Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00067

 

“И Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00373 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 839 дүгээр магадлалтай,

 “И Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“МД” ХХК-д холбогдох

 Үндсэн нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11,065,284 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: “И Б” ХХК-аас ажлын доголдол арилгасан зардал болох 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “И Б” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 10,750,000 төгрөг, 4 хүний томилолтын зардал 204,884 төгрөг, тээврийн зардал 110,400 төгрөг, нийт 11,065,284 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал “...ажлыг улсын комисс хүлээж аваагүй байгаа тул 20 хувь буюу 7,100,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, ...ажлыг захиалагч талд ажлын акт үйлдэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэсэн ажилтай холбоотой доголдол илэрсэн тул тухайн үед засаж өгөхийг гүйцэтгэгч “И Б” ХХК-аас удаа дараа шаардаж байсан боловч арга буюу “Сангийн гозгор” ХХК-тай гэрээ байгуулан... нэмэлт 6,000,000 төгрөгийн зардал гаргаж, засварын ажлыг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэж маргажээ.

 Хариуцагч “МД” ХХК нь нэхэмжлэгч “И Б” ХХК-д холбогдуулан ажлын доголдол арилгасан зардал болох 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Нэхэмжлэгч “И Б” ХХК-ийн төлөөлөгч Н.Зоригтбаатар “...МД” ХХК-ийн инженер гэх Д.Болорхүү нь 2019.08.07-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг өөрийн биеэр хүлээн авч акт үйлдэн компанидаа мэдэгдсэн. Гэрээгээр манай компани 3 жилийн баталгаа гаргаж өгсөн, гэтэл тус компанийн хүмүүс манайд мэдэгдэлгүйгээр дур мэдэн суурилуулсан саванд тулгаж 3 метрийн гүнтэй газар ухсанаас саванд суулт өгч, гажилт үүссэнээс ус алдах. шүүрэх нөхцөлийг бий болгосон. ...өөрсдийнх нь буруутай болохыг албан ёсоор танилцуулж, засварлах ажлыг 2,000,000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр албан бичиг өгч байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм.” гэж маргасан байна.

 2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00373 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И Б”” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11,260,400 төгрөг гаргуулах, “И Б” ХХК-аас 6,000,000 төгрөг гаргуулах “МД” ХХК-ийн сөрөг болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “И Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,116 төгрөг, хариуцагч “МД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 839 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар хариуцагч “МД” ХХК-аас 10,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 315,284 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХХК-аас 186,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И Б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд “И Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,116 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байгаа болно.

4.1. Нэхэмжлэгч “И Б” ХХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 11,260,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ “Талуудын гэрээгээр тохиролцсон ажлыг 100% хийж дуусгаж, захиалагч талд хүлээлгэн өгсөн тул гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулна” гэж тайлбарлан маргаж, нотлох баримтаар “2019.08.07-ны өдрийн гүйцэтгэл гаргасан Д.Болорхүү” гэх бичгийг шүүхэд гаргасан бөгөөд уг бичвэрт “Тус компанийн гүйцэтгэсэн цэвэр усны нөөцийн савны ажил бүрэн дуусч 100% хийгдсэн...” гэх бичвэр юм. Дээрх бичвэртэй холбоотойгоор гэрч Д.Болорхүү шүүхэд мэдүүлэхдээ “И Б” ХХК нь ажлаа 100% дуусаагүй байсан. Эцсийн байдлаар хүлээлгэж өгөөгүй. Тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байна, ахын дүү туслаач гэж Н.Зоригтбаатар ах гуйсан. Би гүйцэтгэх захирал н.Уранбаатарт хэлэхэд чи санхүүд бичиг хэрэгтэй журамтай учир бичиг хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд би гараар дууссан гэсэн бичиг бичиж өгсөн. Ажил дуусаагүй учир албан ёсоор акт үйлдээгүй, ажлыг хүлээж аваагүй байсан” гэх тайлбарыг өгч, өөрөөр хэлбэл гүйцэтгэгч “И Б” ХХК нь гэрээнд заасан ажлаа 100% гүйцэтгээгүй бөгөөд мөн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэдгийг мэдүүлж, дээрх нотлох баримтаар гаргаж өгсөн гараар бичсэн бичвэр нь албан ёсны ажил хүлээлцсэн акт биш гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

4.2. Мөн талуудын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийн дүн болон төлбөрийг хийх хугацааг тохирсон байх бөгөөд ийнхүү талууд тохиролцохдоо “гэрээний үнийн дүнгийн 50% буюу 17,750,000 төгрөгийг уг гэрээг байгуулсан өдөр урьдчилгаа хэлбэрээр гүйцэтгэгчийн дансруу шилжүүлэх, нийт төлбөрийн 30% буюу 10,650,000 төгрөгийг гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийг дүгнэж, талууд ажлын акт үйлдсэнээр тухай бүрт нь үнэлэн гүйцэтгэгч талын дансруу шилжүүлэх, төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 20% буюу 7,100,000 төгрөгийг ажил дуусч Улсын комисс ажилласны дараа актыг үндэслэн гүйцэтгэгч талын дансруу шилжүүлэхээр” тус тус тохиролцсон.

4.3. Дээрх бодит нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгэсэн гэж үзэхгүй бөгөөд ажлын үр дүнг нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй хэмээн зөв үнэлэлт дүгнэлт өгч, “И Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,260,400 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхийн магадлалаар үнэн бодит байдлыг зөв үнэлж дүгнэлгүй, хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй шийдвэр гаргаж, хуульд заасан талуудын чөлөөт байдлын зарчмыг ноцтойгоор зөрчсөн хууль бус шийдвэрийг гаргаж, улмаар хариуцагч “МД” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрбаярын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 6. Анхан шатны шүүх хариуцагч “МД” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох ажлын хөлсний үлдэх хэсэг 10,750,000 төгрөг, нэмэлт зардалд 315,284 төгрөг нийт 11,065,284 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “И Б” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн нэхэмжлэгчээс ажлын үр дүн доголдолтойн улмаас, уг доголдлыг бусдаар арилгуулсан зардал буюу хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...ажлаа бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй тул ажлын хөлсний үлдэх хэсгийг гаргуулах үндэслэлгүй” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын үлдэх хөлсөнд 10,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ ...хариуцагч нь ажлыг хүлээн авсан нь тогтоогдсон тул ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзжээ.

 8. Дээрх байдлаар хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг өөрөөр тогтоосон ба давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 9. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2019.07.01-ний өдөр байгуулагдсан гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн, тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар Хэнтий аймаг, Биндэр суманд цэвэр усны нөөцийн сав угсарч суурилуулах ажлыг 35,500,000 төгрөгийн хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 10. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд ажил гүйцэтгэгч “И Б” ХХК нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг захиалагч “МД” ХХК-д хүлээлгэн өгсөн эсэх, тухайн ажил нь доголдолтой эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

 11. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Давж заалдах шатны шүүх “ажил бүрэн дуусч 100 хувь гүйцэтгэсэн” гэх захиалагч компанийн ерөнхий инженер Д.Болорхүүгийн тодорхойлолт, уг тодорхойлолтыг илгээсэн майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Болорхүүгийн гэрчийн мэдүүлэг болон бусад баримтыг харьцуулан хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Харин ажлын үр дүнг ашиглах явцад усны нөөцийн савнаас ус гоожсон нь ажил гүйцэтгэгчийн ажлаа доголдолтой гүйцэтгэснээс эсхүл захиалагчийн өөрийнх нь газрын доорх шугам хоолой угсарч монтажлахдаа газар шорооны ажлыг дутуу хийснээс болсон аль нь болох талаар зохигч өөр өөрийн тайлбараа гаргаж хариуцагч бусдаар доголдлыг арилгуулж 6,000,000 төгрөг зарцуулсан гэж сөрөг нэхэмжлэл гарган талууд мэтгэлцсэн байх ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан нь тогтоогдоогүй байна.

 12. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч ажлын хөлсийг бүхэлд нь шаардах эрхтэй, ажлын хөлсөнд гэрээ байгуулагдсаны дараа урьдчилгаа болгож 17,750,000 төгрөг, ажлыг гүйцэтгэсний дараа 7,000,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 10,750,000 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

 13. Хариуцагчаас хохирол 315,284 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдлийн талаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй тул эдгээр нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 14. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 839 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК /төлөөлөгч С.Дэлгэрбаяр/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.13-ны өдөр төлсөн 186,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                         Х.ЭРДЭНЭСУВД