК-ийг хийж өгөөч гээд маргаантай яваад байх үед нэг сангийн компанитай гэрээ байгуулаад очиж үзэхэд дутуу ажлыг хийгээд нөөцийн савнуудыг боолтыг чангалаад ажиллагааг хэвийн ажиллуулсан. Суурьт өөрчлөлт оруулаагүй. Нөөцийн сав яг өөрийнхөөрөө хэвээрээ байгаа. Актаар хүлээлгэж өгөх ёстой. Жийрэг ус гоожиж эхэлсэн. Эдний компани ажлаа хүлээлгэж өгөөгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК нь хариуцагч “Монгол Дайван” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11,260,400 төгрөг гаргуулах үндсэн,

 “Ирмүүн бармат” ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулах “Монгол Дайван” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК нь хариуцагч “Монгол Дайван” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Хэнтий аймаг Биндэр сум “Сум төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажлыг гүйцэтгэхээр тохиролцон, ЕРR угсардаг ундны усны нөөцийн сав 1, цэвэр усны өргөлтийн насос 2, цахилгаан соронзон болон ердийн ус зөөлрүүлэлтийн ажлыг автоматжуулалтын хамт  48 м3 нөөцийн сав 1 ширхэгийг суурилуулахаар тохиролцсон болох нь “цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /х.х-ийн 5-9хуу/

Зохигч талууд 2019 оны 07 сарын 01-ний өдөр “цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан талаар хэн аль нь маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн матералаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.”, 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг 2019 оны 07 сарын 19-ний өдөр дуусгасан, уг ажлыг хүлээн авах хүн нь осолд ороод хүлээн аваагүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж зааснаар талууд “цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний  3.1-д “гэрээний нийт үнэ 35,500,000 төгрөг, 3.1.1-д заасан нийт үнийн дүнгийн 50% буюу 17,750,000 төгрөгийг “Ирмүүн бармат” ХХК-ний 5028195402 тоот дансанд шилжүүлэх,

3.1.2-т нийт төлбөрийн 30% буюу 10,650,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг дүгнэж, талууд ажлын акт үйлдэн “Ирмүүн бармат” ХХК-ний 5028195402 тоот дансанд шилжүүлэх,

3.1.3-т нийт төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 20% буюу 7,100,000 төгрөгийг ажил дуусч улсын комисс ажилласны дараа актыг үндэслэн “Ирмүүн бармат” ХХК-ний 5028195402 тоот дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт нийт 24,750,000 төгрөг дансаар хүлээн авсан энэ талаар зохигчид маргаагүй.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2019 оны 08 сарын 07-ний өдрийн гүйцэтгэл гаргасан Д.Болорхүү” гэх бичгийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 12 сарын 05-ний өдөр үзлэг хийн тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн болно./х.х-ийн 12,63,64 хуу/

Уг бичвэрт “Тус компаний гүйцэтгэсэн “цэвэр усны нөөцийн савны ажил бүрэн дуусч 100% хийгдсэн. ...гэрээний 3.1.3-т заагдсаны дагуу 20%-ийг улсын комисс ажиллаж дууссаны дараа олгох ба үлдэгдэл төлбөрийг тус компаний дансанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэжээ. 

Гэрч Д.Болорхүү шүүхэд мэдүүлэхдээ “Ирмүүн бармат ХХК нь ажлаа 100 хувь дуусаагүй байсан. Эцсийн байдлаар хүлээлгэж өгөөгүй. Тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байна ахын дүү туслаач гэж Н.Зоригтбаатар ах гуйсан. Би гүйцэтгэх захирал н.Уранбаатарт хэлэхэд дуусах дөхсөн бол чи санхүүд бичиг хэрэгтэй журамтай учир бичиг хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд би гараар дууссан гэсэн бичиг бичиж өгсөн. Ажил дуусаагүй учир акт үйлдээгүй байсан.” гэх тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгэсэн гэж үзэхгүй бөгөөд ажлын үр дүнг нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд “Ирмүүн бармат” ХХК-ний “Монгол дайван” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11,260,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

“Ирмүүн бармат” ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулахаар “Монгол Дайван” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Ирмүүн бармат” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.         

  Нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК нь хариуцагч “Монгол Дайван” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Хэнтий аймаг Биндэр сум “Сум төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй цэвэр усны нөөцийн сав суурилуулах ажлыг гүйцэтгэхээр тохиролцон, ажлын гүйцэтгэлийг акт үйлдэн хүлээлгэн өгөөгүйгээс доголдол илэрсэн тул манай компани “Сангийн гозгор” ХХК-тай гэрээ байгуулан 6,000,000 төгрөгөөр засварын ажил хийлгэсэн гэж тайлбарласан.

“Монгол дайван” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ХААН банк дахь С.Дэлгэрбаярын 5011249006 тоот дансны хуулгыг ирүүлсэн.

Уг хуулгаар 2019 оны 05 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг,2019 оны 09 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд ямар гэрээний үүрэгт ямар ажлын хөлсөнд  хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй гэж үзэв.

Иймд “Монгол дайван” ХХК-ний “Ирмүүн бармат” ХХК-д холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” атал нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК нь, хариуцагч “Монгол Дайван” ХХК нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй байна. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК нь хариуцагч “Монгол Дайван” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11,260,400 төгрөг гаргуулах,

“Ирмүүн бармат” ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулах “Монгол Дайван” ХХК-ний сөрөг болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Ирмүүн бармат” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 195,116 төгрөг, хариуцагч “Монгол Дайван” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,000 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээсүгэй.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ