Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 876

 

Ч.О-, М.Т-нарын                                                                       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00641 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Ч.О-, М.Т-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.С-, Н.Ө-нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, Н.С-, Н.Ө-нарын байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.О-, М.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О-, нэхэмжлэгч М.Түвшинжаргалын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өвдөлмаа, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Одгал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Ч.О-, М.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Өвдөлмаагийн дүү Н.Мөнхжаргалтай 1994 оноос эхэлж хамтран амьдарсан. Бидний дундаас нэг хүү төрсөн. 2002 оноос бид Н.Ө-эгчийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот 1 өрөө орон сууцанд амьдарч эхэлсэн. Улмаар Н.Ө-2004 онд бидэнд уг байраа 18.000.000 төгрөгөөр зээлээр худалдаж, өөрөө Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамжинд 2000 оны үеэс түрээслэн ажиллуулж байсан цайны газраа бидний төлсөн мөнгөөр худалдан авсан. Би Н.Өвдөлмаад 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, 2004 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.000.00 төгрөг, нийт 13.500.000 төгрөг төлсөн ба манай нөхөр Н.Мөнхжаргал үлдэгдэл 4.500.000 төгрөгийг хоорондын тооцоогоор машины түрээсийн мөнгөөр тооцож дуусгасан. Төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа байрны гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулахыг шаардахад Н.Ө-Ах дүү улс санаа зоволтгүй, болно биз дээ, барьцаанд байгаа чөлөөлж чадахгүй байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Бид байрандаа амьдраад 19 жил болж байна. Иймд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг Н.Өвдөлмаад даалгаж өгнө үү. 2010 онд Н.Мөнхжаргал хүү бид хоёрыг орхиод явсан. 4 сарын дараа ирэхдээ эгчтэйгээ хамт явж эмчилгээ хийлгэх гэж байна, гадаад паспортоо авъя гэж байсан. Тэгэж ирэхдээ хүүдээ аав нь чамд үлдээх хөрөнгө байхгүй, энэ байр чамайг том болохоор чиний байр болно гэж хэлсэн. Тиймээс бид энэ байрны өмчлөгч гэж бодож байгаа. Н.Ө-нь байрны төлбөр дутуу төлсөн гэдэг асуудлаар маргаан гаргаж байгаагүй. Энэ байр 2004 онд худалдагдсан. Нэр шилжүүлээгүй асуудал бол олон давхар байр барихад барьцаанд тавигдсан гэдэг итгэл үнэмшлээр бодож өдийг хүрсэн. 2004 онд худалдаж авсан орон сууцны өмчлөгч Ч.О-, М.Т-нар учраас Н.С-д шилжүүлсэн гэрээг хүчингүй болгуулж, түүний өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, Ч.О-, М.Т-нарын нэр дээр бичихийг даалгаж өгнө үү. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч тал уг байрыг нэхэмжлэгч нарт зарсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Мөн Н.С- гэдэг хүнд зарсан гэдгээ нууж байсан. Энэ хэлцэл 4 хүний хооронд байгуулагдсан. Энэ байрыг өөр хүнд худалдсан гэдгийг 16 жилийн дараа хэлж байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан ч үл хөдлөх эд хөрөнгийн нэрийг шилжүүлээгүй учир хэлцэл бичгээр байгуулагдаагүй. Гэрээ байгуулахыг шаардахаар барьцаанд байгаа гэж хэлж байсан. Нэхэмжлэгчийн хар дэвтэр дээр байрны тооцоо дууссан гэсэн баримт байна. 13.500.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг хүмүүсээс авч байж өгсөн. Гэтэл хэлцэл хийгч нөгөө тал үүргээ биелүүлэлгүй гэрчилгээг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй ч хуульд зааснаар гэр бүл болдог. Хүүхэд төрснөөр гэр бүлийн харилцаа үүсдэг. Аав нь хүүдээ байраа өгнө гэж хэлсэн, хэлцэл хийгдсэн. Н.С-тай байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Энэ гэрээ хийгдэж, Н.С-д шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нарт мэдэгдэх ёстой байсан. Бусдад худалдах хэлцэл хийж байгаа нь өөр хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Н.Ө-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Н.Мөнхжаргал нь Ч.О-тэй хамт амьдраад, дундаасаа хүүхэдтэй болсон. Тухайн үед дүү маань бие муутай, Ч.О- ч бас бие муу, хоёулаа амьдрах гэж оролдож байгаа нь надад зөв санагдсан. Тэд хадмындаа 3 өрөө байранд маш олуулаа амьдарч байхаар нь өрөвдөөд манайд түр түрээсийн төлбөр төлөхгүй амьдарч бай гэж хэлсэн. Тухайн байрыг би хүүдээ хадгалж байсан юм. Энэ байрны хувьд миний хадам аав, ээж хоёр минь 1991 онд улсаас авч, манайд өгөхдөө миний нэр дээр шилжүүлж, уг байранд бид 1992 онд анх орсон. Манай нөхөр архинд орж, гэрийн хамаг эд хогшлыг зарж үрээд, бид салсан ба би 1993 онд энэ байрыг орхиж, түлхүүрийг нь хадмуудад буцаагаад өгсөн. Тэр хооронд манай нөхөр өөрөө эзэмшиж бусдад түрээслүүлдэг байсан. 1995 оны 8 сард манай хадам аав, ээж хоёр ирээд тухайн байрыг 1.200.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэхээр нь худалдаж авсан. Энэ байр миний нэр дээр байсан бөгөөд 1996 онд хувьчилж авсан. Дүү Н.Мөнхжаргал маань хадмынхаа гэрт, олуулаа амьдарч байсан учраас дүүгээ өрөвдөөд энэ байрандаа амьдруулахаар болсон. Би Шим бууз зоог гэдэг газрыг 2004 онд худалдаж авахаар болж, надад мөнгө хэрэг болсон учир тэднийг суулгаж байсан байраа зарахаар болж, 18.000.000 төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн. Надад өгсөн мөнгө нь 14.000.000 төгрөг болсон, үлдсэн мөнгөө төлөөгүй. Үндсэн 8.500.000 төгрөгийг Н.С-аас зээлсэн байсан. 2009 онд Н.Мөнхжаргал, Ч.О- хоёр таарч тохирохгүй юм байна гээд дүү манайд хүрээд ирсэн. Тухайн үед М.Т-бага байсан учир хүн чанар зулгаагаад хэсэгтээ амьдраг гэж бодсон. Анх цайны газар авахдаа би төрсөн дүү Н.Мөнхжаргалыг 18.000.000 төгрөгөөр авч болно гэсэн боловч Н.Мөнхжаргал нь Н.С-аас мөнгө зээлээд, надад 13.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Ингээд 2005 оноос хойш Н.Мөнхжаргал надаас цувуулсаар 40.000.000 гаруй төгрөгийн өртэй болсон. Би 2017 онд Ч.О-тэй уулзаж, байр чөлөөлж өгөхийг хэлэхэд гэртээ оруулахгүй, хүүгээ удахгүй их сургууль төгсөх гэж байгаа, төгссөнийх нь дараа гаръя гэхээр нь би за гэж хэлээд явсан. Худалдах, худалдан авах тухай хэлцэл Н.Ө-болон Н.Мөнхжаргал нарын хооронд яригдсан ба, нэхэмжлэгч Ч.О-тэй энэ талаар яриагүй. Мөнгөө төлчихсөн бол нэр шилжүүлэхийг худалдагч талаас шаардах ёстой, ядаж тэргүүн ээлжинд надад зараач гэдгийг хэлэх байсан. Гэтэл нэхэмжлэгчийн ярьснаар худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй. Хэрвээ үнэхээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бол өнөөдөр Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ба 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. Гэтэл энэ хугацаа өнгөрчихсөн байгаа. Төлбөрөө төлөөд дууссан байсан бол шүүхэд хандаад шаардах ёстой байсан. Ч.О-ийн төлбөр төлсөн гэж тэмдэглэлийн дэвтэрт өөрөө бичсэн байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тухайн баримтыг шүүх үнэлэхгүй байх нь зүйтэй. Харин хариуцагч Н.Өвдөлмаагийн гаргасан Н.Мөнхжаргалд мөнгө зээлдүүлсэн өрийн тухай гараар бичсэн баримтыг гэрч давхар нотолсон учир энэ баримт нотлох баримтын шаардлага хангаж байна. Худалдах, худалдан авах гэрээ нь заавал бичгээр хийгдсэн байх шаардлагатай. Ч.О-, М.Т-нартай хэлцэл хийгээгүй, Н.Мөнхжаргалтай хамтран амьдарч байснаараа тэрхүү хэлцлийн үүргийг шаардах эрх бүхий этгээд биш юм гэжээ.

Хариуцагч Н.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С-д Н.Өвдөлмаа, Н.Мөнхжаргал нар их хэмжээний өртэй байсан тул өрнийхөө төлбөрт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот нэг өрөө байрыг авсан. Тухайн байрнаас Ч.О-, М.Т-нарыг нүүлгэх тухай ярьсан боловч эгч Н.Ө-жаахан хүлээж бай, хүү нь их сургуулиа төгсөөд гарна гэсэн болохоор нэг их албадан гаргах тухай бодоогүй. Тэгээд ч би хөдөө орон нутагт байдаг, дээр нь өөрсдөө чөлөөлж өгөхийг хүлээж байсан. Эгч Н.Өвдөлмааг залилан хийсэн мэт цагдаа шүүхээр явж хүн чанаргүй зан гаргаж байгаад бид гайхаж байна. Ч.О- энэ байранд огт хамаа ч байхгүй. Бид гэр бүлээрээ ярихдаа дүү Н.Мөнхжаргалд 2000 оны хавьцаа зарах тухай ярьж байсан боловч надаас тухайн байрыг авахдаа зээлсэн мөнгөө ч надад өгөөгүй, эгч Н.Өвдөлмаагаас мөнгө зээлсээр тухайн байрыг авч чадахаа байсан. Ч.О- нь Н.Мөнхжаргалтай хамт амьдарч байхдаа нэг ч удаа ажил хийж байгаагүй бөгөөд, бидний мөнгөөр авсан байр гэж яриад байгааг ойлгохгүй байна. Ч.О- ингэж хууль бус юм ярьж хийж явахаар бидэнтэй хүн шиг уулзаад, худалдаж авч болох эсэх талаар ярилцах ёстой атал хүчээр авах гэж хүн чанаргүй зан гаргаж байгаа бол бид ч бас албадан гаргахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Харин ч эгч Н.Ө-нэг ч төгрөгийн түрээсийн төлбөр аваагүй амьдруулж байсанд талархах нь зүйтэй байх. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т хэсэгт заасныг баримтлан, худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58-42 тоот дахь 1 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг Н.Өвдөлмаад даалгах тухай болон, Н.Өвдөлмаа, Н.С- нарын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай Ч.О-, М.Т-нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 271.900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.О-, М.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Н.С-т гардуулан тайлбар авчээ. Харин хариуцагч Н.Өвдөлмаад гардуулан тайлбар авсан материал хэрэгт байхгүй байна. Н.Ө-уг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч байх ба нэхэмжлэгч Ч.О- орон сууцны хамтран өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагагүй буюу Н.Ө-нь насанд хүрээгүй хамтран өмчлөгчийн асран хамгаалагч нь байсан. Харин хариуцагч Н.С-д үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үед хамтран өмчлөгч Ч.Батбилэг нь насанд хүрсэн байсан учир Ч.Батбилэгийн зөвшөөрөлгүй хийгдсэн бүх хэлцэл, нотариатын үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. 2004 онд хийгдсэн хэлцэл нь болзол тавьж хийгдсэн хэлцэл байх ба нэхэмжлэгч Ч.О-ийн мөнгөөр худалдан авсан объектдоо Н.Ө-нь 5 давхар барилга барихдаа маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавьсан. Барилга барихад авсан зээлээ төлж дуусгаад үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх хэлцэл байсан. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь Н.Ө-өрөө төлж дууссаныг нэхэмжлэгч Ч.О- мэдсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоолно. Шүүх дээр мэдсэн учир хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Шүүхээр хэрэг хянагдаж байхад төлбөр дутуу төлсөн гэх асуудал тавигдсан ба төлбөрийг бүрэн төлсөн үү, дутуу төлсөн үү гэдэг нь харин 2004 оноос хөөн хэлэлцэх хугацаа нь яригдана. Иймд хуульд заагдсанаар Н.Ө-нь гэрээний дутуу төлбөрийг нэхээгүй 13 жил болсон нь үлдэгдэл төлбөрийг нэхэх эрхгүйг харуулах ба харин гэрээнд заагдсан болзол нь дууссан гэдгийг мэдээгүй Ч.О-т хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. 0рон сууцны өмчлөл яригдаж байхад шүүх санаачлагаараа эрх нь зөрчигдсөн өмчлөгч Ч.Батбилэгийг гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.О-, М.Т-нар нь хариуцагч Н.Өвдөлмаа, Н.С- нарт холбогдуулан, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, Н.С-, Н.Ө-нарын хооронд байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Ч.Өвдөлмаагаас 18.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 13.500.000 төгрөгийг цувуулан төлсөн, үлдэгдэл 4.500.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Түвшинжаргалын төрсөн эцэг Н.Мөнхжаргал  төлснөөр 2002 оноос хойш эзэмшиж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зохих журмын дагуу шилжүүлж өгөхгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж харилцан уялдаа холбоогүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хэлцлийн хүчин төгөлдөр байдлын асуудлаар хэлцлийн оролцогч энэ талаар мэдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй ба тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд бүрэн оролцсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, хэргийн оролцогчдын эрх зүйн байдал тодорхой бус байгааг анхаараагүйн улмаас  нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй байна.

 

Талууд гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлж, баталгаажуулаагүй, өмчлөх эрхийн шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч шүүх  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дах хэсэгт заасан асуудлаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байхаас гадна  нэхэмжлэгч тал Н.Мөнхжаргалыг  орон сууцны үлдэх төлбөрийг төлсөн гэж, хариуцагч тал орон сууцны төлбөрийн талаар Н.Мөнхжаргалтай хэлцэл хийсэн  гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байхад түүнийг гэрчээр оролцуулж байгаа нь, орон сууцны хэлцэл хийгдэх үед хамтран өмчлөгч байсан Ч.Батбилэгийг хэрэг хянан шийдвэрлэх оролцуулаагүй нь тус тус буруу болжээ.

 

Орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх нэхэмжлэгч нарын тайлбар, орон сууцыг худалдаж, эзэмшлийг 2002 онд нэхэмжлэгч нарт шилжүүлсэн атлаа өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлээ улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хийгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн үүднээс эцэслэн дүгнэх, талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан болохыг тодорхойлох боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.3-д  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00641 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 271 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                               Н.БАТЗОРИГ