Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 944

 

“УБ банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “УБ банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4 113 521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.Ц- нь УБ банктай 2003 оны 12 дугаар сарын 09-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, бизнес, худалдаа хийх зорилгоор 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн гэрээгээр 55-97 СБА улсын дугаартай, 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй хюьндай эксель маркийн авто машин, 48-29 СБА улсын дугаартай, 680.000 төгрөгийн үнэлгээтэй ГАЗ-2410 маркийн авто машиныг барьцаалсан. Зээлдэгч Ш.Ц- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа газраа өөрчилсөн байсан тул 2007 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар хандаж 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эрэн сурвалжлах 666 дугаар шийдвэр гаргасан.  Зээлдэгч нь Зээлийн гэрээнд заасны дагуу авсан зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн дагуу төлөх үүрэгтэй хэдий ч 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн хуваарьт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээл нь 5709 хоног хэтэрсэн, нийт 4.113.521 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ш.Ц-ээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 391.970 төгрөг, зээлийн хүү 3.073.010 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 648.541 төгрөг, нийт 4.113.521 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБ банк” ХХК-аас 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлэн авсан нь үнэн. Гэхдээ дээрх төлбөрийг төлж барагдуулсан. Мөн оргон зайлж зугтсан зүйл огт байхгүй, утасны дугаар хүртэл хэвээрээ байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол үндсэн зээл 391.970 төгрөг, зээлийн хүү 3.073.010 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 648.541 төгрөг, нийт 4.113.521 төгрөг гаргуулах тухай УБ банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч УБ банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.766 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа 2004 оны 6 дугаар сарын 09-ны өдөр дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь нэхэмжпэгчийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардсаныг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан зээлийн карт буюу эргэн төлөлтийн хуулгаас харахад хариуцагч нь 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 20.000 төгрөгийг зээлийн дансанд тушаасан байх нь Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж энэ өдрөөс эхлэн дахин хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэхээр байна. Мөн хариуцагч Ш.Ц- нь зээлийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа хаягаа өөрчилсөн байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 666 дугаартай шийдвэр гарч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр оршин суугаа хаягийг нь олж тогтоосны дагуу тус шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг нь олж тогтоох хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн шинжлэн судлалгүйгээр хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондох эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “УБ банк” ХХК нь хариуцагч Ш.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.113.521 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12/34003 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ш.Ц- нь “УБ банк” ХХК-аас 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн худалдаа хийх зориулалтаар зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. / хх-7, 8 /

Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа газраа өөрчилсөн байсан, шүүхэд 2007 оны 06 дугаар сарын 24-ний  өдөр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах нэхэмжлэл гаргаж 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эрэн сурвалжлах 666 дугаар шийдвэр гарч байсан зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тасалдсан гэж үзнэ.

 

Харин Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар тасалдсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд 2007 оны 7 дугаар сарын      24-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаанд шүүхэд хандаж байсан болон бусад байдлаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал бий болсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул  анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/00446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 80 766,34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

                                         ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                               Н.БАТЗОРИГ