Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 35

 

Ж.М-ийн нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 149/2019/00458/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                       Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                               Нэхэмжлэгч                               Ж.М /онлайн/

                               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Ц.Э /онлайн/

                               Хариуцагчийн итгэмжлэгдсэн

                              төлөөлөгч                                    П.М

                               ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Ж.М-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Ш-н ш-р г-х х-т холбогдох “шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч: Ж.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие 2004 онд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж улмаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүх /тухайн үеийн нэршил/-ийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №50 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.  Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг авч үзээгүй. ...Миний хувьд 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шүүхийн шийдвэрийг гарсан даруйд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч улмаар шийдвэр гүйцэтгэгчтэй цуг төлбөр төлөгчийн гэрийн хаягаар нь удаа дараа очиж байсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийг буцаасан талаар ямар нэгэн баримт хүлээн аваагүй. Мөн 2018 оныг хүртэл надад энэ талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нэг ч удаа мэдэгдээгүйгээр барахгүй, архиваас хайж байна, байхгүй байна гэх мэтээр маш олон удаа чирэгдэл үүсгэж байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, П.М нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Top of Form

Гомдлын шаардлага болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоож, сэргээн явуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тэтгэлэг авагч Ж.М-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг тэтгүүлэгч хүүхэд болох М.Т нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18 насанд хүрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн гэсэн хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон. ...Гэр бүлийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасны дагуу Ж.М нь Г.Б-ээс тэтгэлэг нөхөн гаргуулах гомдлоо шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй ба тэтгэлгийн тооцоог гаргахад 13863700 төгрөг төлөгдөөгүй байна гэжээ.

Bottom of Form

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай шийдвэрээр:

“1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай Г.Б-ээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.М-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэртэй, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч ШШГЕгазар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГХ-д даалгасугай.

2.Нэхэмжлэгч Ж.Мнь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.”  гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гомдол гаргаж байгаа учир нь: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон”-оор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор хуульчилсны дагуу тэтгүүлэгч М.Т 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18 насанд хүрсэн тул иргэн Г.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д “тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн”-ээр тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болгохоор хуульчилсан.

Хуульд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор зохицуулсан, мөн Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс тэтгэлгээ нөхөн гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй.

Төлбөр төлөгч Г.Б нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, оршин суух хаягаа өөрчилсөн тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийснээр тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдан тэтгүүлэгч насанд хүрсэн байна. Тэтгүүлэгч насанд хүрснээр төлөгдөөгүй хуримтлагдсан тэтгэлгийг шүүхэд хандан шийдвэрлүүлж, иргэний журмаар гүйцэтгэгдэж байгаа тохиолдлууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байгааг дурдая. Гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайн/ гаргасан тайлбартаа: 

Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-т заасан зохицуулалт нь тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон, тэтгүүлэгч хүүхэд насанд хүрсэн зэргийг үндэслэж, тэжээн тэтгүүлэх үүрэг дуусгавар болж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох тухай хуулийн зохицуулалт юм. Түүнээс тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх, тэжээн тэтгэх үүргээ огт биелүүлээгүй төлбөр төлөгчийн хувьд огт хамааралгүй зохицуулалт юм. Биелүүлэгчийн хувьд гол хүсэл зорилго нь 2004 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яагаад явуулаагүй вэ, тэжээн тэтгүүлэгчийн эрх ашиг хөндөгдсөн асуудлаар хандсан. Энэ хандах хугацаанд хариуцагч нэхэмжлэгчид “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримт бичиг байхгүй байна, архиваас шүүж үзье” гэсэн байдлаар тайлбар өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж байна, гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон гэдэг асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тайлбарласан байдал нь харагдана.

Ер нь гол асуудал юу вэ гэхээр нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнөх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримт бичиг байхгүй байна, архиваас шүүж үзье” гэсэн байдлаар 2 жилийн хугацааг алдсан. Ингээд шүүхэд хандсаны дараа хариуцагчаас баримт бичгийг гэнэт “гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон байна” гэж баримт гаргаж ирсэн. Мөн гомдолд “...тэтгүүлэгч насанд хүрсний дараа төлөгдөөгүй орхигдсон тэтгэлгийг шүүхээр шийдвэрлүүлж, иргэний журмаар гүйцэтгэж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байгааг дурдая...” гэдэг. Нэхэмжлэгчийн хувьд ингээд явж болно. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан ажиллагааг хийгээгүйн улмаас цаг хугацаа болон хүн эдийн засгаараа хохирч байтал дахин шүүхээр явах шаардлага байхгүй.

Гол санаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2004 онд шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч дээр 2 удаа л очиж уулзсан байдаг. Түүнээс хойш нэг ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй. Энэ байдлаа хариуцагч юу гэж тайлбарладаг вэ? гэхээр тэтгүүлэгч хүүхэд насанд хүрсэн учраас гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэх тайлбарууд өгдөг. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа очин уулзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч этгээд дээр нэг ч удаа очиж уулзаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэв.   

 

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.М нь  Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГХ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх тухай” гомдол гаргасан ба шүүх түүний гомдлыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай шийдвэрээр хариуцагч Г.Б-с нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Тус шийдвэрийн дагуу төлбөр авагч Ж.М-ийн хүсэлтийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ШШГХ 24000033 дугаартай хувийн хэрэг нээн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нээж үүсгэсэн улмаар 2019 оны 12 сарын 16-ны өдөр  гүйцэтгэх  баримт бичгийг дуусгавар  болгосон болох нь  хэрэгт авагдсан  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ШШГХ, 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дэд даргын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 01/2040 дугаартай, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 01/2317 дугаартай  албан бичгүүд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ШШШГХ нь 2004 оны 03 сард төлбөр төлөгч Г.Б-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нээсэн боловч хуульд заасан журмын дагуу ямар нэгэн ажиллагаа явуулсан эсэх  талаар  холбогдох  баримтыг шүүхэд  ирүүлээгүй байх ба төлбөр авагч Ж.М-ын гомдолд тэтгэлэг авагч хүүхэд 18 насанд хүрч тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэлээр  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэж тайлбарлажээ.

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох үндэслэлийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 29.1.6-д “гүйцэтгэх бичиг баримтад заасан  тэжээн тэтгэх үүрэг  дуусгавар болсон” гэснийг хариуцагч байгууллага тэжээн тэтгүүлэх хүүхэд 18 насанд хүрмэгц шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхээс үл хамааран гүйцэтгэлийн ажиллагаа шууд дуусгавар болгоно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Энэхүү зохицуулалт нь хүүхэд 18 нас хүрснээр  төлбөр төлөгч  Г.Б-ийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болж тухайн өдрөөс цаашид хугацааны тэтгэлэг төлөхгүй гэсэн ойлголт бөгөөд харин хүүхэд насанд хүрснээр төлбөр төлөгчийн шүүхийн  шийдвэрээр тогтоосон  хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг нь дуусгавар болсон гэж үзэхгүй юм.  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа ба  нэгэнт шүүхээр   шийдвэрлэсэн асуудлын талаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээдээс заавал биелүүлнэ” 11 дүгээр зүйлийн 11.2-т “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасан  тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үүрэгтэй.

 Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д “шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна.” гэж заасны дагуу төлбөр төлөгч Г.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн  хүүхдийн  тэтгэлэг төлөгдөөгүй хугацааны төлбөрийг албадан гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохих хуулийг зөв тайлбарласан байх тул хариуцагчийн давж заалдах  гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүх  улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн заалтыг буруу тайлбарлан өөрөөр хэлбэл  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх  нь нэхэмжлэгчид хамааралтай зохицуулалт болохыг анхааралгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа хариуцагчаас зохих  тэмдэгийн хураамж гаргуулаагүй  шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Мандал дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 28-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийн  “Тогтоох” хэсгийн 

2 дахь заалтыг

“2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Ш-н ш-р г-х  х-ээс тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч Ж.М нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.” гэж өөрчлөн шийдвэрийг тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлөх 70.200 төгрөгийг нөхөн гаргуулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН